Эрхэм дээд хүний эрх

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1948 оны энэ өдөр «Хүний эрхийн түгээмэл тунхаглал»-ыг баталснаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг «Олон улсын хүний эрхийн өдөр» болгон зарласан түүхтэй. Дэлхий нийтээрээ 64 дэх жилдээ тэмдэглэж байгаа энэ өдөр уриа лоозон хашхирахаасаа илүүтэй хүний эрх өчүүхэн зүйл дээр ч зөрчигдөж байгаа эсэхэд нийгмийн сэтгэл зүйг хандуулах тэмцлийн өдөр болгосоор удаж буй. Монгол орны хувьд арванхоёрдугаар сарын 10 нь 1990 оны ардчилсан хувьсгалын ялалтын өдөртэй давхцдаг учир түүхэн тэмдэглэлт өдөрт зүй ёсоор багтах учиртай.

«Таны эрх бусдын хамрын өмнүүр хязгаарлагдана» хэмээх зургаахан үгийн цаана дэлхий нийтээр ойлголцож, хамтран амьдрах, ямар ч хүнийг дээдлэн үзэх, бусдын эрх ашгийг хүндэтгэх асар өргөн ойлголт багтдаг. Ерөөс хүний халдашгүй эрх, аливаа хүний амьдрах хэв маяг, бусдын өмнө хараат бус, өөрийн хүслээр оршин байх гэдэг нь туйлын өргөн дэлгэр утга санааг хамрах хэрнээ хамгийн эмзэг, бидний амьдралын амин гол мөн чанар юм.

Хээгүй, хэнэггүй монголчуудын ажин түжин амьдрал дунд та бид хүнийхээ хувьд өдөр тутам эрх чөлөөгөө хязгаарлуулах, бусдын буруутай үйлдлийн золиос болж хохирох нь хэвийн үзэгдэл болсоор нэг ёсондоо өдөр бүр эрх нь зөрчигдөж явдаг.

Өглөө ажилдаа ирэх гэж хариуцлагагүй жолоочийн балгаар хүйтэн, бохир автобусанд сэгсчүүлсээр арайхийн буух нь бидний хувьд хамгийн энгийн амьдрал боловч үнэндээ хүний эрх зөрчигдөж л байгаа хамгийн бодит жишээ.

Ажлаа тараад орой бүр Улаанбаатар зочид буудлын өмнүүр өнгөрөхөд биеэ үнэлэгч бүсгүйчүүд цагдаа нараас нуугдан, хүйтэнд дороо дэвхцэж зогсох нь тийм таатай харагддаггүй ч хүнийхээ хувьд тэдний эрх зөрчигдөж л байгаа. Хэдийгээр тэд дэлхийн хамгийн эртний мэргэжлээр нийгмийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж, элдэв өвчин тараах эрсдэлтэй ч эрх чөлөө, хүнийхээ хувьд үнэлэмж шаардах эрхтэй.

Гудамжинд гуйвж явсныхаа төлөөсөнд цагдаа нарт гавлуулж, эрүүлжүүлэхэд морилсон согтуучууд хөлдөж үхчихээгүйнхээ төлөө цагдаад талархах ёстой ч тохилог, дулаахан эрүүлжүүлэх байр, халуун хоол шаардах эрхтэй. Яагаад гэвэл тэд чинь цагдаатай л адил хүн.

Долоохон настай хүүг хойд эцэг нь зургаан цаг харгислан зодсоны үрээр балчир оюун нь хараахан бүрэлдэн тогтож амжаагүй бяцхан хүү өнөөдөр Гэмтлийн эмнэлэгт ёолж хэвтэнэ. Хэтэвчнээс нь 300 төгрөг алдагдсан хэрэгт сэрдэж, бяцхан хүүг хөх няц болтол нь зодсон тэр «эцэг»-ээс харин хүний эрх чөлөөнд зэрлэгээр халдсаных нь хариуд хатуухан ял асуух учиртай.

Хахир өвлийн энэ л өдрүүдэд гудамжны булан, орц хонгил, траншейны нүхэнд хоёр гурваараа хөлдөж, харамсалтайгаар нартаас буцаж байгаа азгүй, орон гэргүй иргэдийн өмнөөс төр Засгаас хүний эрх, амьд явах баталгаа шаардах ёстой.

Гудамжинд мөрөөрөө алхаж яваад барилгын тулгуур төмөрт цохиулан туйлын эмгэнэлтэйгээр хорвоог орхисон цэл залуухан хүүгийн өмнөөс Монгол төр, эрх мэдэлтнүүдээс хүний эрх, амьд явахын үнэ цэнийг шаардах ёстой. Яагаад гэвэл өнөөдөр «Хүний эрхийн өдөр» өө.

Д.Түвшин

Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих