Р.Чойном: Сэхээтэн нэртэй гуйранчид олширвол улс орон хэцүүднэ
Амьддаа авьяас билгээ үнэлүүлж чадаагүй, уран бүтээлээ хэвлүүлж үзээгүй найрагч бол Ренчиний Чойном билээ. Учир нь түүний шүлгүүд тухайн үеийнхээ булхайг илчилсэн, шүүмжилсэн, үнэнийг хэлсэн байдаг нь цөөн хүний дургүйг хүргэдэг байсан биз ээ. Мөн бичсэн бүтээлээсээ болж багагүй хугацаанд хоригдож, хэлмэгдэж явсан баримт түүхийн архивт хадгалаастай бий.
Харин түүнтэй санаандгүй учралаар таарч тэмдэглэлийн дэвтрийн хэдэн хуудас дээр тэмдэглэсэн яриаг хүмүүс тэр бүр олж уншаагүй нь лавтай. Үүнийг сийрүүлэгч миний бие тухайн баримтыг гартаа барьж, нүдээрээ уншаад саран дээр буусан чинээ баярлаж билээ. Гэвч асуултын өмнө “М.Ж” хэмээн тэмдэглэсэн хоёр үсгийн учрыг олж чадаагүйд уншигч танаас хүлцэл өчье.
Үүнээс гадна энэхүү яриаг хэн хаана хэзээ тэмдэглэж авсан нь тодорхойгүй байгаа юм. Эс бөгөөс түүний хоригдож байхдаа өгсөн мэдүүлгээс ч хуулбарласан байхыг үгүйсгэхгүй. Мөнхүү хариултын өмнө “Р.Ч” гэсэн тэмдэглэгээ хийсэн нь Ренчиний Чойном гэсэн нэрийн товчлол бололтой. Юутай ч уншигч Танд амьддаа алдарших /одоо түүн шиг мундаг найрагч байхгүй гэлцдэг/ хувийг олж чадаагүй эрхэм хүний бичил яриаг хүргэе.
М.Ж:-Таны “Уур минь хүрч байна” шүлэгт,
“…Уурлаж байна би, уурлаж байна
Унаган насаа ахих бүр
Улсын мунхгийг ажих бүр
Уур минь аяндаа асч байна” гэдэг бадаг байдаг. Энэ шүлгээ яагаад бичих болов?
Р.Ч: -Би энэ шүлгээ хүмүүсийн тэнэгийг хараад “хүмүүс” гэдэг үгийг “улсын” гэж орлуулсан юм. Миний санаа бол хүмүүс гэсэн л санаа. Гэвч хойшдоо миний энэ үг улсын “төрийн” гэж авч үзэх санаа гарах байх. Би “улсын” гэж бичсэн бол төрийн мунхгийг хараад гэсэн санаагаар биш хүмүүсийн мунхгийг хараад гэсэн санаагаар бичсэн хэрэг. Ер нь төрийн гэж “улсын” гэдэг үгийг авч үзэж болно. Юу гэвэл хүмүүсээс улстөр буй болдог л доо.
М.Ж:-Таны энэ шүлгийн санааг ер ухаж ойлгохгүй юм. Яг ямар санаатай бичсэн шүлэг вэ?
Р.Ч: -Манайхан барьж байгуулсан зарим зүйлийг нурааж байна. Жишээ нь, гүүр барихад түүнд байсан чийдэнг мултлаад л авчихсан байдаг. Ширэг, зүлэг суулгасан байхад түүнийг аваад эргүүлээд хаячихсан байдаг гээд хүмүүсийн ухамсаргүй хандлагыг хэлж байгаа юм.
М.Ж:-“…Ядуу амьдралын чинь зулай дээр
Өстөн ингэж суугаад
Ярганы мэс үсэнд чинь
билүүдэж суухад нь
Ялалтын зэвсгээс зугтаж
Инээж суухыг чинь хараад
Яаж чи инээлцэх вэ” гэсэн шүлэг бас байдаг?
Р.Ч: -Энэ шүлгээрээ би ард түмний аж амьдрал ядуу байна гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Би 1967 онд Хэнтий аймгийн төв дээр очиход төвийн айлын 40 хувь нь хоол хийж идэх махгүй байсан. Ийм юм үзсэн явдал миний шүлэгт нэлээд нөлөөлсөн байх.
М.Ж:-Та Хэнтий аймгийн төв дээр удсан уу?
Р.Ч: -Удаагүй дээ. Зун сар гаруй л хугацаанд байсан.
М.Ж:-“…Аугаа их хүнийг
Амьдад нь танихгүй
Авсанд хийгээд уйлдаг
Ард түмэн минь хөөрхий…” гэж бичсэн байсан. Урьдын зохиолчдод зориулсан шүлэг болов уу?
Р.Ч: -Тиймээ. Би С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Г.Сэр-Од, Д.Сэнгээ, Гомбожав, Ойдов гэх мэтийн хүнээс эхлээд түүхэнд нэр нь үлдэх хүмүүсийг нас барсан хойно нь дурсдаг явдал манай улсад ч, бусад улс оронд ч байдаг. Тэрхүү эмгэнэлтэй дүр зураг дахиж битгий давтагдаасай гэж энэ шүлгийг тэрлэсэн ухаантай юм. Тийм бүтээлч хүмүүс байгаад нас барсан явдал аливаа нийгмийн буруу байх газар ч байна, байхгүй ч газар байдаг.
Миний нэр гаргаж байгаа хүмүүсийн нас барах явдал манай нийгмийн буруу байгаагүй. Гэвч Ойдов, Д.Нацагдорж нар бол архичин гэгдэж зарим үед ад болж байсан явдал бий. М.Ядамсүрэн, С.Буяннэмэх нарыг хэргийн учир баривчлан авч цаазаар авсан байдаг. Сүүлд хэрэг нь хилс гээд цагаадсан гэж би дуулсан. Хэрэг хийгээгүй хүнийг тухайн үед нь ард түмэн хамгаалж чадаагүй. Мөн Д.Нацагдоржийг архинд шатаад үхсэн гэж дуулсан. Тийм хүнийг архинаас нь гаргаагүй шүү дээ.
М.Ж:- Та эдгээр хүний араас нэлээд харамсдаг юмаа даа?
Р.Ч: -Харамсахгүй, халаглахгүй гээд яах билээ. 1930-аад оны үед гэм зэмгүй олон хүнийг баривчлан устгасан. Тэр хүмүүс тухайн үедээ эрдэм мэдлэг сайтай хүмүүс байсан юм. Манай улс тэдгээр хүний мэдлэгийг ашиглаж чадаагүй. Гэтэл одоогийн хүмүүс нь мал шиг байгаад байх юм. Өөрөөр хэлбэл, мал шиг тэнэг хүмүүсийн тоо өсөөд байна. Нарийндаа бол сэхээтэн нэртэй гуйранчид олширвол улс орон улам л хэцүүднэ.
М.Ж:-Гэхдээ архи уугаад амьдралын сүүлийнхээ хэсэгт ард түмэндээ нэр хүндээ алдсан явдал бий байх?
Р.Ч: -Архи уугаад хүн гудманд гардаггүй. Заавал нэг өөр шалтгаанаар гудманд гардаг гэж би боддог. Гэхдээ улс, эх орондоо хүн гомдох гэж байж болохгүй. Харин улс нийгэмдээ гомдох явдал байна. Энэ бол ямар нийгэм байгаатай шууд холбоотой. Миний хувьд улс, эх орондоо гомдсон зүйл байхгүй. Харин улсын хэвлэл, утга зохиол хариуцсан зарим хүнд түр хугацаагаар гомдож байсан тал бий.
Учир нь би утга зохиол оролдоод 14 жил болж байна. Гэтэл миний ямар нэг ном гараагүй шүү дээ. Харин Зохиолчдын хорооноос өөр шугамаар бол миний ном гардаг юм аа.
М.Ж:-Таны хийсэн уран зохиолын зарим зүйлийг аль нэг шалтгаанаар хэвлэлд гаргаагүй явдлыг Та юу гэж боддог вэ?
Р.Ч: -Миний бичсэн зарим зүйл хэвлэл дээр гараагүй явдал манай нийгэм, төртэй шууд холбоотой асуудал юм байна гэж би эхэндээ ойлгож явсан. Гэтэл сүүлд ойлгоход миний хийсэн зарим зүйл хэвлэлд гардаггүй явдал манай нийгэм төрийн асуудал биш байсан юм билээ. Зүгээр наагуур л миний юмыг хэвлэлд гаргахгүй байсныг олж мэдсэн шүү.
Миний хийж оролдсон зүйлийг хэвлэлд гаргахгүй байсан асуудал бол 1-2 жилийн асуудал биш. Нэлээд олон жил дараалан “Чиний юмыг хэвлэлд гаргах явдлыг Төв хороо зөвшөөрөөгүй” гэдэг байсан юм. Манай Үндсэн хуульд заасан хэвлэн нийтлэх эрх чөлөө бол үзэл суртал харгалзахгүйгээр хөрөнгөтний хэвлэл шиг бие биеэс уралдаж юу хамаагүй хэвлэж байна гэсэн ойлголт биш гэдгийг би ухаарсан.
Гэвч оролдоод өөрийн бүтээл болгоод өгсөн зүйлийг хянаж үзээд хэвлэн нийтэлж өгөхгүй байгаа явдал бол миний хувьд хэвлэн нийтлэх тухай Үндсэн хуулийнхаа заалтыг эдэлж чадахгүй байгаа хэрэг.
М.Ж:- “…Түүхийн однуудаас
Түүж авч худалдчихаад
Түүнээ үгүйлж байдаг
Төр засаг минь хөөрхий…” гэж шүлэглэсэн.
Р.Ч: -Миний шүлэгт “однуудаа” гэж бичсэн байгаа. Энэ шүлгийн бадгийн утга санаа бол өөрийн түүх дурсгалын зүйлийг бусдад худалдсан гэж хэлж байгаа юм. Юу гэвэл, 1924 онд Америкийн хайгуулчид манай Өмнөговь аймгаас асар том динозаврын толгой, өндөг олоод түүнийгээ аваад явсан. Манай улс оронд нь мөнгө авсан гэж би дуулсан.
Мөн 1946-1948 онд Зөвлөлт улсын иргэн Ермолаев Өмнөговь аймгийн нутгаас хоёр динозаврын яс, өндөг олж аваад манайд жижиг динозаврын ясыг үлдээгээд томыг нь авч явсан. Тэгээд Зөвлөлт улсад музейд тавьсан гэж дуулсан юм. Энэ мэтийн зүйлийг дуулж сонсоод бичсэн хэрэг. Ер нь бид заяагүй улс.
Юмны учрыг мэдэхгүй хуучны дэлхийд олдохгүй болсон ховор зүйлийг төр засаг өөрчлөгдөх үед хуучны зүйл гээд өөрсдөө түлж устгаад одоо бусдаас сураглах, фото зургийг нь авчирч үзэх зэрэг асуудал гарч байна шүү дээ.
М.Ж:-Таны ханилж байсан Нина гэдэг эхнэр чинь уран бүтээлд чинь таагүй ханддаг байсан шиг билээ?
Р.Ч: -Тэр ч мэдээжийн хэрэг. Бүр “Чиний энэ муусайн шүлэг хэнд хэрэгтэй юм бэ. Хэрэглэх газар нь чиний шүлгийг хэрэглэхгүй юм байна” гэж надад хэлж байсан өдөр ч бий.
Т.Зөнбилэг
Эх сурвалж:
URL: