“Чингисийн онгон олдохгүй ээ, оросууд ачаад явчихсан”
Зохиолч, сэтгүүлч, зураач Тангадын Мандиртай ярилцлаа. Эл эрхмийг бид Есүхэй баатар, Өүлэн эх, Ван хаан, Чингис хаан, Жамуха, Хасар, Боорчи, Зэлмэ, Сүбээдэй тэргүүт “Монголын нууц товчоо”-ны түүхэн дүрүүдийг хөрөглөсөн таталбараар нь мэдэх юм.
Ерээд оны үед төвийн сонин хэвлэлд цувралаар нийтэлж байсан түүний түүхэн хөрөг зураг болоод бичил туурвилууд олны анхаарлыг ихээхэн татаж шуугиан дэгдээж байсан билээ.
Тэрээр өдгөөгөөс хорин хоёр жилийн өмнө “Хорин нэгэн хөрөг” нэрээр хэвлүүлж байсан бүтээлээ саяхан “Хорин нэгэн зул” нэртэйгээр дахин хэвлүүлсэн байна.
Ингээд уг номын зохиогчтой ярилцсанаа хүргэе.
-Таны хувьд хэдэн наснаасаа түүх сонирхож эхэлсэн болоо?
-Эхлээд би гэдэг хүн ижий ааваа танилцуулаад авъя. Тэр нь зөв байх аа. Учир нь аав минь намайг түүхийн буурал жимээр бэдрэхэд анх уруу татаж “Монголын түүх бол их өөр шүү дээ, хүү минь. Чиний наад сургууль номдоо үзээд байгаа түүхээс өөр” гэж хэлсэн. Тийм болохоор би аавыгаа шүтдэг байхгүй юу. Манай аав (Рэнцэнгийн Тангад) чинь Ховд аймгийн Мянгад сумын Өндөр Хөхий уулын өвөрт төрсөн хүн. Ээж (Пүрэвийн Бямба) болохоор Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд уулынх. Тэгэхээр хоёр их “уул”-ын дундаас бүрэлдсэн хүү би Богд Дүнжингараваа л хормойдож тэртээ тавин нэгэн онд хатан Туулынхаа хөвөөнд төрсөн түүхтэй. Үйлдвэр комбинатын арваннаймдугаар сургуульд орлоо. Ангийн маань багш “цоохор” Жадамбаа гэж түүхийн багш байж таарав. Жадамбаа багш, аав хоёр түүхийн ном сольж уншина. Ер нь намайг багад манайхаар түүхийн луугарууд ирдэг байв. Хоорондоо дандаа л түүх ярина. Бүр цуурч өгнө. Тэгэхдээ эсэргүү юм ярина. Социализмаа газар дор ортол муулна. “Энэ нийгэм огт биш ээ” гээд л эхэлдэг байлаа. Би бол яахав, архагуудын яриаг нэгд нэгэнгүй сонсч байгаа юм.
-Тухайн цагт чинь мэдээж Чингис хаанаа магтахгүй. Цаад архагууд чинь болохоор өөр өнцгөөс хардаг байжээ?
-Чингис хаанаа яаж магтах билээ. Яагаад гэвэл ЗХУ-ын Коммунист нам манай хүнийг хэн ч биш болгочихсон юм чинь. Түүхийн багш нар, тухайн үеийн сэхээтнүүд Оросыг л аялдан дагана шүү дээ. Гэхдээ учир мэдэх, ухаандаа аав шиг минь хүмүүс бол гэр зуураа эзэн хаанаа тэнгэрт тултал, өнөөгийн өндөрлөгт байгаа шиг магтана. Ганц ч муу унагаахгүй. Ийм л хүмүүсийн дунд, ийм л орчинд, ийм л түүхийн хүрээнд өссөн хүн юм, би. Тавдугаар ангид байхад аав надад гэрээр монгол бичиг заалаа. Гол учир нь сургуулийн түүхийн хичээлд бусдын адил толгойгоо мэдүүлэлгүй, Амар гуайн “Монголын түүх” номыг сайтар уншуулахад л оршиж байсан хэрэг. Дараа нь “Нууц товчоо”-г хуучин эх дээр нь уншаад л Монголын түүх гэдэг байдаг юм байна, байх байхдаа арай өөр юм байна гэдгийг мэдэрсээн. Түүх болоод уран зохиолын хичээлд болохоор Орос, Хятадын баатар, жанжингуудын тухай үзээд байдаг. Ингээд арван зургаан наснаас надад нэг бодол төрсөн юм.
-Тэр маань…?
-Монголчууд бид эзэн Чингис хаанаа магтаж болдоггүй юм байж. Гэтэл яахлаараа Зэв, Зэлмэ, Боорчи Сүбээдэйгээ магтаж болдоггүй юм гэсэн бодол л доо. Үндсэндээ арван хэдтэй хүүхдийн оюун тархинд орж ирэхээргүй тийм эсэргүү бодол байхгүй юу. Ингэж л Монголын нууц товчооны түүхэн дүрүүдийн хөрөг зургийг мөнхлөх, түүнээ тодотгосон бичил таталбарууд хийж эхэлсэн юм. Жараад оны сүүлээр техникумд сурч ахуйдаа анхныхаа зохиолыг бичиж эхэлсэн. Өнөө л Чингис хаанаа, хэдэн өрлөг жанжидыг нь бичихгүй юу. Уран сайхны аргаар бичиж байгаа юм л даа. Үргэлжилсэн үгийн зохиолын хэлбэрээр л тэрлэж байлаа. “Догшин Добу” гэдэг роман туурвиж эхлэхэд манай найз нөхөд ойр дотны хүмүүс бүр гайхаад, цөхрөөд аргаа барсан л даа. Тэгээд надад “Чи ийм балай юм бичиж байгаад шоронд оров зэ” гэж хэлж байлаа. Гэхдээ тухайн романаа би одоо хэр нь дуусгаагүй байгаа л даа. Мөн Лавай дархан гэж хүний тухай би “Нөмгөн эр” гэсэн туурь бичсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр эртний нийслэл Хархорумд байсан дархан хүн юм. Мань эр нэг удаа архи ууж ураг садандаа агсам тавиад бүс бүслэх эрхгүй болсон байдаг. Тиймийн учир би “нөмгөн эр” хэмээн тодотгосон хэрэг. Уг зохиолоороо Хархорум гэж эртний маш том нийслэл байсан юм шүү гэдгийг харуулах зорилготой. Наяад оны дундуур уг зохиолыг “Утга зохиол, урлаг” сонинд Санжийн Пүрэв гуай гаргаж өгч байлаа. Дараа нь телевизийн жүжиг ч болсон санагдана. “Нөмгөн эр”-ийн Лавай дарханд гавьяат жүжигчин Ж.Сүххуяг тоглож байлаа даа.
-Та “Нууц товчоо”-ны түүхэн хүмүүсийн хөргийг зурж, бичил туурвилтайгаар ерээд онд тухайн үеийн “Улаан-Од” сонинд хэвлүүлж байсан. Тэгэхээр эдгээр хүмүүсийн эх дүрийг хэрхэн төсөөлж зурав гэдэг сонин байна. Уран сайхнаар сэтгэв үү, ямар нэгэн түүхийн улбаа энээ тэр нөлөөлөв үү?
-Түүхээ, ялангуяа эх түүхээ маш их уншиж судалсан. Далаад оны эхэн үед номын санд бүтэн жилээр сууж Марко Пологийн аяны тэмдэглэлийг Дашдоржийн Нацагдоржийн хуучин бичигт буулгаснаар уншиж байлаа. Үндсэндээ эх хувиар нь гэсэн үг. За тэгээд Юань-Ши судар байна, “Юань улсын түүх” хэмээх 110 боть зохиол байна. Тэр бүгдийг уншсаан. Түүх уншина гэдэг тухайн хүний ухаанаас шалтгаална. Зүгээр нэг номын хуудас үхэр хивж байгаа юм шиг уншихгүй. Дэвсгэр сайтай хүн түүхийн эх зохиолыг өөрөөр харж уншиж мэдэрдэг дээ. Би бол тэгж л уншсан байхгүй юу. Тэгээд л оюун тархиндаа огт өөрөөр сэтгэж эхэлсэн л дээ. Мөн надад байдаг нэг зүйл бол зураг зурах авьяас. Зургийн чиглэлээр ямар ч мэргэжил боловсрол эзэмшээгүй, сургууль соёл төгсөөгүй хэрнээ тийм нэг төрмөл авьяас надад хадгалагдаад байдаг. Бичил туурвилуудаа зурагжуулна, үндсэндээ өнөө л Чингис хаанаа, өрлөг жанжидаа янз бүрээр зурдаг байлаа. Ийм л олон жилийн давтамж, түүхийн улбаа, сурвалж бичгүүд дээр суурилсан уран сайхны аргаар зохиолынхоо баатруудын эх дүрийг гаргасан юм. “Хорин нэгэн хөрөг” номонд орсон бүтээлүүдийг хүмүүс дандаа хаадууд гэж ойлгоод байдаг. Хаадууд ч бий. Өөр хүмүүс ч бий. Тухайлбал, Тататунгаа байна.
-Тэгвэл Тататунгааг хэрхэн зурснаа сонирхуулаач?
-Найманы Тататунгаа гэдэг чинь “Нууц товчоо”-нд болохоор Таян хааны тамгыг өвөртөлж яваад баригдсан нэг өвгөний дүр байдаг. Үнэн чанартаа судар ном сугавчилсан түшмэл байжээ. Энэ хүн Хэрэйд, Найман, Татар аймгуудын түүхийг багцалсан эрдэмт хүн. Түүний хөргийг бүтээх гэж он удаан хугацаанд бодсон. Тэгж тэгж надад Га багш (төрийн шагналт нэрт эрдэмтэн Санжмятавын Гаадамба)-ийн дүр буугаад болдоггүй. Тататунгаа бол Га багш шиг бичгийн хүмүүн байсан байх гэж бодогдоод. Тэгээд л Га багшийн ерөнхий дүр төрхөөс ургуулж Таян хааны тамгыг өвөртөлж явсан нөхрийг зурсан даа.
-”Хөрөг”-ийн хэмээн тодотгодог зураач Намхайдагвын Орхоны Жамуха цэцэний нэг хөрөг бий дээ. Та мэдээж үзсэн байх. Түүнтэй таны Жамухын хөрөг хэр ойр бол?
-Би Орхонтой уулзаж ойр дотно байдаггүй. Гэхдээ яагаад ч юм хөргүүд нь надад ойр санагддаг юм. Жамухын хөргийг би үзсэн л дээ. Би анх Жамухыг Тагна Соёнын нуруунд байгаагаар зурсан хүн шүү дээ. Тиймдээ ч юм уу, миний хөрөгтэй их л ойрхон санагдсан.
-”Чингис хаан болоод Өүлэн эх, Бөртэ, Мухулай нарын зургийг Өвөрмонголын зураач Сэцэн бүтээсэн. Тун содон сонин санагдаж байлаа. Харин Мандирын зургуудыг үзэхэд Сэцэнгийн зургуудаас илүү бодитой, үнэмшилтэй болжээ” гэж түүхийн нэртэй эрдэмтэн Чулууны Далай гуай бичсэн байдаг. Тэрхүү тодорхойлолтыг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Ёстой юм ёсоороо боллоо гэдэг шиг нэрт эрдэмтний тодорхойлолтыг байх ёстой юм гэж үзсэн шүү. Энэхүү түүхэн хөргүүдийг зураад, таталбаруудаа биччихээд өөртөө итгэдэггүй ээ. Нэг бол түүхэнд үлдэхүйц одоогийн хэллэгээр сонгодог бүтээл хийчихсэн юм шиг, эс бөгөөс хэнд ч хэрэггүй юм хийчихсэн шиг санагдаад түүхийн эрдэмтэдтэй уулзъя гэж бодлоо. Ингээд Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Лхагвасүрэн дээрээ очлоо. Одоогийн “Чингис хаан” дээд сургуулийн захирал шүү дээ. Лхагваа дүүд үзүүлтэл үгүй ээ мөн их баярлаж байна аа. Зургуудыг дахин дахин үзээд л. Өнөө туурвилуудыг чинь нэгд нэгэнгүй уншаад л. Тэгээд намайг Сэр-Оджав гуайтай уулзууллаа, Гүнжийн Сүхбаатар гуай, Наваан гуай, Баяр гуай гээд аваргуудтай уулзлаа. Тэд чинь намайг хүрээлэнгийнхээ тэр бүр хүнд үзүүлээд байдаггүй ховор үзмэрүүдийг үзүүллээ. Эртний хаадуудын малгай сэлтийг тэнд үзэж зургууд минь улам л үнэмшилтэй бодитой болсон л доо.
-Өүлэн эхийг, Чингис хааныг зурснаа сонирхуулахгүй юу?
-Өүлэн эхийг би их зовсон хүн гэж ойлгодог. Түүхийн болоод амьдралын үнэн бол тэр шүү дээ. Тэмүүжин, Хасар хоёр хоорондоо сөргөж маргахад, Бэгтэр Бэлгүдэй нартай мөн л маргаж нэгийгээ хөнөөхөд хэн зовох юм, Өүлэн эх л зовно. Тэгэхээр зовсон эхийн дүр бууна, мөн Монгол Улсыг босголцсон хатан ухаант эх шүү гэхээр бас нэг өөр зүйл мэдрэгдэнэ. Энэ хоёрын дундуур л зурж байгаа юм. Чингис хааны эх зургийг бол монгол хүн анх зурсан шүү дээ. Тайванийн иш хөрөг бий. Манайхан мэднэ дээ, Хубилай хаан өвөөгийнхөө дүрийг өөрөө үзүүлж байж Хархасун гэж хүнээр зуруулсан байдаг. Уг иш хөргөөс зураач, барималч уран бүтээлчид эзэн хааныхаа хөргийн эх загварыг авч зурсан нь бий.
-Та бас тэрхүү иш хөргөөс санаагаа ургуулсан уу?
-Би аваагүй юм. Надад бол өөрийн гэх нэг сонин санаа бий л дээ. Тэмүүжин Хэнтийн Дэлүүн Болдогт ч, Дадал, Биндэр ч хаана төрсөн байх нь хамаагүй. Ямар ч байсан хөвчид төрсөн гэдэг нь ойлгогдоод байдаг. Хөвчид төрсөн хүн бол сахал нь тачир сийрэг байх учиртай. Тэгэхээр нэг их урт буурал сахалгүй байсан болов уу гэж бодогддог. Энэхүү бодлынхоо үндэс суурь дээр тулгуурлаж эзэн хаанаа зурсан. Тэгээд ч намайг эзэн хааныхаа хөргийг анх зурахад зоригжуулж, дотоод хүчийг минь нэмсэн хүн бол Дашийн Бямбасүрэн гуай шүү дээ.
-Өө тийм үү. Бямбасүрэн гуай бол Базарын Цэдэндамба гуайн хэлдгээр Чингис хаантай нэг “багийн” хүн байх нээ?
-Тийм ээ, нэг нутгийн хүн. Миний бие ерэн хоёр онд уран бүтээлийн шавь Чимэдбальдарын Дунгарын хамт хаадын хөргөөр үзэсгэлэн гаргалаа. Цэргийн музейд үзэсгэлэнгээ гаргахдаа Бямбасүрэн гуайд хэлсэн юм. Манай хүн тэгэхэд Ерөнхий сайдын ажлаа дөнгөж хүлээлгэж өгөөд байлаа л даа. Ингээд Бямбасүрэн гуай ирж үзэсгэлэнг үзээд надад хоёр зүйл хэлсэн юм. Эхнийх нь “Чамтай би санал нэг байна аа. Чингис хаан бол яалт ч үгүй хөвчид төрсөн хүн дээ” гэв. Дараа нь “Чингисийн онгон олдохгүй ээ. Оросууд ачаад явчихсан” гэдэг юм. Үүнийг одоо сонин хэвлэлээр зарлаж болж байна уу, үгүй юу. Ямар ч байсан Бямбасүрэн гуай тэгж хэлж байсан удаатай.
Ярилцсан Н.ГАНТУЛГА
URL: