Хүүхэд барьцаалсан сэжигтэн 75 сая төгрөгийн өрөнд орсон бололтой
-ТЭРБЭЭР “ТВ12” ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРАЛ ГЭНЭ-
Бага насны хүүхдүүд гэмт халдлагад өртөх нь ихэслээ. Дэлхийн улс орнуудад ч төдийгүй монголд хүүхдийн эрх зөрчигдөж, хүн дүрст араатнуудын “зугаа” болж байна. Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт хүүхэд барьцаалж мөнгө нэхэмжилсэн хэрэг гарч олныг цочирдууллаа. Үүнээс болж олон эцэг, эхчүүд айдаст автав. Хэргийн мөрөөр цагдаагийнхан шуурхай ажиллаж сэжигтнийг саатуулсан байна.
Уг хэргийн дагуу манай орон нутаг дахь эх сурвалжууд зарим нэг мэдээллийг өгсөн юм. Хүүхэд барьцаалсан сэжигтэн нь 29 настай Г.Энх-Од гэдэг аж. Тэрбээр тус аймгийн “ТВ12” телевизийн захирал гэнэ. Түүнийг цагдаа нар энэ сарын 20-ны өдөр баривчилжээ. Г.Энх-Од нь Б.Жанцан гэх найман настай хүүг барьцаалсан байна. Хүүгийн эцэг, эхээс 100 сая төгрөг нэхсэн аж.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар сэжигтэн Г.Энх-Од нь 75 сая төгрөгийн өрөнд орж улмаар хамаатны хүүхэд болох Б.Жанцанг барьцаалсан гэх. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Сэжигтэн нь хүүгийн ээж Б.Отгонтой садан төрөл аж. Тэрбээр эхнэр , хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Түүнд цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.
Эрүүгийн хуулийн 112.1-д заасан, иргэд аж ахуйн нэгжээс мөнгө, бусад эд хөрөнгийг гаргуулах буюу гүйцэтгүүлэх, эсвэл гүйцэтгүүлэх болзол тавьж, хүнийг барьцаалсан бол таван жил хүртлэх хугацаагаар яллана гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүний хэрэгт шунахайн сэдэлтээр гэсэн заалт ч нэмэгдэж магадгүйг албаныхан “онцлов”.
Сэжигтэн гэгдэж буй залуугийн талаар нутгийн иргэд ярихдаа “Тийм хэрэг хийхээргүй залуу. Их сэргэлэн хүн” хэмээн ярьсан юм. Мөн түүнийг мөрийтэй тоглоом тоглож байгаад өрөнд орсон гэх яриа ч “дэгдэв”. Харин барьцаалагдсан хүүгийн аавыг П.Батсүх гэдэг аж. Тэрбээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын газарт мэргэжилтэн хийдэг гэнэ.
Эхнэр Б.Отгон нь IX сургуулийн хөдөлмөрийн багш юм байна. Тус гэр бүлийг боломжийн амьдралтайг сэжигтэн мэддэг учир эл хэргийг өдүүлсэн байж болзошгүйг нутгийн оршин суугчид хэлж байв. Тус аймагт байрлах мебель тавилгын дэлгүүрийг П.Батсүхийн гэр бүлийнхэн ажиллуулдаг аж. Иргэд “Батсүхийн дэлгүүр” гэдгээр нь андахгүй мэддэг гэнэ. Эл дэлгүүрийг П.Батсүхийн аав, ээж нь 1990 оны үеэр хувьчилж авснаар ийнхүү тэдний гэр бүлийн эзэмшлийнх болсон гэх яриа ч байна.
Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: