Х.Баттулга сайд үнээг цалинжуулна

Мал манай баялаг. Тиймээс ч өнгөрсөн 20 гаруй жилийн турш сонгууль бүрээр хамгийн их улс­төр­жүүлж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол сэдэв болж байв. Гэвч улс төрийн тог­лоом болсон эрхэм хүндэт таван эрдэнэ маань хэзээ ч сонгуулийн үр шимийг нь хүртэж амжилгүй сон­гогчдын ходоодонд орчихдог жамтай.

Энэ байдал 2008 -2012 оны УИХ-ын бүрэн эр­хийн хугацаанд жаахан өөрчлөгдсөн. Учир нь тухайн үеийн УИХ-ын гишүүд ямаанд мөнгө олгох шийдвэр гаргаж тэнэгээрээ дуудуулцгааж байв. Уг нь нэг килограмм ноолуур тутамд 5000 төгрөгийн урамшуулал олгож Хятад руу импортлох их урсгалыг хязгаарлах гэсэн хэрэг л дээ.

“Яагаад 5000 төгрөг гэж” гэхээр нэг ямаанаас ойролцоогоор 270 грамм ноолуур гардаг юм аа гэснээр Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 30 тэрбум төгрөгийг 18 сая 400 ямаа аваад “идчихэв”. Гэвч ямааны ноолуур Эрээний хилээр урссан хэвээрээ л байна. Энэ бол тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгаар овоглосон түүх билээ.

Үүний дараа 2011 оны тавдугаар сард  ноолуурын салбарыг дэм­жиж 110 тэрбум төгрөгийн бонд гар­гахаар болов. “Автор” нь мөнөөх л Т.Бадамжунай. Ноолууран бүтээг­дэхүүний үндэсний үйлдвэрлэгч гэх “Говь”, “Гоёо”, “Ээрмэл”, “Буян”, “Алтай Кашемир”, “Эрдэнэт хивс” зэрэг 12 компанийн удирдлага тэр даруй хэлэлцэн тохироод “Монгол ноолуур” нэгдлийг гялалзтал бай­гуулж орхив. Ингээд “Засгийн газ­раас 110 тэрбум төгрөгийн бонд гаргаж дээрх нэгдлээр дамжуулан санхүүжилт хийнэ. Үр дүнд нь одоо байгаа 6000 дээр нэмж 2700 ажлын байр бий болгоно.

Мөн 250 гаруй тэрбум төгрөгийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнийхээ 80 гаруй хувийг экспортлоод бөөн орлого олоод ирье” гэсэн дүрэм зохиогоод УИХ-аар зөвшөөрүүлсэн. Бүр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэм­жих, ноос ноолуурын салбарыг дэмжих” гэсэн том шошго зүүж бай­гаад 300 хүртэлх тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Энэ үр дүн хаана явааг хэн шалгаж үзсэн юм бэ. Үр дүнгүй болсон бол хэнтэй хариуцлага тооцохыг чөтгөр бүү мэд. Бараг л ирэх жил УИХ, Засгийн газарт байгаа ч уу, үгүй ч үү гэх мэт ирээдүйгээс зээлсэн их өрийн хөрөнгөд хүйтэн сэтгэлээр хандаад одсон.

Ингээд УИХ 2012 оны сонгуультай золгов. Таван амьд эрдэнийн нэрийг худалдаж идэх арга зам улам нээгдэж, технологи нь боловсронгуй болсоор байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар малын гаралтай түүхий эдийг боловсруулж эц­сийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг дэмжих зорилгоор Засгийн газраас таван жилийн хугацаатай 200 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолын төслийг баталчихлаа. Малчид жилд 178 сая ширхэг арьс, шир бэлтгэдгээс 25-хан хувийг нь үндэс­ний үйлдвэрлэгчдэдээ ний­лүүл­дэг гэнэ.

Бусдыг нь хятад ах нартаа экспортолчихдог аж. Гэтэл энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхлэг­чид түүхий эдийн хангамж муу байгаагаас бүтээгдэхүүний гарц, ашиг олз муу байна гэж сайддаа гомдоллож байна. Ингээд хөөрхий арьс, ширээ хуулуулж буй малд ч, түүнийг тушааж буй малчдад ч хаяглахгүйгээр ерөөсөө энэ сал­барыг хөгжүүлье, дотоодын экспортлогчдоо дэмжье, бараг л “Арьс ширээ Эрээнээс харамлая” гэсэн агуулгаар 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар сэджээ. Монголд өнөөдөр арьс шир боловсруулах 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг 178 компани байдаг гэнэ.

Тэдгээр үйлдвэрийг бүрэн ашиглахын тулд, түүхий эдийг нь өмнөд хөрш рүү алдахгүйн тулд уг бондыг гаргах аж. Үр дүнд нь 25 мянган хүн ажлын байртай болж жилд 460 сая ам,долларын үйлдвэрлэл явуулж нэг их наяд төгрөгийн борлуулалтын ашиг олно гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл нэг удаа 200 тэрбум төг­рөгийн бондын хөрөнгөөр сан­хүүжиж цаашид жил бүр нэг их наяд төгрөгийн ашиг олоод байх нь гэж ойлгогдов. Хэрэв үр дүнгээ өгвөл зөв наймаа байж болох л юм.

Монголчууд гоё сурталчилгаанд хууртан “хятад сүүгээр угжуулж” буйд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга гүн эмгэнэл илэр­хийллээ. Эмгэнээд зогсохгүй нэг литр сүүнд 500 төгрөг олгох замаар монгол сүүгээ бодлогоор дэм­жихээр шийджээ. Даанч дээ, түүн шиг үндсэрхэг, эх оронч хүн ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа монголчууддаа хятад сүү уулгавал Цонжин болдогт сүндэрлүүлэн зал­сан Чингис хаандаа өөрөө ташуурдуулах биз.

Ингээд тэрбээр “бух” гэж хочлуулахаас ч үл эмээн бүх ард түмнээ монгол малын сүүгээр ундаалахын тулд нэг литр сүү тутамд 500 төгрөгийн урамшуулал олгохыг УИХ-аас гуйхаар шийджээ. Мэдээж үүнд тамтаггүй их мөнгө зарцуулна. Гэвч үр дүнг нь бодоод үзэхээр монгол хүний эрүүл мэнд, малчдын орлого, дотоодын экспортыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гээд татгалзах аргагүй санал. Тэр ч байтугай үүнийг дэмжээгүй гишүүний угсаа гаралд хүртэл хамааралтай эмзэг сэдэв болчих тул бараг л 100 хувь дэмжигдэх биз ээ.

Цаашилбал тэрбээр өнгөр­сөн аравдугаар сарын 26-нд Монгол­банкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай хамтран “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвор­жуулах” дэд хөтөлбөрийг хэрэг­жүүлэхээр болж хоёр тал хам­тарсан тушаал гаргасан. Махны нөөцийн асуудал үе үеийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын сайд нарын “шүд­ний өвчин” байсаар ирсэн. Хэдийгээр төсвөөс их хэмжээний мөн­гө баталж өгдөг ч хөлдүү гулууз махыг тоолоод, хэмжих боломжгүй тул хардлага дагуулаад өнгөрдөг байв. Харин энэ удаад 87 тэрбум төг­рөгийн хөнгөлөлттэй зээлийг зар­цуулж махны нөөцийн менежмент ямар байх ёстойг харуулахаар шийджээ.

Мэдээж 87 тэрбум төгрөг бага мөнгө биш. Гэхдээ энэ зоригтой алхмыг яаж цэвэрхэн хийхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. ҮХААЯ-аас нийт 16 мянган тонн махыг хүлээн авч, хадгалах, жижиглэн савлах, худалдан бор­луулах ажиллагааг гүйцэтгэгч бай­гууллагыг сонгон шалгаруулах ажлыг хоёр үе шаттайгаар нээлттэй сонгон шалгаруулсан. Харин Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулах, оролцогч компанид зээлийн судалгаа хийх зэрэг ажлыг зохион байгуулжээ. Эхний ээлжинд нэг жилийн хугацаатай 30 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг нээж гүйцэтгэгчээр нь “Жаст Агро” ХХК шалгарч ажлаа эхлээд байна.

Ийнхүү энэ удаагийн “таван эрдэнэ”-тэй холбоотой улстөржилт өмнөх жилүүдийнхийг бодвол арай алсын хараатай, асуудлыг эцэс­лэн шийдсэн, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бус бүтээгдэхүүн экспортлогч улс болох том зорилгыг тавьж, их мөнгө нэхэж зоригтой алхаж байгаагаараа өөр болжээ. Үйлд­вэржүүлэлтийн талаар улиг бол­тол ярьсан Н.Алтанхуягийн Засгийн газрын “шинэчлэлийн” гэх тодотголын нэг онцлог энэ байж. Харин одоо үр дүн хэрэгтэй. Олон нийтийн нүднээс нэг төгрөг, нэг гарын үсэг, тамга нуухгүйгээр төрийн нэрийн өмнөөс бизнес эрхэлж ашиг авчирч чадвал ард түмэн энэ Засгийн газраас оноо харамлахгүй.

Нөгөөтэйгүүр Үйлдвэр,хүнс, хөдөө аж ахуйн яам ТӨХ-г, тендерийн комисстой хамт аваачиж “өрөө түрээслүүлж” байгаагийн хувьд бүх үйл ажиллагааг ил тод явуулах ёстой. Ард түмний нүдэн дээр монголчууд монгол мах, сүүгээ ууж идэж,  гутал, цүнх, нэхий дээлээ эдэлж хэрэглэж, илүү гарсныг нь гадаадад экспортлоод эхэлбэл “Женко” Х.Баттулга “Мах Импекс”-тэй бай­на уу, үгүй юу хардах хэрэггүй юм. Магадгүй, тэрбээр өөрийг нь дагах хэл амыг давж хардлагыг няцааж, энэ салбарт бизнес эрхэлж олсон туршлагаа улсынхаа төлөө зориулж шударга ажиллахын жишгийг тог­тоох гэж тэгэхээс тэгэх гэж энэ яамыг авсан биз. “Мөнгөнд дур­тайгаа нуухгүй байгаа хүнээс бүү ай. Мөнгөнд дуртайгаа нууж явдаг хүмүүсээс л ай” гэдэг шүү дээ. Одоо Х.Баттулга сайд ард түмэндээ шалгалт өгч байна.

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих