”Шүнди”-гийн оршин суугчид айдас дунд амьдарч байна

“Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх” гэдэг туйлын үнэн үг аж. Урд зүгээс ирсэн зочид эх нутагт маань эзэн сууж, эмс охидыг өмчилж, шүүх байгууллагыг хүртэл эрхшээлдээ оруулах нь өдрөөс өдөрт газар авсаар байна. Үүний хамгийн тод жишээ бол манай улсад өөрийнхөө хүссэнээр эрх мэдлээ хэрэгжүүлж буй “Шүнди” ХХК болжээ.
10 жилийн тэртээ Хятад Улсын Тянь Жин хотод үйл ажиллагаа явуулдаг “Да Ган” корпорацийн хөрөнгөөр буюу 27.1 сая юанийг буцаан төлөх тухай гэрээгээр тус улсын иргэн Ли Шан Бо энэ компанийг Улаанбаатар хотод байгуулжээ. Тухайн үедээ вакум цонхны үйлдвэр, Налайхад тоосгоны үйлдвэр, Сонсголонд “Сүбарү” компани зэрэг олон охин компани байгуулсан аж.
Улмаар нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр Kёкшү цамхгийн баруун талд 66 айлын 12 давхар орон сууц барьжээ. Өнөөдрийн байдлаар тус байрны оршин суугчдын олонхи нь мөнгөө 100 хувь төлсөн хэдий ч өмчлөгчийн гэрчилгээгээ авч чадахгүй байгаа юм.
Энэ байранд 66 айл оршин суудгаас 32 нь худалдан авсан, үлдсэн нь түрээсээр амьдардаг аж. Харин хятад эзэн Ли Шан Бо 49 тоотод өөрийнх нь хүүхдийг төрүүлсэн хамтран амьдрагч Монгол Улсын иргэн Б.Баясгалантай оршин суудаг юм байна. Баянгол дүүргийн цагдаагийн газраас өмнө нь уг компанийн тамга тэмдгийг хурааж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлажээ.
Гэтэл өнөө хүртэл компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэгддэг М.Мандахбаяр, нягтлан бодогч н.Нинжмаа, Б.Баясгалан нар /манай улсын иргэн, эмэгтэйчүүд/ баталгаагүй гарын үсгээр баримтжуулан орон сууц худалдаж, түрээсэлсээр байна. Өөрөөр хэлбэл, тэд хятад иргэнтэй хамтарч монголчуудаа луйвардаж байгаа аж.
Оршин суугчид өмчлөгчийн гэрчилгээгүй учраас орон сууц худалдан авах гэрээнд зааснаар цахилгаан, ус, дулаан, кабель ашигласны хөлс буюу сард дунджаар 60 орчим мянган төгрөг тушаадаг гэнэ. Ингэхдээ баталгаажих ямар ч боломжгүй, гарын үсэг зурах төдийхнөөр өнгөрдөг.
Үндсэндээ Ли Шан Бо нар 2008 оноос хойш оршин суугчдын сар бүр улсад тушаах төлбөрийг авч байгаа ажээ. Харин зарим оршин суугчийг төлөөлөн 44 тоотод оршин суугч Д.Ичинхорлоо орон сууц өмчлөгчөө тогтоолгохоор шүүхэд хандаж саяхан 13 айлын өмчлөгчийн гэрчилгээг гаргуулсан байна.
Хоёр жилийн өмнө 26 айл, 2011 онд 20 хүн Баянгол дүүргийн шүүхэд хандсан ч хэрэгсэхгүй болгожээ. Хэрэгсэхгүй болгосон гол шалтгаан нь нэхэмжлэгчийн хаяг тодорхойгүй. Энэ шалтгаан нь бас ч төрөөс иргэддээ үйлчлэх дүүрэг, хорооны үйл ажиллагаатай холбоотой.
Тухайн үед тус хороонд “Шүнди” ХХК байрладаггүй хэмээн Засаг дарга тодорхойлолт гаргасан нь шүүх ийнхүү хэрэгсэхгүй болгох үндэс болсон аж. Үүнийг оршин суугчид эсэргүүцэж, улмаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-д ханджээ. Гэтэл хорооны дарга бус хорооны зохион байгуулагч Эрдэнэцэцэг гэдэг эмэгтэй Ли Шан Бог хамгаалан хуурамч тодорхойлолт гаргасан нь тогтоогдсон байна.
Энэ мэтчилэн оршин суугчид гурав дахь удаагаа хандсаны эцэст дээрх 13 айл өмчлөгчөөр тогтоолгоод байгаа аж. Үүнээс харахад хорооныхон төдийгүй шүүхийнхэн Ли Шан Богийн гар хөл болсон нь тодорхой. Улсынх нь иргэд хохироод төрдөө хандаж байхад төрийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллага нь иргэндээ үйлчлэх үүргээ умартсан юм болов уу.
Харин өнөөдрийн байдлаар оршин суугч Д.Ичинхорлоо, С.Солонго болон зарим айл айдас дүүрэн амьдарч буй. Тодруулбал, хэл ам гарган шүүх, цагдаагаар явах бүрт орцны хананд байх щитнээс цахилгаан дамжуулах автоматыг нь улаан цайм “хулгайлдаг” гэнэ.
Д.Ичинхорлоогийнх ийн халдлагад өртөөд өнөөдрийн байдлаар сар шахам цахилгаангүй байгаа аж. Өмнө нь энэ мэтчилэн таван удаа цахилгаан дамжуулах автомат худалдан авсан ч тэр дор нь алдчихдаг гэнэ. Тэд щитний хаалгыг зузаан төмрөөр даруулж цоож зүүдэг ч таслагч ашиглаад л авчихдаг аж.
Бүр “хулгайч”-тай газар дээр нь таарч Баянгол дүүргийн цагдаа дуудсан ч ирээгүй гэнэ. Тэр ч бүү хэл “Шүнди” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мандахбаяр өсвөр насны охинтой айлыг “Эмэгтэй хүүхэдтэй байж хэл ам гаргахаасаа айхгүй байна уу” хэмээн сүрдүүлсэн байна.
ХЯТАД ХҮМҮҮСИЙН ДУНД МОНГОЛЧУУД ХОХИРОХ ЁСГҮЙ
Ли Шан Бо манай улсын хууль, шүүх болон газрын албаны зэрэг эрх мэдэл бүхий хүмүүсийг мөнгөөр худалдан авч өөрийнхөө талд оруулсан гэх мэдээ бий. Тэрбээр анх компаниа байгуулахдаа Хятад Улсын иргэн Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жан Юань Бин, Ли Жя Зин нараас сар бүр 100 мянган юанийн хүү төлөх гэрээгээр 600 мянган юань зээлсэн аж.
Улмаар зээлсэн мөнгө болон хүү 1.1 сая юанийг төлөлгүй хамтран ажиллахаар тохирч, 300 мянган юанийн хөрөнгө оруулалт нэмж хийлгэсэн байна. Ли Шан Бо хөгжлийн бэрхшээлтэй нэгэн бөгөөд Өвөр монголын иргэн Н.Баатар, Т.Соёлт нартай мөн хамтран ажиллах гэрээ байгуулсан байжээ.
Харин Ли Шан Бо өөрөө ямар ч хөрөнгө оруулаагүйн дээр “Да Ган” корпорацид буцаан төлөх ёстой мөнгийг төлөхөөс зайлсхийжээ. Өөрөөр хэлбэл, “Орон сууц борлогдоогүй байна” гэсэн шалтгаанаар удаашруулсан аж. Үнэн хэрэгтээ манай улсын иргэд цөөнгүй орон сууц худалдан авсан ч орлогоор нь дотор засал хийсэн гэдэг юм билээ.
Тиймээс “Да Ган” корпораци “Шүнди” ХХК-иас дээрх хүмүүсийн дунд хурал хийж Ли Шан Бог захирлын ажлаас нь чөлөөлж, Ван Сэн Тунг томилжээ. Энэ үеэс өвөрлөгч этгээдүүд өөр хоорондоо хөлөө жийлцэж эхэлсэн байна. Ингээд Ван Сэн Тун 2008 онд 66 айлын орон сууцаа улсын комисст хүлээлгэн өгчээ.
Харин Ли Шан Бо, Баатар, Соёлт нар Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаа өөрсдөө зарлан хуралдуулаад гол хөрөнгийн эзэн болох Ван Сэн Тунг нутаг буцсан хэмээн худал мэдэгдэж зөвлөлийн даргаас халж, оронд нь орчуулагч Оюунчимэгийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх баримт хавтаст хэрэгт байх аж.
Түүнийг сольсон шалтгаан нь Нийслэлийн барилга хот байгуулалтын газрын ерөнхий инженер асан Ө.Сүхбаатарт орон сууц авлигаар өгч, чанаргүй орон сууцаа улсын комиссоор батлуулсан хэмээн шүүхэд өгчээ.
Үүний дагуу Баянгол дүүргийн цагдаагийнхан Ван Сэн Туны гэрийг нэгжиж компанийнх нь тамга тэмдгийг хураан авсан аж. Түүгээр ч зогсохгүй Ө.Сүхбаатар хилс хэрэгт унан таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн нь хавтаст хэрэгт тэмдэглэгдсэн байх юм. Энэ мэт маргаан хөл толгойгүй үргэлжилсээр. Харин дунд нь оршин суугчид хохирсоор байна.
М.НАРАНБОЛД

URL:

Сэтгэгдэл бичих