Шороон замтай болчихвол шоолохгүй биз дээ, гадныхаан
Энд тэнд энэ тэр зам чинь эвдэрч, сүйджээ гэсэн улиг болсон яриаг түр хойш тавиад нийслэлийн замын хучилтыг нэгдсэн журмаар хуулах санал хураавал ямар вэ. Хуруун чинээ зузаан мөсөн бүрхүүлтэй зам дээгүүр чихэлдэж байхаар шороон замтай болъё. Нэгэнт давс, бодисоо халтиргаа, гулгаа үүсэхгүй болтол нь цацаж асгаж чадахгүй байгаа юм чинь дош болтлоо хөлдөж мөстсөн замынхаа хучилтыг л хуулчихья.
Энэ бол хотын бүтээн байгуулалтын эсрэг тэрсэлж байгаа юм биш. Угаасаа л энэ бол шинэ зүйл биш. Харин ч халтирч, гулссаар яваад бие биенээ мөргөж, үүнээс болж эрүүл мэнд, эд материалаараа хохирохоос урьдчилан сэргийлсэн ажил болно. Жолооч нар ч дэмжинэ. Бид ямар шороон дунд амьдарч үзээгүй биш. Хавар, зун, намаргүй л энд тэндэхийн зам засаж байгаа нэрээр сааралтсан шороон дунд амьдардаг юм чинь.
Болохгүй гэх зүйлгүй. Хоолойд юм тээглээд хэсэг ханиадаг л юм, гэхдээ яахав. Харшлын эм халаасанд байхад болоод л явчихна. Ямар ч аргаар хамаагүй халтиргаа, гулгаагүй л байвал болох нь тэр. Зориулалтынх нь давс бодис хүрэлцэхгүй байгаа юм уу, зохион байгуулалт, ажлын хяналтгүйгээс зам дээрх мөс улам л зузаарч, толь, шил шиг болоод байна уу гэдгийг холбогдох албаныхнаас асуумаар байна.
Мэдээж татвар төлөгчдийн халаасны мөнгөөр нийслэл өвлийнхөө бэлтгэлийг хангалттай сайн базаасан тухай хотын захирагч өглөө болгон шахуу зөвлөлийн шуурхай дээр сануулдаг. Нөгөө хэд нь бас ч гэж зүгээр суухгүй давс, бодисыг нь цацдаг л байх, гэхдээ л…
Энэ өвөл хангалттай хэмжээний бодис нөөцөлсөн гэдгийг албаны хүн мэдээлж л байсан. Хаа нэг хотын төвд л хэсэг бусагхан “цацжээ” гэсэн ул мөр харагдах болсон бодис, давсаа мөсийг нь хайлж урстал асгачих тэгэх үү. Өнөөх хэдэн шар хантаазтангууд л гоьлфийн цохиур шиг төмрөөр зузаан мөсийг нь цохиж харагдахаас өөрөөр энэ замын халтиргаатай тэмцэж байгаа хүн нэн ховор юм аа, хотын дарга аа.
Хөөрхий хүйтэн жавартайд ч “үнэнч хэвээрээ” өнөөх шар хантаазтангуудын хувцас хэрэглэл, багаж зэвсэг нь гэж үнэндээ өрөвдмөөр байна. Техник, технологи өндөр хөгжсөн энэ цагт бол яг л чулуун зэвсгийн үеийнх шиг орчин нөхцөлд тэд ажиллаж амьдарч байна. Ихэнх нь хайрч, ус чийг татах савхин гуталтай, ханзарч, цоорсон даавуун бээлийтэй байна.
Нэгдсэн журмаар тараасан шар хантааз, том хогийн сав, нарийнхан төмөр, моожийж элэгдсэн дэрсэн шүүрнээс өөрөөр тэдэнд минь юу ч алга. Амьтай хүн 10 минут ч гадаа зогсоход бэрх энэ өдрүүдэд эмэгтэйчүүд голцуу энэ хүчир ажлыг хийж байна. Хүүхэд бүрэлдэж, хүн мэндэлдэг эд эрхтэн нь доороосоо даарч бээрэх болгонд өвдөж хавддаг л байгаа даа. Мэдээж эрчүүд ч хүрз, шүүр барьчихсан замд гарчээ.
Тэд минь ч бас хүн шүү дээ. Энэ хүмүүсийнхээ ажлыг хамтдаа үүрэлцээд хань болцгооё хотын дарга аа. Хав дарчихсан давс бодисоо цацаад зузаан мөс нь сулрахаар нь хусаад цэвэрлүүлчихвэл эдгээр хүмүүс хатуу мөс цохиж нуруу, бөөрөндөө ачаалал авахгүй баймаар. Хүн хүндээ хүний ёсоор хандвал яасан юм бэ. Нэг хэсэг нь халуун паар тэврээд зөөлөн сандалд шигдэж бодисоо харамлаад суух, нөгөө хэсэг нь даарч бээрсээр гудамжинд гарч мөсөө цохих…энэ шударга ёс уу.
Нэг хэсэг нь үүрийн таван жингээр босож шүүрээ үүрсээр замдаа гарах, үлдсэн хэсэг нь үслэг эдлэлээр биеэ дулаацуулж том хар машин хөлөглөж 8.00 цагт ажилдаа ирэх хоёрын хооронд энгийнээр бодоход гурван цагийн ялгаа байна. Энэ цагийг нь ядаж үнэлье. Эсвэл эдгээр хүмүүсийнхээ ачааг үүрэлцье. Бодисоо цац. Мөсийг нь хайлуулаад өгчих. Мөс цас нь хайлчихвал тэд биднээр хэлүүлэлтгүй баярлалаа гээд л хусаад, цэвэрлэчихнэ.
Ингэж чадахгүй бол замынхаа асфалтийг хуулъя. Шороон замтай нийслэл байна шүү цаана чинь, гээд гадныхан шоолохгүй байлгүй дээ. Шоолбол яадаг юм, үнэнээ хэлчихье. Давс, бодисоо цацах хайран санагдаад, машины яндангаас гоождог ус, байгалийн цас хоёроос үүдэлтэй зам дээр тогтсон мөсөн хучилтаас залхсандаа шороон зам дээр “амьдрах” аргыг сонгосон гэдгээ хэлчихье. Тэд ойлгох байлгүй.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: