АНУ-ЫН НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ОНГОЦ БОСОГЧДЫГ УСТГАЖЭЭ
АНУ-ын нисгэгчгүй нисэх онгоцноос Афганистаны хилийн орчимд бөмбөг хаясны улмаас “Аль-Каида”-гийн 14 гишүүн, тэдний дотор, нэг толгойлогчийг хөнөөсөн тухай Пакистаны аюулгүй байдлын албаныхан мэдэгдсэн байна.
Амь үрэгдэгсдийн дунд босогчдын толгойлогч Мулла Назир, түүний хоёр туслах байсан аж.
Назир нь “Араб Аль-Каида” бүлэглэлийг удирдаж, Афганистан дах АНУ тэргүүтэй олон улсын эвсэлд цохилт өгөх босогчдыг илгээж байсан ажээ.
Пакистаны аюулаас хамгаалах хүчин рүү довтлохоос илүүтэй Афганистан дахь эвслийн цэргүүдийг онилох сонирхолтой байсан түүний цэргүүд 2007 онд Пакистаны Засгийн газартай энхийн гэрээ байгуулсан байна. Энэ нь Пакистаны цэргийн хүчний талыг баримталдаг Пакистаны талибууд болон Назирын бүлэглэл хоорондын сөргөлдөөнийг улам хурцатгажээ.
Назир 11 дүгээр сард зургаан хүний аминд хүрсэн террорист халдлагад өртөн шархадсан юм. Жилийн өмнө АНУ-ын нисгэгчгүй нисэх онгоцны бөмбөгдөлтөд түүний нэг туслах болон дүү өртсөн байна.
АНУ-ын нисгэгчгүй нисэх онгоцыг пакистанчууд эрс эсэргүүцдэг. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Барак Обама анх удаа тийм нисэх онгоцыг Пакистаны босогчдод цохилт өгөхөд ашигласанаа хүлээн зөвшөөрсөн ба “Аль-Каида”-д цэгчилсэн цохилт өгсөн хэмээн уг ажиллагаагаа өмгөөлсөн юм.
2004 оноос хойш ийм цэгчилсэн цохилт өгөх замаар Пакистаны нутагт 3000 гаруй хүн, тэдний дотор энгийн энгийн иргэдийн амийг хөнөөсөн байна.
Л.Урангуа
URL: