“ХҮН НЭГ Л АМЬДАРНА ШҮҮ ДЭЭ”

…Өнгөрсөн зууны 60-аад оны эхээр Монгол орон даяар “Икар дэлхийтэй мөргөлдөж, бид сөнөх гэнэ” гэсэн цуу яриа дэгдэж, хүн болгоны сэтгэлийг хөвсөлзүүлэв. Энд тэндгүй ” тэгвэл яахав”, “ингэвэл яахав” гэхчилэн таамаг яриа тэнүүчилж, энэ л салхин дунд зарим хүмүүсийн “мөн чанар” нь өөрийн өнгөөр  зэгэлтэж байсан гэдэг.  ”Үхсэн хойноо, нэг л амьдрах юм чинь үхэхийн хооронд  биеэ зовоогоод яана. Жаргаж байгаад үхнээ” . Зарим хүмүүс хоттой хониныхоо тарганаас шилж гарган, архи айраг юу л байна бүгдийгээ сөгнөн өдөр шөнөгүй  найрлан уйлж дуулцгаасан гэнэ. Азаар товлосон хугацаанд мөнөөх Икар дэлхийтэй мөргөлдөлгүй, хуруу шүргэх зайтай өнгөрчээ.

“Үгүй манай Орос ах нар мөн ч агуу юм аа. Мөнөөх Икарыг чинь дэлхийтэй ойртоод ирэх үед нь пуужин харваад л холдуулсан гэнэ. Бид ч мөн амны хишигтэй, аз нь шовойсон хүмүүс шүү” гэх уулга алдалт, хаврын тарчигхан цагаар яргуй харсан ямаа шиг л  дэгдэнэ.  Мөнөөх амьд байгаа насан дээрээ “жаргаж найрласан” хүмүүс, нэгдэл нийгмийн хөрөнгөөр  ” үрж наадсан” хэргээр  дээлээ нөмрөх шахаж, ачит намын хайр ивээлээр амьд үлдэцгээсэн гэдэг.  Тэр л түгшүүрт цаг мөчүүдэд  хүн болгон  нэгийг бодсон биз.  ”Хэрвээ би үгүй болох аваас” гэдэг түгшүүрт бодлыг олон олон учирлал дагалдаж л байсан байх. Юу юунаас илүүтэй “Нэг олдох амьдралаа би яаж өнгөрөөв?” гэсэн хариулт нэхсэн асуулт хүн болгоны сэтгэлд эргэлдэж л байсан.  Хариулт нь харин олон янз байсан байх.

…Шинэ зууны 10-р оны эхээр ” дэлхий сөнөх гэж байгаа тухай”  ээлжит шуугиан дэгдлээ. Энэ удаад бүр он, сар өдөртэйгээ тодорхой байгаа нь шинжлэх ухааны хөгжил,  мэдээллийн хязгааргүй орон зайн  илрэл байх.  Өмнөх тохиолдолтой  төстэй нь  ”тэгвэл яахав”, “ингэвэл яахав”   гэхчилэн таамаг яриа, “Дэлхий сөнөхөд Монголд байгаа хүмүүс л амьд үлдэх гэнэ” гэсэн цуу яриатай  хослон эргэлдэнэ.  ”Юмыг яаж мэдэх вэ?” гэж сэтгэлдээ шивнэн, цөөхүүлээ амьд  үлдчих горьдлогоо тээн гадаадаас зарим нь  ”нутаг буцав”.  Хамтдаа амьд үлдвэл “аятайхан санагдсан” заримыгаа сэмхэн ятгана.

Олон олон хүмүүс төлөвлөж байсан зүйлүүдээ “түр азнан”  хойш тавьж байдлыг ажиглана. “Хэрвээ дэлхий сөнөхгүй өнгөрчихвөл” хийж амжих зүйлүүдээ сэтгэлдээ  багцаалан  тунгаах аж.  ”Сөнөчихвөл ч нэг талдаа амар байх” тухай хааяа эгдүүцэнгүй бодож,  ”Үгүй байлгүй дээ” гэсэн горьдлогоор  бодлоо хачирлана. “Нэг олдох амьдралдаа жаргаж байгаад дуусах” хэгжүүрхэл нь ууж идэж, наргиж цэнгэх бодолд  хөтлөгдөн , “юуг ч бодохгүй байх” мансууралд  аваачих аж. Хүн болгон дотор сэтгэлдээ  ”Хэрвээ муу юм болбол” гэсэн түгшүүрээ,  ”би юу хийж амжив аа?” гэсэн эргэцүүллээр даруулна.  Хариулт нь бас л олон янз. Гэхдээ ингэж зогтусан бодох мөчид “амьдралын утга учир, мөн чанар”-ыг илүүтэй  мэдэрдэг.  Энэ дэлхийд “юутай ирээд, юутай буцах” тухай нэг удаад эргэцүүлэхдээ, өөртөө хэрэгтэй хариуг олж чадах болов уу?

Амьдрал бол ганц, тэгэхээр би нэг л удаа амьдарна шүү дээ.

…Эрдэнэт хүний биеийг олж энэ дэлхийд ирээд зовж, жаргаж амьдарсаар эцэстээ “нүүдлийн шувуу” шиг буцаад л явдаг нь хорвоогийн жам.  Эхийн хэвлийгээс чармай нүцгэн унаж, уйлж бархирах дуугаар өөрийн ирснийгээ зарлан тунхаглаж, эцсийн эцэст  чармай нүцгэн биеэ газарт орхиж, бусдыг уйлуулан  байж буцаад явдаг нь хүмүүний ертөнцийн тавилан. Энэ л тавилан, жамыг хэн ч өөрчилж үл чадна.

-”Нэг л олдох амьдралдаа жаргаж байгаад л дуусна шүү” гэж архинд халамцсан нэгэн, хамт ууж байгаа нэгэндээ  анхааруулж, хуруугаа гозгонуулан сургана.  Амьдын жаргал гээчийг их хэмжээгээр ууж идэх, наргиж цэнгэх үйлээр төсөөлдөг олон хүмүүс бий. Амьдралд олон өнгөөр ээлжилж байх учиртай зовлон жаргалын тэнцвэрээс гагц жаргалыг сонгосон хүмүүс. Тэд дахин дахин, байн байн ууж согтуураад байгаа шалтгаанаа “зовлонгоо мартах гэж” хэмээн төвөггүй тайлбарлана.  Байнга согтуу байх нь өөрт нь учирч байгаа зовлонгоос “зугатах” хамгийн сайн арга гэж чин сэтгэлээсээ тэд итгэдэг.  Их мансуурал дунд өөрт учирч байгаа зовлонгоо бусдад нялзаан тохож байгаагаа тэд анзаардаггүй.  Зовлонгоос зугатах тусмаа улам ч их зовлонг өөр дээрээ цуглуулж байгаагаа зөвшөөрдөггүй.

-”Нэг олдох амьдралаа аятай сайхнаар өнгөрөөнө шүү” гэж их мөнгө цуглуулж байгаа нэгэн, эхнэр хүүхдүүддээ анхааруулж, хуруугаа гозгонуулан сургана.  Амьдралаа аятай сайнаар өнгөрөөх боломж нь “их мөнгө” гэж төсөөлдөг олон хүмүүс бий.  Амьдралын олон өнгө дундаас гагц мөнгийг сонгосон хүмүүс. Тэд ямар ч аргаар хамаагүй их мөнгө олохыг л хүсдэг.  Худлаа ярьж, хулгайлж завшиж, биеэ үнэлээд ч болсон хамаагүй.  Их мөнгөтэй бол энэ дэлхийд байгаа юуг ч худалдаж авч болно гэж тэд чин сэтгэлээсээ итгэдэг.  Их мөнгөтэй байх тусмаа хүссэн бүхнээ худалдаж аван гоёж,  атаархлын манан дунд сүүмэлзсэн  бусдын “хорон царай” г анзаарахдаа  сэтгэлийн таашаал авдаг. Харин тэд өөрсдөө мөнгө болон хувирч, бусдыг мөнг болгон харах бүрдээ  хамгийн үнэтэй “хүн чанар” -аа алдаж байгаагаа анзаардаггүй.  ”Ихэдсэн шунал” нь түүнийг “шулам” болгон хувиргаж байгааг огт зөвшөөрдөггүй.

-”Нэг олдох амьдралаа  зөвхөн өөртөө л зориулна шүү” гэж  амиа хичээгч нэгэн, толинд харангаа хуруугаа гозгонуулан, өөртөө  анхааруулан сануулна.  Амьдралын утга учир нь  ”бусдын тусыг өөртөө ашиглаж, өөрийн тусыг бусдад өгөх шаардлагагүй” -д байдаг гэж боддог олон хүмүүс бий.  Амьдралын олон өнгө дундаас  гагц өөрийгөө л сонгосон хүмүүс.  Тэд өөрийгөө зовоохыг хүсдэггүй ч  бусдыг өөрөөсөө илүү байхыг огт зөвшөөрдөггүй.  Өөрийгөө “бусдаас илүү” гэж ямагт бодовч, амьдралд болохгүй бүтэхгүй байгаа олон шалтгааны бурууг өөрөөсөө бус бусдаас л хайна.  ”Зоволгүйгээр их мөнгө олж, зогсолтгүйгээр жаргах” хүсэл нь биелэхгүй байх тусам бусдад хорсдог.  Өөрөөсөө илүү байгаа нэгэнд байнга атаархан хорсож, алдаа эндэл бүхэнд  чин сэтгэлээсээ баясан тавлах аж. Сэтгэл дэх атаа хорсол бүхэн нь амнаас нь унах хорон муу үгстэй холилдон, огиудас хүрэм муухай  төрхтэй болгож байгааг анзаардаггүй.  Зөвхөн хувиа хичээх арчаагүй үйлдэл болгон нь өөрийг нь ямагт “ганцаардуулж” байгааг огт зөвшөөрөхгүй.

-”Нэг олдох амьдралаа утга учиртай өнгөрөөх юм сан” гэж хичээж боддог олон хүмүүс бий.  Утга учиртай өнгөрөөнө гэдэг нь  өөрөө чадлаараа хөгжиж, өрөөл бусдад боломжоороо туслах явдал гэж боддог хүмүүс. Тийм болохоор тэд эрдэмд , бас ажилд суралцаж их зүйлийг бүтээж, тэр л бүтээсэнд нь  бусдын баярлаж талархсан сэтгэлийг мэдрэхдээ  жаргалтай байдаг. Тэд мөнгийг “амьдралын хэрэгцээ” гэж үзэж,  ”хүн чанар”ыг эрхэмлэдэг.  Тэд ууж идэж наргиж цэнгэхээ тааруулж, хэмжээ хязгаараа хэзээ ч алддаггүй.  Бусдад чин сэтгэлээсээ тус болж байхдаа  ”хариу нэхэлгүй”-гээр  ”байх ёстой зүйл” гэж зөвшөөрч, дараа нь мартаж орхидог. Өөрөөсөө илүү яваа нэгэнд талархан баярлаж, өөрөөсөө дутуу яваа нэгнийг өрөвдөж хайрлан дэм болохыг хичээдэг.  Энэ хорвоод нэгэн нарны дор хамтдаа амьдарч яваа хүн болгон өөр өөрийнхөөрөө “жаргаж байгаасай” гэж хүсдэг. Бид хамтдаа байгаа болохоор, бас бие биенээсээ хамааралтай болохоор  ”өлгий” болсон эх дэлхийгээ хайрлана.  Амьд явахын аугаа утга нь  ”хүмүүс бид бие биенээ  хайрлан хүндлэх сэтгэл” гэдэгт итгэдэг.  ”Амьдрал бол аугаа зүйл болохоор өөрт учирч байгаа зовлон жаргал бүхнийг  бусадтай ав адилхан туулж, давж гарч байх ёстой”  гэж сэтгэлдээ зөвшөөрдөг.

Энэ амьдрал чинь их энгийн зүйл шүү дээ

…Энэ амьдралд бид “нүцгэн ирээд л нүцгэн буцдаг” энгийн зүйл. Бид энэ амьдралдаа хичнээн их хөрөнгө мөнгө хураагаад , хичнээн брендийн хувцас  цуглуулаад, хичнээн үнэтэй машин, тансаг хаус аваад ч бүгдийг орхиод л буцдаг. Аваад явах боломжгүй.  Үр хүүхдүүддээ үлдээнэ л дээ. Гэхдээ тэд ч бас бидэнтэй адил цуглуулах л болно. Харин тэд өөрсдөө зовоогүй болохоор тэдэнд энэ болгон тийм ч хайрламаар үнэтэй зүйл биш.  Бид заавал их шуналдаа биш өөрийн боломж хэрэгцээндээ таацаж  амьдарч байвал юутай сайхан.

…Энэ амьдралд бид өөрт учрах зовлон, жаргалыг аль алиныг нь заавал амсдаг нь энгийн зүйл. Огт зовохгүйгээр дандаа жаргаад байна гэж үгүй. Дандаа зовоод огт жаргахгүй байна гэж бас л үгүй.  Зовлонг давж ухаажих тусмаа, амьдралын утга учрыг ухаарах тусмаа хүн бага алддаг. Тэр болгон нь сэтгэлийн амар амгалан руу хөтөлнө.  Хүн өөртөө учирсан сайн муу бүх л үйлийнхээ үр дагаврыг өөрөө л үүрч чадах тусмаа хүчтэй болдог.  Харин юуг жаргал, юуг зовлон гэж бодох нь тэр хүний ухааны хэмжүүр нь  болно.  Жаргал зовлонгийн дэнсийг тэнцүүлж чаддаг болчихвол юутай сайхан.

…Энэ амьдралд би ганцаараа бус олуулаа хамтдаа амьдардаг нь энгийн л зүйл. Тийм болохоор бид бие биенээ хайрлан дурлаж, хүндэлж  бахархаж  хамтдаа амьдарцгаадаг. Бас бид  энэ газар нутаг дээр өөрсдийн  үргэжлэл болох үр удмаа үлдээнэ. Хүн болгоныг хайрлахгүй ч, хүн болгоныг үзэн ядахгүй байж болно. Учир нь хүн болгон бидэнд таалагдах албагүй ч, өөр өөрийн тавилангаараа амьдрах аж. Тэгэхээр заавал бусдад таалагдах гэж хуурмаг авирлаж, өөрт таалагдаагүй нэгнээ үзэн ядаж харааж зүхэлгүйгээр  амьдарч болно.  Чи өөрийн боломжоороо амьдарч, өөрийн хийж байгаа болгондоо сэтгэл хангалуун амьдрах эрхтэй. Гэхдээ бусдын эрх ашгийг ноцтой хохироолгүйгээр шүү дээ.

Заримдаа бодоод байхад энэ амьдрал маань их л энгийн зүйл. Харин үүнийг төвөгтэй болгож, алив асуудалд хэт шаналж, өөрийгөө зовоож, шунал тачаалаа дийлэлгүй ямагт тарчилж  байдаг нь бидний араншин.

Зүгээр л гадаа гараад харахад цасан ширхэг дээр ойсон нарны гэрэл нүд гялбуулж, бүх л юмс үзэгдэл ер бүшийн гоёмсог харагдаж байгааг анзаарав уу? Энэ л гайхалтай ертөнцөд хүмүүс шинэ жилийн гоёлоо, бас бэлэг цуглуулахаар дэлгүүр хэсч,  гэртээ гоёмсог чимэглэлтэй гацуур модоо засацгааж, түүнийг харан баярласан хүүхдүүд  өвлийн өвгөний бэлгийг тааж ядан хүлээхдээ инээмсэглэнэ. Хөр цасан дээр гишгэх гутлын ул “ширр, ширр, ширр” хэмээн дуугарч, бид  хаалганыхаа өмнө гутлын цасаа гүвнэ. Гутлын улнаас үсчих цасан ширхэг аалигүйтэн бүжиж, буцан газар буух нь нэг л гоёмсог.  Өвлийн жаварт улайсан хацраа гараараа нэгэнт үрж гэртээ орохуйяа , урдаас дүүгэх халуун илч амьдралын нэгэн амтыг мэдрүүлнэ. Өвөл болох ямар сайхан гээч.

Зөгнөөд байгаа хугацаанд  дэлхий сөнөхгүй л дээ. Зүгээр л  ”Хэрвээ…” гэж нэг бодоод үзвэл, бид энэ амьдралын амтыг төсөөлөх болно.  Шинэ он айсуй.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:   gala_mn@yahoo.com                                                                                                 2012-12-08


URL:

Сэтгэгдэл бичих