Шаардлагатай үед хэрэглэх нисдэг тэрэг бэлджээ

Эрүүл мэндийн дэд сайд болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс энэ сарын 18-ны өдөр телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай интернэтээр холбогдож аймгуудын өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл авчээ.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа аймгуудын өвөлжилт, цаг үеийн байдлаар мэдээлэл солилцож, хүндрэлтэй байгаа асуудлуудаа уламжлахыг хүссэн байна. Аймгуудын ЭМГ-ын дарга нар орон нутагт цас ихтэй, автомашин болон автомашины сэлбэг, дугуй муудсан, мөн шатахууны хангамж, түргэний эмч жолооч нарыг дулаан хувцсаар хангах зэрэг тулгарч буй бэрхшээлүүдээ хэлэхийн зэрэгцээ төсвийг танаснаас болж гарч буй өрийг барагдуулж өгөхийг хүссэн аж.
Үүний дараа Эрүүл мэндийн дэд сайд энэ сарын 14-ний өдөр онцгой байдлын комиссын хуралдааны үеэр эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар авч хэлэлцсэн асуудлуудын талаар дараах мэдээллийг хийсэн байна. Тухайлбал, байгалийн давтагдашгүй хүчин зүйлд өртсөн газар, отор нүүдлээр болон малаа эрж, хайж олон өдөр сараар явах үед архаг суурь өвчин сэдрэх, түүнчлэн төв суурин газартай харилцаа холбоо тасарч эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалдах эрсдлээс хамгаалах шаардлагатай байна хэмээв.
Тиймээс дөрвөн нисдэг тэрэг бэлтгэсний хоёр нь Улаанбаатар хотод, хоёр нь Налайх дүүрэгт байгааг дуулгасан байна. Түүнчлэн отроор өвөлжиж, хаваржиж буй малчдад яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, эм тариа, тээврийн хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, шаардлагатай байгаа сэлбэг хэрэгсэл, эм тариа, шатахууны мөнгөн дүнг гарган ЭМЯ-д ирүүлэхийг даалгав.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа Сайдын албан даалгаврын хүрээнд хийгдээгүй, хийгдэх боломжгүй ажлуудаа хэлэхийг хүсэхэд Сүхбаатар аймгаас байрлал тодорхойлогч GPS-ээр хангахыг, Дундговь аймгаас эмч нарын амь даатгалын талаар анхаарахыг хүсчээ.
Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих