СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭГЧ 25 КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, МХЕГ-ын санал, тус газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн нэр бүхий 25 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Засгийн газрын тогтоолын төслийг ҮХААЯ зохих журмын дагуу боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
МХЕГ-ын энэ оны наймдугаар сарын 8-ны өдрийн 1/2399 тоотоор “Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг шалгасан дүнгийн тухай” танилцуулга, МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлын шийдвэр, мөн газрын энэ оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2/3038 тоот албан бичгээр нэр бүхий 25 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус ирүүлээд байсан юм.
Тус газраас нийт 25 аж ахуйн нэгжийн спирт 3, архи 17, дарс 4, шар айраг үйлдвэрлэх 5 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор санал ирүүлсэн нь өнгөрөгч бямба гарагт Засгийн газрын хуралдаанаар орж, шийдвэрлэгдлээ. Эдгээр нэр бүхий компанийг өнөөдөр ҮХААЯ-наас нэрлэж, дараах бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхгүй болсныг зарлав.
Үүнд,
Жинстийн овоо ХХК – Архи
Хүнс тех корпораци – Дарс
Дагина эх ХХК – Архи
АПУ ХК – дарс
Маргад эрдэнэ инвест ХХК – Дарс
Дөч гол ХХК – Шар айраг
Боршоон буянт ХХК – Архи, спирт, шар айраг
Мон эрдэнэ ХХК – Спирт
Эталон ХХК – Архи, дарс
БЭГМ ХХК – Архи
МН инк ХХК – Архи
Жи Би Эл ХХК – Архи
Мөнх ирмүүн – Шар айраг зэрэг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд,
Отгонтэнгэр оргил ХХК – Архи /Орхон аймаг/
Эрдэнэт технологи ХХК – Архи /Орхон аймаг/
Эрдэнэт Сэлэнгэ ХХК – Архи /Орхон аймаг/
Ленда ХХК – Архи /Орхон аймаг/
Эрдэнэт хүнс ХХК – Архи /Орхон аймаг/
Эн трейд ХХК – Спирт, архи /Дархан/
Дөлгөөн Хэрлэн говь ХХК – Архи /Хэнтий аймаг/
Билгэх баян бүрд ХХК – Архи /Сүхбаатар аймаг/
Сонголт ХХК – Архи /Хөвсгөл аймаг/
Хөх тэнгэр Хөвсгөл ХХК – Шар айраг /Хөвсгөл аймаг/
Мөнх тревел ХХК – Архи /Хөвсгөл аймаг/
Хэрэгцээ ХХК – Шар айраг /Архангай аймаг/ үйлдвэрлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
ҮХААЯ-наас өгч буй мэдээллээр манай улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрийн тоо 2004 онтой харьцуулахад 60 хувиар буурсан байна. Мөн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл 2008 оноос хойш нэмж шинээр олгохгүй байгааг мэдэгдэв. Харин одоо үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаа үйлдвэрлэлийн зах зээлийн бүтцийг авч үзвэл 65.3 хувь нь пиво, 29.6 хувь нь архи, 4.0 хувь нь спирт, 0.1 хувь нь дарс эзэлж байна.
Н.Туяа
URL: