УИХ-ын зангарагтай өвгөн

УИХ-д монголын эдийн засгийн чухал салбаруудыг гартаа атгасан олигархууд хэд хэд бий. Монголд авто, төмөр зам, нисэх гэсэн тээврийн гурван төрөл зонхилдог. Энэ гурвын хоёрыг нь гартаа атгадаг нэгэн эрхэм их хуралд ихэмсэгхэн сууна. Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа Улаанбаатар төмөр замаас эхэлжээ. Тэндээ үнэндээ сайн ажиллаж байсан бололтой МАХН-ын Төв Хороонд дэвшин очжээ. Тэр үед үнэндээ арын хаалга одоогийнх шиг замбараагүй байгаагүй юм шүү. Сайн ажилтныг л дэвшүүлдэг байсан юм. Тэрээр Төв Хороонд тээвэр хариуцаж байв. Энэ үеээс л түүний чимээгүйхэн хирнээ өргөн фронтын үйл ажиллагаа эхэлжээ. УБТЗ-ын нэгдүгээр орлогч, жинхэнэ даргаар ажилласнаар төмөр замыг олон жил удирдсан хэмжээлшгүй эрхэт Ван болсон юм. Түүний хатуу гар дор төмөр замынхан сахилга баттай ажиллаж байснаар 90-ээд оны үймээн бужигнаан дунд УБТЗ хөл алдалгүй гарч чаджээ. Уул нь тэгэхэд УБТЗ-ын монголын талын хувийг 51% болгож болох байсан боловч мань хүн хүсээгүй юм. Давуу эрхтэй болсон монголын засаг түүнийг дор нь авч хаях байв. Мань хүний оронд “хүнд үзүүлэхэд ч ичмээр золигдоо” гэдэг шиг нөхрийг тавиад төмөр замыг самарч хаях байв. Энийг ч хойших үйл явдлууд харуулж байна. Ингэж л төмөр замыг харьцангуй тайван авч гарсан юм. Тэр эрхэмийн нэр хүнд улам өсөж эрх мэдэл нь бэхжиж байв. Үүнд илт дүргүйцсэн зарим улс төрчид түүнийг УИХ-д дэвшүүлэн зайлуулав. Гэхдээ нөлөөлөл нь улам ихсэхээс айж төмөр замын тойргыг өгөлгүй нутаг руу нь явуулжээ. Гэвч тэрээр хөнгөхөөн сонгогдож чадсан юм. Түүний үлдээсэн суудалд нээрээ л “хүнд үзүүлэхэд ч ичмээр золигдоо” гэмээр нөхдийг зүтгүүлж байгаад болохгүй болохоор нь засаг дахь бүлэглэлүүд миний нохой идэхгүй бол чиний ч нохой идэхгүй гэдэг зарчмаар орос товарищыг тавиулчихав. За энэ үеээс манай хүний нөлөө суларч эхэлсэн байгаа юм. Гэвч тэрээр феникс шувуу шиг дахин дахин амилан цойлох хүчтэй эр байжээ. Мань эр дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож бас тээвэр хариуцсан сайд хүртэл хийгээд амжив. Энэ хооронд өөрийн байр суурийг ихээхэн бэхжүүлж авав. Төмөр замын тээврийг хариуцсан агентлаг болон Монголын төмөр зам ТӨК-ыг өөрийн гарын шавиудаар удирдуулав. Тээвэр зуучдыг нэгтгэн өөрийн гар доор оруулав. Үүнээс хамгийн гол нь түүний хэлснээр өөрийн хүнийг даргаар нь тавиж УБТЗ-ыг буцаагаад 100% эрх мэдэлдээ авчээ. Ач холбогдол багатай ч гэсэн авто тээвэр хариуцсан агентлагын даргаар хүргэнээ урьд нь тавьсан байлаа. Ингээд газрын тээврийг бүгдийг гартаа орууллаа одоо агаарын тээврийг авах цаг боллоо гэсэн шигээ сууна. Уул нь нэг тийм боломж гарсан боловч ашиглаж чадаагүй юм хоёрдохио ч алдахгүй дээ. Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр МТЗ ТӨК-ын захирлыг тээвэр хариуцсан сайд саяхан хусчихжээ. Гэвч манай хүн тэгвэл сайдыг сандлаас нь ховхлоно доо гэсэн шиг баавардаж сууна. Би энд түүний хувийн бизнес, хувийн амьдарлын тухай зориуд юу ч бичсэнгүй. Энэ нь зөвхөн түүнд хамаатай. Харин бүх иргэдэд хамаатай улсын ажлын талаар нь бичив. Одоо энэ хүн хэн гэдгийг таав уу? За тэгээд бусад зангарагтай гишүүдийн талаар дараагийн цувралууддаа бичье дээ.

Судлаач Ирээдүй.

Эх сурвалж Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих