Д.Арвин 60 насандаа ухаарч, 61-тэйдээ үхнэ гэдгийн үлгэр болов
Монгол Ардын Намаас дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдож байгаа Д.Арвин дахин санал хураалтаар УИХ-ын гишүүн болонгуутаа нэр алдарт хүргэсэн намынхаа хаалгыг савж, олонхийн бүлгийг бүрдүүлж байгаа Ардчилсан намын гишүүний батлахыг гардлаа. Өөрөөр хэлбэл, ялагдсан намаас гарч, ялсан намын хатавч бараадсан хэрэг. Чухам юугаа горьдож, Ардчилсан намын хаяа хатавч бараадсныг мэдэх юм алга.
Хэвлэлээр мэдээлснээр бол Ардчилсан нам түүнд сайдын суудал амласан юм байх. Сайдын суудал амласан ч бай ийм тэнэг үйлдэл хийж, улстөрийнхөө замыг дуусгана гэж байх уу гэж хэн ч халаглах байх. Учир нь Ардчилсан намынхан албан тушаал горьдсон өөрсдийнхөө урт дарааллыг яая гэж байна. Эхний дараалалд багтаагүй хүмүүсийн уур уцаар дээд цэгтээ тулж, хэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн байхад яалаа гэж Д.Арвинд сайдын суудал өгөх юм бэ. Магадгүй, цаадхи нь “Шударга ёс” эвсэл хэзээ нэгэн цагт Засгийн газраас гарч, таван сайдын суудал гарна. Тэгэхээр нь сайд болно гэж бодсон юм байх даа. “Шударга ёс” эвслийн хувьд хэзээ ч олдохгүй ганцхан боломжоо ашиглаж байна. Д.Арвинд хаанаас сайдын суудал гарах вэ. Ийм улстөрийн нөхцөл дунд байгаагаа дутуугаас дутуу мэдэрч байна даа гэж хэлэх байна. “Шударга ёс”-чуудын хувьд буян амлаж, бурхан бүтээсэн ч энэ боломжоо хаяад Н.Алтанхуягийнх гэдэг айлын хаалгыг савахгүй болов уу л гэж бодох юм. Гэхдээ Дондогдулам хатны сүнсийг дуудаад “буу халчихдаг” хүн ойрын ирээдүйгээ сайдын суудлаар төсөөлчихсөн байхыг үгүйсгэхгүй. Эсвэл Ану ч юм уу, Мандуухай хатны сүнсийг дуудаад “Би намаа сольчих юм бол сайд болох болов уу” гээд асуучихсан ч байж болно шүү дээ. Түүнийг нэгэнтээ Б.Лхагвасүрэн найрагч МҮОНТ-ээр “Д.Арвингийн ярьж байгаа шиг юмыг айлын чавганц ч ярина” хэмээж байсан нь тийм ч хоосон үг биш байжээ.
Ардчилсан намын хувьд Д.Арвинг улс оронд бүү хэл намд хэрэгтэй хүн гээд батлахаа өгчихсөн хэрэг биш гэдгийг эрүүл ухаантай хэн ч ойлгож байгаа биз. Ардчилсан намын гишүүдийнхээ тоог 39-д хүргэх гэсэн улайрал нь, олонхийн бүлгийн дангаараа засаглах гэсэн улайрал нь ёстой л хөгшин хөвөө, сохор доголон хэнийг ч хамаагүй намдаа авч байгаа энэ үед түүнийг аз биш, эз дайрсан хэрэг.
Тэдний хувьд “АПУ”-ийн Г.Батхүүг хууль бусаар тангараг өргүүлэх, Д.Арвины гомдол дээр дөрөөлөх зэргээр өнөөдөр УИХ-д 33 суудалтай боллоо. Ийм тохироо бүрдсэн цагт Ардчилсан намд орж ирсэн Д.Арвин хэвлэл мэдээллээр сүрхий сүрхий ярилцлага өгчээ. Урьд өмнө шинэчлэл хийж, ард иргэдийнхээ төлөө ажиллах гэхээр Монгол Ардын Нам хөөрхий амьтныг хавчиж хяхаад юу ч хийлгээгүй юм байх. Зайлуул тэгээд хавчаад байхаар нь ард түмэн улс орныхоо төлөө их зүйл хийхээр намаа сольж байгаа юм гэнэ дээ. Тийм ч учраас Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг сүрхий шинэчлэгч, ажил хэрэгч гишүүндээ батлах гардуулахдаа “иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүлье, шинэчилж өөрчилье, монгол орноо улам хурдтай хамтарч хөгжүүлье гэж сонголтоо хийсэн Д.Арвин гишүүнд баяр хүргэе” гэж хэлжээ. Их хаад эзнээсээ урваад ирсэн хүнийг алсдаа толгой цусдана гээд хөнөөчихдөг тухай түүхэнд зөндөө бий. Тиймдээ ч туурга тусгаар улсын гал голомт мянга мянганаар бадарч байгаа биз дээ. Зөвхөн Д.Арвин ч биш урваж шарвасан энэ улстөрчдөөс болж, мянганаар бадамлаж байгаа гал бөхчих вий гэж санаа зовниж суугаа олон хүн байгааг нуух юун. Өнөөдөр намаасаа урваж байгаа хүн шууд бус утгаараа маргааш эх орноосоо урвасан шийдвэр гаргахыг ч үгүйсгэх аргагүй. Хамгийн ойрын жишээ авахад л манай эрх баригчид уул уурхайн салбарт эх орон, ард түмнээсээ урвасан шийдвэр олныг гаргасан шүү дээ. Эдгээр урваач шарваачдын эгнээнд Д.Арвин гэх хүн нэмэгдэж байна. Тэр тэгтлээ шийдвэр гаргах түвшинд сэтгэж бодож чадахгүй ч тэдний эгнээг нэгээр нэмж байгаад л харамсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, гар өргөх нэг утсан хүүхэлдэй нэмэгдэж байна гэсэн үг.
Харин Д.Арвин яагаад Ардчилсан намд элсэж байгаагаа тайлбарлахдаа “Агаарын болоод хөрсний бохирдол их байгаагаас иргэд маань хүнд нөхцөлд амьдарч байна. Нийгэмд шинэчилж шийдэх асуудал маш олон байна. Эдгээрт миний сэтгэл олон жил зовниж ирсэн. Өмнөх жилүүдэд олон асуудлыг шийдвэрлэе гэж Монгол ардын нам болоод УИХ дахь намын бүлгийн гишүүддээ санал тавьж байсан боловч хүлээж аваагүй” гэж халаглаж байна лээ, хөөрхий. Монгол Улсын парламентад дөрвөн удаа сонгогдохдоо өнөөдөр л нийслэлийн хөрсний болон агаарын бохирдол их байгааг мэдэж гэнэ дээ. Тэрбээр би Ардчилсан намд элсэнэ гэдгээ дахин санал хураалтын өмнө төлөвлөчихсөн байсан хэмээн сэтгүүлчийн асуултад хариулжээ. Тэр Б.Лхагвасүрэн найрагчийн хэлсэн шиг ийм л “зөнөсөн чавганц” юм. Ардын намын гишүүдийн итгэл сэтгэлээр санал цуглуулж, гишүүн болчихоод ийн хэлж байгаа хүнийг зөнөг гэхэд ч багдах байх. Одоо тэгээд тэр хэний төлөө яаж ажиллах гэж байгаа юм бол хэмээн гайхахын сацуу цахим дээр бас л түүний ярилцлага гарчээ. Түүнд өгүүлэхдээ бодсон санасан ч зүйлгүй, шууд л би баянзүрхчүүдийн төлөө, энэ дүүргийн Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн төлөө ажиллана гэсэн байв. Одоо тэгээд Д.Арвины уран сайхан үгэнд хууртсан олон мянган дэмжигчид нь яах болж байна вэ. Д.Арвины хувьд ёстой л 60 насандаа ухаарч, 61-тэй үхнэ гэдэг болж байна даа.
С.Ууганбаяр
URL: