“MCS”-ээр овоглосон газрын наймаа
Монголын баялагт эзэн суусан томчуудад хууль үйлчилдэггүй гэдгийг дархан цаазат Богд уул, Туул голын жишээнээс хангалттай харж болно. Тэд хүссэн газраа орон сууц, амралт, зугаалгын газар, гольфийн талбай гээд юу эсийг барьчихдаг билээ. Үүний томоохон төлөөлөл нь “MCS” групп.
“MCS” -тэй холбоотой бас нэгэн гажуудал бол газрын наймаа. Нийслэлийн төвд их хэмжээний хөрөнгөөр өндөр барилга сүндэрлүүлж, авлигын анхдагч бараа, гарын бэлэг зардаг тансаг дэлгүүрүүдийг нээж чадсан. Энэ газрыг хэрхэн үнэ цохиж авсан нь одоо хэр тодорхойгүй.
Мөн тус группийн барьж буй “Шангрила-II” зочид буудал бас л хүүхдийн тоглоомын газраас хумсалсан гэх хэл ам дагуулсан. Учир нь олон нийтийн зүгээс хүүхдийн паркийн цаашдын төлөвлөлт бизнесийнхний эрх ашгаас илүү хүүхэд залуучуудын эрх ашигт нийцсэн байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа юм. Учир нь өдгөө паркийн газрын 74 хувийг бизнесийн байгууллага эзэмшиж байгаа аж. Энэ байдал нэгээс нөгөөд шилжүүлэхдээ авсан газраа улам өргөтгөж байсантай холбоотой юм байна. Тухайлбал, “Монтана” компани 4900 м2 газар эзэмшиж байсныг 2005 онд “МСS” 30000 м2 болгон авчээ. Харин хуучин паркийн дарга болохоор “MCS” 3 биш 4.4 га газар авсан гэдгийг хэлсэн байна. Энэ мэтээр бизнесийн бүлэглэл нийслэл дэх цорын ганц хүүхдийн паркийн газар руу шунахайран дайрч байгаа юм.
MCS группын их хөрөнгөний ард хятад бизнесмэний нэр дуулддаг. Тодруулбал, нийслэлийн төвд хэдийнэ сүндэрлэсэн “Шангрила” бизнесийн төв болон хүүхдийн тоглоомын талбайд баригдаж буй “Шангрила-2” өндөр зэрэглэлийн зочид буудлын эзэн нь Хятадын тэрбумтан Р.Куок гэлцдэг. Мөн “Кока кола”, “Тайгер”-ыг ч түүнийх гэх. За тэр ч яахав, хамгийн гол нь үндэсний гэх томоохон компаниуд маань үр хүүхдүүдийнхээ төлөөх юм бүхнээс хумсалмааргүй байвал сайнсан.
Эх сурвалж: http://society.time.mn/content/23481.shtml
URL: