ГVТГЭХ ДОРОМЖЛОХ VS СЭТГVVЛЧИЙГ ЦАГААТГАХ
Эрvvгийн хуулийн гvтгэлэг, доромжлолтой холбоотой 110, 111 дvгээр заалтаар сэтгvvлчдийг шvvхээр яллаж, шийтгэх болоод багагvй хугацаа өнгөрсөн. Хамгийн сvvлийн жишээ, “Зууны мэдээ” сонины сэтгvvлч Д.Боломаа “Мон-Уран”-ы Б.Наранхvv өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгагдаж эхэллээ” гэсэн нийтлэл бичсэнийхээ төлөө өдгөө эрvvгийн хэрэг vvсгvvлж, хууль шvvхийн байгууллагаар шалгуулсан. Шvvх өнгөрсөн есдvгээр сарын 19-ний өдөр сэтгvvлч Д.Болормааг Б.Наранхvvгийн нэр төрд халдсан хэмээн vзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдvvлсэн буюу 8 сая 564 мянга 400 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан билээ. Энэ хэргээс сэдэвлэсэн “Том ах” хэмээн тавилттай уншлага буюу жvжгээр сэтгvvлчдийг хэрхэн шvvхээр яллаж буйг vзvvлсэн юм. Яагаад хөндөх болсон нь учиртай. Олон жилийн турш ярьж, бичсэн мөртлөө, удаан хугацааны турш дуншсаар ирсэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл парламентын хэлэлцvvлэгт орж ирэхэд бэлэн болжээ.
Хэдийгээр Vндсэн хуулиар vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нээлттэй ч vvний нөгөө vзvvрт Эрvvгийн хуулиар хазаарлаж, баримт дэлгэж мэдээлэл өгсөн сэтгvvлчид шvvхээс ял сонссоор. Шvvхийн судалгаанд “гvтгэх”, “доромжлох” заалтаар 16 хэрэгт сэтгvvлчид шийтгvvлжээ. Энэ л заалтаар хэрэг нь мөрдөн байцаалтад буцсан хаагдсан гээд тоолбол олон жишээ бий. Нэхэмжлэгч талын 80-аас дээш хувь нь төрийн өндөр албан тушаалтан байдаг. Хэрэв гvтгэсэн гэж vзвэл тухайн нэхэмжлэгч vvнийгээ заавал нотлох ёстойг “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргvvн Х.Наранжаргал хэлсэн. Сэтгvvлчийг Эрvvгийн хуулиар шийтгэх болсноос vvдэж өөртөө цензур тавих, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан шvvхэд өгнө гэж сvрдvvлэх тохиолдол тvгээмэл болсныг ч судалгаа харуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачилж, парламентаар хэлэлцvvлэх гэж байгаа энэ чухал vед “Гvтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн vv” эсвэл биш байх ёстой юу гэдгээр санал бодлоо хуваалцсан юм.
Сэтгvvлчдийг айлган сvрдvvлдэг, заналхийлдэг нэг хэлбэр
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн М.Батчимэг “Ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаад дууслаа. Ирэх долоо хоногийн Төрийн байгуулалт, Хууль зvйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх байх. Ер нь 20 гаруй жил ярьж, хvсч буй зvйлээ, ардчиллаа баталгаажуулахад энэ хуулийн төсөл чухал. Доромжлох гэдэг зvйл ангиар ял хvлээлгэх нь хэтэрхий бvдvvлэг. Гvтгэсэн, доромжилсон гэж vзэж байгаа бол Иргэний хуулиар авч vзэх ёстой.
Мэдээж, vvнийг дагаад хариуцлага, сэтгvvлчдийн ёс зvй яригдана. Vvнийг шийдэх оновчтой арга бол сэтгvvлчтэй бус редакцтай нь хариуцлага тооцдог байх нь илvv зөв шийдэл. Ажлын хэсгийн гишvvд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа” гэлээ.
Хууль зvйн яам Эрvvгийн хуульд өөрчлөлт оруулахаар найман багц хуулийн төсөл боловсруулж байгаа гэнэ. Олон жилийн турш сэтгvvлчдийг айлган сvрдvvлж ирсэн “гvтгэх”, “доромжлох” гэдэг заалтыг Эрvvгийн хуулиас vгvй хийх, эс бөгөөс өөрчилж, торгууль хэлбэртэй болгох талаар саналдаа оруулж байгааг хэлэв.
Сэтгvvлчдийн эрхийг хамгаалах vйл ажиллагаа явуулдаг цор ганц байгууллага гэж болох “Глоб интернэшнл” ТББ-ынхан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд өгөх саналаа танилцуулсан. Ямар байр суурьтай байгаагаа “Глоб интернэшнл” байгууллагын тэргvvн Х.Наранжаргал “Иргэн бvрт нэр хvндтэй байх эрх нь бий.
Гэхдээ нэр хvндтэй байх эрхийг хувийн ашиг сонирхол гэж vзэхэд vvнийг нь vзэл бодлоо илэрхийлэх эрхтэй тэнцвэржvvлж vзэх байх. Гvтгэлэг бол худлаа мэдээлэл гэдгийг шvvхийн практикт төдийлэн нотолдоггvй. Доромжлох гэдэг нь хэл шинжээчдийн ажил болж хувирдаг. Доромжлох, гvтгэх шинж чанартай байна гэвэл мөрдөн байцаах ёстой эрvvгийн хэрэг биш болчихож байгаа. Засгийн газар, эрх мэдэлтнvvдийг шvvмжлэхээр сэтгvvлчдийн эсрэг зарга мэдvvлж хэрэг vvсгэх нь энгийн иргэдийнхээс илvv байдаг. Энэ нь vзэл бодлоо илэрхийлэх, олон нийтийг vнэн мэдээлэлтэй байх эрхийг мэдрvvлж байдаг сэтгvvлчдэд айдас төрvvлдэг. Шоронд суулгана шvv гэдэг нь сэтгvvлчдийг айлган сvрдvvлдэг, заналхийлдэг нэг хэлбэр болдог.
Тэгэхээр энэ нь сэтгvvлчдийг vргэлж дарамтад байлгах зvйл заалт болоод хувирчихаж байгаа юм. Олон нийтийн мэдээлэлтэй байх, тухайн хvний нэр хvндтэйгээ байх хувийн эрх ашиг хоёрыг тэнцвэржvvлж байж аль нь илvvг гаргаж ирдэг. Нийтийн эрх ашиг чухал юм гэдгийг ойлгуулах ёстой. Хариуцлагыг Эрvvгийн хуулиас Иргэний хууль руу шилжvvлээч гэж байгаа юм. Нэр хvндээ хамгаалахын тулд Иргэний хуулиар шийдvvлж, ташаа мэдээлэл байсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлох хэрэгтэй. Өнөөдөр сэтгvvлчид нотлох vvрэг гvйцэтгээд байгаа. Сэтгvvлчид vнэн мэдээлэл гэдгээ нотлох хэцvv байдаг. Яагаад гэвэл мөрдөх, мөшгих эрхгvй. Мөрдөн байцаагчдын эрх сэтгvvлчдийнхээс хамаагvй илvv. Сэтгvvлчид асуудлыг гаргаж тавьдаг, олон нийтийн анхаарлыг татдаг. Гэхдээ өөрсдийн давуу эрхээ урвуулж ашиглах эрх сэтгvvлчдэд байхгvй” гэж тайлбарлалаа.
Том хvрээг хамарсан асуудал гаргаж тавихад хууль, шvvхийнхэн жижиг зvйлд л анхаардаг
Харин энэ удаагийн парламентад сэтгvvлчдийн эгнээнээс төрийн тvшээ болсон УИХ-ын гишvvн Г.Уянга саналаа өөрийн жишээн дээр тайлбарлан хvргэв. Тэрээр “Сэтгvvлч Дашрэнцэн “Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нийтлэл бичсэнийхээ төлөө шvvгдэж буруудан 300 сая төгрөгийн төлбөрт унаж байсан.
Гэтэл тухайн нийтлэлд дурдаж байсан хvн хэдэн жилийн дараа шvvхээр ял сонсч, тvvнийгээ эдэлсэн. Цаг хугацаа сэтгvvлчийн мэдээллийг vнэн байсныг нотолсон. Нэгэн цагт намайг яллаж байсан шvvх өнөөдөр Н.Энхбаярыг ялаллаа. Тийм болохоор би шvvхээр ял сонсч байсан учраас нэрээ цэвэрлэж, цагаадмаар байна. Ийм нөхцөл байдалд зөв системээр явдаг болмоор байна. Сая vзvvлсэн жvжигт гардаг шиг бvх хэргийн ард байгаа “том ах” нарын хэргийг сэтгvvлчид гаргаж тавьдаг. Том хvрээг хамарсан асуудал гаргаж тавьж байхад хууль, шvvхийнхэн жижиг зvйлд анхаардаг. Сэтгvvлчийн гаргаж тавьсан асуудлыг нь хуулийнхан шалгадаг байх ёстой. Тагнуул, хуулийн байгууллагынхан хэргийн тухай мэдээллийнхээ 90 хувийг хэвлэл мэдээллээс авдаг. Тэгэхээр vнэнийг хамгаалахын тулд баримтыг хамгаалдаг баймаар байна. Хуулиас илvv баримт сэтгvvлч бидний хамгаалалт болж байдаг. 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль тунхагийн чанартай л болсон. Нэг талд сэтгvvлчийн эрх чөлөө байхад нөгөө талд хариуцлага бий. Нэг талд хэвлэлийн эрх чөлөө байхад нөгөө талд нь Vндэсний эрх ашиг, аюулгvй байдал байх ёстой. Гадаадын улс орноос туршлага судлалгvй л яахав. Гэхдээ монголчуудын онцлог гэж бий. Тvvнд зохицсон өөрчлөлт оруулах нь чухал” хэмээсэн юм.
МУИС-ийн Хууль зvйн сургуулийн Эрvvгийн эрх зvйн тэнхимийн багш н.Эрдэнэбулган “Эрvvгийн хуулиас гvтгэх, доромжлохыг хасах уу, болих уу гэдгийг зоригтой шийдэж өөрчлөх цаг нь болсон. Ер нь гэмт хэргийн ангилал, зvйлчлэл гэж байхгvй болгож зөрчил байдлаар тооцдог болгож байгаа. Зөвхөн сэтгvvлчдийг гэж авч vзвэл эрх тэгш vйлчлэх ёстой хуулийн зарчим алдагдана” гэж хуулийн талаас нь тайлбарлав.
Эрvvгийн хуулиас гvтгэх, доромжлох заалтыг авч хаях ёстой
Харин хэлэлцvvлэгт оролцсон сэтгvvлчдийг төлөөлж “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч Л.Мөнхбаясгалан өөрт тохиолдсон жишээг дурдаж, саналаа илэрхийллээ. Тэрээр “Сэтгvvл зvйн салбарт ажиллаад 17 жил болж байна. Энэ хугацаанд би гурван удаа шvvхээс ял сонсч, нэг удаа өршөөгдсөн. Гvтгэх, доромжлох гэдгийг Эрvvгийн хуулиас авч хаяхгvй л юм бол хөнгөн хэлбэртэй болгож ч юм уу өөрчлөх хэрэггvй. Торгууль төлөх шийтгэл болгосноос Эрvvгийн хуульдаа энэ заалтууд байсан нь дээр юм шиг. Яагаад гэвэл манай сэтгvvлчид ядуу. Тэр торгуулийн мөнгийг ганц сарын дотор төлөх боломжгvй, чадахгvй. Торгуулийн шийтгэлийг нэг сарын дотор төл гээд Шvvхийн шийдвэр гvйцэтгэх газраас мэдэгддэг болчихсон. Бичсэн нийтлэлийнхээ төлөө шvvхээс ял сонсохоор сэтгvvлч сvvлдээ мохдог юм билээ. Vнэн худлыг цагдаа тогтоодог. Цагдаа, шvvгч нь болохоор гvтгэсэн юм чинь vнэн мэдээлэл биш гэсэн ойлголттой л байдаг. Н.Энхбаяраас болж шvvхээр өчнөөн явсан ч долоон жилийн дараа vнэн мэдээлэл бичиж байсан минь тогтоогдлоо. Зоригтой шийдвэр гаргаж Эрvvгийн хуулиас гvтгэх, доромжлох заалтыг авч хаях л хэрэгтэй” гэв.
“Нийслэл таймс” сонины сэтгvvлч Х.Баттөгс “Буруу ч, зөв ч бай сэтгvvлчид дандаа хариуцлага хvлээж ирсэн. Заавал Путиний сэргээсэн ОХУ-ын хуулиас манай Хууль зvйн яам жишээ болгон авч Эрvvгийн хуулийг өөрчилнө гэж байгааг нь гайхаж байна. МУИС-ийн захирал С.Төмөр-Очир манай сэтгvvлчээс хоёр сая төгрөг нэхэмжилсэн. Аудитын тайлангаас авсан баримтад vндэслэж тухайн нийтлэлийг бичсэн. Энэ гvтгэх, доромжлох гэдэг заалтыг ингэж ярьж ярьж байгаад Эрvvгийн хуулиас авахгvй орхичих вий гэж айж байна. Уг нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг парламентаар биш мэргэжлийн байгууллага баталдаг олон улсын жишиг бий” гэж саналаа хэллээ.
“Баянхонгор таймс” сонины ерөнхий эрхлэгч Б.Батдамба “Өнөөдөр би Эрvvгийн хуулийг гvтгэх, доромжлох гэдэг зvйл заалтаар 560 мянган төгрөгийн төлбөрт уначихсан яваа. Сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалах талаас нь илvv анхаараасай. Сэтгvvлчид гэхээр л хvний мууд дуртай гэж ойлгодог болж. Ямар ч байсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд анхаарал хандуулж байгаад баяртай байна” гэсэн юм.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг удахгvй хэлэлцэж эхлэх гэж буй учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа энэхvv “Гvтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн vv” нээлттэй хэлэлцvvлгийг удирдан явуулсан. Энэ vеэр сэтгvvлчид, хуульчид, сэтгvvлчдийн мэргэжлийн байгууллагын төлөөлөгчдийн vгийг сонсч, саналыг ийнхvv сонсч байгаа юм.
Ямар ч байсан сэтгvvлчдийг айлган сvрдvvлэх нэг зэвсэг болсон Эрvvгийн хуулийн 110, 111 дvгээр заалтыг бvр мөсөн авч хаях санал илvv олон гарч байлаа. Гэхдээ гvтгэх, доромжлох гэдгээс гадна шvvхээр шийтгvvлж байсан сэтгvvлчдийг цагаатгах тухай бас нэгэн шинэ сэдэв энэ vеэр гарч ирсэн. Магадгvй, Эрvvгийн хуулиас дээрх хоёр заалтыг авч хаясан тохиолдолд залгуулаад vvнийг хөндөж таарах биз ээ. Юутай ч, парламент Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэрхэн анхаарал хандуулахаас дараа дараагийн маш их зvйл шалтгаалах нь ээ.
АРДЧИЛАЛ СОНИН
URL: