Б.Урантунгалаг: Олимпод багаараа оролцохыг хүсч байна
“Өөр мэдээ ” сонины энэ удаагийн дугаарын зочноор байт сурын спортын олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалагийг урилаа. Тэрээр Лондоны олимпийн байт харвааны төрөлд Солонгосын тамирчин Лy Су Жинд ялагдан 16-д үлдсэн ч уг спортыг Монголын топ гэгдэх төрөлд аваачсан гавьяатай нэгэн юм. ОУХМ Б.Урантунгалагтай ярилцлаа.
-Танд шинэ оны баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Юуны өмнө 2013 оныг амжилтын дээдээр угтсан нийт тамирчин, дасгалжуулагчдадаа баяр хүргэхийн ялдамд байт харвааны холбооны хамт олондоо чин сэтгэлийн хүдэтгэл илэрхийлэн мэндчилье.
-Таны нутаг ус, аав ээжнийн талаар яриагаа эхлүүлье?
-Баярлалаа. Тэгэлгүй яахав. Манай аавыг Ж.Бэшиндээ гэдэг. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, харин ээж маань Хэнтий аймгийн Батноров сумынх. Миний бага нас, спортын анхны гараа маань Хэнтий аймагтай салшгүй холбоотой.
-Та энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-1992 онд Хэнтий аймгийн байт сурын гавьяат дасгалжуулагч Л.Жамьяансүрэн багшаар сурын анхны хичээлээ заалгасан. Харин 2009 оноос хойш мэргэжлийн тамирчидтай бэлтгэл хийж шигшээ багийн тамирчин болсон доо.
-Хорь гаруй жил хичээллэхдээ ямар ямар амжилт гаргаж байв?
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд долоон удаа түрүүлсэн. 2009 онд Азийн танхимын спортын наадамд анх оролцож мөнгө, 2012 оны Азийн Гранпри тэмцээнд хүрэл медаль хүртсэн.
-Таны анхны тэмцээн?
-Л.Жамьяндорж багш маань ОХУ-д болох өсвөрийн тэмцээнд авч явсан юм. Тэр тэмцээнд манай багийн нэг тамирчин нумныхаа гичрийг буруу харуулсан байж л дээ. Түүнийг нь анзааралгүй харвасаар тэмцээнийг дуусгаж билээ. Буруу харсан гичиртэй нум ямар олигтой юм болох билээ. /Инээв/
-Байтынхан гурван олимп өнжсөн байх аа. Харин таныг Лондоны олимпод оролцоход байтынхан их амжилтын эхлэл тавигдлаа хэмээн хөөрч байсан шүү?
-Байтынхан гурван олимп Азийн хоёр наадмыг өнжөөд байсан. Энэ спортод сэтгэл зүрхээ зориулсан бидний хэсэг нөхөд хөгжлийн гарцыг хайж олохыг чармайсан он жил байлаа. Лондоны олимпод оролцохын тулд өндөр хариуцлага, хөлс хөдөлмөрөө чамгүй зарцуулсан.
-Та шигшээд үлдэх хариуцлагатай харваанд Солонгосын тамирчин Лу Су Жинтэй учраа таарсан. Өрсөлдөгч чинь туршлага чадвараар илүү байсан шүү?
-Манай баг наадмын үеэр Лондонг зорьсон. Эрт очсон болохоор бие организмын хувьд хүндрэл гараагүй. Харин Солонгосын тамирчинтай хагас шигшээд харвахад хэтэрхий хичээснээс болж алдаа гаргасан. Хэрэв түүнийг ялсан бол цааш медалийн төлөө өрсөлдөх зам нээлттэй байсан юм. Байт сурын спорт өөрөө хурдан хугацаанд өрнөдөг учир тэр үед сэтгэл зүйгээ засч чадаагүй.
-Лондон дахь монголчуудынхаа наадмыг үзэж чадсан уу?
-Үзэлгүй яахав. Тэр тусмаа үндэсний бөхийн барилдаан ямар сайхан болов. Хүний нутагт Монгол наадмын үнэ цэнийг илүү их мэдэрсэн. Аймгийн арслан П.Бүрэнтөгсийг манай байтынхан түрүүлээсэй хэмээн их дэмжсэн шүү. П.Бүрэнтөгсийн түрүү Монголын шигшээ багийнхныг хурцалсан гэж боддог. Түүний түрүү тамирчдын сэтгэл зүйд том өөрчлөлт оруулсан байх аа.
-Таныг “Бөртэ чоно” наадам дээр шагналаа авах гээд зогсож байхыг хараад гар бөмбөгийн тамирчин юм байх гэж андуурсан шүү?
-Би хүүхэд байхдаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан. Харин дунд ангидаа сагсан бөмбөгийн спорт руу хорхойсон орсон юм. Сагсан бөмбөгийн спорт намайг өндөр болгоход чухал нөлөө үзүүлсэн байх. Оны шилдэг тамирчин болсондоо их гайхсан шүү.
-Яагаад тэр вэ. Таныг спортын сэтгүүлчдийн саналаар дэвшүүлсэн биз дээ. Би таныг дүгнэхдээ байт сурын спортыг топ спортын түвшинд аваачсан гавьяатай гэж боддог?
-Баярлалаа. Манай байт сурын спорт үнэ өртөг, хэрэглэл их шаарддаг төрөл юм., Сүүлийн жилүүдэд МҮОХ болон төр засгаас байт сурыг анхааралдаа авч хэрэглэл материалаар дэмжиж байна. Энэ нь амжилт гаргахад түлхэц болсон.
-Зодог тайлах талаар бодож байв уу?
-Миний 37-ны жил орж байна. Би Нателия Ваталева гэж Италийн алдартай тамирчныг хүндэлдэг. Энэ тамирчныг ид харваж байх үед би байт сурын “А” үсгээ заалгаж байсан юм. Нателия Ваталева авч болох бүхий л шагналыг авсан. Гэсэн ч тэрээр нум сумаа харвасаар л байна шүү дээ. Би өөрийгөө тийм ч хөгшин гэж бодохгүй байна. Рио-де-Жанейрогийн олимпод оролцох гээд долоо хоногийн зургаан өдөрт бэлтгэл хийж байна. Энэ спортодчин сэтгэлээсээ хандаж анхаарлаа төвлөрүүлж чадах юм бол тийм ч амархан орхихгүй биз.
-Та нэг өдөрт хэдэн сум тавьдаг вэ?
-Танхимд бол өдөрт 200-250 сум тавьдаг. Харин гадаа 500-600 сумын нормтой. Харин олимпийн бэлтгэл арай өөр байдаг.
-Гэр бүлдээ цаг зав хэр гаргаж байна вэ?
-Олимпийн эрхийг хэн дуртай нь авчихдаггүй. Олимпийн бэлтгэлийн үед гэр бүлийнхнээ бодох сөхөө байгаагүй. Одоогоор тэмцээн уралдаагүй болохоор сайн ээж, сайн хань байхыг хичээж байна./Инээв/
-Та гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
-Би түрүүнд хэлсэн. Өдөр болгон бэлтгэлтэй болохоор тэр бүр гоо сайхандаа анхаараад байдаггүй. Их ачаалалын хажуугаар гоо сайхан энэ тэр гээд гүйгээд байдаггүй. Бэлтгэл дуусав уу үгүй юу алжаалаа тайлж амрахыг хичээдэг.
-Хэрэв та байт сураар , хичээллээгүй байсан бол?
-Би уг нь нягтлан бодогч мэргэжилтэй. Гэхдээ ийм тийм ажил хийж байна гэж төсөөлж , байгаагүй юм байна.
-Таны зорилго?
-Миний зорилго Рио- де-Жанейрогийн олимпод бүтэн багаараа оролцохыг хүсч байна.
-Таньд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Өөр мэдээ “
URL: