Чингис бондын чирч ирсэн хоосон чиргүүлд өдөр бүр 270 сая төгрөг хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын албаны хүмүүстэй уулзсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Монгол Улсаас гаргаж байгаа 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын талаар санал солилцсон юм.

 

Тэрбээр “Миний хамгийн түрүүнд хэлэх гэж байгаа зүйл бол Монгол Улс хариуцлагатай улс болох ёстой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эгэл иргэд бүгдээрээ хариуцлагаа ухамсарлах учиртай. Ялангуяа албаны хүмүүсийн хийх мэдэгдэл үнэтэй болсон. Янз бүрийн байдлаар хийж байгаа улстөрийн популизм Монголд явахаа больсон.

 

УИХ-ын гишүүний нэг хариуцлагагүй мэдэгдэл ойролцоогоор 10 сая төгрөг болж, монголчуудын өмнө бууна. Энэ мөнгийг монгол хүн бүр төлнө. Өмнө нь бид тогоон дотроо ярьдаг байсан бол одоо дэлхий нийтийн өмнө хийж байгаа алхам, хэлж байгаа үг бүхэн чинь хариуцлага дагуулна” хэмээн хэлсэн юм.
Чингис бондын хүү өчигдрөөс эхлээд бодогдож байгаа бөгөөд жилд 70 орчим сая ам.доллар болж буй гэдгийг мэргэжилтнүүд танилцуулсан. Тиймээс маш хурдан хуга­цаанд үр ашигтай төсөлд зарцуулах ёстой. Харамсалтай нь, бондын мөнгө манай дансанд орж ирсний  маргаашаас эхлэх төслийн ажил байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Чингис бондын чирч ирсэн хоосон чиргүүлд иргэдийн татварын мөнгөнөөс өдөрт дунджаар 270 сая төгрөг хийхээр болоод байна. Манай улсад уул уурхайн салбар хөгжиж буйтай холбогдон бүтээн байгуулалт, үйлд­вэрлэлийн маш олон төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

 

Тэдгээр төслийг дотоодын зах зээл дээрээс санхүүжүүлэх хэм­жээний мөнгө босгох боломжгүй учраас ийнхүү олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох нь зүй ёсны хэрэг. Гэхдээ цаг хугацааны хувьд эртэдсэн байна гэдгийг эдийн засагчид хэлээд буй.
Тодруулбал, өнгөрсөн хавар мөн л эдийн засгийн үр ашигтай төслийг санхүүжүүлэх нэрийдлээр 580 сая  ам.долларын  бонд гаргаж, бэлэн төсөл байхгүйгээс улсын төсвийн зардал­тайгаа хольж хутгаад өнөөдөр дуусч байна.
Энэ удаагийн бондын мөнгөөр мөн л томоохон төслүүдийг санхүүжүүлэх талаар ярьцгааж  байгаа.  Гэтэл хөхөө өвлийн хүйтэн болж байхад ямар төсөл санхүүжүүлэх гээд байгааг  олон хүн ойлгохгүй сууна.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих