2012 оны хамгийн их яригдсан сэдэв

СИРИ ИРАК, ЛИВИЙН АРААС ОРЖ БАЙНА
Ойрхи Дорнод тэр дундаа Ирак, Либид болсон иргэний дайн Сирид давтагдаж байна. Гэхдээ барууны хүчнүүд биечлэн оролцоогүйгээс Сирийн хүчирхийлэл даамжирч 20 дахь сартайгаа золгож буй. Энэ хэрээр илүү олон хүн амь үрэгдэж, шархдаж, дотоод болон гадаадад шилжилт хөдөлгөөн хийлээ. Гэсэн ч ОХУ, Хятад Сирид олон улсын цэргийн хүч оруулахыг эсэргүүцэж байна.
Учир нь тус улсад барууны орнууд цэргүүдээ оруулбал Иракийн Ерөнхийлөгч Саддам Хуссейн, Ливийн Ерөнхийлөгч Муаммар Каддафид тохиолдсон шиг зүйл Сирийн Ерөнхийлөгч Башар аль- Ассадыг тойрохгүй. Нөгөөтэйгүүр ОХУ олон жил төр барьсан Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түлхэн унагах зорилготой “Арабын хавар” хэмээх эсэргүүцлийн ажиллагааг өөгшүүлэхийг хүсэхгүй байгаа бололтой.
Учир нь “Арабын хавар” Ойрхи Дорнодыг хамрах төлөвтэй байгаа. Мөн энэ нь барууны орнуудад энгийн иргэдийг өмгөөлөх нэрийдлээр Ойрхи Дорнод мэтийн гаднын улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг болж байна.

Б.ОБАМА ДАХИАД ДӨРВӨН ЖИЛ
АНУ-ын анхны Африк гаралтай Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордны тэргүүний төлөөх сонгуульд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромниг буулган авч бүрэн эрхийн хугацаагаа дөрвөн жилээр сунгасан. Хүмүүсийн таамаглаж байснаас зөрж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль эхнээсээ уйтгартай байв. Харин санал хураах өдөр ойртохтой зэрэгцэн хүмүүсийн анхаарлыг татаж, хамгийн их яригджээ.
Иргэний дайны хөлд нэрвэгдсэн Ойрхи Дорнодын иргэд АНУ-ын Ерөнхийлөгчөөр Митт Ромни сонгогдоосой гэж хүсч байжээ. Учир нь Бүгд найрамдах Ардчилсан намыг бодвол харьцангуй дайнч бодлого баримтлах гэнэ. Мэдээж энэ ойлголтыг АНУ- ын экс Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намын гишүүн “бага” Жорж Буш тавьсан.
Тэрбээр 2003 онд Иракт олон улсын эвслийн цэргийг оруулсан. Юутай ч анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Барак Обама дахин сонгогдсоноор Ойрхи Дорнодод явуулах бодлого өнгөрөгч дөрвөн жилийнхтэй адил аядуу байх нь ээ.


ХЯТАДЫГ ШИНЭ ҮЕИЙН УЛСТӨРЧИД УДИРДАНА
Нэг намын тогтолцоотой Хятад Улсад Коммунист намын дээд удирдлагууд солигдсон. Өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон Коммунист намын XVIII дахь удаагийн их хурлын төгсгөлд намын ерөнхий нарийн бичгийн дарга, төв хорооны улстөрийн товчоо болон улстөрийн товчооны байнгын хорооны даргаар дэд Ерөнхийлөгч Си Зинь Пин сонгогдсон.
Тэрбээр ирэх оны гуравдугаар сард БНХАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг албан ёсоор хүлээн авна. Харин түүнтэй хамт шинэ үеийн улстөрчдийн бүрэлдэхүүнд зургаан хүн багтсан юм. Учир нь намын XVII дахь их хурлын үеэр улстөрийн товчооны гишүүдийн тоог ес байсныг долоо болгон багасгасан.
Юутай ч долоон гишүүний бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Ху Жинь Тао, Ерөнхий сайд Вэнь Зя Бао, Үндэсний ардын конгрессийн байнгын хорооны тэргүүн Ву Ванг Гуо нар багтаагүй. Өөрөөр хэлбэл Хятадыг шинэ үеийн улстөрчид удирдахаар боллоо.

ГҮРЖИД СӨРӨГ ХҮЧИН ЯЛАЛТ БАЙГУУЛСАН
Гүржид өнгөрөгч аравдугаар сарын 1-нд болж өндөрлөсөн парламентын сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулсан. Энэ онд дэлхийн 50 орчим оронд Ерөнхийлөгч, парламентын сонгууль, түүний дотор хамгийн нөлөө бүхий ОХУ, АНУ, Хятад, Францад Ерөнхийлөгчийн сонгууль болсон ч Гүржийн парламентын сонгууль тус улсыг хуучин холбоотон ОХУ- тай эргэн нийлэх эсэхийг шийдэхээрээ чухал байв.
Учир нь Москва Гүржийн өнөөгийн Ерөнхийлөгч Михайл Саакашвилид найдахгүй байгаа. Тэр нэгэнт АНУ-ын талын хүн болсон юм. Гүрж Улс 2008 оны наймдугаар сард Өмнөд Осет, Абхазын асуудлаар ОХУ- тай дайтаж ялагдал хүлээснийхээ дараа Москвагаас харилцаагаа тасалж, ОХУ-ын тэргүүлдэг Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг /ТУХН/ зэрэг байгууллагаас гарсан. Гэсэн ч Москва харилцаагаа сэргээхийг хүссээр ирсэн.
Харин парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвслийн тэргүүн, тэрбумтан Бидзина Иванишвилид найдах үлдлээ.

ПАЛЕСТИН АЖИГЛАГЧ ОРОН БОЛОВ
НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестинд ажилагчийн статус олгосон. Ингэснээр Палестин тусгаар тогтносон бүрэн эрхт улс болоход ганцхан шат үлдлээ. НҮБ- ын Ерөнхий ассамблей Палестинийг бүрэн эрхт гишүүнээрээ бүртгэж авбал тус бүс нутаг тусгаар тогтнох юм.
Арваннэгдүгээр сарын 29- нд болсон Ерөнхий ассамблейн чуулганы үеэр төлөөлөгчдийн дөрөвний гурав нь Палестинд ажиглагчийн статус олгохыг дэмжсэн. Харин АНУ, Канад, Израиль, Чех зэрэг есөн орон дэмжээгүй. Израиль Улс хөрш Палестинийг тусгаар тогтнохыг эртнээс эсэргүүцэж ирсэн ба тус улсын ойрын холбоотон АНУ бас үүнийг дэмждэг юм. Нөгөөтэйгүүр НҮБ Палестинд ажиглагч орон гэдэг статус олгосон нь тус бүс нутгийг улс хэмээн хүлээн зөвшөөрсөн явдал болжээ.

АНДЕРС БРЕЙВИК 21 ЖИЛИЙН ЯЛ СОНСЧЭЭ
“Норвегийн алуурчин” Андерс Брейвик 21-хэн жилийн ял сонсов. Өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр түүнд Осло хотын шүүх 21 жилийн хорих ял оноосон юм. А.Брейвик 2011 оны долдугаар сарын 22- нд нийслэл Осло хотын төв дэх Засгийн газрын нэгэн байрны гадаа бөмбөг дэлбэлж найм, Утойя арал дээр 69 хүнийг буудан хороосон. Энэ халдлага дэлхийн хамгийн тайван, аюулгүй орон гэгдэж байсан Норвегийн ард түмнийг бүхэлд нь цочроосон.
А.Брейвик халдлагыг урьдаас төлөвлөсөн бөгөөд нийслэл хотоос холгүй орших Утойя арал дахь Хөдөлмөрийн намын залуучуудын зуслан дээр автомат буугаар галлаж, 60 орчим өсвөр насны хүмүүсийг хөнөөсөн. Учир нь уг зусланд залуучуудыг хамарсан томоохон цуглаан болж байжээ.
А.Брейвик Утойя арал дээр бүтэн цаг орчим гал нээж, хүмүүсийг элдэн хөөсөн юм. Тэрбээр сэтгэцийн хувьд эрүүл, хийсэн үйлдэлдээ огтхон ч гэмшээгүй. Харин ч шүүхийн өмнө өөрийгөө Загалмайлтны аян дайны үеийн тайж баатар хэмээн өргөмжилжээ. Гэсэн ч дэлхийн хамгийн энэрэнгүй орон Норвегийн шүүгчид түүнд 21 жилийн хорих ял оноосон юм.

Э.ТӨГС


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих