Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын вэб сайтуудын сэтгэгдлийг улсын байгууллага хянадаг болгох шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 1 дүгээр сарын 5-ны бямба гарагт болж, хориод асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компани байгуулна

Өнөөдрийн хурлаар “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ. Тус компани Өмнөговь аймгийн нутаг дахь цахилгаан түгээх өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станцын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.

Уул уурхайд оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дагаад өмнөд бүсийн эрчим хүчний хэрэглээ өссөн, цаашид ч тогтмол өсөлттэй байх төлөвтэй байна. Тус бүсийн цахилгаан хангамжийг одоо таван өөр эх үүсвэрээс авдаг. Эдгээр нь төвийн эрчим хүчний систем, Даланзадгадын ДЦС, ӨМӨЗО-ын Алшаа аймгийн импортын шугам, Оюутолгой төслийн импортын цахилгаан дамжуулах шугам, Ухаа худгийн ДЦС юм. Ийм нөхцөлд өмнөд бүс дэх 15 сум, 3 том уурхайн цахилгаан хангамжийн болон түгээх сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах мэргэжлийн байгууллага шаардлагатай. Мөн эрчим хүчний тарифын бодлого хэрэгжүүлэх нэгж байхгүйгээс Өмнөговь аймгийн хэрэглэгчид таван өөр тарифаар эрчим хүч хэрэглэж байгаа юм.

Энэ компани байгуулагдсанаар говийн бүсийн хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах, үнэ тарифын зохицуулалт хийгдэх, мэргэжлийн инженер техникийн ажилчидаар хангагдах зэрэг олон давуу тал бий болно.

Хилийн боомтын тухай хуулийн төслийг дэмжив

Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүулэхээр тогтлоо.

Манай улсын ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын 4, нийт 46 боомт ажиллахаар олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд заасан байдаг. Үүнээс 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт бөгөөд эдгээрийн 39 нь автозамын, 3 нь төмөр замын, 4 нь агаарын замын боомт юм. Сүүлийн 5 жилд хилийн боомтуудаар 17 сая зорчигч, 6,5 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх 5 жилтэй харьцуулахад 2 дахин өссөн дүн юм. Манай улсын гадаад харилцаа ихээхэн хөгжиж буйг дагаад хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цаашид улам нэмэгдэнэ.

Хилийн боомт нь бизнес эрхлэгчдийн төдий бус эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлдөг эдийн засгийн амин чухал судас тул цаашид гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байна. Одоогоор хилийн боомтын талаар тухайлсан хуульгүй байхгүй, хилийн боомттой холбоотой харилцааг ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээр, Хилийн тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг.

Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем үүсгэнэ

Монгол хэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн цахим хуудас дахь сэтгэгдлийн талбарыг зохистой хэрэглэх зорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгохоор шийдвэрлэлээ. Энэ системийн програм хангамж, техникийн шийдэл боловсруулж нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт, домэйн нэр олголт болон мэдээллийн чиглэлээр ажилладаг цахим хуудсанд тавигдах шаардлагыг тодорхойлох зохицуулалтын журам боловсруулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд тус тус даалгалаа. Ингэснээр гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдлийн талаар уг мэдээлэлд холбогдогч гомдол гаргавал системээс нягтлан шалгаж, эзэн холбогдогчийг тодруулан хууль хяналтын арга хэмжээ авч ажиллах боломж бүрдэх юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос нэвтрүүлсэн хориотой үг хэллэгийн системд голлох вэб сайтууд хамрагдан ажиллаж байгаа ч цахим хуудасны мэдээлэлд ямар ч хэрэглэгч хандаж, ямар ч төрлийн мэдээлэл оруулах боломжтой байна. Энэ байдал хэт задгайрч, зарим сайт сэтгэгдлийг төлбөртэйгээр устгах үйлчилгээ явуулах болжээ.

Системийн техникийн найдвартай ажиллагааг Үндэсний Дата төв хариуцаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн сан, үүрэн холбооны операторуудын хэрэглэгчийн мэдээллийн санд үндэслэн тухайн санал, сэтгэгдэл оруулж буй хэрэглэгчийн мэдээллийг бүртгэлжүүлнэ. Ингэхдээ төрийн болон хувь хүний нууцын талаарх холбогдох дүрэм, журмыг баримтлан ажиллах юм байна.

Газрын тухай багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

“Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, “Геодези, зураг зүйн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Газрыг албадан чөлөөлөх тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломж бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн газрыг гэрчилгээжүүлэх” гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд газрын харилцааны шинэтгэл хийхээр төлөвлөж, эдийн засаг, нийгмийн өнөөгийн шинэ түвшинд нийцэх байдлаар холбогдох зохицуулалтуудыг энэ багц хуульд тусгаж өгсөн байна.

Товчхон:

-  Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Салман Куршидын урилгаар 2013 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Л.Болдын тус улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.Сайд айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Манмохан Сингх нарт бараалхаж Гадаад хэргийн сайд Салман Куршидтай албан ёсны яриа хэлэлцээ хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих