Антарктидаас 80 жилийн өмнөх агуулах олджээ

80 жилийн өмнө Антарктид тивд Америкийн туйл судлаач адмирал Ричард Бердийн шинжилгээний ангийнхны орхисон агуулахыг Шинэ Зеландын эрдэмтэд олсон тухай Риа Новости агентлаг мэдээллээ.
Шинэ Зеландын Кентберн болон Вайкото их сургуулийн эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг Скотт мөсөн уулын адгаас холгүй оршдог Антарктидын нурууны өмнөд салбар уулсын хөвд, хаг өвс болон шавьж хорхой зэрэг сээр нуруугүй амьтдыг судалж байжээ.
1933-аас 1935 он хүртэл үргэлжилсэн Бердийн хоёр дахь аяллын үеэр орхигдсон агуулах нь Дарем-Пойнт хэмээх хавцлаас холгүй орших нэгэн жижигхэн хадархаг тохойгоос олдсон байна. Уг буланд 1934 оны арванхоёрдугаар сард Бердийн шинжилгээний ангийн Куин Блэкберн ахлагчтай геологичдын баг очиж байжээ.
Олдсон эд зүйлийн дотор мөсөн дээгүүр явах зориулалттай тусгай гутал байжээ. Агуулахад байсан хоёр гутлан дээр Блекберн болон судалгааны багийн гишүүн болох Ричард Рассел нарын нэрний эхний үсгийг тэмдэглэсэн байсан байна. Түүнээс гадна хэд хэдэн газарзүйн дуран олджээ.
Адмирал Берд нь алдартай туйл судлаачдын нэг юм. Түүний хүчин чармайлтын дүнд Антарктидийн газар нутгийн нэлээд хэсгийг газрын зурганд оруулжээ. Тэрбээр анхны аяллынхаа үеэр /1928-1930 он/ өмнөд туйл дээгүүр ниссэн анхны хүн болсон бол хоёр дахь аяллынхаа үеэр /1933-1935 он/ Антрактидад тракторыг анх удаа амжилттай ашигласан байна.
Д.Жаргал

Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих