Төслийн компьютер дэлбэрч, хүүхэд хүндээр бэртжээ

Төслийн нэртэй айхтар компьютер бага сургуулийн сурагчийн нүдийг сохлох дөхлөө. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XIII хороололд байрлах Анхны цахим сургууль нэртэй 84-р сургуулийн V ангийн сурагчийн нүдийг сохлох шахжээ. Шинээр нь авч цэнэглээд цүнхлэх гэтэл дэлбэрчихсэн тэр “зэвсэг”-ийг өнөөдөр хэдэн хүүхэд цүнхэндээ тээвэрлэж яваа бол.

 

Үнэгүй өгөх гэж өчнөөн зүйл болсон тус компьютер дэлбэрэхдээ М хүүгийн нүд цээжин хэсгийг хүнд гэмтээжээ. Хүү одоогоор Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн нүдний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний түлэгдэлтийг эмч нар III зэргийн гэж дүгнээд байна. Мөн хамгийн аюултай нь хүүгийн нүдний эвэрлэг бүрхэвч гэмтжээ.

 

Харамсалтай нь энэ төрлийн гэмтэлтэй нүд манай улсад бүрэн эмчлэгддэггүй аж. Тиймээс эмч нар гадаадад эмчилгээнд явбал дээр гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Эс бөгөөс эвэрлэг бүрхэвч цайрч хараанд муугаар нөлөөлөх хамгийн том шалтгаан болдог аж. Харин бид мэдээллийн дагуу тус сургуулийг зорьсон ч хаалган дээр нь очоод гацчихав.

 

Тухайн цагт тус сургуулийн хоёрдугаар ээлж эхэлж байсан бөгөөд сургууль руугаа орох оочир дараалал үүсгэж хүйтэнд хөлдөж үхэх гэж байгаа сурагчид нижгээд харагдав. Гэсэн ч үүдэнд зогсох жижүүр болон ээлжийн жижүүр багш нар амаа айхтар том ангайлгаж, шүлсээ савьруулаад зандарч гардаг юм байна. Эцэг эхчүүд орохгүй гээд тохойгоороо нударч орхив.

 
Гэрийн тэжээвэр амьтандаа үүрэг тушаал өгөөд байгаа юм уу, өөрийгөө шоронгийн харгалзагч гэж бодсон уу ямартай ч хүүхэдтэй харьцах харилцаа тэнд нэгээхэн ч алга байсныг цохон дурьдаж болно. Уг нь тус сургууль үүдэндээ хоёр хаалгатай юм билээ. Гэсэн ч хүйтэнд бээрч, хөлөө тогшин байгаа бага ангийн сурагчдыг үл тоож нэг хаалгаа хав дарчихаад нэгээр нь “нэг эгнээнд ор, чи дуугүй бай, ямар их юм ярьдаг юм бэ наанаа яриад зогсож бай” гэхчилэн ялган гадуурхах байдал ажиглагдсан.

 

Бүр цасан дээр ч гишгэх эрх тэдний сургуулийн сурагчдад алга. Гутал чинь цав цагаан байна, цаашаа явж цэвэрлэ, гээд цас руу нь буцаагаад хөөчих юм. Хөлдөж үхэх шахсан хүү гутлаа газарт дэвслэхээр өөр яах билээ. Хэсэг байснаа “одоо та нар ор, одоо та нар гар” гээд л нарийхан хаалгаараа нааш цааш гэлдчүүлж гарна. Тэгээд л түргэн алхаач гээд тохойгоороо түлхэх нь үзэгдэл цааш үргэлжлэнэ.

 

Жавар хурсан үүдэнд нь жаахан удсан биш харин ч нэг угтах, үдэх ёсыг харсан шүү. Юун нөгөө номын өргөө, хоёрдахь гэр орон бэ. Дээд зэргийн дэглэмээр жагсааж, дээрээс нь тушаал өгдөг юм билээ тус сургуулийнхан. Тэгтэл “ганц компьютераас болж, сонин, телевиз ирээд л…угаасаа гэрт нь шатчихсан гээ биз дээ” гэх багш нарын “хов” чих мялаав. Золтой л “сүртэй юм” гээд хэлчихсэнгүй ээ тэд.

 

Сургуулийн удирдлагатай ярилцаж, чанар стандартыг нь судлах гэсэн ч семнартай нэрийдлээр нэг ч хүн байсангүй. Мөн анги удирдсан багш нь “мэдэхгүй” гэдэг үгийг жижүүр багшаараа дайлгаад өөрөө ор сураггүй алга болчихов. Ямар ч шалтгаантай байсан яахаараа бага анги удирдсан багш хүн ангийнхаа хүүхдийг бэртчихээд байхад мэдэхгүй гэж хэнэг ч үгүй хариулдаг байна аа.

 


Гэтэл өнөөдөр багш байтугай бид, тэс хөндлөнгийн хэн нэгэн хүртэл ганцхан ч бай компьютер шатсанд нь гайхаж, сүржигнэх ёстой юм шүү. Хаана үйлдвэрлэж, хэн хэрэглэхэд тохирсон гэдэг нь тодорхойгүй “үнэгүй” нэртэй, үүнийгээ дагаад хэрэглээ нь татарсан тэр техникийн чанарыг чухалчилан харах ёстой юм. Өдгөө тус компьютер дээр буух эзэн буцах хаяг алга.

 

Хариуцлага хэн хүлээж, шийдвэртэй хариу хэн хэлэхийг харах л үлдэх шив. “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчийн үлгэрийг бид эргэн мэдээллэх болно.
“Компьютер” энэ үг угтаа бол харь хэлний үгсийн санд багтана. Гэхдээ Монголчууд уг үгийг сонсоод гайхаж, алмайрах, хэрэглэж үзэхсэн гэх соёлын “шок”-ноос гараад олон жилийг үдлээ.

 

Хүүхэд багачуудын хувьд ч гэсэн компьютер гэж сонсоод урай хашгирдаг нэгэн байхгүй болсон. Үүнд түлхэц болсон олон шалтгаан бий. Сайн, муу нэртэй ч “пс” гэх газрууд нэн тэргүүнд соёлын шокийг төвөггүй арилгахад хамгийн ихээр гар хөл оролцсон байдаг. Өнөөдөр компьютерийн гарыг хялбархан эзэмшиж сурсан эрин үеийн хүүхэд Монголоор дүүрэн бий.

 

Гэхдээ уг техникийг сэтгэцэд нөлөөлөх хэмжээнд хэрэглэж, нийгэмд зохицтой хэрэглээ нь алдагдсан үе нь саяхан байдаг. Мөн улсын хэмжээнд “Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нь Боловсролын үйлчилгээний цахим тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой биз ээ. Гэсэн ч доод тал нь 21 инчийн дэлгэцтэй хурд хүч сайтай “пс”-ний компьютер хэрэглэж сурсан багачуудад төслийн “тэтрис” үнэхээр жулдаж байлаа.

 

Харин дасгал ажиллах төдийхөнд хязгаарлагддаг зөөврийн тэр компьютер нь үнэхээр жул уу, төсөвлөөд өгсөн зүйлийг нь татганаж байж тараадаг сургуулийнхан ашиглахгүй байна уу гэдэг асуудал анх тараагдаж эхэлсэн хугацаанаас эхпээд л яригдаж байсан. Үнэхээр л хүүхэд тэдгээр компьютер дээр юу хийж, юу ашиглаж сурсан гэдэг асуултын хариулт бүрсгэр хэвээр л байгаа. Наанадаж, хэрэглээний нэгхэн программ эзэмшүүлсэн үү гэх асуултад хариулчих бардам багш нэгээхэн ч алга.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих