П.Товуудорж: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрөө шинэчлэх шаардлагатай

Эрчим хүчний яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Товуудоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай улс эрчим хүчний салбар хариуцсан яамтай боллоо. Салбарын яамны зүгээс эрчим хүчний хэрэглээг тасралтгүй хангах, эх үүсвэр бий болгох чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Манай улсын цахилгаан, дулааны хэрэглээний өсөлт жилд дунджаар 10 хувь байгаа нь эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардлагатайг харуулж байгаа юм. Тийм учраас бид энэ хэрэгцээг богино хугацаанд яаж нөхөх вэ, дунд болон урт хугацаанд хэрхэн ажиллах вэ гэдэг бодлого зорилтоо тусгалаа.

Тэгэхээр богино хугацаанд эрчим хүчний хэрэглээг нөхөхийн тулд одоо ажиллаж байгаа станцуудынхаа тоног төхөөрөмжүүдийг шинэчилж өргөтгөнө. Энэ хүрээнд бид ТЭЦ-IV дээр 100 мВт-ын турбиныг шинээр нэмж суурилуулахаар болсон.  Уг ажлын санхүүжилт нь Хөгжлийн банкнаас гарна. Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд “УС 15” дулааны станцыг барихаар болсон. Харин дунд болон урт хугацаанд томоохон хэмжээний усан цахилгаан станц, нүүрсээр ажилладаг цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг ашиглах бодлого барьж байгаа.

Манай орон нүүрсний арвин их нөөцтэй учраас нүүрсээр ажилладаг ТЭЦ-V-ыг барьж байгуулахаар тендрийн шалгаруулалтаа явуулаад гэрээ хэлцлээ хийсэн. Дээр нь Чойрын сав газарт эрчим хүчний цахилгаан станц барихаар хэд хэдэн компани тусгай зөвшөөрөл аваад байна. Энд 600 мВт-ын цахилгаан станц барих шаардлага байгаа. Мөн говийн бүсд Оюутолгой, Тавантолгойд 300, 450 мВт-ын цахилгаан станц баригдана.

-Манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Ямар төрлийн цахилгаан станц барих нь манайд тохиромжтой вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний нөөцийн хувьд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Урьдчилсан судалгааг АНУ-ын эрдэмтдийн туслалцаатайгаар хийсэн байдаг. Уг судалгаагаар манай улсад нарны идэвхжилт нь 270-300 хоног, нэг метр квадратад хуримтлагдах эрчим хүч нь 1,4 кило вольт байдаг. Энэ нь маш өндөр идэвхжилт юм. Ялангуяа говийн бүсэд нарны асар их эрчим хүч байна. Тэнд том чадлын станцуудыг барьж байгуулах боломж бий. Харин салхины эрчим хүчний тухайд нарийвчилсан судалгааг хийх хэрэгтэй. Японы нэг эрдэмтний судалгаагаар манай улсын нар, салхины эрчим хүчний нөөцөөр зүүн хойд Азийг эрчим хүчээр хангах боломжтой гэсэн байсан. Гэхдээ бидэнд сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашигласан бэлэн жишээ байж байна. Хятадын хойд бүс нутгаар буюу Өвөрмонголд сэргээгдэх эрчим хүчний асар их станцыг ашиглалтад оруулсан байна.

-Тавдугаар цахилгаан станцын газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ. Багануур дүүрэгт, гуравдугаар цахилгаан станцын хажууд гэх мэтээр олон газар яригдаж байсан. Дээр станцийн тухай хэлцлийг энэ сардаа багтаан амжуулна гэсэн юу болж байгаа вэ?
-Хэлцэл явуулахад мэдээж хэрэг урт хугацаа шаардагдана. Энэ ондоо ч багтахгүй байх. Тавдугаар цахилгаан станцыг Улаанбаатар хотын зүүн талд барина. Энэ нь олон давуу талтай.

-Шинээр баригдах тавдугаар цахилгаан станц ямар хүчин чадалтай байх вэ. Нэгэнт ажил болж байгаа болохоор ойрын гуч дөчин жилээ бодож барих шаардлагатай болно?
-Энэ дөрвөн уулын хонхорт дахин цахилгаан станц барихгүй. Тэгэхээр тавдугаар цахилгаан станц бол нийслэлд баригдаж байгаа сүүлчийн цахилгаан станц юм. Тиймээс ТЭЦ-V-ыг 450 мВт цахилгаан, 587 кл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар барихаар тооцож байгаа юм.

-Цаашид Улаанбаатар хотын алслагдсан цэгүүд Баянхошуу, Зүүнсалаа зэрэг газрыг дэд хот болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. Дэд хотуудын эрчим хүчний асуудлыг яаж шийдвэрлэх юм бэ. Дахин цахилгаан станц барихгүй гэж байна?
-Засгийн газрын 100 хоногийн хүрээнд манай яамнаас БХБЯ-тай хамтраад “Их тойрог” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь нийслэлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх ажил юм. Улаанбаатар хотыг тойроод 110 кл вольтийн сүлжээ байдаг. Бид энэ сүлжээний гадуур 110, 220 кило вольтийн их тойрог сүлжээг бий болгохоор  болоод байна. Цахилгаан дамжуулах сүлжээг ингэж өргөтгөснөөр гэр хорооллыг цахилгаан, дулаанаар тасралтгүй хангах бүрэн боломжтой болно.

-Манай улс дотоодынхоо эрчим хүчний хэрэглээг хангаад зогсохгүй, гадны орнуудад эрчим хүч экспортолдог
болох хүртэл ямар хугацаа шаардлагатай вэ?
-Гадагшаа эрчим хүч экспортлох зорилт бидэнд бий. Гэхдээ энэ асуудлыг 2020 оноос хойш ярина. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар манай улсад Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа сэдэвт олон улсын бага хурал саяхан болж өнгөрлөө. Энэ хурлаар бид Зүүн хойд Азийн эрчим хүчний интеграцид манай улс баялаг нөөцөө ашиглаж хэрхэн оролцох вэ гэдэг асуудлыг төр засгийн хэмжээнд хөндөж ярилцсан юм. Бид энэ асуудлыг зөвхөн ярих биш ажил хэрэг болгох хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Ядаж судалгаа, ТЭЗҮ-ээ хийе гэдгээ тохирсон байгаа.

-Ирэх оны улсын төсөвт эрчим хүчний салбар, цахилгаан станцыг барьж байгуулах ажилд хөрөнгө мөнгө тусгагдаагүй байсан. Яагаад хөрөнгө мөнгө төсөвлөхгүй байгаа юм бол?

-Эрчим хүч гэдэг бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг шингээх чадвартай салбар юм. Тийм учраас хэдийгээр улсаас мөнгө төсөвлөөгүй ч гэсэн зээл авч төсөл хэрэгжүүлээд зээлээ эргүүлэн төлөх боломж байгаа.

-Манай улсад эрчим хүчний нөөц, баялаг нь байна. Тиймээс гадны орны туршлага, техник технологийг нэвтрүүлж хамтран ажиллах боломж хэр байна вэ?
-Манай улсын хувьд нэн тэргүүнд сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрөө шинэчлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа. Хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин нь манай улсад хангалттай байна. Хувийн хөрөнгө оруулагч компаниуд санаачилга гараад ажиллавал боломж бий.

Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих