МАХН Засгийн газраас гарахаа илэрхийллээ
МАХН Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдээд байгаа. Үүнтэй холбоотой мэдээллийг өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва сэтгүүлчдэд өглөө.
МАХН-МҮАН “Шударга ёс” эвсэл анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа Монгол улсад ардчилал шударга ёсыг бэхжүүлэхийг харилцан тохиролцож, зорилгоо болгон ажиллахаар гэрээ байгуулсан. Гэтэл улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх явдал улам бүр гүнзгийрч, МАХН болон гишүүдийг ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчсөөр байна. Үүний нэг жишээ нь орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, хууль бусаар хасах зэргээр хавчин гадуурхсан.
Энэ талаар Д.Тэрбишдагва “Орон нутгийн сонгуульд манай нам 8000 мандат авах эрхтэй байсан ч 2000 гаруй хүн нэр дэвшсэн. МАХН-ыг хууль бус шалтаг шалтгаан, зарим үед ямар ч шалтаггүйгээр хасаж нийт гишүүдийн ердөө 30 хувь нь сонгуульд орох эрхтэй болсон. Мөн шүүхийн шийдвэр гарсаар байтал зарим газарт эрхийг нь олгохгүй байсаар гурав хоног сурталчилгаа хийх боломж олгосон. Энэ маягаар хавчин гадуурхаж байна.
Мөн сонгуулийн хороодод МАХН-ын олон саналын хуудас хүчингүй болсон. Ганцхан жишээ хэлэхэд Сонгинохайрхан дүүрэгт 9000 саналын хуудас хүчингүй болсон. Аймаг сум дүүргийн НИТХ-д манай намаас нэр дэвшигч 187 хүнийг бүртгэхийг хориглож, Говь-Алтай, Хөвсгөл, Багахангай, Дорнод аймагт МАХН-ыг бүртгэж авалгүй сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна. Мөн зарим газар үнэмлэхийг нь олгосон боловч саналын хуудас хэвлүүлэхдээ нэрийг нь “ мартсан” тохиолдол гарсан. Харин санал хураах төхөөрөмжийн хувьд МАХН-ыг иргэд сонгоход өөр намын нэр гарч ирсэн.
УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр, С.Авирмэд, С.Нарангэрэл, Э.Батшугар нарыг хууль бусаар хасаж байсан. Энэ нь улс орны төлөө сэтгэл зүрхээрээ ажиллах туршлагатай өндөр боловсролтой хүмүүсийг шахан зайлуулах арга байсан. Үүний адил орон нутагт ч бас дахин ийм явдал давтагдлаа. Бид ийм хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох ёстой. Ийм учир бид МАХН-ын гүйцэтгэх товчооны хурлаар энэ асуудлуудыг хэлэлцэж Монголын ард түмэн, МАХН-ыг дэмжигчид, гишүүдийг сонгох сонгогдох эрхээ хамгаалах хэрэгтэй гэсэн байр сууринд хүрсэн. Тиймээс ч шударга нийгмийг цогцлоох гэж тохиролцсон мөртлөө энэ талаар юу ч хийхгүй байгаа Засгийн газраас МАХН-ын дэд дарга Тэрбишдагва миний бие гарах ёстой юу гэдэг талаар ярилцах хэрэгтэй болсон.
Өнөөдөр “Шударга ёс” эвслийн Н.Батцэрэг даргатай Засгийн газраас гарах талаар ярьж байна. Маргааш энэ талаар хамтарсан мэдээлэл хийнэ. Мөн цаашид улс төрийн тогтворгүй байдал үүсэх юм бол МАХН, МҮАН хариуцлага хүлээхгүй. Харин шударга биш, хууль хяналтын байгууллагад нөлөөлж, хуулийг хараат болгож байгаа, эрх мэдлийг урвуулж байгаа хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэсэн үүднээс бид хэлэлцээрийн ширээнд сууж байна. Үндэсний эрх ашиг гэдэгт бид сонгох сонгогдох эрхийг хамгийн түрүүнд тавьж байгаа. Үүний дараа хувь хүн, намын эрх ашгийг тавьж байгаа. Тиймээс маргаашнаас эхлээд Ерөнхий сайд Алтанхуяг, Иргэний зориг намын дарга Оюун нартай хамтран ярилцана. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана гэж үзэж байгаа” гэлээ гэж МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: