Д.Загдсүрэн МҮОХ-г үргэлжлүүлэн удирдана
Дөрвөн жил тутам зохиогддог зуны олимпийн дараа олимпийн их гэр бүл нэг дороо цугларч, хийсэн ажлаа тайлагнан, шүүн тунгааж, цаашид бүтээх их үйлсээ ярилцан төлөвлөдөг уламжлалтай. МҮХАҮТ-д өчигдөр болсон олимпийн чуулганд спортынхон халуун ам бүлээрээ цугларч, “Бээжин-2008”-аас “Лондон-2012” хүртэлх цикльд МҮОХ-ны хийсэн ажлын тайланг сонсож, Рио-де-Жанейрогийн олимп болтол хэрхэн ажиллах, хэн тус байгууллагыг удирдах асуудлаар сонгуулиа явуулсан.
Чуулганд оролцсон төлөөлөгчдийн хамгийн залуу нь 25, ахмад нь 86 настан байлаа.Дөрвөн жил тутам зохиогддог зуны олимпийн дараа олимпийн их гэр бүл нэг дороо цугларч, хийсэн ажлаа тайлагнан, шүүн тунгааж, цаашид бүтээх их үйлсээ ярилцан төлөвлөдөг уламжлалтай.
МҮХАҮТ-д өчигдөр болсон олимпийн чуулганд спортынхон халуун ам бүлээрээ цугларч, “Бээжин-2008”-аас “Лондон-2012” хүртэлх цикльд МҮОХ-ны хийсэн ажлын тайланг сонсож, Рио-де-Жанейрогийн олимп болтол хэрхэн ажиллах, хэн тус байгууллагыг удирдах асуудлаар сонгуулиа явуулсан. Чуулганд оролцсон төлөөлөгчдийн хамгийн залуу нь 25, ахмад нь 86 настан байлаа.
Мөн тэдний дунд тамирчин, биеийн тамирын багш дасгалжуулагч, хуульч, эмч, инженер, улстөрч, эдийн засагч гээд л төрөл бүрийн мэргэжил, боловсролтой хүмүүс байсан нь олимпизм аль ч салбарынхныг нэгтгэж, хамтран ажиллуулж чаддагийг харуулна. Олимпийн чуулганыг тохиолдуулан, ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге баярын цахилгаан илгээсний сацуу Азийн олимпийн зөвлөл болон Үндэсний олимпийн хороодын холбооны удирдлага, МҮОХ-той хамтран ажилладаг 45 орны ҮОХ-ноос баярын мэндчилгээ ирүүлсэн байсан юм. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэн үг хэлсэн.
Ийнхүү нийт гишүүд дэгийн дагуу МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл болон Хяналтын зөвлөлийн тайлан, МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтов. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж, батлуулахад МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцах шаардлагагүй гэж олонх үзсэний учир нь МҮОХ-ны дүрэмд чуулган эхлэхээс наанадаж 14 хоногийн өмнө энэ асуудлаар санал, хүсэлтээ ирүүлсэн байх ёстой, гэтэл өнөөдрийг хүртэл үүнтэй холбоотой нэг ч санал ирээгүйтэй холбоотой гэнэ.
Гэвч дээрх асуудлаар гишүүд дор бүрнээ саналаа илэрхийлж байлаа. Үүний дараа МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон Хяналтын зөвлөл ажлаа тайлагнаж, санал шүүмжлэл өрнөв. МҮОХ-ны ерөнхийлөгчид тус байгууллагыг 2001 оноос өнөөг хүртэл удирдсаар ирсэн Д.Загдсүрэн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, Монгол Улсын ерөнхий прокурор, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нар нэрээ дэвшүүлснийг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Харин МҮОХ-ны дүрэмд тус байгууллагын ерөнхийлөгч орон тооны байх ёстой гэж заасан байдаг тул ерөнхий прокурор өөрийн хүсэлтээр нэрээ татсан юм. Ийнхүү МҮОХ-г одоогийн тэргүүн Д.Загдсүрэн удирдах уу, эсвэл тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан олимпийн их гэр бүлийн жолоог залах уу гэсэн асуудал урган гарсан.
Нэр дэвшигчид цаашдын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Үүний дараа санал хураалт явагдаж, нийт 108 гишүүний олонх нь буюу 74 хувь нь Д.Загдсүрэнг дэмжсэнээр тэрбээр 2016 оныг хүртэл МҮОХ-г үргэлжлүүлэн удирдахаар боллоо.
Түүнчлэн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Дорлигжав, дэд ерөнхийлөгчөөр Ц.Дамдин, Ж.Хатанбаатар, Э.Мөнх-Очир нар сонгогджээ. Дугаар шилжих мөчид МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож байв. Чуулганаас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг манай сонины дараагийн дугаараас уншина уу.
Б.Өлзийтогтох
Эх сурвалж: “Таван Цагариг”
URL: