“Шүнди”-гийн зарим байрыг зарах шийдвэр гарч, оршин суугчдыг нь хөөжээ

Манай улсад барилгын үйл ажиллагаа эрхлэн, улмаар оршин суугчдыг хохироож буй “Шүнди” хэмээх компанийн талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тодруулбал, Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт “Kёкүшю Tower”-ийн баруун талд орших үйлчилгээний газар бүхий 66 айлын 12 давхар 39 дүгээр орон сууцтай холбоотой маргааныг уншигч та санаж буй биз ээ. Энэхүү орон сууцыг өнгөрсөн жил шүүхийн шийдвэрээр оршин суугчидтай нь хамт битүүмжилж байсан. Харин одоо өмчлөгчийн гэрчилгээгээ аваагүй айлуудыг хөөж эхэлжээ. Энэхүү үйлдэл нь Хятад Улсын Тянь Жин хотод үйл ажиллагаа явуулдаг “Да Ган” корпорацийн хөрөнгө оруулсан 27.1 сая юань, мөн түүний хүүнд тооцогдох мөнгийг төлж хохирол барагдуулах зорилготой гэнэ. Эл байдлыг оршин суугчид “Ли Шан Богийн явуулга. Тэр хүн шүүхийнхийг хахуульдсан болохоор л ийм шийдвэр гарч байгаа юм” хэмээн буруушааж байна. Гэвч шүүхийн шийдвэр бол эцсийн шийд байдаг хойно оршин суугчид учраа олохгүй тэвдэж байгаа аж. Уг нь оршин суугчид зарын дагуу “Шүнди” компанитай гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгөө төлөөд зогсохгүй нэмэлт хөрөнгийг хувиасаа гарган засч тохижуулаад байрандаа орцгоосон гэнэ. Харин одоо оршин суугчдын олонхи нь мөнгөө 100 хувь төлсөн ч 13 айлаас бусад нь өмчлөгчийн гэрчилгээгээ авч чадахгүй байгаа юм.

     Энэ орон сууцад нийт 66 айл оршин суудгаас 32 нь худалдан авсан, үлдсэн нь түрээсээр амьдардаг юм байна. Гэхдээ энэ түрээс гэгдээд буй гэрээ нь тэдний хоорондын маргаан дуусч, шүүхийн шийдвэр гарсны дараа Ли Шан Бо нар хураагдсан тамга тэмдгээ авангуутаа оршин суугчидтай худалдан авах гэрээ болгон өөрчлөхөөр тохиролцсоны үндсэн дээр хийгдсэн гэх. Тодруулбал, Ли Шан Богийн хамтран амьдрагч, “Шүнди” компанийн дэд захирал Б.Баясгалан “Түрээсийн гэрээгээр урьдчилгаа мөнгөө өгчих. Дараа нь гэрээгээ жинхлэхдээ байрны үндсэн үнээс хасчихъя” гээд гарын үсгээр баталгаажуулсан гэрээ юм. Мөнгийг нь хураасан баримт хүртэл оршин суугчдад байдаг аж. Гэтэл шүүхийн шийдвэр иргэдийн хүссэнээр гарсангүй. Өнөөдрийн байдлаар 30 гаруй айлд “Мөнгөө бүрэн төл. Үгүй бол гар” гэж хөөгөөд зогсохгүй байрыг дуудлага худалдаанд оруулах тухай ч мэдэгдэж, үүдэнд нь энэ тухай сануулга наажээ.



 Ли Шан Бо луйвар хийсэн тухай Ли Жя Зинээс захидал иржээ 
    Ли Шан Бо манай улсын шүүх болон газрын албаны эрх мэдэл бүхий хүмүүсийг өөрийнхөө талд оруулсан гэх мэдээ бий. Хятад иргэд өөр хоорондоо хөлөө жийлцэж, хятадуудыг айлгадаг өвөр монгол залуугаар Ли Жя Зинг дарамтлуулж байгаад Ван С э н Туны эсрэг мэдүүлэг өгүүлсэн тухай баримт ч байгаа юм. Хамгийн ноцтой нь Ли Жя Зин “Намайг хүн залил гээд байна. Би энэ хэрэгт оролцохгүй” гэж хэлээд гэнэт нутаг буцсан байна. Харин очоод Ван Сэн Тунд “Хүний газар намайг сүрдүүлж байгаад чиний эсрэг мэдүүлэг өгүүлсэн шүү” гэсэн захидлыг нотариатаар баталгаажуулан илгээжээ. Энэ үеэр Ли Шан Бо, Баатар, Соёлт нар Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаа зарлан хуралдуулахдаа Ли Жя Зин Монголд байгаа, харин Ван Сэн Тун нутаг буцсан хэмээн худал мэдэгдэж, дөрвөн хүний гарын үсэгтэй бичгийг хуулийнханд өгч Ли Шан Бог ерөнхий захирал гэсэн шийдвэр гаргуулчихсан байсан аж. Эл шийдвэрийг эсэргүүцсэн Ван Сэн Тун шүүхэд гомдол гаргасан ч өнөөг хүртэл зөв шийдэгдэхгүй байгаа талаар түүний өмгөөлөгч Ц.Алтанцол хэлсэн юм. Ийнхүү оршин суугчид эх орондоо амьдарч байгаа атлаа хоёр хятад иргэний маргааны золиос болон эд хөрөнгөөрөө хохирч үлдэх нь ээ.
М.НАРАНБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих