ТӨРИЙН СОЁРХОЛТ Д. СОСОРБАРАМЫН ТӨРСӨН ДҮҮ Д.ЖАРГАЛСАЙХАН БАЯНХОНГОРЫН ЗАСАГ ДАРГА БОЛЖЭЭ
Дундговь, Говь-Алтай, Говь сүмбэр, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай гэсэн долоон аймгийн Засаг дарга тодроогүй, аймаг эзэнгүй байна.
Юутай ч оройтож явуулсан сонгуулийн балгаар Говь-Алтай, Дундговь аймгийн ИТХ өнөөдрийг хүртэл хуралдаагүй байна. Говь-Алтайн ИТХ-ын гишүүд Засаг даргад нэр дэвшигчдээсээ болж санал зөрсөн учраас хурлаа хойшлуулж, энэ долоо хоногийн пүрэв гаригт нэг тийш болгохоор тохирцгоосон гэх.
Харин Дундговийнхон зурагнаас болж шүүхдэцгээсэн. Өнгөрсөн долоо хоногт АН-аас ИТХ-д нэр дэвшигчдийн гомдлыг шүүх хэлэлцээд МАН-ын нэр дэвшигч С.Буджавын Далай ламтай хамт татуулсан зураг сонгогчдын саналд нөлөөлөөгүй гэж үзсэн тул ИТХ нь энэ сарын 26-нд хуралдахаар товложээ.
Засаг ноёноо нэрлэсэн ч Ерөнхий сайдын хашин морь шиг хойргошлоос болж эзэнгүйдэж буй аймгийн нэг нь Дорнод. Аймгийн ИТХ сарын өмнө хуралдан, “Магнай трейд” компанийн ШТС-ын дарга М.Бадамсүрэнг нэр дэвшүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн гэж нэрлэгддэг түүнд Ерөнхий сайд “Таны төрийн албанд ажилласан жил хүрэхгүй учраас найдлага бараг байхгүй” гэж хэлсэн гэдэг. Энэ албан тушаалд томилогдох хүн төрийн албанд гурван жил ажилласан байх ёстой ч дунд сургуульд хоёр жил багшилсан Д.Баярбат Төв аймагт, төрд огт ажиллаагүй, Төрийн шагналт Д.Сосорбарамын төрсөн дүү Д.Жаргалсайхан Баянхонгорт засаглаж эхлээд байгаа. Ерөнхий сайд хууль зөрчин ийм сонголт хийсэн атлаа Дорнодын Засаг даргад нэр дэвшигчид сайн үг дуулгаагүй нь тус аймагт өөр хүн томилох бодлого барьж байгаатай нь холбоотой байж мэдэх гэнэ. Сэлэнгэчүүд Засаг даргадаа аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Бүрэнбатыг санал болгосон. Тэрбээр аймгийн дарга нь УИХ-д сонгогдсон цагаас Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нэгэн.
Харин хөвсгөлийнхөн аймгийн ЗДТГ-т ХАА-н бодлогын зөвлөх, “Лидер кашмир” компанийн захирал Л.Ганболд, Говьсүмбэрийнхэн аймгийн МАН-ын дарга Г.Батсуурийг нэр дэвшүүлсэн юм. ЗГХЭГ-ынхан тэднийг ингэтэл гацааж буйгаа ашиг сонирхлын зөрчлийг нь АТГ-аар шалгуулж байгаа гэдгээр тайлбарлаж байна. Тус газар төрийн албанд шинээр ажиллах хүмүүсийг ажлын арав хоногт багтаан шалгаад дүгнэлтээ хэдийнэ хүргүүлжээ. Хачирхалтай нь Ерөнхий сайд Засаг даргын нэхэлтэй аймгуудын талаар өдий хүртэл ам ангайсангүй. Ядаж ямар шалтгаанаар гацааж буйгаа ИТХ-д амаар болон бичгээр тайлбарлаагүй гэнэ. Орон нутгийн Засаг дарга нарын хувь заяа Ерөнхий сайдын атганд эргэлдээд сар болж буйтай зэрэгцэн Нийслэлийн дүүргүүдэд ч Засаг даргын хэрүүл зарга тасраагүй явна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 22 суудлыг авсан МАН энэ сарын 7-нд хуралдаж, АН-ын хоёр төлөөлөгчийн хамт Р.Дагвыг нэр дэвшүүлсэн. Гэвч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл батламжлаагүй байна. Учрыг лавлахад, дүүргийн ИТХ дахь АН-ын төлөөлөл МАН-ын таван нэр дэвшигчийг шүүхээр шалгуулах ёстой гэж эсэргүүцсэн ч өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй аж.
Түүнчлэн хүч түрэмгийлж, хууль зөрчиж, Засаг дарга томилсон маргаан Налайх дүүрэгт мандаад өнгөрсөн. Энэ сарын 7-нд тус дүүргийн ИТХ хуралдаж ИТХ болон Засаг даргаа томилсон нь хэл ам дагуулсан юм. Дүүргийн ИТХ-д 12 суудал авсан АН-ын төлөөлөгчид МАН-ын 11 төлөөлөгчгүй хуралдаж, МАХН-ын хоёр төлөөлөгчийг хуралд суугаагүй байхад суусан гэх протокол үйлдэн Улаанбаатар хотын захирагчаар батламжуулсан байдаг.
Илт хууль зөрчин дур зоргоор авирлах үзэгдэл нийслэлийн дүүргүүдэд гарч дуусаагүйн бас нэг жишээг Багануур дүүргээс харж болно. Тус дүүрэгт МАН олонх болж анхдугаар хурлаа зарлаж, Засаг даргаар томилох хүний нэрийг Э.Бат-Үүл даргад барьжээ. Хачирхалтай нь дүүргийн Сонгуулийн хорооноос ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэх авч, бүрэн эрхээ баталгаажуулаагүй яваа дүүргийн ИТХ-д сонгогдсон АН-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт гэнэт хуралдаж, өөрийн хүнээ Засаг даргад нэр дэвшүүлжээ. Илт хууль зөрчин ИТХ, Засаг дарга томилох ажил үргэлжилсээр байна.
URL: