Коммунист гэх Ц.Нямдорж хүртэл З.Энхболдоос илүү байжээ

УИХ-ын сонгуульд ялсан намаас спикер сонгогддог. Өнгөц дүгнэхэд тэр намаас “том дарга” төрж байгаа мэт боловч  үнэн хэрэгтээ нэг гишүүнээ алдаж байгаа нь тэр л дээ.

Зарим оронд парламентын спикер нь намын харьяаллаасаа түдгэлздэг учраас УИХ-ын дарга хүн парламентын дэгийг сахиулж, УИХ-ын үйл ажиллагааг тасралтгүй хангахад удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг хүлээдэг жишиг бий. Түүнчлэн шаардлагатай үед парламентын намууд болон гишүүдийн дунд үүсээд үл ойлголцлыг арилгаж, эв эеийг сахиулах буюу нэг ёсондоо зохицуулагч, “энхийг сахиулагч”-ийн үүрэг гүйцэтгэдэг нь олон улсад жишиг болсон билээ. Спикер гэдэг үгийн утга ч энэ буюу.

1992 онд УИХ-ын даргаар сонгогдсон Н.Багабандиас өгсүүлээд өнөөгийн спикер З.Энхболд хүртэл энэ албан тушаалын буухиа 20 үргэлжилжээ. Үе үеийн УИХ-ын дарга нар тулхтай, зангарагтай нэг талын байр суурь баримталдаггүй, спикер буюу зохицуулагчийнхаа үүргийг нэр төртэй, хийгүй биелүүлж иржээ. Харин энэхүү зарчим спикер З.Энхболдын үе хүрээд төгсгөвөр болов бололтой. Хахир хатуу, хуучин коммунист гэж өрсөлдөгч талынхандаа адлагддаг Ц.Нямдорж хүртэл энэ албыг хашиж байхдаа эвийг сахиулахдаа З.Энхболдоос илүү байлаа. Гэтэл  2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шинээр эмхлэн байгуулсан парламентад намчирхах, талцах, үл ойлголцох үзэгдэл элбэгших боллоо. Түүхэндээ анх удаа сөрөг хүчнийхэн УИХ-ын чуулганы танхимын үүдийг буйдангаар хааж, суулт зарлан, Төрийн ордонд  хүн нэвтрүүлэхгүй бойкотлож үзлээ.

Одоо бол Өвөрхангайн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс МАН-ынхан нэргүй ажил хаялт шахуу юм зарлачихаад байж л байна. Үр дүнд нь УИХ-ын нэгдсэн чуулганы танхим тоосондоо дарагдаж, Төрийн ордон эл хуль оргиод долоо хонолоо. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүйн жишгээр Байнгын хороодын ирц ч бүрдэхээ больж, дарга нар нь дөрвөн гишүүн ирвэл аз гээд хуралдаж байна шүү дээ. Зарим тохиолдолд аргаа барсан Байнгын хорооны дарга нар утсаар гишүүдийнхээ саналыг авч байхтай ч таарлаа. Юу л болоод байна даа өнөөгийн парламентад гэж шогширмоор үйл явдал өрнөж байна шүү дээ. Нэг үгээр хэлбэл, УИХ хэвийн ажиллах боломжгүй болж, хууль тогтоох төрийн машин гацжээ. Энэ бүхний хариуцлагыг олон хүнд тохож болох ч, 75 гишүүнээ удирдан чиглүүлж, эвлэрүүлэн зуучлах үүрэг хүлээсэн эрхэм З.Энхболд л хамгийн том зэмлэлийг хүлээх ёстой хүн гэж хэлмээр байна. Учир нь, энэ хүн УИХ-ын даргын сэнтий дээр хурал удирдах, зохион байгуулах албан тушаалын үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна.

Ер нь ч түүнд энэ албыг хаших хэмжээний зангараг байдаг эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм. Түүнээс өмнө энэ албыг хашиж байсан Н.Багабанди, Р.Гончигдорж, Б.Энэбиш, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нар аливаа асуудалд нэг талыг барьж туйлшралгүй асуудлыг зохицуулж чаддаг чанараараа зангарагтай улстөрч гэдгээ баталсан. Цагтаа спикерээр ажиллаж байсан Ц.Нямдорж гишүүн “Ардчилсан намынхны хийж байгаа хорны цаана З.Энхболд л байдаг” гэж хэлсэн нь оргүй ч үг биш бололтой. УИХ-ын чуулганы ирц нь бүрдэхгүй, гишүүд нь талаар нэг тарж явахад З.Энхболд дарга л өрсөлдөгч намаа, “ангийнхаа хүүхдүүд”-ээ телевизээр муулсан утгатай, улс төржсөн ярилцлага өгөөд сууж байх юм. Баталсан хуулиа тайлбарлахдаа хүртэл “МАН-ын гишүүдийн саналаар, захиалгаар” гэж талцуулж яс хаях юм.

Үнэн хэрэгтээ МАН, МАХН-ын гишүүдээс дутахгүй АН-ынх нь гишүүд гадаад дотоод томилолтоор яваад ирц бүрдэхэд хүндрэлтэй л байгаа шүү дээ. Гэтэл асуудлыг нэг өнцгөөс харж, шүүмжилж байгаа нь зангараг дутсаны шинж. Аливаа асуудлыг Ардчилсан намынхаа  эрх ашгаар сэтгэж, нэг намын өнцгөөс хардаг нэг намын улстөрчийн төрөлх араншин нь үүн дээр л  цухалзсан гэхэд хилсдэхгүй. Уг нь УИХ-ын дарга хүн цөөнхийнхөө эрх ашгийг бүхнээс илүү хамгаалдаг зарчимтай. Өөрөөр хэлбэл, үе үеийн УИХ-ын дарга нар цөөнхийнхөө дуу хоолойг дэмжиж, нэг ёсондоо өмгөөлөгч нь болж ажилласаар ирснийг олон нийт гадарлана. Хууль ёс гэхээсээ зарчим нь ингэж ажиллахыг шаарддаг билээ.

Харин З.Энхболд даргаас тийм араншин, бас сэтгэл гарсангүй. Эхнээсээ л цөөнхөө үл тоож, жижиг сажиг зүйл дээр ч сөрөг хүчнээ өөнтөглөж, үг хэлэх, асуух эрхийг нь УИХ-ын чуулганы танхимд бүдүүлгээр зөрчиж байсан нь олон нийтийн дургүйцлийг өдөөж байгааг Facebook Twiiter зэрэг олон нийтийн цахим хуудаснаас харж болно.

Дээр нь УИХ-ын Тамгын газрын ажилчдыг хэлэх хэлэхгүй үгээр дайрч, “Ажлаас чинь хална шүү” гэх зэргээр дарамтлах, сүрдүүлэхийн завсар аашилж байгаа бичлэг нь Youtube –ийг чимээд удлаа. Энэ нь спикер хүний гаргах ёстой араншин мөн гэж үү.  Аливаа албан тушаалд томилогдсон хүн хүлээсэн үүрэг, зарчимынхаа хэрээр хувийнхаа ааш авираа татаж, өөрийгөө цэгнэж явдаг баймаар юм. Харин ч түүний оронд Ерөнхий сайд Н.Алтанхуяг л сөрөг хүчнүүдтэйгээ хэл амаа ололцож, төрийн машиныг гацаахгүй гэж хичээж байгаа нь нүдэнд тусч байна лээ.

Эсвэл АН-ын генсек, Төрийн өмчийн хорооны даргын албыг хашиж явсан З.Энхболд дарга маань албан тушаалын “шок”-д орчихоод юу хийхээ мэдэхгүй байгаа юм болов уу, нэг бол спикер хүн ямар зангарагтай байх ёстойг хэлээд өгөх хүн хажууд нь байхгүй байж мэдэх юм. Ямартай ч өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал парламентын гацааг арилгах, үгүй ядаж арилгах гэж хичээх ёстой хүн нь З.Энхболд дарга мөнөөсөө мөн билээ. Гэтэл түүнээс аль аль нь харагдахгүй байна. Уг нь түүнийг үргэлж цаас, баримт харуулж хэвлэлээр ярьдаг байхад нь шударга улстөрч байх гэж олон хүн итгэдэг найддаг байв. Гэтэл тэр ямар ч гэсэн эвлэрүүлэн удирдахдаа тааруу нэгэн бололтой.

Х.Түвшинтөгс

alt


URL:

Сэтгэгдэл бичих