УИХ сонгогчдоосоо урвалаа

Шинэ оны босгон дээр АН-ынхан МАХН-ынханд нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь Ц.Оюунбаатарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлж, УИХ-ын гишүүн болгосон явдал байлаа. УИХ дахь “Шударга ёс” эвслийн 11 дэх гишүүн ийн тодорсноор Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрын аль нэг нь парламентад орж ирнэ гэх хардлагад хариулт өглөө.

Отгон гишүүн Ц.Оюунбаатарын хувьд тангараг өргөх хүсэлтээ хэвлэлээр дайж ирсэн ч намын нөхөд нь дэмжилгүй явсаар таван сарыг үдсэн. Эцэстээ тэвчээр нь алдарсан биз. АН-ынхны хувьд ч түүнээс өөр ашигтай хувилбар олж хараагүй нь лавтай. Хамгийн муу хувилбарын нэг Э.Батшугар парламентад орж ирлээ хэмээн тооцож үзэхэд Н.Энхбаярын эрх мэдэл өсч тэр хэрээр АН-ынхны хүчийг барж таарна. Энэ утгаар нь хөөж үзвэл АН-ынхан Д.Арвиныг дэмжин, намдаа урвуулсан шигээ Ц.Оюунбаатарыг тангараг өргөхөд нь туслалцаа үзүүлэхэд юу нь болохгүй гэж. Алсдаа ашиг гарч л таарна. Тэр тусмаа олонхийн бүлгийг УИХ дахь суудлаа 39-д хүргэхэд дөхөм болох нь лавтай. Тэгэхээр олон нийт шинэ оноо угтахаар анхаарал нь сарнисан үед Ц.Оюунбаатарын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах нь спикер З.Энхболд нарын нөхдүүдээс л гарах ухаан шүү дээ. Чингэхдээ УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд энэ тухай оруулалгүй нууцлан байж, тангараг өргүүлж, “нохойтох” арга хэрэглэхийг тэднээс өөр хэн ч зориг гаргаж хийж эс зүрхлэх биз. Хэрвээ МАН-ынхан ийм заль хэрэглэсэн бол АН-ынхан тэр оройдоо л “шүүрээ унаад “ниснэ”. “МАН-ынхан хууль зөрчлөө. Баярын өдөр тааруулан гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүллээ” гээд л сүрийг үзүүлэх байсан даа. Үнэндээ ч УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудал нь улсын нууцад хамаарах чухал асуудал уу гэвэл биш. Улсын нууцад хамаарах асуудлыг ч УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, хэлэлцэх болоход хэвлэлийнхнийг танхимаас гаргадаг дэг бий. Гэтэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэрээр УИХ-д сонгогдсон Ц.Оюунбаатарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудал нууцын зэрэглэлээс давчихаад байгааг юу гэж ойлгох вэ. Эцсийн дүндээ энэ нь мянга, мянган сонгогчийн сонгох эрх рүү халдсан үйлдэл биш гэж үү. Эсвэл ийм алиа арга хэрэглэсэн нь Зайсангийн хорих ангид ял эдэлж байгаа Н.Энхбаяраас нууцалсан хэрэг үү. Тийм бол үнэндээ УИХ чадамжгүйгээ харууллаа. Мөн энэ жишгээр өнөөгийн парламент ирэх жилүүдэд олон нийтийн эрх ашгийг хөндөж болох чухал асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд багтаалгүйгээр нууцлан батлахгүй гэх баталгаа алга байгааг шинэ оны өмнөхөн 74 дэх гишүүнээ хүлээн зөвшөөрүүлснээс харж болохуйц байна. Үнэндээ бол “Ц.Оюунбаатарын тангаргыг өргүүлэхгүй” гэж МАХН-ын хэдхэн гишүүн л өнгөрсөн хугацаанд эсрэг байр суурь илэрхийлснээс биш сонгогчдын хувьд түүний гишүүний бүрэн эрхийг өнгөрсөн намар л хүлээн зөвшөөрчихсөн байсан юм шүү дээ.

УИХ нь ард түмнийхээ сонголтыг хүндэтгэнэ гэх Үндсэн хуульд заасан зарчим хаачсан бэ, АН төрийн эрх мэдлийг авсан үеэс ул болсон хэрэг үү.

Ц.Оюунбаатар хэний хүчинд УИХ-д сонгогдсон бэ?
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг УИХ-ын отгон хуралдаан дээр Ц.Оюунбаатарын тангаргыг өргүүлэх тухай мэдэгдэл хийхээс ердөө 10-хан минутын өмнө МАХН-аас Н.Энхбаярын бие муудсан талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд дамжуулсан нь цаанаа улстөр гэх мөнхийн эрх ашигтай холбоотой байсан нь ийн тодорхой болсон юм. Хэрэв Э.Батшугар УИХ-ын гишүүний тангараг өргөнө гэсэн бол ийм “мессеж” ирэх ч үгүй байсан биз. Гэхдээ л Ц.Оюунбаатар тангараг өргөсөн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан тэр даруйд түүнийг хэний хүчээр УИХ-д орж ирснээ мартаж болохгүйг твиттер, фэйсбүүкийн “жиргээчид” хамгийн их сануулсан билээ. Ард түмний дийлэнх хэсэг ч ийм байр суурийг  УИХ-ын сонгуулиас хойш “Шударга ёс” эвслийнхэнд хандан илэрхийлсээр байгаагаас харахад Н.Энхбаяр гэх том авлигач шоронд орсон ч ард түмэн түүний талд зогсч буйн нотолгоо биз. Харин түүний нэр нүүрээр УИХ-д суудал зассан Ц.Оюунбаатар АН-д элсэх болов уу. Хэвлэлийнхэнд өгсөн түүний байр сууриар бол 1985 онд элссэн анхны намаасаа урвахгүй гэж мэдэгдсэн байсан ч АН-ынхан холын хожил бодож түүнд УИХ-д суух “виз” олгосныг мартаж хэрхэвч болохгүй.
Л.Чулуун

new.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих