УИХ-ын чуулганыг дэлхийн хаанаас ч үзэж болно гэв
УИХ-ын дарга З.Энхболд, Тамгын газрын дарга Б.Болдбаатар, УИХ-ын даргын зөвлөх Д.Одхүү болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийлээ. З.Энхболд дарга “УИХ байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод болгоно гэж амласан. Энэ ажил бол үүний нэг жишээ. УИХ-ын чуулган өмнө нь “Сансар” кабелийн телевиз гэсэн ганц сувгаар цацагддаг байсан бол одоо МҮОНРТ-ийн хоёрдугаар суваг болон “Univision” телевизээр гарч байгаа” гэлээ. Мөн УИХ-ын цорын ганц албан ёсны сэтгүүл “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг цахим хэлбэрт оруулсан нь ил тод ажиллаж байгаагийн нэгэн жишээ хэмээж байв.
Нөгөөтэйгүүр парламентын цахим хуудсаар ч УИХ-ын чуулганыг дэлхийн өнцөг булан бүрээс үзэх боломжийг олгосон гээд үүнд Богд хаант засгаас эхлээд өнөөг хүртэлх парламентын бүх түүхийг архивлан багтаана гэж байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар “УИХ юу хийж, ямар хууль батлаад байгаа нь иргэдэд хүрдэггүйгээс хууль хэрэгждэггүй. Баталсан хуулиа иргэддээ нээлттэй хүргэдэг болсноор хуулийн хэрэгжилтийг нэхэх боломжтой болно” хэмээлээ.
Ч.Сар
ӨДРИЙН ШУУДАН
URL: