Хохирогч У.Төмөрхуяг: ХААН банкныхан хамаг малыг минь нядлуулж намайг дампууруулахын тулд ажилласан

Манайх 1996 оны зургаан сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Улирлын чанартай үйлдвэр.  НҮБ-ын төслөөр анх байгуулагдсан. Анх үйлдвэр байгуулсныхаа дараа  бид малчдынхаа сүүн бүтээгдэхүүнийг газар дээрээс нь шууд авч бяслаг үйлдвэрлэж эхэлсэн. Бяслаг маань ч амт чанартай болж, худалдан авагчдын анхаарлыг татаж байсан.   Гадныхан ялангуяа их сонирхож Канад, Япон, Индонез зэрэг улсуудаас манай бяслагийг худалдаж авья гэж санал тавьсан юм. Г

- Монголын анхны бяслагны үйлдвэр хүнд байдалд ороод байгаа гэсэн. Өнөөдөр нөхцөл байдал сайжирсан уу?
-Манайх 1996 оны зургаан сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Улирлын чанартай үйлдвэр.  НҮБ-ын төслөөр анх байгуулагдсан. Анх үйлдвэр байгуулсныхаа дараа  бид малчдынхаа сүүн бүтээгдэхүүнийг газар дээрээс нь шууд авч бяслаг үйлдвэрлэж эхэлсэн. Бяслаг маань ч амт чанартай болж, худалдан авагчдын анхаарлыг татаж байсан.   Гадныхан ялангуяа их сонирхож Канад, Япон, Индонез зэрэг улсуудаас манай бяслагийг худалдаж авья гэж санал тавьсан юм. Гаднынхан  “Тавь, жар, зуун тонноор нь  бяслаг худалдаж авна” гэсэн санал  тавьдаг. Гэтэл манай үйлдвэрийн хүчин чадал хүрэхгүй байсан учраас бид нийлүүлж чаддаггүй байсан.
- Та нар өдөрт хичнээн тонныг үйлдвэрлэдэг юм бэ?
- Тонноор ярихгүй л дээ. Өдөртөө зуу гаруй кг-ыг  хийдэг байсан ч  хөөрхөн ашигтай, 7-8 хүн ажиллуулчихдаг боломжийн үйлдвэр байсан. Тэр үед Улаанбаатар хотод олон улсын хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих чуулга уулзалт болсон вм. Би энэ  арга хэмжээнд урилгаар оролцсон, бүтээгдэхүүнээ сурталчилсан. Оройн зоог барих хүндэтгэлийн арга хэмжээн дээр “Хаан” банкны зээлийн хорооны ажилтан Нил гэгч эмэгтэй үг хэлж, “Бяслагны үйлдвэрт барьцаагүйгээр зээл олгоно” гэж мэдэгдсэн. Тухайн үед надад зээлийн шаардлага байгаагүй болохоор нэг их тоогоогүй. Гэтэл Японоос  манай үйлдвэртэй хамтран ажиллах, жилд  таван тонноос дээш  бяслаг авья гэсэн санал ирүүлсэн юм.Урьд нь манайхаас бяслаг авах санал ирдэг байсан ч хэт олон тонноор нь авья гэдэг байсан болохоор хамтарч ажиллах боломж олддоггүй байсан. Тэгээд бид энэ саналыг хүлээн авч нэг тонныг нь арван мянган доллараар өгөхөөр  шийдсэн. Бид хүнээс сүү худалдаж авахаар ашиггүй, тэгээд ч өөрсдөө үнээтэй болж, өвөл зунгүй бяслаг хийхээр шийдэн зээл авахаар болсон. Өмнө нь бидэнд  барьцаагүй зээл олгоно гээд байсан болохоор нь “Хаан” банкнаас зээл авахаар очсон. Манай үйлдвэр төслийн дагуу байгуулагдсан, ашигтай ажиллах бүрэн боломжтой үйлдвэр байсан учраас  Америкийн “Мэрси Кор” гэдэг  байгууллага баталгаа гаргаж, ХААН банкнаас  надад гучин саяын зээл олгоод тэр мөнгөөр би үхэр авсан юм. Би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг гар дээрээ авдаггүй байсан. Үхэр худалдаж авах хүнээ л дагуулж ХААН банкны төв дээр ирдэг. ХААН банк тэр хүнтэй тооцоо хийж,  мөнгийг нь тоолж өгдөг байлаа. Би Төв аймгийн Алтанбулаг суманд амьдардаг хүн. Ганц гайгүй үхэр авахаар болно. Нөгөө хүнээ дагуулаад л Улаанбаатарт, төв банкин дээр нь ирдэг, зардал мөнгө ч их гарч байсан.
-Та яг хэдэн үхэр худалдаж авсан юм бэ?
Тэр мөнгөөр би тавин үхэр авсан. Тэр жил баахан ган зуд болж бүхэл бүтэн аймаг сумаараа үхэр малаа алдаж байхад би хоёр үхэр л үхүүлсэн. Зээл аваад удаагүй долоон сар болж байтал гэнэт “ХААН” банкнаас   баахан хүн хүрээд ирсэн. Тэд нэг л их сүр бараатай, “Мал тоолно гэж сүр бадруулж байснаа ”Манайх барьцаат хөрөнгөө хураалаа. Танай үйлдвэр дампуурсан байна” гэдэг юм байна. “Яагаад дампуурсан гэж. Би үнээнээсээ өдөрт дөрвөн зуун литр сүү авч байна. Монголдоо ганцхан бяслагны үйлдвэр ажиллуулж, бүтээгдэхүүнээ борлуулж байгаа шүү дээ” гэж хэлээд нэмэр болоогүй. Тэгсэн Алтанбулагийн ХААН банкны эрхлэгч нь нөхөр хүүхэдтэйгээ, хоёр гурван машинтай махны ченж дагуулаад ирсэн.  ХААН банкны ажилчин намайг “Чам шиг юмаар Монгол дутахгүй“ гэж загнаж байсанд нь би гомдож явдаг. Намайг айлган сүрдүүлж байж малаа авсан. “Хаан” банкны мөнгөөр худалдаж авсан тавин үхэр дээр миний үхрийг аваад явчихсан. Би тэр үед нялх хүүхэдтэй байсан болохоор “Халуун зунаар яаж хар цай уух вэ дээ? Тэгээд ч бага хүүхэд маань сүү уудаг. Ганц тугалтай үнээ үлдээчих гэж гуйсан ч нэмэр болоогүй. Бүх малыг маань аваад, хэдэн малчинг маань уйлуулаад л хөөгөөд явсан.
-Таны хаан банк наас авсан зээлийн нөхцөл ямар байсан юм бэ?
-Би тус банкнаас гурван жилийн хугацаатай зээл авсан.  Нөгөө талаар манай үйлдвэрийг  батлан даасан ”Мэрси Кор”, “Хаан” банкинд   мөнгөө байршуулчихсан байсан. Гэтэл  зээл аваад долоон сар болж байхад л ийм явдал болсон. Би үхэр аваад удаагүй байна. Зээлийн төлөлтөө түр хойшлуулж өгөөч гэж тэдэнд хэлсэн. Миний алдаа бол албан бичиг өгөөгүй  гэдэг ганц л зүйл байгаа. Гэхдээ энэ чинь урт хугацааны, батлан даагчтай, батлан даагч нь нь тэдний дансанд мөнгөө байршуулчихсан зээл шүү дээ. Гэтэл банкныхан яг л хулгайч дээрэмчинтэй харьцаж байгаа юм шиг л бүдүүлэг загнасан.
-Тэр хурааж авсан үнээнүүдийг яасан бэ?
-Ихэнхийг нь л нядалсан юм шиг байгаа юм. Миний гучаад саяар худалдаж авсан үнээг зарж ердөө л арван хоёр сая төгрөг олж авсан гэж хэлээд батлан даагч “Мерси Кор”-ын байршуулсан мөнгөнөөс шууд 16 саяыг суутгаад авчихсан байсан. Ямар үнэтэй үнээнүүд байсныг “Хаан” банкинд тушаасан баримтнаас харж болно. Энэ баримт одоо ч тус банкинд байж л байгаа. Сүүний чиглэлийн өндөр ашигтай, үнэтэй үнээ байсан. 250-400 мянган төгрөгөөр авсан саалийн үнээг зуун мянган төгрөгөөр л зарсан гэж ярьдаг юм билээ. Миний бухыг гэхэд л 250 мянган төгрөгөөр зарчихсан. Худалдаж авсан ченж нь махлаад сая таван зуун мянган төгрөгний ашиг олсон байсан гээд чи бод доо.
-Та хуулийн байгууллагад хандсан уу?
-Яг үнэндээ бол би өөрөө яахаа ч мэдэхээ байчихаад байсан. Харин сайн найз нөхдийн буянаар сайн хуульчдаас зөвлөгө аваад миний буруу биш “Хаан” банкны буруу гэдгийг мэдээд шүүхийн байгууллагад хандсан юм. Гэтэл “Хаан” банк энэ хүнтэй манайх өр авлагагүй гэсэн тодорхойлолт явуулж анхан шатны шүүхээс “Өр авлага байхгүй хоёр байгууллагыг шүүгээд байх шаардлага байхгүй” гэсэн юм. “Хаан” банкныхан аргатай мөнгөтэй хүмүүс. Энэ асуудлаас нэр цэвэр гарах гэж хоёр
жил оролдож байна. Гэхдээ шүүхийн явцад тус банк буруутай байсан гэдэг нь тодорхой болоод байгаа.
- “Хаан” банк танд хэчнээн хэмжээний хохирол учруулаад байгаа юм бэ? Та тус банкнаас хэдэн саяыг нэхэмжилж байна?
- Би 76 сая төгрөг нэхэмжилж байгаа. Шүүхэд энэ хэргийг шалгуулахаар  өгсөнөөс хойш гурван жилийн нүүр үзэж байна. “Хаан” банкинд хамаг юмаа, дээрэмдүүлэх нь халаг алдсанаас хойш би асар их зовлон амссан. Асар хүнд үеийг туулсан. Сум орон нутгаар нэг намайг дампуурсан гээд зарлачихсан, хамтран ажилладаг байсан хүмүүсийнхээ өмнө ч хүнд байдалд орсон. Дээр нь татвар, ажилчдын цалин хөлс гээд баахан асуудал босч ирсэн.Энэ үйлдвэрийг явуулахын тулд би анх НҮБ-ын 200 мянган ам.долларын төслийг хэрэгжүүлж байсан юм. Ерэн долоон мянган доллараар нь энэ бяслагны үйлдвэрийг байгуулсан юм. Юм хийе гэсэн хүний амьдралаар муухай тоглолоо. Гэхдээ би өнөөдөр унаагүй л дээ. Миний амьдрал явж л байна. Үйлдвэр маань ажиллаж байгаа. Энэ жил гэхэд би ”Төвийн бүсийн шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн” гэсэн цом өргөмжлөлийг нь авлаа. Одоо бол миний үйлдвэр сэргээд  ирнэ гэж бодож байгаа. Гэхдээ би “Хаан” банкны буруугаас болж асар их цаг хугацаа алдсан. Би бяслаг хийгээд дэлхийн зах зээл дээр гаргаж, Монголын нэр хүндэд ч тустай л байсан. Би “Хаан” банкныханд итгээгүй, өөр банкинд итгэсэн бол Япон түншүүдтэйгээ харилцаад жилд 40-50 саяын цэвэр ашиг олоод үйлдвэрээ өргөжүүлээд байх боломж байсан. Өнөөдөр “Хаан” банкинд ямар хүмүүс ажиллаж байгаа юм. Тэд юу хийж бүтээсэн болоод “Чам шиг юмаар Монгол дутахгүй” гэж хэлж байгаа юм бэ гэдгийг өнөөдөр ч ойлгодоггүй.  “Хаан” банк яаж хөл дээрээ боссон түүхийг бид бүгд л мэднэ. Тэр банкыг хөл дээр нь босгох гэж хөдөөний  малчид төлгөө хүртэл барьж өгч байсан. Би хүртэл 1990-ээд оны эхээр 60 мянган төгрөг хандивлаж л байсан.Түүнийхээ хариуд ээж аавынхаа тэтгэврийг оочиргүй авдаг байсан байх. Ингэж хөл дээрээ боссон банк өнөөдөр захын нэг хөдөөнийхөө бизнесмэний хөдөлмөрийг үрж байгаад гайхаж байна. Өнөөдөр Монголын бүх сумдад салбартай банк хүнд яаж ийм бүдүүлэг увайгүй загнаж чадаж байна аа?
-Та “Хаан” банкны удирдлагуудтай нь уулзсан уу?
-Үгүй  дээ. Анх хамаг малыг минь хурааж авчихаад надтай уулзах хүн олдоогүй. Би Питер Морроу захиралтай уулзах гээд чадаагүй. Тухайн үед надад барьцаагүй зээл өгнө гэж амлаад байсан зээлийн хорооны Нил гэгч эмэгтэй хүртэл зугатаасан. Эцсийн эцэст надаар тоглоод л өнгөрсөн. Уг нь тэр Нил гэгч эмэгтэй л энэ зээлийг надад өгсөн хүн нь шүү дээ. Харин намайг “Хаан” банкыг шүүхэд өгсний дараа утасдаад ирж уулз гээд байсан. Өмгөөлөгч маань тус банкныхантай харилцах шаардлагагүй гэсэн болохоор би очоогүй.
-Та одоо дахиж  “Хаан” банктай хамтарч ажиллах уу?
-Үгүй. Хэзээ ч үгүй. Би өнөөдөр “Зоос” банктай хамтарч ажиллаж байна. Миний зээлсэн гучаад сая төгрөгний хүүг зогсооё, таныг бид дэмжинэ гэж тус банкныхан хэлж байна. “Хаан” банк танд итгэлтэй гэж өөрсдийгөө рекламддаг ч ямар ч итгэлгүй гэдгийг нь би биеэрээ мэдсэн. Намайг хамаг хөрөнгөө “Хаан” банкинд алдаж сэтгэл санаагаар уначихаад байхад хэдэн залуу ирж уулзсан юм. Тэд “Бид “Хаан” банкныханд чадуулж, Араб руу ус гаргах гэж байсан хамаг бизнесээ алдчихсан улс. Бид тэмцэж чадаагүй. Та эцсээ хүртэл тэмцээрэй” гэж захиж байсан. Ер нь ганц би ч биш “Хаан” банкинд хамаг юмаа алдсан улс цөөнгүй байдаг юм билээ. Би ганцхан зүйлд гайхдаг. Намайг “Хаан” банк зориуд дампууруулах оролдлого хийсэн.
-Яагаад та тэгж боддог юм бэ?
-Миний үйлдвэр ашигтай гэдгийг тус банкныхан мэдэж л байсан шүү дээ. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад л дампуурсан гэж зарласан. Хамаг үнээ малыг минь нядалсан. Намайг сэтгэл санаагаар унаж суухад олон хүн над руу залгасан. Үйлдвэрээ зарчих гэж. Тэр ч бүү хэл 100 гаруй саяын үнэтэй үйлдвэрийг маань 10 саяар авья гэж ярьдаг хүмүүс олон байсан. Тэр хүмүүсийг би “Хаан” банкныхантай холбоотой байсан байж магадгүй гэж боддог юм.

Yahuu.mn


URL:

Сэтгэгдэл бичих