Сонин устах уу?

Онцгой зүйл тохиолдмогц энэ тухай сонин хэвлэл дээр гаран, сонин борлуулагч хүүхдүүд энэ тухай хоолой мэдэн чангаар зарлан тунхаглаж гудамжаар гүйлдэн сонингоо борлуулж, хүмүүс уг сонинг булаалдан авч уншиж буй дүр зураг холливуудын хуучин кинонуудаас харагддаг байлаа. Сүүлийн үеийн кинонуудад бол телевизийн сувгаар мэдээлэл цацагдаж, цагдаа сэтгүүлч хоёр зэрэгцэн мөрдөцгөөж эхэлж буй тухай гардаг боллоо.

Харин одоо бол Японы Цунами, Египт, Ливийн босогчдын тухай мэдээллийг интернет сайтууд цаг минутаар нь дамжуулан харуулж байна. Ажил сургууль тараад орой гэртээ цугларахдаа л ам бүлийнхэн бараг бүгдээрээ Японы газар хөдлөлтийн тухай ярилцацгааж, санал бодлоо солилцоцгоож байсан. Сонин уншаагүй нь ойлгомжтой, ганц нэг нь телевизийн мэдээ харж эсвэл бусдаас дам сонссон байх харин ихэнх нь бол нэтээс л мэдээлэл олж авсан нь лав юм даг. Чухал мэдээг сониноос олж уншина гэдэг өнөө үед бараг боломжгүй, үнэндээ сонины мэдээ хуучирчихсан байдаг боллоо.
2011 оны 3-р сарын 11-ний Баасан гарагт Японд газар хөдөлж, атомын цахилгаан станц автоматаар унтарсан боловч тэнд цахилгаан тасалдсанаас осол гарч бөөн шуугиан тарьж байхад зөвхөн сонин хэвлэлээ л хүлээдэг хүн бол энэ тухай даваа гарагт л олж мэдэх байсан билээ. Гэтэл энэ хэдэн өдөр маш олон үйл явдал болж өнгөрсөн байдаг.
Харин телевиз, радио болон онлайн сайтуудаар бол зөвхөн мэдээлэх төдий бус задлан шинжилгээ хийсэн, тайлбар мэдээллүүд урсаж байв. Сонин, сэтгүүл мэдээллээс ямар их хоцорч явдгийг энэ бүхэн бидэнд ёстой сайн харуулж өглөө дөө. Мэдээ түргэн шуурхай хүргэх талаар сонин нь радио, телевиз болон онлайн хэвлэлүүдтэй өрсөлдөж чадахгүй болжээ. Харин дүн шинжилгээ хийсэн нухацтай материалуудаар бол сонин хүмүүсийн сонирхлыг татаж чадна, хүмүүс ч энэ таалаар сонинд итгэсэн хэвээр байгаа. Ер нь сонинд сэтгүүлийн үүрэг л ноогдоод эхлэв бололтой. Магадгүй яваандаа улаан номын амьтан гэх шиг л хувь заяа хүлээж байх шиг.
Цай уух зуур мэтийн нэртэй сонины өнцөг буланд шоовдорхон байдаг байсан мэдээний төрөл одоо харин өдөр тутмын сонинуудын чамгүй талбайг эзлэн гарах боллоо. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн ач холбогдолтой мэдээллүүд юм. Ерөнхийдөө сэтгүүл тал уруугаа яваад байна л даа. Онлайн хэвлэл цаасаар хэвлэгддэг хэвлэлүүдийг шахан зайлуулж орыг нь эзлэх болно хэмээн бичицгээх болж, дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон магнат, тэрбумтан Мэрдох 15-20 жилийн дараа гэж байсан нь ердөө гуравхан жилийн өмнөх хэрэг.
Онлайн хэвлэлүүдийн гол асуудал бол санхүүжилтэндээ байгаа. Дэлхийн нэртэй том сонинууд онлайн хувилбартай болчихсон, Нью Йорк таймс сонин онлайн хувилбараа төлбөртэй болгосон. Ер нь энэ чиглэл уруу л явах байх. Онлайн мэдээлэл сонингоор зогсохгүй телевизийн байр суурийг ч ганхуулж эхэлсэн байна.
Гар утсаа, нөүтбүүкээ бариад гал тогооны өрөөнд, угаалгын өрөөнд бүр автобусанд явахдаа ер хаа ч явсан мэдээллээ уншиж, харж байх болохоор аргагүй биз. Ялангуяа залуу үе телевиз гэхээсээ интернэтээс илүү их мэдээлэл авч байгаа, тэгэхлээр ирээдүй хаашаа чиглэж байгаа нь ойлгомжтой асуудал болж байна. Манай энэ олон телевиз нэг магадгүй хоёр сонгуулийн хугацаа дуусгаад л түрүүчээсээ хаалгаа барьж эхлэх биз.
Сонгогчид нь онлайн хэвлэл мэдээлэл уруу хушуураад байхаар улс төрчид ч бас л ийшээ хандахаас өөр аргагүй болно, тэгээд ч телевизтэй харьцуулахад зардал чирэгдэл багатай. Бас уншигч өөрөө ч мэдээлэл бичиж болно, таниас сэтгүүлчийн ур чадвар, үнэмлэх бичиг шаардахгүй. Бүгдээрээ редакцийн өрөөнд шавааралдан суугаад байх ч шаардлага байхгүй. Хаа явсан газраасаа бичээд л хэдэн товч дараад л болчихоно тэр.
Бас нэг давуу тал бол амьд холбоо. Үзэл бодлоо уншигч чөлөөтэй илэрхийлж болно. Юун цаасны чанар, хэвлэж, тараах бөөн ажил зүгээр л нийтлээд л уншицгаа, сонирхоцгоо гүйцээ.
Эх сурвалж http://tsagtur.mn

URL:

Сэтгэгдэл бичих