МЭДДЭГ МӨРТЛӨӨ МЭДДЭГГVЙ ГАЗРААР …

“Аав” гэдэг vг надад хэзээнээсээ л хол байсан. Тавхан настайд маань намайг “орхисон” аавын тухай дурсамж ээжийн минь ярианд л бий. Өөр надад тvvнээс vлдсэн дурсамж vгvй. Хорвоод мэндэлсэн гурван vрээ орхиод явсан аавдаа биш тvvнийг минь аваад одсон хорт хавдар гэх аймшигт зvйлд хааяахан гомдоллосоор 18 жилийг vджээ. Оюутан болчихоод удаагvй байтал ангийн найз маань аав оюутан болсон гээд цvнх авч өгсөн их гайхуулан ярьсныг санаж байна. Тэр цvнхнээс гоё цvнх надад байсан ч аав хvний охиноо гэсэн сэтгэлд нь атаархаж билээ.

Гэртээ хариад ээжээрээ 14 жилийн турш яриулсан зvйлээ дахиад л яриулав. “Аавын чинь баруун талын шанаан дээр их өвчтэй жижигхэн зvйл гарсан юм. Анх хатиг л гэж бодож байтал хоёр гуравхан сарын дотор нөгөө жижиг “хатиг” чинь толгойн чинээ том болоод ирсэн. Тэгээд л аавыг нь аваад онгоцоор Говь-Алтайгаас Улаанбаатарт ирсэн. Очоод Хавдар судлалын vндэсний төвд vзvvлтэл шууд л хэвтэж эмчлvvл гэсэн. Тэр шархнаас нь багахныг аваад шилэн саванд хийхдээ эмч “Сарын дараа энэ ургачихвал хортой хавдар, ургаагvй бол хоргvй” гэж хэлсэн. Нэг сарын хугацаа тийм урт байдаг гэдгийг тэгэхэд л анх удаа мэдэрсэн дээ. Сарын дараа нөгөө шилэнд хийсэн жижигхэн шарх ургаад шил нь дvvрээд хальсан байсан. Тэр vед хавдрыг хурдан оношлох багаж төхөөрөмж байгаагvй биз. Хортой хавдар гэдгийг нь мэдээд хагалгаа хийсэн ч нэгэнт оройтсон байсан даа.

Зургаан сарын турш эм тариагаар аргацааж эмнэлэгт хэвтсэн ч, “найдваргvй” гэсэн vгийг эмчийн амнаас сонсох хvртлээ босоод ирэх юм шиг л санаж байлаа. “Эм тариагаар аргацаах юм бол хоёр сарын хугацаа vлдсэн” гэхийг нь сонсоод гурван хvvхдээ аавтай нь уулзуулах гэсэндээ чихэн дэх ээмгээ хvртэл зарж эм тариа бэлдээд нутаг буцаж билээ” хэмээн ярих бvртээ хоолой нь зангирдаг ээж маань цэл залуухнаараа гурван хvvхдээ тэврээд хоцорсон.
Хавдар гэх өвчний талаархи ийм л ойлголт өвөртөлсөөр Хавдар судлалын vндэсний төвийн vvдээр орлоо. Мэдэхгvй мөртлөө мэддэг “Хvзvv толгойн тасаг”-ийг зорилоо.


Энэ тасгийг аавыг маань эмчилж байсан Н.Оюун эмч 1992 онд зориглон байгуулж байжээ. Тэр цогцосноос яс, мөгөөрс авч амьд хvнд шилжvvлэн суулгах эрдэм шинжилгээний ажил хийн туулайн дээр туршилт хийж байсан ч мэргэшvvлэх сургалтад яваад иртэл туршилт хийж байсан 30 туулайнаас нь ганц ч байсангvй.

Тэгээд л туршилтаа хэрэгжvvлэхээр зориг шулуудан энэ тасгийг байгуулсан гэдэг. “Яг vнэндээ хагалгаа хийх утас, хутга ч байхгvй эхэлсэн. Харин тухайн vед Хавдар судлалын захирал байсан Нямдаваа гуай надад маш их урам хайрласан. “Чамд бvх эрх мэдлийг олгоё. Өөрийнхөө дураар хvнээ сонго, өөрөө дураараа ажилла” гэж хэлснээс хойш би зvтгэсэн. Тасагт маань ор, дэр ч байхгvй. Бараг бvх ажлаа шинээр эхэлсэн” хэмээн нэгэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсаныг нь уншаад эмч хvний сэтгэлийг ойлгож билээ.
Хvзvv толгойн тасгийн vvдэнд очиход эргэлтээр ирсэн гурван эмэгтэй сууж байлаа.

Тэдний хажууд хэсэгхэн суух хоорондоо яриа өдөв. Хижээлдvv насны эгчийн охин нь бамбай булчирхайн хавдар туссан аж. “Азаар хоргvй байсан учир удахгvй хагалгаанд орно” хэмээн ярилаа.
Өвчин хэлж ирдэггvй, хийсч ирдэг гэдэг дээ. Энд суух эмээгийн охины хамар байнга битvvрдэг байж. Гэтэл харшлын эм ууж, тариа хийлгэсээр жил гаруйн хугацаа өнгөрөхөд хамраас нь цус гараад тогтохоо больсон гэнэ. Тэгээд л шинжилгээ хийлгэтэл хавдар vvссэн байсан тухай надад хуучиллаа. Тvvний царайг хараад цааш нь яриулж зvрхэлсэнгvй.
Харин нөгөө эгчийн нөхрийн хацар дээрх мэнгэ томроод хөндvvр болчихсон учир эмнэлэгт хандсан байна. Цаг алдалгvй эмнэлэгт хандаж хавдар vvссэн байсанг нь авхуулсан нь оносон. Удахгvй нөхөр маань эмнэлгээс гарах байх хэмээн ярьж суутал нөхөр нь гарч ирэв. Тэрээр “Эмчилгээ маань өнөөдрөөс бvр хасагдсан. Удахгvй гаргана гэсэн. Одоо өдөр болгон наашаа явах гээд яах вэ” хэмээн эхнэрээ тайтгарууллаа.
Vнэхээр өвчин хэнийг ч ялгадаггvй.

Хоолой сөөж удаан явснаас улаан хоолойн хавдар хvртэл vvсдэг тэр ч байтугай хиймэл шvд холгох, хэл амаа гэмтээх, шvд хорхойтох зэргээс хорт хавдар vvсдэг гэнэ. Тийм учраас бид биедээ гарсан өөрчлөлтөнд өөрсдөө мэдэж эмчилгээ хийх биш даруйхан эмчид хандах нь чухал гэдгийг ойлгосон билээ.
Хавдар судлалын vндэсний төвийн Хvзvv толгойн тасгийн эрхлэгч Г.Пvрэвдоржийн яриаг дараагийн дугаараас уншина уу.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих