Иргэдийг чирэгдүүлсэн эрчим хүчний эрээ цээргүй дээрэм

Эрчим хүч, дулаан, ус суваг гэж ёстой нэг “том толгойлсон” монополь эрхтэй гурван байгууллага Дарханд байна аа. Ард түмнийг айлган сүрдүүлж, дээрэнгүй хандаад бүр сурчихжээ. Ус суваг нь болохоор орон сууцны айлуудын цэвэр усны шугамыг нь хааж лацдана. Дулааны шугам сүлжээ нь мөнгөө төлж чадахгүй айлуудын шугам хоолой, паарыг таслана, хөрөөдөж хаана.

 

“ДСЦТС” компани нь болохоор цахилгаан эрчим хүчээ шууд таслах юм. Нөгөө “Үндсэн хууль’’-д заасан Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, төр засаг, төрийн байгууллагууд нь үүнийг хангаж өгнө. “Хэрэглэгч бол хаан” гэдэг нь хоосон уриа, ард түмнийг “хошгоруулсан” дэмий сүржин үгс бололтой. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах ёстой байгууллага нь “ДСЦТС” ХК билээ.

 

Энэ жил тус байгууллага нь 2.0 тэрбум, “ЦДҮС” ТӨХК-ийн төвийн бүсийн салбар нь 6.3 тэрбум төгрөг, нийт 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж, Дархан сумын 3, 5, 6 дугаар багийн 600 гаруй өрхийг шинэчилсэн найдвартай шугмаар холбосон гээд байгаа. Гэтэл шинэ шугам татаж, айлуудын тоолуурыг нэгтгэн нэг хайрцагт хийж цоожлох болсон. Иргэд энэ ажлыг эсэргүүцээгүй.

 

Харин “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн дэвтэр” гэгчийг бүрэн устгаж, байцаагч нь айлуудаар явахгүй болж, иргэд тоолуурынхаа заалтыг харах ямарч боломжгүй болжээ. “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн дэвтэр”-тэй байхад иргэд ямар ч маргаан, чирэгдэл үүсгэхгүйгээр цахилгааны мөнгөө төлдөг байв. Харин одоо тоолуурын заалтыг иргэдээс нууж бичдэг болсон нь хардлага төрүүлэх “хэрүүлийн алим” болоод байна.

 

Иргэд тэр тусмаа өндөр настай хүмүүс шонгийн мод руу авирч тоолуурын заалтыг харж чадахгүй нь ойлгомжтой. Тоолуур нэгтгэснээс хойш цахилгааны хөлс байнга өндөр гарах боллоо гэсэн иргэдийн гомдол, хардлага, хэрүүл тасрахгүй байна. Зарим айл өрх тоолуур нэгтгэсэн шонгоос цахилгаан авахын тулд 50-70 метр урт утас худалдан авах шаардлага үүсэж байгаа юм.

 

Нэг метр утас нь 1300 төгрөг гэхээр 65-90 мянган төгрөгөөр худалдаж авах, дээрээс нь тоолуурын баталгаажилтын хөлс 5500 төгрөг төлөх болдог байна. Баталгаажуулсан тоолуур хурдан эргэдэг болсон. Заалт их гарч байна хэмээн иргэд харддаг аж. Учир нь тоолуурыг Стандарт хэмжил зүйн газар биш, “ДСЦТС” ХК-ийн гэрэл борлуулах төв нь өөрийн байгууллага дээрээ баталгаажуулдаг юм байна.

 

Стандарт хэмжил зүйн улсын хоёр байцаагч үүнд нь хяналт тавьж ажиллдаг юм байх. Гэсэн ч иргэд үүнд нь төдийлөн итгэхгүй байгаа аж. Монополь эрхтэй байгууллага яагаад тоолуурын стандартыг баталгаажуулдаг юм гэх хардлага үүсэх шалтгаан болоод байна. Харин Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн газар нь тоолуурыг найдвартай хэмжих, баталгаажуулах ямар ч стандарт хэмжил зүйн багажгүй юм байх.

 
Тийм болохоор иргэдийн хардлагыг төрүүлээд байгаа тоолуурыг өөрсдөө баталгаажуулдаг “ДСЦТС” ХК нь иргэдийг хохироож, чирэгдүүлсэн олон ажлыг хэрэгжүүлж байж болох юм. Тус байгууллага “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн дэвтэр”-ийг устгасан, тоолуурын баталгаажилт эргэлзээтэй, тоолуурын заалтыг иргэдэд харуулдаггүй, НӨАТ-аас гадна цахилгаан эрчим хүчний суурь үнэ хэмээх 2000 төгрөг, “СӨХ”, МҮОНТ, “ЛХА” телевизийн гэх мэт хураамжийг нэгтгэн авч иргэдийг эрх ашгийг зөрчиж, чирэгдэл үүсгэх болжээ.

 

Үүрэн телефоны компаниуд суурь хураамж гэгчийг авч байхад манай “ДСЦТС” ХК байгууллага яагаад авч болдоггүй юм хэмээн барьцаж байгаа аж. Тус компани зуны гурван сар хөдөө аялалд яваад ирсэн айлд 57 мянган төгрөг бичсэн байж. Нөгөө айл манайх огт цахилгаан хэрэглээгүй байхад яагаад ийм их мөнгө бичсэн юм бэ гэжээ. Цахилгаанаа тасдуулаагүй бол танайх суурь хураамж төлөх ёстой.

 

Танайхыг цахилгаан хэрэглээгүй гэх ямар баталгаа байгаа юм гэсэн байна. Бас нэг иргэдийг төөрөгдүүлж, будилуулж байгаа зүйл нь код гэгч учир зүй нь олдохгүй олон тоонууд байгаа гэнэ. Энэ кодны тоо алдаа завхрал, хэрүүл, маргаан үүсгэгч шалтгаан болоод байгаа аж. Эхэлж код олгохдоо давхардуулсан, үүнийгээ засаж өөрчилж одоо хүртэл цэгцэлж чадаагүй байх жишээтэй. Зарим айлын цахилгааны мөнгийг буруу код руу оруулсан зэрэг зөрчил гардаг бололтой.

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн дэвтрийг кодоор сольсон нь ёстой нөгөөх “нуухыг нь авах гээд нүдийг сохлов” гэгч болжээ. Ингэж иргэдийг код гэгчээр төөрөгдүүлж, өндөр настангуудын тархи толгойг эргүүлж суугаа “ДСЦТС” ХК нь үүнийгээ хөгжил дэвшил гэж бодож байгаа бололтой. Тосгоны 3 дугаар багийн өндөр настан Т.Нацагдорж гэдэг айл эрчим хүч хэрэглэсний хөлсийг 2012 оны 1-10 cap хүртэлх хугацаанд нийт 112.875 төгрөг төлсөн байна.

 

Гэтэл үлдэгдэл хэмээн дэвтэр дээр байхгүй заалтыг хаанаас ч юм бүү мэд олсон гэж 13971 төгрөг гаргаж иржээ. Cap бүр тоггмол найдвартай цахилгааны мөнгөө төлдөг хөгшид учрыг нь олохгүй “ДСЦТС” ХК дээр очиж дэвтрээ үзүүлэн тулгалт хийн шалгах гэтэл урдаас нь загнаж cap бүрийн үлдэгдэл чинь нэмэгдэж хуримтлагдсан хэмээсэн байна.

 

Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг шалгаж тулгаж үзэхэд харин Улиастайн 7-41А-Д оршиг суугч, 162 (07) кодтой Тогооч овогтой Нацагдорж гэдэг айл биш байжээ. Харин тус айлын 162 (07) кодон дээр Ганболд гэдэг айл байх аж. Тэдний код 100 (3347) болж өөрчлөгдсөн байв. Гэтэл 100 (3347) кодон дээр Улиастайн 7-41 Б-д оршин сууп ТА 71112505 регистрийн дугаартай Дэмчигжав овогтой Нацагдорж гэдэг айл байх юм.

 

Албаар ингэж будилуулж бичдэг юм уу, алдаж, будилан ташаарсан юм уу бүү мэд. Гэтэл ажлын хариуцлага алдсан “ДСЦТС” ХК ажилтнууд энэ үйлдлээ хаацайлж, өөрсдийгөө өмөөрч наадах чинь ямар ч хамаагүй. Үлдэгдэл 13971 төгрөгөө төлөх нь таны үүрэг. Хэрэв төлөхгүй бол манайх гэрээгээ цуцалж цахилгаанаа таслана хэмээн дарамтлан сүрдүүлжээ.

 

Энэ алдаа “ДСЦТС” ХК-ийн гэрлийн байцаагч, засварчин, нягтлангуудын ажлын хариуцлагагүй байдал уу. Эсвэл ард түмнийг төөрөгдүүлэн будилуулж дансны аргаар “мөнгө луйвардах арга” булхай, луйвар уу гэдгийг иргэдийн эрх ашгийг хамгаалах холбогдох байгууллага болох Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газар, Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг шалган тогтоох биз ээ. Энэ мэт иргэдийг чирэгдүүлсэн эрчим хүчний эрээ, цээргүй ил, далд дээрэм явагдаад байгаа юм биш үү.

 

Н.Отгонбаатар

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих