Монголын топууд: Хамгийн хамгийн…
Монголын зартай топ моделиудын бэл бэнчин, ахуй амьдрал, хайр дурлал, шоу цэнгээний талаар хэвлэл мэдээлэлийнхэн бараг өдөр болгон өөр өөрсдийн жагсаалтыг гаргадаг билээ. Чухам тэднийг хэн болохыг хүмүүс үргэлж сонжиж, сонирхож ирсэн. Тэгвэл 24tsag.mn үе үеийн топуудын “Хамгийн хамгийн”-ийг тодорхойллоо. Энэ жагсаалтад отгон “Топ” О.Пүрэвдулам ч бас багтана.
Э.Одгэрэл
Мэдээж тус жагсаалтыг “Мөнхийн залуу” гэх тодотголтой, топ модель Э.Одгэрэл тэргүүлнэ. Тэрээр 1986 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд “Гоёл” наадмаас төрсөн хамгийн анхны “Топ” юм. “Хамгийн” олон жил загварын тайзнаа алхсан “Хамгийн” дур булаам сайхан бүсгүй гээд түүнд “Хамгийн хамгийн” гэх зүйл олон. Тэрбээр Монголын загварын ертөнцөд №1 байр сууриа хэзээ ч, хэнд ч алдаж байгаагүй. Дөч гарсан хойноо ч арван хэдтэй охидтой зэрэгцэн гунхаж, тэднээс ч илүү цоглог, золбоолог харагдах энэ бүсгүй Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч.
Түүний тайзан дээрх ганцхан гараа л гэхэд 500-800 мянган төгрөг. Тэр олон жилийн турш Монголын зах зээлд тэргүүлсэн, хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага эсвэл чанартай уран бүтээлүүдээрээ олонд танигдаж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн компани, хувь хүнтэй л хамтарч ажилладаг.
Д.Болормаа
“Азийн модель” Д.Болормаа чадварлаг моделиос гадна сайн багш гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Тэрээр 14 настайгаасаа эхлэн загвар өмсөж эхэлснээс хойш 1997 онд “Азийн топ модель” гэх алдрыг “Хамгийн” анх эх орондоо авчирсан юм. Оёдолчиноос сүпер модель хүртэл хөдөлмөрлөж чадсан тэрээр “Монгол модель” гэсэн загварын агентлагтай бөгөөд тэндээ олон арван аавын хүүхдүүдийг зөв алхаж гишгэхэд тусалж буй. Д.Болормаагийн шавь нарын тоо 4000 гаруй болсон агаад дэлхийн загварын ертөнцөд цөөнгүй хэдэн шавь нь хүч сорьж байгаа юм.
Д.Цолмон
Бусдыгаа бодвол нам гүм амьдардаг Д.Цолмон гэх энэ бүсгүй 2002 онд “Топ модель” өргөмжлөл хүртэж байсан гэдэг. Арван долоон настайгаасаа загвар өмсч эхэлсэн энэ бүсгүй “Хамгийн том” гэсэн тодотголтой загварын ертөнцийн “акул”-уудын нэг. Тэрээр өөрийн тэгш сайхан бие галбир, өөгүй цэвэрхэн царайгаараа гайхуулж явсан ч загварын тайзаа орхиод багагүй хугацаа өнгөрчээ. Түүнтэй нэгэн цаг үед мөр зэрэгцэн алхаж явсан моделиуд “Цоомоо бол үнэхээр чадварлаг, мэдрэмжтэй модель бас сайн багш, мөн тэр хүн чанартай, аядуу зөөлөн зангаараа ялгардаг байсан” гэж ярьцгаадаг. Тэрээр “Шилмэл загвар” компанид олон жил багшилсан. Хэдийгээр өөрөө загварын тайзаа орхиж хувийн амьдралаа хөөсөн ч түүний шавь нар болох топ модель О.Уянга, О.Пүрэвдулам, Э.Сэлэнгэ, Б.Гэрэлчулуун гээд одоогийн загварын ертөнцөд цахиур хагалж яваа олон чадварлаг моделиуд байдаг нь түүнийг сайн модель төдийгүй сайн багш байсны тодорхойлолт юм.
Ч.Туяацэцэг
2003 оны топ модель Ч.Туяацэцэгийг “Хамгийн” чадварлаг загвар өмсөгч гэж дизайнерууд үнэлдэг. Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй тэрбээр ерөнхийдөө загвар өмсөгч хүнд байх ёстой хувирах чадвар, өндөр нуруу, бие хааг төгс бүрдүүлж чадсан нэгэн. Эрлийздүү өвөрмөц бор арьс, өөртөө итгэлтэй эршүүд дүр төрх түүний бусдаас ялгарах онцлог. Бас загварынхан дундаа мэдлэг боловсролоороо дээгүүрт ордог. Тэрээр сүүлийн жилүүдэд “Гоёл” наадам болон “Торго”-ын шоунд л загвар амсөж байгаа билээ. Хамгийн сүүлд “Помогите Нам-2” уран сайхны кинонд тоглож жүжиглэх чадвараа бусдад гайхуулаад амжсан.
Х.Ундраа
Түүнийг 14 настайгаа “Шилмэл загвар” компанийн загварын агентлагт суралцаж эхэлсэн гэдэг. Өдгөө “Mobicom” компанид ажиллаж байгаа Х.Ундраа “Гоёл 2004” наадмаас “Топ модель” өргөмжлөлийг хүртэж байсан юм. Бусад топуудаа бодоход элдэв хов, жив, хэл аманд өртөөд байдаггүй Х.Ундрааг загварынхан “Хамгийн” даруухан топ модель хэмээн үнэлдэг юм билээ. Заавал ч үгүй хэн нэгэнтэй холбогдож, хэвлэлийн баатар болж байж топ хэмээх эрхэм хүндтэй цолыг авдаг гэх ойлголтыг энэ бүсгүй цор ганцаараа эвдсэн.
Мөн л чив чимээгүйхэн байж байгаад ээж болоод амжсан түүнд ер нь олны нүдэнд ил байдаг юм гэж үгүй. Тиймдээ ч саяхан явуулсан онлайн санал асуулгад “Хамгийн явдалгүй мисс” гэсэн хачирхалтай бас содон өргөмжлөлийн эзэн болсон.
Т.Баярзул
Багаасаа ардын бүжгээр хичээллэж, даруу зан, донжтой яриагаараа өөрийн имижийг бүрдүүлдэг Т.Баярзул 2005 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байсан. Тэрбээр “Монгол Ньюс” компанийн захирал, Ц.Балдорж агсны хүү, “Улаанбаатар” зочид буулын захирал Н.Мөнхтүшигтэй гэрлэж, загварын карьертаа цэг тавьсан. Загварынхан дундаа түүнийг “Хамгийн” нам гүм амьдарч байгаа нэгэн гэж хэлж болно.
Д.Пүрэвсүрэн
Тэр бол “Хамгийн” алдартай топ модель. Д.Пүрэвсүрэн үндсэн мэргэжил болох жүжигчний карьертаа хайртай ч загварын тайзаа орхиж чаддаггүй нэгэн. Аль альнийг нь чадварлаг хослуулдаг гэж хэлж болно. Тэрбээр 2006 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байв. “Хамгийн” авъяаслаг, “Хамгийн” цуутай гээд түүний “Хамгийн хамгийн” цааш хөвөрч байна. “Ганга гоёл” агентлагаас загварын гараагаа эхэлсэн түүнийг “Хамгийн” их нүцэглэсэн топ гэдэг. Түүний үнэлгээ тун өндөр. “Мобиком” компани хэрэглэгчдийнхээ гар утасны дэлгэцэн дээр топ моделийн нүцгэн зургуудыг байрлуулахын тулд 30 сая төгрөг төлсөн юм. Загвар өмсөгчдөөс “Хамгийн” олон кинонд дүрээ мөнхөлсөн нь мэдээж Д.Пүрэвсүрэн. Түүний хамгийн уян хатан ханддаг зүйлсийнх нь нэг кинонд тоглох санал гэхэд хилсдэхгүй. Тэрбээр жүжигчин мэргэжилтэй. Тиймээс ч мэргэжлийн ур чадвараа сайжруулах, ахмад, туршлагатай хүмүүсээс суралцах зорилгоор кинонд тоглох саналыг уриалгахан хүлээж авдаг байна. Тэрбээр гоо үзэсгэлэн, авъяас чадвар гээд бүхий л талаараа үнэхээр “Хамгийн од” бүсгүй билээ.
Г. Уранцэцэг
Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг Г.Уранцэцэгийг “Стандарт” гэж хочилдог. Түүнийг саяхнаас биедээ “Хамгийн” их мэс хүргэсэн топ хэмээн өргөмжлөх болсон юм. Г.Урнаа 1997 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд 2007 онд “Топ модель” өргөмжлөл хүртэж байв.
Түүнийг европ стандартын модель гэж мэргэжлийнхэн нь үнэлдэг. Ойрын хэдэн жилдээ л давтагдах дүр төрх биш.
Г.Алимаа
1998 онд сурагчийн ширээнээс загварын тайз руу шилжсэн Г.Алимаа 2008 онд “Гоёл” наадмаас “Топ модель” өргөмжлөл хүртсэн. 2008 онд Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж байсан түүнийг “Топ”-оор өргөмжлүүлэх үед ихэнх хүмүүс эсэргүүцэж байсан билээ. Бас л нам гүмхэн амьдардаг түүнийг “Хамгийн” их эсэргүүцэлтэй тулгарч, хэл аманд өртсөн топ гэж хэлж болно. Учир нь түүнийг Ц.Мянганбаярын нөлөөгөөр “Топ модель” өргөмжлөлийг өөрийн болголоо гэж байсан юм.
О.Уянга
14 наснаасаа загвар өмсч эхэлсэн О.Уянга 2009 онд “топ модель” өргөмжлөл хүртэж, олны харааг булаасан. Түүнийг “Хамгийн” эелдэг зантай, хүмүүжилтэй, сайн загвар өмсөгч гэгддэг О.Уянга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Тэрбээр сүүлд “Шүрэн бугуйвч” хэмээх кинонд тоглоод амжсан билээ.
Ч.Уранбилэг
2010 онд “Топ модель” өргөмжлөл хүртсэн загвар өмсөгч Ч.Уранбилэг. Тэрбээр “Дорнын тэргүүн мисс”, шилдэг фото мисс гээд чамгүй амжилттай нэгэн. Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирдаж яваа. Спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг юм билээ. Түүнийг “Хамгийн” бизнес сэтгэлгээтэй топ гэж хэлж болно.
Э.Сэлэнгэ
Түүнийг “Хамгийн” гоё өгзөгтэй топ модель хэмээн өргөмжлөөд байгаа. 17 настайгаа загварын ертөнцтэй амьдралаа холбосон тэрбээр 2011 онд “топ модель” өргөмжлөл хүртсэн юм. Тэрбээр 2006 онд «Монголын сайхан бүсгүй»-ээр шалгарч, «Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн»-д оролцож явсан нэгэн. «Эра» төвөөс загварын гараагаа эхэлсэн загвар өмсөгч, мисс бүсгүй Сингапурын нэртэй загвар зохион бүтээгчийн хараанд өртсөнөөр тус улсад ажиллаж, амьдрах болсон, Тэрбээр тус улсын загварын тайзан дээр алхаж эхлээд ганцхан жилийн дотор өөрийн ханшаа гурав дахин өсгөсөн гэдэг. Э.Сэлэнгэ олон улсын хэмжээний сайттай гэрээ байгуулж, дэлхий даяар нүцгэн зургаа цацан, монголчуудыг алмайруулж явсан.
Ч.Ундрах
Нондин жил “Топ” модель өргөмжлөлийг хүртсэн тэрээр 12 жил загварын тайзнаа хөдөлмөрлөхдөө ил, далд “фронт”-д нь үүрэг хүлээсэн цэрэг мэт зүтгэсэн аж. Түүнийг загварын ертөнцөд “Хамгийн” их хөдөлмөрлөсөн нэгэн гэж хэлж болно.
Учир нь түүнд өнөөг хүртэл загвар өмсөхийн хажуугаар өөрөөсөө илүү бусдыгаа үзэсгэлэнтэй харагдуулах нүүр будагчийн ажлыг давхар хийж байсан.
Монголын дизайнеруудын холбооны идэвхтэй, итгэлт моделийн хувьд хамт олон нь ямар ч үед түүнд найдахдаа огтоос ч эргэлздэггүй. Царай муутай хүүхнийг топ болголоо гэж хүмүүс нэг хэсэг загварын холбоог шүүмжилж байсан билээ. Гэхдээ царайлаг хүн топ болдоггүй гэсэн зарчим загварынхан дунд байдаг.
О.Пүрэвдулам
Энэ жилийн “Гоёл” наадмаас загвар өмсөгч О.Пүрэвдулам топ модель өргөмжлөл хүртсэн. “Catwalk” гэх хамтлагт дуулж, “Asian model-2011” тэмцээнээс “Asian star model” өргөмжлөл хүртэж явсан тэрбээр “Гоёл” наадмаас төрсөн 14 дэх топ модель болсон юм. МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төгссөн, 22 настай “Хамгийн” отгон топ модель одоохондоо олны хэл амнаас хол байгаа нэгэн.
24tsag.mn
URL: