Удирдагч \ өгүүллэг \

Л. Эрдэнэмөнх (Женев хот)

 

Үдийн цайны үеэр Чойбалсанг гэр рүүгээ явахаар засгийн газрын байшингаас гарахыг завдтал комиссар нь түүнд дөхөж ирсэнээ “Бортолгой эгч Дашийн гуанзанд таныг хүлээж байна гэж хэлүүллээ” гэж аминчлан шивэгнэхэд Бортолгойтой ойрд уулзаагүй Чойбалсан арван дөрвөн жил ханилсан авааль эхнэрээ гэнэт үгүйлэх мэт зөөлөн санаа алдлаа.

“Нэг л ноцтой чухал хэрэг гарч дээ. Тэрнээс бус ажил албаны цагаар надтай уулзах ёсгүй дээ” гэж бодсон Чойбалсан хуучин Бээжин Содномдаржаагийн хүр дүү Даш хэмээх монголоор муугүй ярьдаг дунд хирийн насны, ойрын харааны дүгэриг шил зүүдэг, залирхаг хятадын гуанз руу машинаа эргүүлэв.

Бор дарсанд орж, уруудаж буруудаж, ажил төрөлгүй гансарч явсанаа бодвол Чойбалсан одоо буурь сууж, олны анхаарлыг үл ялиг зүйлд татахгүйн тулд аливаа хөдөлгөөнөө хянаж, хэл амнаас болгоомжилж явах болжээ. Архи, хүүхэн хоёртоо учиръя гэвэл сайн хятад түнш олж үерхэх хэрэгтэй гэж хүрээний дээдчүүл урьд нь ярьдаг байсан сан. Шөнийн цэнгээний газруудыг “гартаа барьдаг” хужаа нар төр засгийн томоохон албан хаагч, цэргийн дээд тушаалын дарга нарт үйлчлэх гэж хөл алдана. Тэр нь ч цаанаа их холыг харсан том “наймаа”-ны учир жанцантай.

Ардын засаг нийслэл хүрээнд мандсан цагаасаа зуун мянга хол давсан хятадуудтай “тэмцэл” хийсээр улс орны дотоод бодлогын үүднээс монголын худалдаа, эдийн засгийн зах зээлийг гартаа “барьсан” хятадын мөлжигч худалдаачдыг бага багаар шахан гаргасаар хуруу дарам цөөхөн хэдэн пүүс үлджээ. Юмны наад цаад учрыг ухаж ойлгох ухаанаар хомс залуухан жанжин явахадаа хятадын томоохон пүүсүүдийн эрх ашигт санаандгүй туслаж явсанаа эргэж бодохоор төрийн бүх л суудлыг эзэгнэсэн өрлөг жанжин Чойбалсан хааяа духны хөлс нь чийхрах шиг болдог.

Юу ч хийж, юуг ч түйвээхээс буцахгүй ойворгон сагсуу зантай залуу явсанЧойбалсан багаасаа л дүрсгүй хүүхэд байсан билээ. Өргөж авсан хоёр ч айл нь хүмүүжүүлж дийлэхгүй эх Хорлоод нь эргүүлж өгсөн боловч аанай л сайн нэрийг дуулсангүй. Сүм хийдээр бадарчлан тэнүүчилж явсан дагуур гаралтай эцэг Жамц нь түүнд лам багшаа гуйж, Дугар гэдэг нэр хайрлуулсан бөгөөд Санбээсийн хүрээнд шавилан суухадаа Чойбалсан гэдэг сахилын нэр хүртсэн сахилгагүй хүүг “Оодогийн чоно” хочилдог байж. Зүгээр сууна гэж байхгүй өрөмний өт шиг гозолзсон хүү зовсон хүн жаргадаг, зоолсон нохой таргалдаг гэж сонссон Богдын хүрээг зорьж, ойр дотно нөхөрлөдөг хоёр бандийг уруу татан, аян жингийн зам даган оргон явсанаас хойш төрсөн эхтэйгээ уулзах завшаан дахин олдоогүй юм.

Өөрөө хичээвэл ямар ч ном эрдмийг сурч мэдэх сэргэлэн толгойтой тэнэмэл хүүг сайн муу нэрээрээ олонд цуутай зүүн хүрээний лам Бодоо ивээлдээ авсан нь ирээдүйн замыг нь “гийгүүлж” өгсөн билээ. Сайн хүний дэмэнд тэр үеийн хүрээний гангачуулын өмсдөг хамаг өнгөтэй өөдтэйг өмсөж зүүсэн, царай зүс нь толь шиг гялалзсан Чойбалсан хүрээний сайхан хүүхнүүдийн нэг Бортолгойтой танилцсан цагаасаа түүнээс хагацаж салж чадахаа болив. Түүнээс хэдэн насаар эгчмэд Бортолгой бол юм юмыг үзэж, хүрээний дээдчүүлийг Богдын донироос нь эхлээд Богд хаант монгол улсын Дотоод Яамны сайдыг нь хүртэл “гүйцээчихсэн” хүрээний алдартай хүүхнүүдийн нэг.

Баян данжаадуудаас авахуулаад орос, буриад худалдаачидтай ч учир ургуулж явсан гэгдэх Бортолгой ямар ч эр хүний харцыг булаах эм хүний ялдам увьдас шингээсэн үзэсгэлэнт бүсгүй ажээ. Түүний эцэг Богд хааны агтны даамал байсан төдийгүй үйлэнд уран Бортолгой нэг хэсэг хааны ордонд үйл урлаж, бурхны зээгт наамал шаглан явахадаа дээдэс ноёдтой танилцаж, үйлэнд урнаас гадна үг хэлэнд цэцэн нь ч тодорч, амраглан янаглах эрсийн сэтгэлийг аль ч талаараа татах болсон юм. Өөрийн үзэсгэлэнтэй төрсөн бие, царайлаг сайхандаа эрдсэн Бортолгой торгон дээл, хоргой уужаа солих шиг эрчүүдийг нэг дураараа сольж явсан нь саяхны хэрэг боловч хувьсгалын дараа жанжин болсон Чойбалсангийн “хүчирхэг” гараас гарч мултарч чадахгүй нэг гэрт толгой холбожээ.

Хүнтэй нийц муутай, жаахан зожигдуу, түргэн ууртай, өсөрхүү зантай Чойбалсанг чухамхүү Бортолгой л торго шиг зөөлөн аалиараа илбэдэж, тогос шиг гоё үзэсгэлэн гоогоороо мансууруулж, тогоруу шиг цэмцгэр алхаагаараа үлгэрлэж, товч тодорхой үгээрээ сургаж, “томоожуулсан”-ы хүчинд “Бодоогийн хэрэг”-т холбогдож, баруунтан хэмээн “боорлуулж” явсан түүнд хань болж, халамжилж асарч явсан юм. Нам төрийн удирдах албанаас зайлуулагдаж, архинд орж, агсам согтуу авирлаж, аль ч үгүй болон замарч, ёстой нохой тоож хуцахгүй явахад нь Бортолгой түүнийг гутамшгийн шавраас өмгөөлж хамгаалж явсан билээ.

“Лхүмбийн хэрэг”-т дуудагдан Москва явахынхаа өмнө Чойбалсан нулимсаа нууж чадалгүй түүнийг чанга тэврэн уйлахад Бортолгой түүний халимаг үсийг савхан хуруугаараа зөөлөн илж, залуугаараа үрчлээ суусан өргөн духанд нь нүүрээ наан “Алс хол аян замд явах хүн уйлдаггүй юм. Тэгээд ч чи бууны амнаас бултах аргагүй ширүүн амьдралд үхэхээс бусдыг үзсэн “том” эр хүн шүү дээ. Миний амраг санаа бүү зов. Дулам Даханд чамайг үзүүлсэн. Аян зам чинь өлзийтэйгээр барахгүй олз омог дүүрэн ирнэ гэж айлдсан” гэж тайтгаруулан хэлжээ. Жил орчим эсэргүү хэргээр” Орост байсан Чойбалсан дараа жил нь ирэхэдээ үнэхээр “олз омог” дүүрэн ирсэн билээ. Дамбадорж, Жадамбаа нар шиг тэр чигтээ сураггүй алга болсонгүй. Харин албан тушаал дэвшиж, ерөнхий сайдын орлогч боллоо.

Түүнд оросоос бэлгэнд ирсэн шив шинэхэн суудлын машинууд шил толио гялалзуулан хотын гудамжаар жагсан явах нь хэн хүний анхаарлыг татаж, таван хошуутай даавуун цүнх үүрсэн, улаан бүч зүүсэн багачууд гар даллан дагаж хашгиран гүйлджээ. Эхнэртээ чемодан дүүрэн бэлэгтэй ирсэн Чойбалсанг Бортолгой нулимс дуслуулан хайрын нүдээр баясан угтлаа. Амраг хос хоёр өдөр орноос босолгүй, янаглан тэврэлдэж, хуурай дарс уун, амттан шимттэн зооглож, хорвоогийн жаргалыг цэнгэн эдлэв. Гурав дахь өдрийн өглөө ажлаа хүлээж авна гээд Гэндэн сайдтай уулзахаар явсан Чойбалсан орой нь ирсэнгүй. Бортолгой түүнийг засгийн газрын гишүүдтэйгээ “дарвиж” яваад ирсэнгүй гэж бодоод уужуу сэтгэлээр тоосонгүй өнгөрлөө. Гэвч Чойбалсан сураг чимээгүй гурван хоног гэртээ ирсэнгүй.

Ямар нэгэн асуудал болоход Бортолгой хэзээ ч Чойбалсангийн ажлын газар очдоггүй заншилтай. Өнөө орой гэртээ ирэхгүй бол засгийн газрын ордны жижүүр дээр очиж асууя гэж бодож байтал гэмгүй царай гарган инээмсэглэсэн Чойбалсан ажилдаа авч явсан ширэн цүнхээ барьсаар орж иржээ. Түүний хоосон шахам цүнхийг шүүрэн авч сандал дээр тавьсан Бортолгой гурав хоногийн өмнө Чойбалсанг унтаж байхад эмэгтэй хүний сониуч зангаараа цүнхэн дотор юу байгааг шалгаж үзсэн юм. Нэжгээд шилтэй шампаньск, эмэгтэй хүний өдөн цагаан малгай, улаан пансан алчуур, сувдан ээмэг, мөнгөн бөгж, гадсан өсгийтэй гоёлын хар шаахай, дээлийн торго байсан нь цөм алга болжээ. Хэдийгээр Бортолгой Чойбалсан хоёр нэг гэрт амьдардаг эхнэр нөхөр боловч хоёр жилийн өмнөөс Бөмбөгөр ногооны дуучин Дэвээ хэмээх дөрвөд бүсгүйтэй Чойбалсан нууц амраглан эр эмийн холбоотой болсон билээ.

Ухаалаг, тогтуун зантай Бортолгой үүнийг мэдэж байсан боловч огт юм хэлдэггүй байсан юм. Түүнийг хөөгөөд явуулчихаж болох байсан ч тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбосон эр нөхрөө гэж бодоод мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлнэ. Эв таарвал эмс хүүхнээс буцдаггүй Чойбалсангийн эл сул занг сайн мэдэх болсон Бортолгой томилолтоор явлаа гээд хааяа олон хоногоор гэнэтхэн алга болчихдог Чойбалсанг сэжиглэнгүй харцаар харахад хүүхэд шиг гөлөгнөн уруу харах Чойбалсан үг хэлж чадахгүй сандрах нь ихэд өрөвдөлтэй бөгөөд тэрхүү хүлцэнгүй ноомой зан нь цээжинд ассан хамаг уур хилэнг гаргаад хаячихдаг аж. Бортолгойг юу гэж хэлэх бол гэхээс зүрхшин эмээх мэт түүний эв хавгүй хөдөлгөөнийг хараад Бортолгой дорхиноо зөөлөрч, өхөөрдөөд толгойгий нь ч илмээр, элгэндээ наалдуулаад бяц тэвэрчихмээр ч юм шиг өхөөрдөл төрнө.

Буруу зүйл хийсэн нь Чой илт андашгүй. Бортолгой түүнийг чингэж авгайлж, хүндэлж хайрлаж дуудана л даа. Гарч түлээ мод хагалаад, ус зөөж, усны дөрвөлжин том саваа цэлэлзтэл дүүргээд, хоол унд хийж урд өмнө орж гүйгээд… Бортолгойг ороо засах гэхэд нь би засъя гэж өмнүүр нь ороод… гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр орох байх газраа олж ядах нь инээдтэй. Харин яван очиж Чойбалсан түүний үгийг сайн хүлээж авна. Ямар ч “хэрэг” тариад ирсэн, зөрж уурлахгүй, Бортолгойн хэлэх үгийг эхнээс нь дуустал чихээ дэлдийлгэн сонсдог. Цэл залуу насандаа эхээсээ хагацсан Чойбалсан өөрөөсөө хэдэн насаар эгч Бортолгойн гэрт анх орж ирэхдээ төөрсөн эгчийндээ ирсэн мэт сэтгэгдэл анх төрсөн гэдэг. Янаг амрагийн явдалд гаргуун Бортолгой түүнд хорвоогийн жаргал гэж юу болохыг анх заасан болохоор заримдаа Чойбалсан түүний үнэнч дуулгавартай шавь шиг санагддаг.

Эр өсөж, эсгий сунана гэдгээр “хуурай” ах Бодоогийнхоо хувьсгалт нууц бүлгэмд явж, ардын хувьсгалын тулгын чулууг тавихад анхнаас нь гардан оролцсон Чойбалсан ардын засгийн эхний өдрөөс том албан тушаалд томилогдсон нэгэн асан. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг тул Бүх цэргийн жанжин, Улсын бага хурлын дарга явсан Чойбалсан зүүнтний үед “баруунтан” гэгдэн намын гишүүнээсээ хөөгдөж, ажил албагүй гудамжинд гиюүрэн, архи дарстай нөхөрлөж явсан нь саяхан. Тэр үедээ л “гудамж” хэсэж, хятад хоолны газруудын архины ширээ дамжин явахадаа Дэвээтэй танилцсан ажээ. Тувад элчин сайд байсан Догмид гуай л баруун хзгаараар ажлаар явахдаа цээлхэн хоолойтой дуучин охиныг олж, Улаанбаатар хотод дагуулж ирсэн гэдэг. Урлагийн тайзан дээр хөлөө олж, “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Нансалмаад, Юндэнд тоглосон Хараагийн Баатар ван Наваан-Юндэнтэй хамтран дуулж, олонд нэр алдар нь цууриатаж байсан хөдөөний шавилхан бүсгүй нэг мэдэхэд хотын “томчууд”-ын хараанаас мултарсангүй.

Чойбалсан түүнтэй эр эмийн харьцаатай болохоос өмнө хэд хэдэн эрийн гар “дамжаад” амжчихсан байжээ. Аман дээрээ ил гаргаж хэлэхгүй ч гэсэн Чойбалсан нилээн “хартай” эр. Дэвээтэй муудалцангуутаа бүр хэдэн сараар уулзахгүй зугатана. Тэр хооронд эхнэр Бортолгойтойгоо хагацаж салж чадахгүй тэврэлдэн явсанаа Бортолгойгийн тухай олны дунд түгсэн дуугаар улбаалан мөнөөхөн харын үүл цээжинд нь огшиход хэл сураггүй гарч алга болоходоо Дэвээг олж уулзаад, Дашийн гуанзны арын нууцхан зассан өрөөнд үнсэж үлгээд хэвтэж чадах л даа… Тэр л зангаараа Чойбалсан Бортолгойтой хамт оронд хэвтэх зуураа “Намайг байхгүйд энэ орон дээр хэн нэгэн зочин ирээгүй биз? Бүтэн жил чи намайг хүлээгээд өөр эртэй учраагүй гэвэл миний сонссон бүх үлгэрээс хамгийн үнэмшил муутай нь тэр болно” гэж тунирхуу мөртлөө өдсөн шинжтэй хэлэв. Уул нь тэр ингэж Бортолгойтой хэгжүүхэж ярих хүн биш сэн…

Хэзээ язааны хэлэмгий доломгой Бортолгой сав хоосон буцаасангүй. “Чамайг Мускаад шар үстэй хүүхэн тэврээд хэвтэж байхад чиний төлөө санаа зовниод унтаж ч чадахгүй элий балай юм явлаа. Чиний хойноос цаг үргэлж залбирч, бурхан шүтээндээ даатган, өч төчнөөн ном уншуулж, аврал ерөөл хуруулсан. Өргөл барьцанд хамаг олигтой ээмэг бөгжөө ч тавьсан. Энэ бүхнийг чиний төлөө хийж байгаа гэж бодохоос ээжээс минь надад ганц үлдсэн алтан бөлзгөндөө ч харамсаагүй юм шүү. Тэгэхэд чи юу гэнээ?… Намайг тэнэг гэж бодоо юу?… Дэвээтэй уулзаад ирсэнийг чинь би мэдэж байна. Дэвээ чамд хань болохгүй. Энэ байдлаар чамд доромжлуулаад явбал би ч бас удаан хүлцэхгүй. Чи алба тушаал нэр нүүрээ бодох хэрэгтэй. Нас чинь дөч хүрлээ. Чи бид хоёр ханилж суугаад арван хэдэн жил болсон боловч үрийн зулай үнэрлэсэнгүй. Үүнд чи харуусаж бухимдаж явдагыг чинь би сайн мэднэ. Дэвээтэй “яваад” ч хүүхэдтэй болсонгүй… Уучлаарай, Чой минь, муу нуухаар сайн илчил гэдэг. Хэлтэй амтай ч гэсэн би чамд олон юм ярьдаггүй байсан. Би чиний эхнэр гэхээсээ эгч шиг чинь чамд ханддаг. Чамайг би төрсөн дүү шигээ бодон хайрлаж, халамжилж өдий хүрлээ. Чамд би дэндүү дассанаа мэднэ. Туулай шиг нүдээ бүлтэгнүүлэн, намайг аргадахыг хүссэн арчаа муутай харцнаас чинь намайг хайрладаг, намайг гэсэн сэтгэл гэрэлтэхийг мэдрээд хайр минь хүрдэг. Эгчийнхээ үгийг сонсож байгаа мэт миний хэлсэн ярьсанаас зөрдөггүйд чинь би чамд хайртай. Гэхэдээ чи маш туйлбаргүй зантай хүн. Нэгийг үзэж урваж, нөгөөг харж шарвадаг. Чамайг би залуу хүүхнүүдийн хойноос гүйхэд хориглохгүй ээ… Би өөрийнхөө өтөлж хөгширч байгааг ойлгож байна. Нам төрийн том албан тушаалтай чам шиг хүнд над шиг хуучны үзэлтэй, бурхан шашинд хэт итгэсэн, мухар сүсэгтэй хоцрогдсон хүн огт таарахгүй. Дэвээ шиг хэнийг ч дагаад гүйх хүүхэн ч хэрэггүй. Харин чамд төлөв даруухан, хүний хань болж чадах энгийн зөөлөн бүсгүй таарна. Чамайг хүсвэл би тийм бүсгүйтэй танилцуулж өгч чадна. Би чамайг албадахгүй. Чи өөрөө л шийд. Цаг үеээ сайтар тунгаан бод. Дотроо бодолтой, дороо суурьтай явахгүй бол цаг төр зэвүүн болж байна… Чамайг хойноос эсэн мэнд эргээд ирэхэд би хичнээн баярласан билээ. Үгээр хэлэхийн аргагүй. Чи тэнд жаргал хөөж яваад ирээгүй. Амь нас чинь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж яваад ирсэнийг би чиний яагаа ч үгүй буурал орж буй толгойг чинь хараад мэдэрсэн… Надаас салъя гэж чи бодохгүй байгаа. Гэсэн ч цаг үедээ зохицож амьдрах шаардлагатай. Над шиг Богдын ордонд ажиллаж байсан, хуучны пийдал ноёд, лам хуврагуудтай сүлбээтэй хүн хэзээ нэгэн цагт чиний толгойг залгих болно. Чи ингэж бодлоо ч надаас түрүүлэн зориг гарган шийдэж чадахгүй гэдгийг чинь би сайн мэдэж байна. Гэр орноороо дүүрэн бурхны хөрөг дэлгэж, шоголтой ном тахисан, арц хүж үнэртүүлж, зул асаасан айл гэр нэгэн цагт чиний толгойг цустана. Чи надаас хол яв. Тэгж чадвал чиний толгой мөрөн дээрээ бүтэн явна шүү дээ. Би чамайг хайрласандаа, чиний ирээдүй гэрэл цогтой асаасай гэсэндээ ингэж хэллээ. Чи жирийн нэгэн иргэн байсан бол уул нь хамаагүй дээр байсан юм. Гэтэл чи хувьсгалт үйл хэргийг гардан эхлүүлсэн партизан хүн, улс орондоо нэр нь түгсэн жанжин хүн шүү дээ. Чиний үлгэр дууриаллаар замнасан пионерийн гишүүд, залуучуудын эвлэл, намын олон мянган гишүүд чамайг чих тавин хүлээж байна. Тийм болохоор чамд алдах эрх байхгүй. Иймд чи дороо суурьтай дотроо бодолдоо явж, амьд мэндээ надад дуулгаж явбал болоо доо. Би ямар чамаас саллаа гээд энэ хот хүрээнээс гараад явчих биш. Цайныхаа дээжийг чамдаа өргөөд хөрөг зургыг чинь хоймортоо шүтээд явах болно” гэж өгүүлэхэд бодлогшрон хэвтсэн Чойбалсан хар цагаан үггүй тооно гөлрөн хэвтсэнээ уртаар санаа алдан папиросоо амандаа зуулаа.

Чойбалсангийн хувьд шийдвэр гаргахад хэцүү байлаа. Залуу зандан насандаа учирсан ээж шиг нь халамж хайртай эгчмэд эхнэрээсээ салаад явах амар байгаагүй. Тэр түүнд хайртай байсан. Хэрэв үр хүүхэд гаргаж өгсөн бол гар дээрээ өргөөд газрын холыг туулахад ч бэлэн байсан. Түүний өтөлж байгааг гагцхүү тэр л тог мэдэж байжээ. Хорин хэдэн жилийн өмнөх шигээ эрчүүдийн шүлсийг гоожуулж, амыг нь ангайлгасан тэр гоо сайхан бүсгүй биш болж байгаа ч гэсэн байгалиас заяасан үзэсгэлэнт царай төрх нь гутлаа чирсэн хүүхнүүдийн дэргэд гунхсан сайхан нь хэвээр л байна. Гэвч түүнд Чойбалсанг “ороож” мэдэх олон таагүй намтар бий. Үүнээс болгоомжлох хэрэгтэй бус уу?… Хэрэг дээрээ Чойбалсан бол үг дуу цөөнтэй хүн. Ганцхан Бортолгойтой ярилцахаараа амаа цангатал “бурж” чадна. Хүүхэд ахуй цагийн дүрсгүй явдлууд, аавынх нь шарил дээр ээж нь нэг удаа дагуулан очиж, мөргүүлж байсанаас авахуулаад Эрхүү хотод сурч байсан хийгээд Баруун замын байлдаан, Бодоогийн хэрэгт байцаагдаж баривчлагдсан бүхий л түүхээ түүнтэй ярьдаг байлаа. Тэр зөвхөн Бортолгойд итгэж бодлогогүй үгээ цацдаг байсан. Тэр Бортолгойд л өөрийнхөө зовлон гунигийг ярьж, сэтгэлээ онгойлгоно. Дэвээд бол үнэнээ ярина гэж гонж. Хөнгөн хиймхий Дэвээ түүний ярьсаныг ам алдан хэн нэгэнд дамжуулахаасаа сийхгүй.

Тэгэх л ёстой юм шиг Бортолгой толгой дохиж, ийм л хувь заяагаар учирсан үйлийн үргүй эр эм мэт Чойбалсантай илэн далангүй дотроосоо ярилцана. Чойбалсанд Бортолгой өөрийнхөө үзэж өнгөрүүлсэнийг ялгаагүй зогсоо зайгүй ярьдаг байлаа. Дэчин Галбын хийдээс эхлээд, Богдын агтны даамал адуучин аав, Богд хааны ордны амьдрал, ихэс дээдсүүдийн хүлээн авалт, эхнэр хүүхдүүдийнх нь хов жив, гамингийн үед тэр тэгж урвасан, Бароны үед тэр тэгж зугтаасан, ардын засгийг хэн хэрхэн хүлээж авсан, лам болон баяд ноёдын хөрөнгийг хураахад, хэн гомдсон, хэн баярласан гээд хүрээнд болсон сүүлийн хорь гучин жилийн түүхийг нүдэнд үзэгдэхээр ярьдаг байсан юм. Бортолгой хэрсүү зангаараа хэнтэй ярьж байгаа мэдэх тул зарим нэг төр улсад гай болж мэдэх зүйлийг тас нууна. Чойбалсан түүний яриаг шимтэн сонсоходоо огт дуугарахгүй ч яриагаа таслахад нь “тэгээд ярь л даа, дахиад цааш нь үргэлжлүүлээч” гэж хааяа шавдуулна.

Хот хүрээний нөлөөтэй хамаг хүмүүсийг хар шаргүй таньдаг, улааны чухал албаны хүмүүстэй ч ойр дотно харилцдагын хувьд Бортолгойд сонсож мэдээгүй, үзэж дуулаагүй юм гэж огт байхгүй. Түүнээс сонсож мэдсэн нь нэгэн цагт Чойбалсанд “тус” болсон ч юмуу, эсвэл түүний цаашдын үйл ажиллагаанд нэмэр болсоныг Бортолгой яахин мэдэх билээ. Олон танилтай хүрээний цуутай хүүхэн Бортолгой санамсаргүйгээр Чойбалсанд эрж хайсан хэрэгтэй “мэдээлэллийг” нь олж дамжуулдаг байсан ч юм билүү, хэн мэдлээ… Чойбалсан чанасан мах, гурилтай хоолонд нугасгүй. Бортолгойг дагаж хятад хоолны газраар ороходоо хятад хоол унданд шунахаасаа илүү миглүү, ганзайг илүүтэй сонирхоно. Хүрээний баян данжаад нарыг хэдийнээс сайн мэдэх Бортолгой зальтай хөгшин луухан нарын наймааны ашиг сонирхолд Чойбалсанг нэг бус удаа түлхэж орхисон удаатай. Түүнийг Мал тариалангийн яамны сайд байхад Жанчхүүгээс авчирсан хэдэн “пикап” машиныг Чойбалсангаар зуучлуулан Монголтранст “шахаж” Бортолгой гайгүй ашиг дундаас нь унагааж чадсан юм. Феодалуудын хөрөнгө хураах комиссийн дарга байх үед нь эхнэр хүний толгойн чимэг, мөнгөн эмээл, шүр сувдан эдлэлүүд, сүм хийдүүдээс хураасан алт мөнгөн бурхан тахил зэргийг хятадын худалдааны байгууллагад зарах хэлэлцээ хийхэд Бортолгой Чойбалсанд нөлөөлж чадсан билээ.

Сүйхээлэг бүсгүй нөхрийнхөө нэр хүндийг ашигласаныхаа ачаар хятадын худалдааны пүүсүүдээс зохих хэмжээний урамшуулал хүртэж, Ногоон нуур дахь хашаа байшингаа шинэчлэн тохижуулж, хуй хуйгаар нь “бэлэглэсэн” торго дурданг хөдөө аваачин зарж, хэдэн мал болгосоны хүчинд өвөлдөө идшээр дутахгүй, зундаа сард хоёр гурван хонь ямааны шинэ мах идэж, маханд дуртай Чойбалсанг амы нь тосдоно. Жанчхүүд байдаг худалдааны төлөөлөгчийн газар зайтай бүсгүй танил талаа суулгаж дөнгөсөн тул ховор барааны эрэл болсон хотын гангачуулыг араасаа ханаруулна. Орос дэлгүүрийн нарийн нандин барааг Чойбалсангийн нүүрээр олж, танилууддаа борлуулна.

Ер нь хот хүрээний наймааны торгон “судсыг” олсон эмэгтэй л дээ. Төрийн ажил хийсэн хүн л мөнгө төгрөгний бараа харахаас ажилгүйчүүд бол бараа солилцооны замаар л өөрсдийн хэрэгцээг олно. Энэ “зам”-ын уулзварын түлхүүрийг “олсон” Бортолгой, үнэт эдлэл, малын наймаагаар амьжиргаагаа авч явна. Хотын нэртэй ганган хүүхэнд мөнгөний хэрэгцээ ямагт гарах тул ажилгүй болоод нэг хэсэг гэртээ таг суусан Чойбалсангаас юу горьдох билээ, Бортолгой л хамаг ухаанаа уралдуулж гэр орноо тэжээнэ. Чойбалсан бол наймаа худалдааг сонирхдоггүй бүр үзэн яддаг хүн билээ. Тэгэхэдээ л залуу хөөрүүдүү хүн болохоор нар шиг гэрэлтсэн эхнэрийнхээ сүрэнд навс дарагдахгүйн тулд нүдээ бүлтэртэл гоёж гоодоноо. Олсоныхоо хирээр үрж сурсан Бортолгой ядарсан зовсон улсад гар татдаггүй. Хэзээний гар султай хүн болохоор бүтэн хонины махныг бүтнээр нь идэх нь ховор. Ойр хавийн таньдаг улсад шинэ малын мах гээд тараагаад өгөх бол юу ч биш. Олсон цуглуулсан юм байхгүй Чойбалсан “чи дэндүү өглөгч юм аа” гэхэд олзыг олуулаа гэдэг дээ гэж түүний амыг таглана.

…Бортолгойгийн тийнхүү хамтран амьдрахаасаа татгалзах санал гаргасанаас хойш Чойбалсан байнга бодолд дарагдаж явах болжээ. Үнэнийг өчихөд “Лхүмбийн хэрэг”-т буудуулчихалгүй салж, Сталины зусланд түүнтэй хэдэн өдөр ярилцаж, заавар зөвөлгөө авахдаа Чойбалсан өөрийг нь тавьж явуулах нь гэхэд нэг л итгэж өгөхгүй байсан аж. Цэрэг кителнээс салдаггүй Сталин тэр өдөр сүлжмэл ноосон цамц өмсөж, хөнгөн сийрсэн бүрх малгай духдуулсан нь харахад сүрдэм дүрэээсээ хамаагүй өөр харагдаж билээ. Намрын шар нар ойн чөлөөгөөр тусаж, мододын мөчирт суусан болжморууд коминтерны хуралд ирсэн коммунистууд шиг “чуул”-на. Байшингийн дээврээс салбарлаж барьсан шилэн гонхны задгай талаас салхи үлээж, Сталины том мойног хуруугаараа гаансны толгойдоо чихэх гэсэн гойд сонин хурц үнэртэй хөвсгөр хүрэн тамхийг хийсгэн одоход Сталин сурсан зангаараа хараал тавьж, “Чөтгөр авмаар салхи чамайг даа. Хайран голланд тамхийг минь газрын нэг хийсгэчихлээ. Үүнийг олох гэж би тагнуулчдаа германы сөрөг тагнуулын аюул дундуур Амстердам явуулдаг юм шүү дээ.” гэж тэрүүхэн хооронд бухимдаад авав.

Их гүрний удирдан жолоодогч, юмны эзэн сумны занги гэсэндээ өтгөн хөмсөг, өтгөн хүрэн сахалтай Сталин гаднын зочид гийчдийг хүлээж авахын тулд хоёр давхар сүрлэг байшин бариулжээ. Чойбалсанг хүндэтгэж бэлтгэсэн ширээн дээр грек самар, турк хушга, итали ром дарс, болгар усан үзэм, испани өргөст хэмх, франц шампанье гээд энэ дэлхийн бүх л жимс ногоо, архи дарс өрөөстэй. Түүний “гар” ертөнцийн хаана ч хүрч чадахыг ойлгоод Чойбалсан айх шиг болов. Сталин өмнөх хундагатай дарсаа бага багаар шимж уух завсар яригаа үргэлжлүүлнэ. “Нөхөр Чойбалсан та бол Монголын хувьсгалын түүхт жолоодогч нарын нэг. Улаан армийн анхны сургасан цэргийн мэргэжилтэн. Тийм болохоор танд монголын ард түмний хайр энхрийллийг хүртэх их боломж бий. Энэ бол зөвхөн таны тууштай үйл ажиллагаа, шударга үнэнч байдлаас шууд хамаарна. Марксизм ленинизмын замыг сонгосон танай засгийн газар, малчин ардуудын хамтын ялалтанд хүргэх үүргийг би танд хувиасаа өгч байгаа юм биш, зөвлөлтийн ард түмэн, коммунист нам, дэлхийн хөдөлмөрчдийг удирдан зохион байгуулагч их хүчин коминтерны зүгээс танд өгч байгаа маш хариуцлагатай даалгавар. Хазгар Гэндэнгийн засгийн газар ангийн дайсан хар шар феодалуудтай хийх хувьсгалт тэмцлээс ухарч байна.

Энэ бол туйлын хариуцлагагүй, намч биш хувьсгалын үйл хэргээс урвасан ажил гэсэн үг. Ухаандаа миний зүгээс үүнийг тун урагшгүй явдал гэж шууд хэлнэ. Энэ бол урван тэрслэлт. Дэлхийн хөдөлмөрчдийн эрх ашигт халдсан хорлон дайсагнасан, японы милистаристуудыг өөгшүүлсэн бүдүүлэг алдаа. Танай улстай японы булаан эзлэгчид хиллэж байна. Японы тагнуулын хувьсгалын эсэргүү нууц бүлгүүд монголд чөлөөтэй ажиллаж байна. Танай нам засгийн удирдагчид лам нартай хийх тэмцлийг зогсоосон нь японы эзэрхэг нартай хуйвалдаж байгаагийн нэг хэлбэр. Үүнийг таслан зогсоохын тулд зөвлөлт засгийн газраас та нарт бүх талын тусламж дэмжлэг өгнө. Дотоодыг хамгаалах ардын комиссаратын газар тодруулж хэлбэл нөхөр Фриновскийд би хувьсгалын эсэргүү японы тагнуулуудтай хайр найргүй тэмцэх дэс дараатай явуулах үйл ажиллагааны зааврыг яаралтай гаргахыг тушаасан. Таны намтар монголын ард түмэнд таалагдана гэж бодож байна. Их жанжин Сүхбаатартай хамт хувьсгалыг удирдан ялалтанд хүргэсэн журмын нөхөр болохоор таны талд монголын ард түмэн зогсох болно гэдэг бүрэн итгэлтэй байгаа шүү. Гэндэнг удахгүй “эмчилгээнд” дуудана. Таны төр засгийн өндөрлөгийг эзлэх замд хэн ч саад хийх ёсгүй. Хэрэгтэй гэж үзвэл бид Дэмидийг ч замаасаа зайлуулж болно. Та үүнд итгэлтэй байх хэрэгтэй. Таны өмнөөс хуруугаа чичсэн хэнийг ч болов бид залхаан цээрлүүлнэ. Социализмыг бүх дэлхийд түгээж, коммунизмын бүрэн ялалтанд хүрэхийн тулд бид замдаа хөндөлссөн хэнийг ч гэсэн буудан алах болно. Та эхлээд Фриновскийтэй хамт манай боловсруулсан төлөвлөгөөг сайн судалж, хойшид хийх ажлаа урьдчилж шийд. Шинэ он гаргаад хаврын эхэн сард та нутаг буцах байх. Тэр хооронд Дотоод яамны мэргэлжилтнүүдтэй туршлага солилцож, “Лумбын” \ Лхүмбэ гэх гэсэн бололтой \ билүү буриад нартай холбоотой хэргээр байцаагдаж байгаа “садан төрлийн” хүмүүсдээ “орос”-оор ярихад тусла. Танд би маш том итгэл тавьж байна. Танд ч бас маш том ирээдүй харагдаж байна. Эхний удаа Гэндэнгийн туслах бол. Дараа жилээс танай улсын төсөвд хэдэн зуун мянган рубль суулгаж өгнө. Тэр цагт Дотоодыг хамгаалах ерөнхий газраа томсгож, Дотоод яам болго. Та мэдээж сайд болно. Гэндэнгийн дараа Амарыг түр тавьж байгаад дараа нь таныг тэр суудалд хүндэтгэлтэйгээр зална. Дэмидийг тонилгочихвол та маршал болно шүү дээ. Том боломж шүү. Цэргийн яамыг ч гэсэн та мэдэлдээ авна… Улс орны бүх мэдлийг гартаа авсан цагт чинь бид танд дараагийн саналаа тавих болно. Японы милитаристуудыг хөөж явуулаад Хятадыг чөлөөлөх нь чухал. Зургаан зуун сая хүн коммунизмын талд орно гэдэг чухал ялалт шүү. Дараа нь Солонгос, Вьетнам, Тайланд, Энэтхэг гээд азийн орнуудыг коммунизмын улаан тугийн дор нэгтгэж чадвал бид дэлхийн империализмыг булшлах аугаа их хүчтэй болж байгаа билээ. Магадгүй монгол үндэстэн нэгдэн нийлж нэг том улс болох ирээдүйн дүр зургыг төсөөлөөд үз дээ. Убур монгол, Кук нур, Синцзяны монголчуудыг та удирдаж болно шүү дээ… Синцзяньд гарсан хувьсгалт бослогыг бид дэмжиж байгаа. Танай улсаар дамжуулан тэдэнд буу зэвсэг сум хэрэглэл өгнө. Энэ ажлыг та л удирдан зохион байгуулна шүү дээ. Улс ардын аж ахуйг чинь өргөтгөн хөгжүүлэх талаар надад бас янз бүрийн санаа сүүлийн үед төрж л байна. Дэлхийн хувьсгалын тухай толгойгоо шаналгадаг надад танай жижигхээн монголын тухай санаа зовно гэдэг бол та нарт тохиож буй олдохгүй аз завшаан. Улаанбаатарыг аж үйлдвэрийн хот болгож болноо. Монголд төмөр зам тавьж бид чадна… Москвагаас Улаанбаатар хүртэл та галт тэргээр явна гэж бодоод үз дээ. Зүүдийг үнэн бодитоор амьдралд хэрэгжүүлж болдог юм. Москвагийн метрог харж байгаа биз дээ. Энэ бол социалист бүтээн байгуулалтын дөнгөж эхлэл… Зөвлөлийн оронтой найрамдан хамтран ажилласанаараа танай улсад үйлдвэржин хөгжих үүд хаалга чөлөөтэй нээгдэнэ… Монгол одоо хорин сая малтай байна уу?… үүнийг хоёр зуун сая болгож болох бус уу? Малын түүхий эдийг чинь бид аваад оронд нь танайд машин, трактор өгнө. Морин өртөөг машинаар хал. Өргөн уудам нутагтаа тариа тарь… Энэ “эрх”-ийг олж авахын тулд танай улс дотоодын “дайснууд”-тайгаа эвлэршгүй хатуу тэмцэл явуулах ёстой. Хувьсгалын эсэргүүчүүдийг хэрхэвч хайрлаж болохгүй. Шууд цохон дээр нь буудах хэрэгтэй…”

Чойбалсан Сталины яриаг сонсоод балмагджээ. Зөвхөн Халх Монгол бус бүх монгол үндэстний нэгдсэн улс болбол уу?… Тэгээд би тэдний удирдагч болно гэдэг сайхан хэрэг ээ. Өвөр монгол, Хөх нуур, Шинжааны монголчуудыг нэгтгэнэ гэв үү?… Туваг яах юм бол? Бидэнд өгөх үү?… Буриадууд бас байна. Элбэгдорж Ринчино анх ийм бодолтой монголд ирж байсан. Түүний энэ бодлыг хэн ч ойлгож, хүлээж аваагүй тул Бодоо, Данзан нар хамгийн түрүүнд буудуулсан. Жамсрангийн Цэвээн баавай ч иймэрхүү юм яриад Дамбадорж, Жадамбаа нарыг нэлээн үймүүлсэн. “Хөдөөнийхөн” гэгдэх зүүнийхэн тэднийг “арчиж” хаяагүй бол “баруунтнууд” Манж-го улсын нөлөөгөөр япончуудтай нийлэх ч байсан юм уу?… Зүүнтний завхрал бас л тэднийг буруутгуулсан. Шижээ, Бадрах нар одоо оросын шоронд сууж байна. Гэндэн тэднээс мултарч үлдээд дураараа баахан дургилаа. Одоо цаг нь дуусаж байх шиг байна… Сталин намайг чулуу хөөлгөж байгаа юм биш биз. Эд хятадуудтай сөргөлцөх дургүй шүү дээ. Чан Кай Ши-тэй ч Мао-той ч энэ тэнцүүхэн харилцдаг. Бидний гараар могой бариулах гээд байна уу?… Зөвлөлтийн цэрэг монголын нутагт орж ирвэл хоёр хятадын аль нь ч зөвшөөрөхгүй. Энэ зальтай чөтгөр юу л сэдэж байна даа гэж бодсон Чойбалсан Сталины нүүр рүү хальтхан харахад түүний Кавказ маягийн хянган хамар шонтойгоод үнэхээр уулын бүргэд мэт сүртэй харагджээ… Зоригтнууд л түүхийг бүтээдэг бус уу…

Нутаг руугаа буцах замдаа Чойбалсан галт тэргэн дотор хэдэн хоног бодолд автсаар явжээ. Анх оросод дуудагдаад явахадаа амьд үлдэхгүй дээ гэж айж явсан тэрээр монгол нутаг ойртох тусам тэс өөр хүн болж, ирээдүйд өөрийнх өсөн дэгжих зам Сталины тусламжтайгаар галт тэрэгний зам шиг толийж байгааг мэдрэх тусам өөртөө итгэлтэй болж, уруудаж явахад нь “архинд орсон” гэж адлаж байсан нөхөдтэй халуухан тооцоо хийчихмээр бодогдож байлаа. Яарахгүй бүх юмыг алгуур алгуураар төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг Сталины үг үнэн шүү. “Эзэн” хүн ямар байдагыг Сталин надад харууллаа. Ер би яагаад хүссэнээ хийж болдоггүй билээ? Их тэнгэрийн амны гэрүүдийн оронд хоёр давхар харш барьж болно шүү дээ. Зочин төлөөлөгч ирсэн ч Сталин шиг өргөөндөө хүлээж аваад… Үүнийг Бумцэнд гуайтай ярих хэрэгтэй юм байна. Юуны түрүүнд Налайх Улаанбаатарын хооронд цахилгаан станцын нүүрс зөөх нарийн төмөр зам байгуулах нь зөв дөө. Төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэх Их сургуультай болчихвол…

Бортолгойн тухай тэр бас бодсон. Залуу насандаа завхай явдалтай байсан түүнтэй эргээд амьдарна гэдэг утга учиргүй санагдсан. Үр хүүхэд ч гаргадаггүй түүнтэй хамт амьдарсан ч яалаа, салсан ч яалаа гэж бодлоо. Тэгж бодох бүр орчлон хорвоод өөрийг нь гэж явсан хамгийн эрхэм хүнээсээ хагацах нь нэг л санаанд бууж өгөхгүй байлаа. Харин ч ийн бодох тусам Бортолгой нүдэнд нь харагдаж, шанзны эгшгэнд хүрээ дуу аялах нь сонсогдох шиг болов. Өндөр гоолиг Бортолгой галт тэрэгний цонхоор өнгөрөх шонгийн мод шиг үе үе нүдэнд нь жирэлзэн харагдах шиг болж, түүнийг хичнээн их санасанаа мэдрэхээр түүний зүрхний чанадад зөөлөн аялгуу эх нутгийн салхины чимээ шиг эгшиглэнэ.

Эцэст нь түүний дуулдаг дууны үг санаанд орж “Арга ч үгүй амраг минь юм даа” гэж дотроо хайлан хайрлан бодлоо. Бортолгойтой амьдарсан арван хэдэн жилийн дотор тэр хоёр бие биендээ уусан нийлж, бие биенийгээ нүүрний бяцхан хувирал, харцны үл ялих өөрчлөлтөөр нь мэдэрдэг болсон юм. Самуун задгай явсан Бортолгой цагийн аясаар энгэр нь хумигдаж, Чойбалсан л биш бол өөр эр хүнд өврөө нээхээ больсон билээ. Тэр Чойбалсанг хүүхэд шиг арчилж, усанд оруулан угааж, нуруу биеийг нь илэн, шар усыг нь тарааж өгнө. Цэвэр цэмцгэр хувцас өмсүүлж, халимаг үсийг нь танил үсчин хятадыг авчирч засуулна. Урьд нь Их жасын тогооч байсан түвд ламаар амралтын өдөр хонины гуяны махаар амттай нарийн хоол хийлгүүлнэ.

Чойбалсангийн архинд тавьсан өрийг барагдуулж, уусаны маргааш нь шар тайлах “түргэн тусламж” болгож, Дашийн гуанзнаас ваартай архи авчруулна. Сэтгэл хөдөлсөн үедээ түүнтэй нийлж, хуалж уугаад, толгойгоо даахгүй унаад өгнө. Тэгээд согтож хөлчүүрхсэн Чойбалсанг өөрийн дээр гарсаныг мэдээд “Аяар л даа, хувцсаа тайлъя л даа. Хонгор минь, хүү минь, даашинз урчихлаа” гэж аальгүйтэнэ. Тэр хоёр хамт өнгөрүүлсэн он жилүүддээ бие биендээ мянгантаа “асч”, түмэнтээ эрхэлж, хайрын бал гэдгийг ханаж цадахаа мэдэхгүй бумантаа амссан буй заа. Эр эм болсон хойно хааяа муудана л даа. Санбээсийн сахилгагүй шарыг Бортолгой аргадахгүй бол цаадахь “эрхээрээ хатсан” нь хувцсаа өмсөөд гараад “дэвчихдэг” яггүй шийртэй.

Хүн юм чинь Бортолгой хааяа Чойбалсанд гомдож усан нүдэлнэ. Чойбалсан түүний уйлахыг үзэж чадахгүй, гүйж ирээд буруугаа хүлээж, уучлал өршөөл нэхнэ. Түүнийг цаашлуулан тийнхүү удтал “тарчлаасаны” эцэст Бортолгой дотроо инээд нь хүрэн түүнийг тайвшруулна. Чойбалсан Бортолгойн дэргэд байхадаа номхон томоотой, өршөөн нигүүсэгч, энэрэл халамжтай байж чаддаг. Заримдаа үйл оён суух Бортолгойн өвөр дээр толгойгоо тавиад гудсан дээр хэвтэнэ. Тооноор нисэх шувуудыг харж, тэртээд өнгөрсөн бага насаа дурсаж, ээжийнхээ хайрыг дутуу эдэлсэн жаалд чухам ээжийн оронд ээж болсон Бортолгой халамж анхаарал тавьж байгаа мэт санагдана. Хорвоо дутуугаа нөхөж амьдардаг гэмээр.

Чойбалсангийн амиа бодсон, хүнтэй дотно нөхөрлөж чаддаггүй шарвуур занг гэлтгүй түүний багаасаа сурсан олон муу дадал заншлыг Бортолгой өөрчилж чадсан юм. Хүнээс юм авахадаа гарын салаагаар авдаг муухай зангий нь хүртэл засаж чаджээ. Хамт архи уучихаад шөнө босоод данхтай хүйтэн цай ганцаараа гүд гүд залгилаад орондоо буаж ирэх түүнийг “Жанжин гуай, та ганцаараа биш шүү. Цэрэгтээ эхлээд өгөх ёстой доо” гэж Бортолгойг зэмлэнгүй аястай хэлэхэд Чойбалсан гэмээ ойлгож “Барон жанжин шиг юм болох нь ээ. Цэргээ орхиж ганцаараа зугатаж яваад Сундуй гүнтэй тааралдаж майханд нь нуугдаж байгаад улаан цэрэгт олзлогдсон азгүй хүн шүү дээ. Алив амаа ангайж бай” гээд данхтай цай авчраад цоргоор нь Бортолгойн ам руу цутгана…

Эхнэрийнх нь хэлсэн үг Чойбалсанд өөрийнх нь хэлж чадахгүй байгаа үгийг өмнөөс нь хэлэх мэт болжээ. Удахгүй “томрох” хүнд хөнгөн явдлаараа олон түмэнд танигдсан, Богдын шадар үйлчин байсан, гэрээрээ дүүрэн бурхан тахил өрөөстэй эхнэртэй байх хувьсгалт зарчимд нийцэхгүй байгааг тэр ойлгож байлаа. Бортолгой эхэлж ийм шийдвэр гаргасан болохоор Чойбалсангийн хувьд харамсалтай ч гэсэн эхнэрийнхээ үгийг дагах нь зөв санагдав. Орост жил шахам болоод ирсэнээсээ хойш Чойбалсанд гарсан “өөрчлөлт”-ийг Бортолгой ухаалаг зангаараа олж харсан ажээ. Архинд ёроолгүй сав байхаа больж. Хатуу архинаас гарсан бололтой шанпаньск, хуурай дарс л голдуу шимж уух болжээ. Сталины Чойбалсанд сургасан эцэгёсны сургаалын нэг нь энэ байх ч буюу.

Тэр эхнэрээ “солих” хэрэгтэй гэдэг бодолдоо одоо бат итгэв. Бортолгойгийн хэлдэгээр Дэвээ ч бас түүний санаанд хүрэхгүй байлаа. Театрын дуучинтай гэрлэнэ гэвэл түүний амьдрал тайзан дээр байгаа мэт түмний өмнө ил харагдахаар санагдана. Залуухан болохоос биш бие хаагаараа Бортолгойн дэргэд юу ч биш. Муур шиг тачаадан орилдогоороо илүү болохоос муруй хэлтэй хүүхнээр би яах вэ гэж бодлоо. Харин хэнийг сонгох вэ?… Хэд хоногийн дараа Бортолгой намхан нуруутай ч тун цэвэрхэн нэгэн залуухан бүсгүй дагуулан ирсэн нь Чойбалсангийн албан ёсны хоёр дахь эхнэр Гүндэгмаа байсан билээ.

…Тэр цагаас хойш дөрвөн ч жил өнгөрчээ. Эрх мэдлийн өндөрлөгт гарсан Чойбалсан өөртөө хэт итгэлтэй болж, санасан зүйлээ хэнд ч гэсэн ил шулуун хэлчихдэг болсон нь хүнд үгээ хэлж чаддаггүй сэтгэлдээ хадгалж, өөрөө дотроо нурж явдаг зангий нь ихэд өөрчилжээ. Эдийн шунал багатайЧойбалсан өөрт нь бэлэглэсэн өнчин ишгийг ч туслахаа дуудаад улсын санд тушаадаг нь түүний төрөлхийн зан ч байж мэднэ. Тэрээр авааль эхнэр Бортолгойгоос салахдаа түүнд хашаа байшин хамаг эд хогшлоо үлдээж өөрийн хувцастай чемоданаа, буу зэвсэгтэйгээ аваад гарчээ. Бортолгойд өмч болгож “Газ” машин хүртэл өгчээ. Хааяа түүнийг комиссараараа эргүүлж тойруулж, хэрэгтэй зүйлсээр тусална. Сүүлийн жил гаруй хугацаанд тухтай уулзаж амжаагүй тэд Дашийн гуанзанд даавуун хөшигтэй жижиг өрөөнд уулзлаа.

Ийш тийш хүн харан хулмалзсаар орж ирсэн Чойбалсан дугуй ширээний ард түүнийг хүлээн суух Бортолгойн гялалзсан хар нүдийг харсанаа ихэд цочив. Түүний царай турж эцсэн харагдах бөгөөд нүднийх нь зовхи дээгүүр хөх туяа татжээ… Энэ маань ядарч байгаа юм байна даа. Гэвч чамд “том цурхай” тусалж байдагыг бүү мартаарай гэж Чойбалсан жаргалтай цагийн үнэр шингээсэн Бортолгойг харан бодлоо.

-Сайн байна уу? Бие тэнхээ сайн уу?

-Сайн сайн. Таны алба ажил тавлаг уу?

-Та гээд яах вэ. Байдагаараа бай… Чамайг энд уулзъя гэхээр гайхлаа. Иймэрхүү газар уулзах миний хувьд таагүй байна шүү. Энд би орж ирмээргүй байсан ч чамайг яаралтай уулзъя гэхээр ямар нэгэн чухал хэрэг болж гээд яараад ирлээ.

-Надад чамтай яаралтай ярилцах тун чухал ажил гараад… Дугар Даханг хэдэн өдрийн өмнө бариад явлаа.

-Чамтай суусан түвд лам уу?

-Тийм дээ. “Ёнзон хамбын хэргээр” гээд буутай цэрэг ирээд машинд ачаад явсан…

-Тэгээд чи яалгамаар байна?

-Амьд мэнд гаргах арга байна уу?

-Бодож үзье. Түвд лам бол хэцүү л хэрэг. “Саж ламын хэргээр” Бароны цэрэг байсан түвдүүдийг хорин нэгэнд онд баривчилж буудсаныг мэдэх үү? Одоо Ёнзон хамбын хэрэг бол нэлээд төвөгтэй хэрэг… Энэ хананы цаана хэн нэг нь яриа сонсож байх вий дээ… Би туслахаа дуудаад шалгуулаадахъя…

Чойбалсан туслахаа явуулан ойр хавийн өрөө тасалгааг шалгах үүрэг өглөө.

-Чи заавал энд ирдэг чинь юу билээ? Энэ Дашийг бид шалгаж байгаа. Гоминданы тагнуулын бүлэг илэрсэн. Чи эд нараас болгоомжтой байгаарай

-Чамд би нэг мэдээлэл өгөх гэсэн юм аа.

-Чи яамны орон тооны бус мэдээлэгч болсон уу?

-Хараахан амжаагүй… Энэ хятадуудад асар их хэмжээний бэлэн мөнгө байгаа гэж би нэг итгэлтэй хүнээс сонссон.

-Шалгах хэрэгтэй. Хаана байгаагий нь мэдсэн үү?

-Үүнийг надад энэ “шилэн” Даш хэлсэн юм шүү дээ.

-Даш аа… Энэ муу дөрвөн нүдэт үү? Энэ чинь амиа хоохойлох аргаа л сэдэж байгаа хэрэг. Зальтай нохойг… Барьж аваад шалгуулна даа

-Надаас гуйсан юм аа. Зааж өгье гэсэн. Харин битгий бариулаарай гэсэн юм.

-Зальтай нохой л доо… гэсэнээ Чойбалсан туслахаа дуудан эзэн данжаадыг авчрав. Даш залуухан хятад охиноор том цартай хоол унд, архи дарс авчруулан өөрөө араас нь тонголзсоор орж ирсэнээ,

-Хай, хуучин сайн түншүүд байв аа. Юутай сайн бэ? Сайхан амттай хоол зооглож, ваартай архи ууваа гэж нахилзахад Чойбалсан хялайн харж,

-Бидэнд хоол хэрэггүй. Монгол улсын төрийн тэргүүн хятад гуанзанд хоол иддэггүй юм. Мэдээ биз? Чи харин их мөнгө хуримтлуулсан хужаа нарыг хэлэхгүй бол Дотоод Яаманд аваачиж шоронд хийнэ шүү дээ гэхэд Даш газар сөгдөн,

-Би зааж өгнөө. Ёсуутай их мөнгөө байсан шүү. Намайг харин шоронд бүү хий гэж гоншигнов.

-Гадаа гараад хүлээж бай. Удахгүй чиний мэдүүлгийг авах хүмүүс ирнэ гэж Чойбалсан түүний зүг таламжгүй өнгөөр хэлээд Дашийг гарсаны дараа Бортолгойд хандаж,

-Энэ луухаануудаас холхон яв гэж чамд зөвлөе. Дугар Даханы асуудлыг би бодож байгаад хариу хэлье гээд гарч одлоо…

Биеэ бодож яваарай гэж Бортолгой түүний хойноос хэлэв. Эрс хатуу үгтэй болсоноос гадна шийдвэрлэх асуудлаа өөрөө шууд шийддэг болсон Чойбалсангийн энэ байдлыг Бортолгой огт гайхсангүй. Удирдагч хүн ийм л байх ёстой гэж түүнийг зөвтгөлөө… Их тэнгэрийн аманд байрлах гэр рүүгээ явах замдаа Чойбалсан саяны болж өнгөрсөн асуудлуудыг хэрхэн шийдэхээ тунгаана. Дугар Даханы хувьд харж хандаж болох талтай. Оросод дуудагдаад явахын өмнө эхнэр Бортолгой нь тэр түвд ламд төөрөг зургы нь үзүүлээд эсэн мэнд ирнэ гэж түүнийг тайвшруулж байсаныг санав. Хэрэв Богдын хүрээ зориогүй бол Чойбалсан бүддийн номонд гүнзгий нэвтэрч алсдаа гайгүй сайн зурхайч болох байсан билээ. Түүний багш “мэргэн” Базарваань Санбээсийн хүрээ байтугай Сэцэн хан аймаг, Ачит вангийн хошуундаа алдартай зурхайч лам байсан юм.

Анхны байцаалтанд “Лхүмбийн хэрэг”-т унасанаа ойлгож гутарсан Чойбалсан Дугар Даханы “мэргэ”-нд төдий л итгэж өгөхгүй байсан. Ерөөсөө энэ хэрэг бол цэвэр гүжир гүтгэлэгийн хэрэг гэдгийг Чойбалсан ойлгож байсан шиг түүнийг байцаан цагдаж байсан орос төлөөлөгч нар гэмгүй хүнийг “гэмтэн” болгох гэхэдээ янз бүрийн өдөөн хатгасан асуулт асууж байлаа. Хувьсгалын эсрэг зэвсэгт бослого гаргах гэж оролдсон ерөнхий сайд Бодоотой та хувьсгалаас өмнө хөл гар нийлсэн “хамсаатан” байсан байх аа. Сүхбаатар та хоёрыг Эрхүүд байхад Бодоо “Нийслэл хүрээнд Барон ирж гамингаас чөлөөллөө. Та хоёр буцаж ир” гэж та нарыг дуудаж байсан биз дээ… Данзан, Баваасан нарыг хурал үймүүлэн хурлын төлөөлөгчдийг уруу татаж, цэргийн анги салбарт үймээн дэгдээхийг оролдож байхад та яагаад гэртээ байсан бэ?… Монголд ажиллаж байсан халимаг болон буриадын пан монголч үзэлтнүүдийг монгол улсын иргэн болоход та тусалсан уу?… Дамбадорж улаан армийн цэргийг нутгаасаа гаргахыг шаргуу хөөцөлдөж явахад Бүх цэргийн жанжны хувьд та яагаад шаардлага тавьсангүй вэ?… Шинэ эргэлтийн бодлогыг дэмжиж талархахгүй та яагаад “баруунтнуудын” дунд “будилж” явсан бэ?… Японы хувьсгалын эсэргүү бүлгүүд лам нарын дэмжлэг авч, Банчин богдын цэргийг урьж байх үед та хаа байсан бэ? Нүдэн балай чихэн дүлий яваагүй биз дээ?…

Цагаа болохоор Чойбалсанд өөрийн амийг авч гарах хар мөртэй түүх харин ашгүй хүрэлцээтэй байлаа. Тэр Бодоод муу санаж яваагүй ч Элбэгдорж Ринчиногийн сэдсэн “эмгэнэлт жүжгүүдэд” алба үүргийн хувьд гол ба туслах дүрүүдийг бүтээж явлаа. Жанжин Сүхбаатар Бодоотой зарчмын хувьд жаахан зөрчилдсөн боловч Бодоог буудуулаад алчихъя гэж огт бодоогүй юм. Ринчиногийн хорт явуулганд автсан Данзан л Сүхбаатарыг түр ятгаж чаджээ. Харин гүйцэтгэх ажилд Чойбалсан л дандаа таардаг байлаа. Бошгийг халах залуучуудын эвлэлийн Төв Хорооны дарга тэр Бодоогийн тушаалаар эмс хүүхнүүдийн гэзгийг огтолж, эрчүүдийн дээлийн дээлийн нударгыг тайрч явсан болохоос Бодоо үүнд огт хамаагүй… Бодоог баривчлах үүргийг “бохир” ажилд гаршсан Чойбалсан биелүүлсэн…

Данзангийн үймээнийг дарахад Чойбалсан л голлох дүрд тоглосон. Цэргийн зөвлөлийн дарга Ринчиног цадиггүй аллага үйлдсэн учир орост татагдахад тэр Бүх цэргийн жанжин болсон билээ. Улаан оросууд улс төрийн тавцан дээр хоёр нүүр гарган тоглож байсан нь монголчуудын нүдэн дээр илт болсон тул тэд шившигт нүүрээ хэсэг зуур нууж дараагийн хутган үймүүлэх ажилдаа бэлтгэж байжээ. Энэ нь гоминдан намаас тасарсан хятадын коммунист намтай Коминтерн болон Зөвлөлт Орос улс найрамдлын гэрээ байгуулж, Ар монголыг хятадын нэгэн хэсэг гэж ам нийлсэн үе байлаа. Зургаан зуун сая хятадуудын дэргэд монголчууд бол “хүн”-д тооцогддоггүй, улс нь улс гэж үнэлэгдэггүй байсан тийм л доромж цаг. Тэр “алтан цаг”-ийг далимдуулан монголын баруунтнууд Швейцарь лугаа улс болно гэж тэдний үзэл санааны гол удирдагч Жамсрангийн Цэвээний номлолоор зүтгэж байжээ. Зөвхөн орос гэхгүй хятад, япон, анги, америк зэрэг дэлхийн улс гүрнүүдтэй ижил тэгш найрамдан, тэгш эрхтэй худалдааны гэрээ хэлцэл хийхийг оролдож байв. Тэр үед франц болон германд оюутан сурагчидаа явуулж эхэлсэн юм.

Хятадын коммунистууд партизаны дайн өрнүүлж, өргөн хэмжээний газар нутагт хяналтаа тогтоож эхэлсэнээр коммунизмын үзэл санаагаар шалтаглан оросууд Монгол нутагт өөрсдийн бодлогыг тулгахаар дахин орж ирэв. Баруунтнууд буруудаж, зүүнтнүүд зөвдлөө. Баруунтны засгийн газрын цэргийн жанжин Чойбалсан ч суудлаасаа огцорлоо. Гэвч оросууд олон жилийн өмнө Комитернтэй тогтоосон Чойбалсангийн хувийн харьцааг бага ч гэсэн хүндэлж байжээ. Мал тариалангийн яамны сайд болгож, сүм хийдийн жасын хөрөнгийг хураах интервенцээ Чойбалсангаар толгойлуулав. Зөвлөлтийн хамтралжуулалтыг шууд хувилан дууриасан коммунууд монголын мал аж ахуйн бүтцийг эвдэж, нөхөн үржих нөөцийг илт барагдуулах нь тэр. Хувийн аж ахуйтны мал сүрэг бөөнөөрөө  бүлэглэн “идсэний” балгаар тоо толгой нь хэдэн саяар буурчээ.

Сүм хийд, ноёд тайж, чинээлэг ардын хөрөнгийг хураасанд уурссан ардууд хувьсгалын эсэргүү бослого гаргахад төмөр барс, төмөр шувууны хүчээр дарсан засгийн газар буулт хийхээс өөр аргагүй болов. Мал аж ахуйд голлосон монголын эдийн засгийг сүйтгэсэнээ мэдсэн большевик найзууд гэм нүглээ наминчлахадаа хамаг хэргээ зүүнтнүүдэд бухлаа. Нүүдэлчин монголоо ойлгосон Гэндэн ч “баяжигтун” гэж сүрт лоозонгоо хэллээ. Гэвч ард түмнээ хоморголон авлах “аллага” улам гаарч байсан юм. Баторунг дотоодыг хамгаалахын дарга байхад хүчээ авсан гамин, барон, цагаантны үлдэгдэл зэргээр хилсдүүлдэг аллага тамгатай тамгагүй хутагт нараар овоглож,сүүлдээ ах дүү монголчуудаа бараадан улаантнаас дүрвэж ирсэн буриад нарыг устгах төлөвлөгөө нь үй олон хүнийг хамарч нам төрийн удирлагууд ч хэлмэгдэж эхлэв.

Чойбалсан яагаад ч юм бэ оросуудад “ойр” явсан болохоор хамаг болохгүй бүтэхгүй залхаан цээрлүүлэлтэнд гараа дүрч явсан юм. Энэ бүх монголын хүн амыг “цэвэрлэх” хядлага улаан оросуудын санаачилгаар явагддаг байсан тул оросуудтай хамтран ажиллаж “сурсан” Чойбалсанд “нууц томилолт” цөөнгүй ирнэ. Муу л бол баруун талын хар овоохой гэдэг шиг “Оодогийн чоно” хочтой явсан түүнд муу нэрийг чамгүй өгчээ. Тийм ч учраас Гэндэн ч тэр хэн байсан ч тэр Чойбалсангаас болгоомжилж, төрийн ажилд төдийлөн дуудалгүй хэдэн жилийг үдсэн юм. Энэ хооронд тэр шөнө болохоор халуун амрагтайгаа жаргаж, өдөр болохоор хийх ажилгүй тул бор дарстай нөхөрлөнө. Хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь оролцож байсан яалт ч үгүй анхны алтан хараацайны нэг болохоор түүнтэй хань болж сархад хуваалцах нэгэн байхад саар муугаар хэлж санаа гарган зайлах нэгэн ч байдаг. Тэр бүгдийг Чойбалсан дотроо шүүж, өөрийнхөө хэн бэ гэдгийг гадарлах тусмаа сэтгэлийн шаналанд автана.

Гэвч түүнийг большевикийн тагнуулууд хараанаасаа холдуулсангүй. Хаана юу хийж яваагий нь цаг хормоор нь мөрдөн дагаж байлаа… Лам нарын “засгийн газрыг” устгах Сталины ёжтой санаачилгыг дэмжээгүй хойш суусан “гэдгэр” Гэндэнг гэнэ алдуулан “баривчлахын” өмнө түүний оронд тохоон томилох хүнийг оросууд хайж явсаар Чойбалсангаас өөр тэдний шаардлаганд тэнцэх хүн байхгүй гэдэг дээр санал нийлжээ. Аль ч талаараа бодсон Чойбалсан “эцэг” Сталины анхаарлыг татсан юм. Лхүмбийн хэргээс яваандаа “мултарсан” Чойбалсанг Сталин зуны өргөөндөө дуудан уулзаж, Дотоод яамны ажилтангууд өдөр бүр заавар зөвөлгөө өгч, монголд төдийгүй орост ч нэгэн зэрэг явагдах “Их аллага”-ын өмнөх хардлага сэрдлэгэнд дийлдсэн дүнсгэр байдалд олон сая хүний амийг авч одохоор эрлэгийн элч нар төлөвлөгөөгөө боловсруулж асан.

Орос ах нарынхаа зөвөлгөөг дуулгавартай хүлээн авсан Чойбалсан эх нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Түүнийг авч явсан галт тэрэг түүний яарсан сэтгэлийг уях мэт төмөр замын өртөө зөрлөг бүрд зогсож, алгуурхан явах ажээ. Сибирийн цасанд дарагдсан энэ өртөөнүүдийн нэгэнд хоёрхон жилийн дараа монголын нэгэн өрлөг жанжин чекистүүдийн гарт эмгэнэлтэйгээр амиа алдана гэдгийг одоо хэн ч мэдэхгүй. Бэлэг дүүргэсэн хоёр чемодантай Чойбалсангийн гарт гучин мянган гэмгүй хүний хувь заяа шийдэгдэнэ гэдгийг Дугар Дахан ч мэдэхгүй бөлгөө. Аллага эхлэхэд хэн хэнийг эхэлж баривчлахаа Чойбалсан аль хэдийн Москвад шийдчихсэн байлаа. Одоо тэр удирдагчын буурьтай харагдахын тулд залирхаг нүдээрээ нэвт ширтэж, хэрсүүжсэн дугуй царайгаа дээш нь харуулж, мөнгөн шүүдэр цацаглаж эхэлсэн бууралтаж яваа толгойгоо өргөж явах болно. Замд нь тээглэсэн хэн бугайг ч зандарч, загнана. Түүнд удахгүй бүх эрх нь очно. Зандрах нь байтугай занчиж болно. Зандалчдын бууны хараан дор эгнүүлэн зогсоожболно.

…Маршалын гүүр хэмээх модон гүүрний дэргэд гэнэт дотор нь  муухай оргисон тул Чойбалсан жолоочоо зогсоож машинаасаа буулаа. Туслах нь түүнийг дагаж явах гэсэнд гараараа дохин үлд гэж хэлээд гүүрний далангийн доод талд Туул голын ус харан тэрээр хэсэг суув. Бортолгойн хүссэн хоёр гуйлтын эхнийхийг биелүүлж болохоо тэр мэдэж байлаа. За, яах вэ авааль гэргийтэй нь толгой холбон суусан ламыг өршөөе. Уул нь түүнийг буудчихаад оронд нь нэг ч гэсэн монгол ламын амийг аврах байж уу дээ… Гэтэл… жаргал зовлонгоо харамгүй хуваалцаж, хорвоогийн сайхнаар хамтдаа “аялж” явсан хайртай ханийх нь нөхөр байдаг. Энэ өмхий түвд арай намайг хойно явсан хойгуур Бортолгойтой жиг ургуулсан юм биш биз… гэж хардах сэтгэл төрсөнөө, За за надтай дахиж амьдрах биш. Бортолгойтой минь болж бүтэж явбал боллоо. Би ирээд Бортолгойтой гурав хоноогүй л Дэвээ рүү дэвсэн шүү дээ. Харин энэ Гүндэгмаа намбатай хэрсүү хүүхэн юм. Хүүхэдтэй болохгүй байгаагаас биш Дэвээгээс төө илүү хүүхэн. Гэрт ганцаараа өдөржин суугаад их уйддаг юм шиг байгаа юм. Нэг хүүхэд үрчилж аваад харуулдаг ч билүү?… Бодоод байх нь манай Бортолгой л нас нь явчихсан болохоос сайхан хүүхэн юм аа… Сайнтай нь ханилж, сайхантай нь “явдаг” болохоор эр хүний гарт хувь заяагаа даатгасан эмс хүүхнүүд гэдэг дэндүү өрөвдөлтэй юм даа…

Хүүхэн шуухан бодоод би чинь яаж байна даа… Төр улсыг захирсан удирдагч хүн гэдэг иймэрхүү юм бодоод сууж байдаг цаг ч биш, нас ч биш. Шилэн Дашийг одоо барих цаг болсон. Дашийн яриад байгаа тэр их мөнгө буруу гарын л мөнгө байгаа. Цаадуулдаа тоглоомонд алдсан мөнгөндөө харууссан Даш л “тооцоо” хийх арга сэдсэн нь тэр биз. Нэгэнт чамайг бариад авсаных гоминданы тагнуулын хэргийг чинь илчилнэ дээ. Чамайг жаахан шахуунд оруулахад японы тагнуулуудтай холбоотой хэрэг ч илэрч мэднэ… Тэр мөнгийг яаралтай олж авъя. Хуурамч мөнгө ч байж болно. Хууль бусаар оруулж ирсэн барааны агуулахуудыг нь олох сон. Харин муу Дашийг зүгээр тавиад явуулна гэж байхгүй. Мөрийтэй тоглоом, хар тамхины үүр рүү тэр л биднийг хөтөлж чадна. Хулгайн машин оруулж ирж зардаг байсан нууцыг чинь би сайн мэдэх болохоор чи миний гараас гарахгүй. Бортолгойг асуувал юу гэж хэлэх вэ?… Эх орныхоо төлөө түүнийг баривчилсан гэж хэлье. Хайр сэтгэлтэй байсан чамайгаа бодоод хар түвдийг сулласан гэж хэлдэг байх даа. Магад ч үгүй тэр түвд намайг нэгэн цагт Москвад  ”дуудагдан” явахад хэрэг болох ч билүү… Үнэхээр номтой чадалтай лам бол улс орны хувь заяаг даатгаж болох уу?… Хийх ажил толгойноос их байна… Маргаашийн “тэргүүний малчдын” зөвөлгөөнд тавих илтгэлээ бэлтгэх шаардлагатай. Зуд болсон газруудад өвс тэжээл хүргүүлэх ажлыг яаравчлахгүй бол болохгүй…Би одоо л “эзэн” гэдгээ мэдэрч байна даа… Хувийн асуудлаа хувьсгалынхтай холбож боддог болж. Энэ долоо хоногт аж үйлдвэрийн комбинатын өргөтгөлийг эхлүүлнэ. Бидэнд мөнгө хэрэгтэй…

Дотор нь гэнэт муухайрсаныг тэр өдрийн цайгаа уугаагүйтэй холбож бодсонгүй. Гэрээрээ дайрч ахиухан хоол хийлгүүлээд Дотоод яамны хашаанд тусгай барьсан гэрт “хорьсон” Лениний зохиолуудыг орчуулж буй хэдэн “хоригдол” нөхдөө эргэх ёстой байлаа. Үдээс хойш дахиад “онцгой комисс”-оор шийтгэх ял авсан олон зууны хүний хувь заяаг шийдэх тогтоолд гарын үсэг зурах хуваарьтай байв. Гарын үсэг зурах амархан. Ганцхан монголоо аврах хэцүү…

 

2012 он. Женев.


URL:

Сэтгэгдэл бичих