ИНЕГ-ын даргын үүрэгт ажлаас С.Батмөнхийг чөлөөлж, Сэнгээгийн Буяндалайг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 8-ны бямба гаригт болж, хориод асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээр нутгийн хилийн цэсийг тогтоолоо

Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар нийт 28.9 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг “Ачит нуур” гэж нэрлэн хилийн цэсийг тогтоолоо. Ингэснээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр дэх 8.0 мянган га, Увс аймгийн Ховд суман дахь 20.9 мянган га газар отрын бэлчээр нутаг боллоо. Дээрх отрын бүс нутгийг ашиглахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байх юм.

Газрын тухай хууль болон УИХ-аас баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрт нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч, цаг хүндэрсэн үед ашиглах талаар заасан байдаг.Өнгөрсөн оны статистикийн мэдээгээр манай улс 112,9 сая га бэлчээр, хадлангийн эдэлбэр газартайгаас 0,6 хувийг нь л отрын бэлчээрийн зориулалтаар хамгаалалтад аваад байгаа юм. Цөлжилт эрчимжиж, ган, зудын давтамж ойртон, нийт нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн доройтолд орсон өнөөгийн нөхцөлд тодорхой газрыг улсын тусгай хэрэгцээнд авч хамгаалснаар мал сүргийг байгалийн гэнэтийн гамшгаас хамгаалах, цаг хүндэрсэн үед малыг онд мэнд оруулахад ихээхэн нэмэр нөлөөтэй юм.

Гадаад худалдааны шат дамжлагыг цөөрүүлэх хуулийн төслийг дэмжлээ

Шинэчлэлийн Засгийн газраас бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулахын тулд шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, хүнд суртлыг багасгах зорилт тавьж, томоохон ажлууд эхлүүлсэн. Ерөнхий сайдын 2012 оны 14 дүгээр захирамжаар бизнес эрхлэлтийг дэмжих талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргаар ахлуулан байгуулсан нь энэ ажлын нэг чиглэл юм. Ажлын хэсгээс Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүллээ.

Бизнес эрхлэх орчны үзүүлэлтийг тодорхойлдог нэг чухал салбар бол гадаад худалдаа. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улс гадаад худалдааны орчноор 2012 онд дэлхийн орнуудаас 174 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Үүнд манай улсын гаалийн хууль тогтоомж, хилийн боомт болон авто зам, төмөр замын дэд бүтцийн сул хөгжил, гааль, мэргэжлийн хяналт, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хүнд суртал голлох нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, бараа бүтээгдэхүүн экспортод гаргахад манай улсад 10, импортлоход 11 төрлийн бичиг баримт шаарддаг байхад Зүүн ази, Номхон далайн бүсийн орнуудад 6-7, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад ердөө 4-5 баримт бүрдүүлдэг аж. Хугацааны хувьд авч үзвэл бараа экспортлох, импорлоход манайд 50 өдөр хэрэгтэй бол тэргүүлэх орнуудад ганцхан өдөрт багтаадаг байна. Бараа бүтээгдэхүүн экспортлоход гаргах тээврийн зардлын хувьд манайд нэг контейнер нь 2555 ам.доллар, Зүүн ази, Номхон далайн бүсийн орнуудад 923 ам.доллар байх жишээтэй.

Үрэлгэн, цаг хугацаа алдсан, хүнд суртал, авлигыг дэмжсэн энэ буруу жишгийг өөрчлөхийн тулд Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Хуулийн төсөлд барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаарддаг 10 төрлийн бичиг баримтыг 4 болгохоос эхлээд шаардлагагүй шат дамжлагыг цөөрүүлсэн олон зохицуулалт орсон тул Засгийн газрын хуралдаанаас дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдвал гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад, бэрхшээл буурахаас гадна бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх, олон улсын тавцан дахь манай улсын өрсөлдөх чадвар дээшлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Товчхон:

- Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны үеэр Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. Хуралдаанд оролцох манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва батлах юм.
- Өнгөрсөн онд батлагдсан Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний нэг болох “Нийтийн түлхүүрийн дэд бүтэц байгуулах төсөл”-ийн тухай Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар тогтлоо.
- Улаанбаатар хотын гэр хорооллын ачаалал өндөртэй дэд станцуудын ачааллыг бууруулахад шаардлагатай трансформатор, бүрээстэй утас худалдан авахад зориулж 555 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Төсвийн ерөнхийлөн захирагч нар дараа жилийн 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд зарцуулах эрхтэй учир 2012 онд багтаан санхүүжилт авахын тулд хийгдээгүй ажилд урьдчилан гүйцэтгэл бичих зөрчил гаргахгүй ажиллах шаардлагатай талаар Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хуулиар тогтоосон дээрх хугацаа хүртэл олгож, гүйцэтгэлийг танилцуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.
- Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Чойжамцыг чөлөөлж, Загдсүрэнгийн Болдбаатарыг БХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Мөн ИНЕГ-ын даргын үүрэгт ажлаас С.Батмөнхийг чөлөөлж, Сэнгээгийн Буяндалайг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих