Эрх баригчид өсвөр насныхныг эргүүлэхийн учир
Эрх баригчид ардчиллын баяр гээд сүүлийн хэд хоног нэлээд хөл хөөртэй л байна. Тэдний баярыг залгаад шинэ жилийн баярууд тохиож буй учир эрх баригчид хойшид тун завгүй, бас “дотор муухан” байх төлөвтэй байгаа. Гэхдээ л тэд ямар ч нөхцөлд улстөрийнхөө шоуг мартдаггүй онцгой “чадвар”-тай юм. Улстөрийн зорилготой шоу бол АН-ын мэргэшсэн арга барил нь.
Ойрын жишээ л гэхэд тэд “баасан ах”-ын төрсөн өдрийг цэвэр улстөрийн зорилгоор ашиглав. Энэхүү өдрийг “АН баярынхаа нэг өдрийг 17 настнуудад зориулахаар боллоо” гэсэн сүржин сурталчилгааны ард энхрий хайрт намын дүр эсгэн байж үдэв. Тэгвэл яагаад 15-тнууд биш, бүр 19 настан ч биш байна вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Учир нь тус намынхан ирэх жил болох төрийн тэргүүний сонгуульд одооноос бэлтгээд эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, 17 настнууд дараа жил Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх, сонголтоо хийх эрхтэй болох юм. Мэдээж санал бүр үнэ цэнэтэй. Ийм л учир тэд зөвхөн энэ насны охид, хөвгүүдийг сонгон авч, Буянт-Ухаа дахь спорт цогцолборт цуглаж, дараа нь цөсийг нь хөөргөх зорилготой диско зохион байгуулжээ.
Улстөрчдийн хэлдгээр бол ийм арга хэмжээг тархи угаалт гэж нэрлэдэг юм. Уг нь өсвөр насны залууст насны хязгаар тогтоож, тэдэн дундаас хэсэг бүлгийг нь сонгон авч “цэнгүүлэхийг” дэлхийн аль ч өнцөгт ардчилал гэж нэрлэдэггүй. Иймд ардчилал хэмээн цээжээ “балбагчид” дэлхийн ардчиллын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн байж таарах нь.
Үүнээс гадна Монгол Улс бол хагас ардчилсан орон гэдгийг тэд улам илүүтэй нотолж өглөө. Яагаад гэвэл одоогийн эрх баригчид угсаа залгамжлах ёсыг маш эрчимтэй хөгжүүлж байна. Н.Алтанхуягийн хүргэн, Х.Тэмүүжингийн дүү гэх мэтээс эхлээд Баянгол дүүрэгт С.Эрдэнэ яаж авирласан зэргийг ажиглахад л ноёны хүүхэд ноён болох, даргын хүүхэд, хамаатан садан дарга болох явдал хэлбэр төдийгүй агуулгаараа феодалын засаглалтай ихээхэн төсөөтэй.
Харин жинхэнэ утгаараа хөгжих ёстой ардчилал оюутны цайны газрын таваг шөл шиг хагас “порц”- оор үйлчилж байгааг хэн хүнгүй мэднэ. Тиймдээ ч өсвөр насны хөвгүүд, эрүүл саруул охидоос зөвхөн дараа жил хэрэг болохоо л тэд сонгосон хэрэг. Тэгээд ч Монголд хууль үйлчилдэггүй гэд гийг захын хүн хэлдэг болж.
Адаглаад л “Хүчит шонхор” захын удирдлагууд түрээслэгчдийнхээ тавь сан шаардлагыг үл тоомсорлож, “Монголд хууль үйлчилдэггүй гэдгийг мэддэггүй юм уу. “Хүчит шонхор” бол миний байгуулсан вант улс” хэмээн тунхаглаж байна. Гэтэл төрийн эрхэнд байгаа нөхөд ямар “шударга” шүүх, ямар “гайхалтай” хууль байдаг тухай амаа чилтэл ярьдаг гээч.
Гэхдээ л хэн нь илүү хууль зөрчдөгийг захын иргэн баталж чадна. Тиймдээ ч улаан цайм хууль зөрчиж, хуулийн зүйл заалт болгоныг хойноос нь урагш нь уншдаг болсон манай эрхмүүд 17 настнуудыг цуглуулж зад шоудуулжээ. Орчин үеийн хэллэгээр бол ийм үйл ажиллагааг флашмоб гэдэг юм билээ.
Уг арга хэмжээгээ бүх нийтийн биеийн тамирыг дэмжиж, хөдөлгөөний идэвхтэй байдлаас ангижруулж байна хэмээн өхөөрдөн нэрлэжээ. Чөлөөт цагаа компьютер тоглоомын газарт өнгөрөөдөг хүүхдүүдийг нэг өдөр бүжиглүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ дан ганц 17 настнууд хөдөлгөөний дутагдалд орчихоод байна уу гэвэл үгүй.
Судалгааны дүнгээс хол зөрүүтэй тоо гарах нь дамжиггүй. Бүр ч эсрэгээрээ гарна гэж Ерөнхий сайдтай мөрийцсөн ч бэлэн байна. Тиймээс ардчиллын баярын өдөр тохиосон дээрх арга хэмжээ энэ агуулгаараа ч, хэлбэрээрээ ч хууль зөрчсөн үйлдэл мөн. Нас хүйс, шашин шүтлэг… гээд олон зүйл ярьж болно. Үүнтэй холбоотой өөр зүйл заалтыг Үндсэн хуулиас хангалттай олныг олж болно. За энэ ч яахав.
Гэхдээ л муу зүйл бүхэнд гаршсан эрх баригчдын дэмжлэгтэйгээр орон нутгийн сонгуулиар л гэхэд Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн хоёрдугаар ангийн багш сурагчиддаа “АНаас нэр дэвшигчийг дугуйл гэж ээж, аавдаа хэлээрэй” гэж дэвтэр дээр нь тэмдэглүүлсэн шиг тэд спортын цогцолборт бүжиглүүлж, диско дуулсан сурагчдад хандаж “Ц.Элбэгдорж бол…” гэж ухаалаг утсанд нь тэмдэглүүлж, хадгалуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ.
Хуучинтай адил үзэг цаасан дээр бичээд өвөрт нь хийх биш, ухаалаг гэж нэрлээд байгаа технологийн дэвшил дэлгэрсэн үед энэ мэт арга хэрэглэхээ 23 жилийн турш хуримтлуулсан туршлага нь мэдэх байлгүй. Өөрөөр хэлбэл, 17-тнуудыг хөдөлгөөнтэй байлгах бус улстөрийн зорилгоор, тэр дундаа сонгуулийн сурталчилгаанд ашиглаад эхэллээ.
Уг нь сонгуулийн тухай хуульд насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сур талчилгаанд ашиглахыг хориг лосон. Тийм ч учраас Өвөрхангай аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан хоёрыг иймэрхүү үндэслэлээр гүтгэсэн. Харин 17 настнуудад зориуд зориулан зохион байгуулсан арга хэмжээгээ сонгууль явагдаагүй үед гэж тайлбарлах байх л даа, АН-ын мэргэн бөөдийнүүд.
Тэгвэл Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд энэ тухай хэрхэн тусгасан байдаг юм бол. О.Магнай лав мэдэж байгаа даа. 17 настай хүүхдүүдийг АН-ынхан тойглож байгаагаас үзвэл ашиг сонирхлын зөрчилтэй нь илт харагдаж байна. Мэдээж энэ орныг тэр чигт нь цэнхэртүүлэх гэсэн оролдлогоо л одооноос эхлүүлэх гэж байгаа нь тэр.
Д.БУЛГАН
URL: