Д.Бямбасүрэн гуай “Энэ цагийн эгэл баатар”-аар тодорлоо
ТВ9 телевиз, Зууны мэдээ сониноос хамтран жил бүр эгэл баатруудыг тодруулдаг заншилтай билээ. Эгэл баатруудыг мэдээж эгэл биш эгэл хүмүүсээс тодруулахаас гадна ард түмний санал асуулгаар, жинхэнэ шударгаар шалгаруулдагаараа онцлогтой.
Тэгвэл нийгмийн үнэлэмж, үнэлгээг дээшлүүлэх зорилгоор “ТВ-9 телевиз”, “Зууны мэдээ” сонин хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Энэ цагийн эгэл баатрууд 2012”-ын эздийг өнөөдөр зарлалаа.
“Энэ цагийн эгэл баатар”-аар Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай тодорсон байна. Мөн 3 наснаасаа 86 нас хүртэлээ Монголын бурхан шашныг түгээн дэлгэрүүлж, уналт, босолтынх нь түүхэн гэрч болсон Цорж лам Б.Диваасамбуу, гэр оронгүй хүмүүст олон жилийн турш хоол хүнс, орон гэрээр тусалсан Ц.Тамара нар “Энэ цагийн эгэл баатар”-аар тодорсон байна. Үүнээс гадна тусгай зургаан байрыг шалгаруулжээ. Үүнд:
- 80 настай өндөр настан Э.Цогт /150 гаруй хүнийг хорт хавдрын өвчнөөс ангижруулсан/
- Төрийн шагналт, яруу найрагч З.Дорж /Малыг гэмт халдлагаас хамгаалах үйлсийг эхлүүлсэн/
- ШУТИС-ийн оюутан Т.Мягмарсүрэн /Дэлхийн цээж бодолтын аварга/
- Б.Лувсан /200 га орчим талбайд 30 000 улиас, бургас, 15 000 чацаргана тарьж ургуулсан/
- Л.Дэмчигжав /Луун хуур, Арслан хуур гэх мэт найман төрлийн хуурыг бүтээж, 80 гаруй хөгжмийн зэмсэг бүтээх зэргээр Морин хуурыг дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан/
- Д.Баасансүрэн /Хойт туйл, Якутад 20 жил амьдрахдаа үргүйдлийн эмгэгтэй 167 хосыг эмчилж, удам залгах үр хүүхэд хайрласан. Энэ ачийг нь үнэлж ОХУ-ын В.И.Путин төрийн дээд одонгоор шагнасан байна/.
Ийнхүү “Энэ цагийн эгэл баатар”-ууд тодорлоо.
URL: