Лангуу түрээслэгчээс 50 төгрөгөө “нөхөх” вий

-Их зах сахиулгүй боллоо-

Дэлгэсэн цаасан дээр яг л нэг өдрийн үйл явдлыг зурчихсан байдаг даа. Харин тэр зураг их алдартай. Нэр нь “Монголын нэг өдөр”. Чухамдаа нэг өдөрт болж болох хамгийн боломжтой хувилбарыг богино орон зайд багтаасан учраас тэр байх л даа.

Харин өдгөө Монголын нэг өдрийг нэг л газраас харж болно. Тэр нь “Нарантуул” зах. Угтаа бол олон улсын худалдааны төв гэх албан ёсны хаягтай. Өдгөө бид “Хаз шоп”, “Задгай супермаркет” гэх зэргээр нэрлэж ирсэн тус зах үнэхээр нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас эхлээд байхгүй юмгүй “шидийн” газар. Харин одоогийн “Нарантуул” Ардчилсан засгаас эхлээд төрийн статусаа алдсан гэхэд болно.

 

1992 оноос эхэлсэн Засгийн газрын өмч хувьчлалын комисс тус газрыг тойроод биш дайраад гарсан. Улмаар 1995 оны есдүгээр сард захыг хувьчлахаар болж, төсөл шалгаруулах тендер зарлаж байжээ. Тендерт 11 компани оролцож төсөлд хоёр нь үлдсэнээс дуудлага худалдаа эхлүүлж, 49 сая төгрөгийн үнээр одоогийн эзэндээ очиж байжээ.

Тухайн үед “Нарантуул” гэх зах “Дэнжийн мянга”-д байрлалтай байсан. Гэвч замын хөдөлгөөнийг сааруулах үүднээс одоогийн байршилд нь нүүлгэж байлаа. Харин 1999 оны сүүлээр зах бүрэн нээгдэж үйл ажиллагаагаа жигд явуулж эхэлжээ. Тэр цаг хугацаанаас хойш тус зах гэнэтийн гэх нэг ч зогсолт хийж байгаагүй бөгөөд өдөрт 100 мянга гаруй хүн худалдаа эрхэлж, тэр чинээгээр Монгол Улсын хамгийн их хөл хөдөлгөөнтэй газрын тэргүүн эгнээнд багтаад байна.

 

Гэсэн ч тус захын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр монопол эрх тогтоож, халдашгүй дархан газар болсон билээ. Үүднээсээ эхлээд мөнгө хурааж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч хяналт тэнд тогтоогүй байсан. Харин өчигдрөөс эхлэн “Нарантуул”-ын тасалбараар үйлчилдэг тогтоомж албан ёсоор үйлчлэхээ болилоо.

 

Хэдийгээр бид өдөр бүр зах гарж, үүдэнд нь 50 төгрөг төлдөггүй ч энгийн үед, хамгийн багадаа нэг өдөрт тус захаар найман мянга гаруй хүн үйлчлүүлж, жилд 110 гаруй сая төгрөг цуглардаг байжээ. Энэ бол хамгийн багаар бодсон тоо юм. Үүн дээр мөнгө төлсөн ч тасалбараа авдаггүй, олон зуун хүн нэмэгдэнэ.

 

Түүнчлэн тус зах дотор 50 гаруй цайны газар байрлаж байгаа нь бүгд шалгалтад унасан, халаасны хулгайчдын үүр болсон, мөрийтэй тоглоомыг далдаар тоглодог, зах тойроод “бөбөчид” нь шавчихсан, хууль бусаар сум, эм зарах явдал байсаар байгаа зэрэг олон хууль бус үйлдэл бий. Мөн худалдаа эрхлэгчдийн 80 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

 

Хүйтний улиралд гадаа бүхэл өдөржин зогссоноос эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэд олон болж, суурь өвчин тусах магадлал нь өндөрсжээ. Тиймээс тус захыг өөрчлөх алхам нь өчигдрөөс эхлэх шиг боллоо. Монголд ямар ч өрсөлдөгчгүйгээр ганцаар ноёрхож байгаа тус захыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар “давамгай байдалтай” аж ахуй нэгжийн ангилалд оруулж үйл ажиллагаанд нь шууд оролцож эхэллээ.

 

Түүнчлэн “Номин” холдинг супермаркетийг хэрэглэгчийг төөрөгдүүлж, ширхэгийн барааны үнийг хэт жижгээр, бөөний барааны үнийг томоор бичсэн байдлыг засаж арилгахыг үүрэгдэж, бүх үнийг нэг хэмжээнд бичжээ. Үүнээс гадна импортлогчийн үнэн дээр үнэ нэмэхгүйгээр шууд зарах ёстой болгожээ. Бид “Нарантуул” зах руу ороход төлдөг байсан хураамжийг тэглэсэн талаар үйлчлүүлэгч болон худалдаа эрхлэгчдээс санал сэтгэгдлийг нь сонслоо.

Сүхбаатар дүүргийн иргэн, “Нарантуул” худалдааны төвийн үүдэнд худалдаа эрхлэгч Г.Чимэд
-Зах руу орох хураамжийг авахаа больчихлоо. Та “Нарантуул”-д худалдаа эрхэлдэг хүний хувьд юу гэж бодож байна?

-Эгч нь захын үүдийг 20 жил сахиж байна. Нээгдсэн цагаасаа эхлээд л тавин төгрөгийг авдаг байсан. Өнөөдөр (өчигдөр) бүх л хаалганы хүн байхгүй их л сонин харагдаж байна. Гэхдээ мөнгө хураахаа больсон явдлыг маш сайн гэж үзэж байна. Одоо энэ үүдэнд байгаа төмөрнүүдийг нь аваад хүн ороход илүү чөлөөтэй болгох хэрэгтэй байна.

Чингэлтэй дүүргийн иргэн, “Нарантуул” захын дотор худалдаа эрхлэгч С.Норов

-Энд ажилладаг болохоор мөнгө төлдөггүй. Одоо зөв бурууг мэдэхгүй л юм. Гэхдээ заримдаа ачаа бараагаа оруулахад таван зуун төгрөг авдаг байсан. Үүдэнд зогсдог хүмүүс өнөөдөр ажилдаа ирж байсан. Нэг талаараа тэд нарын ажлын байр гэх зүйл нь байхгүй болчихлоо. Гэхдээ удирдлагаас ганц лангуу өгдөг ч юм уу, арга хэмжээ авах байлгүй дээ. Бас ингээд зөнд нь орхичихож болохгүй.

Сүхбаатар дүүргийн иргэн Л.Бат-Орших

Мөнгө авахаа больсон нь сайн хэрэг болсон. Манай эхнэр энд лангуутай. Байнга шахуу ирдэг болохоор мөнгө төлөх хэцүү, төлөхгүй байх бас хэцүү. Гэхдээ тэр мөнгөө нөхөх гээд лангуу түрээслэгчийн мөнгөн дээр нэмчих вий гэх бодол төрж л байна.
Б.Ширнэн

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих