М.Энхболдыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхийг дэмжив
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Уг хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх байсан ч Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэ хуулийн талаар нухацтай ярьж, эргэн харах зүйл байгаа гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд хэлсэн. Тэрээр бусад бүлэг, эвслийн хувьд ч энэ тал дээр санал солилцсон гэдгээ дурдаж, МАН-ын бүлгийн тухайд УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой уг асуудалд ярьж, хэлэлцэх зүйл байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Ингээд эхний хэлэлцэх ёстой байсан асуудал хойшлогдсон.
Дараагийн асуудал болох УИХ-ын дэд даргыг сонгох тухайд мөн л МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд нэр дэвшүүлж буй хүнээ танилцуулсан. Хуулийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Миеэгомбын Энхболдыг нэр дэвшүүлж байгаа тухайгаа сонсгон, танилцуулгыг хийсэн юм.
Харин нэр дэвшигчийн талаар асуулт хариулт өрнөх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “энэ хариуцлагатай албан тушаалд МАН-ын бүлгийн зүгээс өөр нэр дэвшигч оруулж ирэх чадамжгүй байгааг…” шүүмжилж, дэмжих боломжгүй” гэдгээ илэрхийлж байсан.
Н.Энхболд гишүүний хариултын дараа Ж.Батзандан гишүүн мөн Хүүхдийн паркийн газрын асуудлаар жишээлж, асуулт асууж байсан. Энэ үеэр УИХ-ын дэд даргад нэр дэвшигч М.Энхболд хариулахдаа, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа ч, одоо ч хууль журмын дагуу л асуудлыг тавьж, хэрэгжүүлэн ажиллаж ирсэн гэдгээ дурдсаны зэрэгцээ Хүүхдийн паркийн асуудалтай холбоо бүхий зохих тайлбарыг хийсэн.
Ингээд санал хэлэх болоход УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, намын бүлгийн зүгээс нэр дэвшүүлэн оруулж ирж буй тухайн нэр дэвшигчид хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны хэрэг гэдгийг дурдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа нэр дэвшигчийн хувьд УИХ-ын дэд даргын албыг бүрэн хаших боломжтой хэмээн УИХ дахь МАН-ын бүлэг үзсэн тул Миеэгомбын Энхболдыг нэр дэвшүүлсэн хэмээн байр суууриа илэрхийллээ.
Санал хураалтаар гишүүдийн олонхи нь М.Энхболдыг дэмжсэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулахаар болов.
Н.Тунгалаг
URL: