Л.Эрхэмбаяраар СЕХ-ны зардлыг төлүүлье

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн санал хураалт нэгэн “эрх” эрхэмээс болж гацсаар байна. СЕХ өн­гөр­сөн даваа гарагт тус тойргийн санал хураалтыг энэ сарын 23-нд явуулахаар тов­лосон тухай өчигдрийн хэв­лэлүүдэд мэдээлж байв. Гэтэл тус тойрогт нэр дэв­шигч Л.Эрхэмбаяр За­хир­гааны хэргийн давж заалдах шатны шүүхэд дахин гом­дол гаргасан гэсэн шалтгаа­наар уг товыг дахин цуцалсан аж.

 

Нэр дэвшигч Л.Эр­хэмбаярын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд “Тойргийн хорооны 43 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөх, Л.Эрхэмбаяр 28-аас дээш хувийн санал авсан болохыг тогтоох, 26 дугаар тойргийн хорооноос УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох харилцаа байгааг хүлээн зөвшөөрөх, бүр цаашилбал Л.Эрхэмбаярын нэрийг СЕХ-нд хүргүүлэхийг 26 дугаар тойргийн хороонд даалгах, санал хураалтын дүнг нэгтгэсэн 48 дугаар тогтоолын Л.Эрхэмбаярт холбогдох хэсэг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх”-ийг шаарджээ.

Энэ бүхэн гомдол гэхээсээ илүү “тулган шаардалт” гэдэг нь шууд харагдаж байна. Сонгуулийн тойргийн хороо гэдэг байгууллага, түүний тогтоолын үнэ цэнэ тэгвэл хаана байна вэ. Үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад, тэрхүү гомдол хэмээх тулган шаардалт, албан даалгаврын дагуу хүчингүй болгоод байвал тойргийн хороо гэж байх, түүнд хүн хүч ажиллуулж төсвийн мөнгийг үрэх хэрэг байна уу.

 

Хамгийн гол нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг бүрэн няцааж болох уу гэхчлэн олон асуулт урган гарч байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх энэ оны арваннэгдүгээр сарын 29-ний 488 тоот шийдвэртээ Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийн шаард­лагыг хүлээн авахаас тат­гал­заж үүсгэсэн захиргааны хэр­гийг хэрэгсэхгүй болгосон.

 

Мөн Л.Эрхэмбаярын дахин нэхэм­жилж шаардсан “Нэр дэвшигч Л.Эрхэм­баярын нэрийг СЕХ-нд хүргүүлэхийг хариуцагчид даалгах, 48 дугаар тог­тоолын Л.Эрхэмбаярт холбогдох хэсэг илтэд хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэхчлэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг тодорхой дурьдан хүчингүй болгосон. Мөн “Саналын хуудас, санал өгсөн сонгогчийн тоо тэнцүү байх шаардлагатай.

 

Тухайлбал 26 дугаар тойрогт 113 983 сонгогч санал өг­сөн. Автомат машинд 113 983 саналын хуудас тоологдсон болох нь баримтаар тогтоогдсон тул нэр дэвшигч бүрийн авсан саналыг 113 983 сонгогчтой харьцуулах байдлаар хэдэн хувийн санал авсан бэ гэдгийг нь гаргасан 48 дугаар тогтоол хэл­бэр, агуулгын хувьд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийцжээ” хэмээсэн байна.

 

Энэ бол шүүхийн шийдвэр. Нэгэнт шүүхээс нэр дэв­шигч Л.Эрхэмбаярын үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болсон учраас санал хураалтыг хэвийн явуулах нь гэж Сонгинохайрханы сонгогчид ойлгосон. Тэр ч байтугай СЕХ, тойргийн хороо ч санал хураалтын өдрөө энэ сарын 23-нд болгон товлож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлсэн.

Гэтэл тэрбээр дахин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өмнөх шаардлагаа тавьж нэхэмжлэл гаргасан байх юм. Нэхэмжлэгч Л.Эрхэмбаяр хуулиар олгосон энэ эрхээ эдэлж болно. Харин сонгогчид УИХ-д бүрэн төлөөлөлгүйгээр “торойгоод” хоцорлоо. Яагаад Л.Эр­хэмбаяр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн санал хураалгахаас “зугтаад” байгаа юм бэ. Яг “айж” байгаа юм шиг харагдаад эвгүй гэдэг нь.

 

Уг нь 26 дугаар тойргийн хувьд хүүхэд шуухад сурталчилгаанд оролцуулсан, архи дарс тараасан зэрэг бусармаг сэд­вээр бужигнаагүй нь сайн талтай. Гэтэл санал тоолох аргачлалын зөрүү, хоёр салаа тогтоол үйлдсэнд л гол учир байгаа юм. Гэхдээ 43 дугаар тогтоолын тухайд СЕХ-нд албан ёсоор хүргэгдээгүй, тойргийн хорооны дарга нь ч шүүх дээр анх удаа харсан гэдгээ тайлбарлаж буй.

Тэр тусмаа 26 дугаар тойргийн хорооны дарга М.Баасандоржийн шүүхэд өгсөн тайлбарт “43 дугаар тогтоолыг хуурамчаар үйлдэж зохион байгуулалттайгаар тойргийн хорооны хэвлэмэл хуудас, тэмдгийг ашиглан Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёрт заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно”, Монгол Улсын Их Хур-лын 2008 оны “Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” 25 дугаар тогтоолын 2.1.3-т “Сонгуулийн хороо, түүний гишүүдээс нийтэд өгөх мэдээлэл нь хоёрдмол утгагүй, товч тодорхой, эмх цэгцтэй, бодит баримтад тул­гуурласан, хуулийн үндэслэлтэй байх” гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 821 дүгээр зүйлийн 821.1-д заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийн дүнг будилаантуулсан….гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна” хэмээсэн нь Л.Эрхэмбаярын “гомдол”-ын цаана гомдоллогчийн зорилго ямар ноцтой болохыг харуулж байна.

 

Хэдийгээр тус тойргийн хорооны дарга М.Баасандорж гэгч нөхөр хэтрүүлсэн, хийрхсэнээс ийм тайлбар өгчихөв үү гэж хардаж болох ч хуулийн заалтууд хийгээд болсон үйл явдал, баримт нотолгоог харахад яах аргагүй тийм илэрц ажиглагдаад байгаа юм. Үүнийг ч шүүгчид зөв олж харж бодитой шийдвэр гаргасан болов уу.

 

Гэтэл Л.Эрхэмбаяр уг шийдвэрийг буруутган давж заалдах шатны шүүхэд хандсанаараа цагааныг хар, харыг цагаан бол­гохоор эцсээ хүртэл зүтгэнэ гэдгээ харуулж байгаа бололтой. Энэ бол зөвхөн түүний хэрэг биш. Сонгинохайрханчуудын сонголтод, тэдний эрхэд халдаж буй хэрэг.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Сонгуулийн нэмэлт зардлын тухай УИХ-ын тогтоолын төслийг 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнд Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 10.5-д заасанаар улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, түүний итгэмжлэгдсэн ажилтны болон сур­галт зохон байгуулах, тоног төхөөрөмжийг сонгуулийн хороонд хүргэх, сонгуулийн хорооноос татан авах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнтэй холбогдох бусад зардал, цагдаагийн хамгаалалтын зардлыг тухайн байгууллагын төсөвт суутган санхүүжүүлнэ” гэж заасан байдаг.

 

Монгол Улсын 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Хууль зүйн сайдын төсвийг багцад тусгаагүй. Уг заалтыг хэрэгжүүлэхэд нийт нэг тэрбум 843 сая 400 мянган төгрөг шаардлагатай.Үүнийг СЕХ-ны даргын төсвийн багцын зарцуулагдахгүй үлдэгдлээс санхүүжүүлэх боломжтой гэж үзсэн тухай өргөн барьж буй тогтоолын төсөлд дурьджээ.

СЕХ-ны зарцуулагдахгүй үл­дэгдлийн хэмжээ одоогоор 2,4 тэрбум төгрөг байгаа. Гэтэл Ерөн­хий­лөгчийн сонгуулийг зохион бай­гуу­лахад шаардагдах иргэний бүртгэлийн болон хамгаалалтын зардалд 3,2 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөх асуудал УИХ дээр маргаан тарьж эхлэв. Уг нь нэр дэвшигч Л.Эрхэмбаяр үнэхээр эх оронч бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд түүнийг дэмждэг бол удаа дараа сонгуулийн маргаанаар шүүх­дэлцэж, санал хураалтыг сунжруулан иргэдийг ч, төсвийг ч хохироож байхын оронд санал хураалтдаа оролц­чих хэрэгтэй.

 

Өнгөрсөн зур­гаан сарын хугацаанд шүүхээр гомдоллохын оронд аймаг, сум, иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай хамт санал хураалгасан бол өдийд Баянзүрх дүүргийн сонгогчдын нэгэн адил УИХ-д бүрэн төлөөлөлтэй болохоос гадна зардал ч хэмнэх байсан. Тиймээс СЕХ УИХ-ыг бүрэн төлөөлөлтэй болгох ажлаас хойш татаад байгаа нэр дэвшигч Л.Эрхэмбаяртай хариуцлага тооцож дутаад байгаа санхүүжилтээ түүнээс нэхэмжлэхэд болохгүй гэх зүйлгүй юм биш үү.

 

Л. Зөвхөн түүнийг УИХ-ын гишүүн болгохын тулд тойргийн хороо, шүүх хурал хэдэн удаа хуралдаж түүнд ямар хэмжээний мөнгө зарцуулсан бэ, иргэд төлөөлөлгүйгээр ямар хугацаанд эрх нь зөрчигдөж хохирсон бэ гэдгийг тооцож үзэж яагаад болохгүй гэж. Л.Эрхэмбаяр зөвхөн гомдол нэртэй тулган шаардалт, даалгавар гаргахын зэрэгцээ хариуцлага хүлээх ёстой эрх бүхий субъект мөн. Тиймээс эрхээ эдлэхийн зэрэгцээ хариуцлагаа ч хүлээж үүргээ биелүүлэх учиртай.

А.Билгэт


URL:

Сэтгэгдэл бичих