Суралцагчдад бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхийг хориглосон заалтууд

Суралцагчдад бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхийг хориглосон заалтууд

 

Бүү ай, танд ямар ч сурагч эрхлэхгүй, Хэн ч толгой дээр чинь гарахгүй. Хайрладаг хүнээ гомдоохыг хүсдэг хүн байдаг гэж үү

Алишан Капаклыкаяа

 

Кейс:

Манай ангийн багш намайг цагаан цамц өмссөнгүй гээд зодсон. Уг нь би цагаан цамцаа өмссөн байсан юм. Манай анги халаалт муутай болохоор даарсан хүүхдүүд хааяа гадуур хувцсаа өмсөөд суудаг юм. Би тэгээд сууж байсан. Үүнээс болоод миний хацар хавдаад, хамар мурийсан. Бас манай найз охин багш бид хоёрыг салгах гэсэн чинь чи өмөөрлөө гээд түүний хүзүүг маажсан. Тэгээд намайг хичээлээс хөөсөн. Өнөөдөр намайг бас найзуудтай маань хичээлд суулгахгүй хөөсөн.Та нар намайг байгаа цагт энэ ангид суух эрх байхгүй. Та нарыг сургуулиас хөөлгөнөгэж заналхийлээд байгаа. Намайг цохиод өшиглөөд байхаар нь би түлхчихсэн чинь хумсаараа гарыг нь шалбалчихсан байсан. Түүнийг захирал, багш нарт үзүүлээдЭнэ намайг зодсонгээд гүтгээд байгаа. Бид нар рок хөгжим сонсдог. Бидний хувцасны стиль, үсний засалт ч бас бусдаас өөр л дөө. Үүнд багш нар дургүй байдаг. Гэхдээ бид хичээлдээ муу биш, хичээлээ ерөөсөө тасалдаггүй ш дээ. Одоо 10-р анги. Хичээлдээ л суумаар байна.

ХХХТ-өөр үйлчлүүлсэн 15 настай охин

Асуулт:

  1. Ийм асуудал яагаад түгээмэл байдлаар гарсаар байдаг вэ?

Маш олон учир шалтгаантай.

  • Хүүхэдтэй харьцах хүмүүжлийн орчин үеийн эерэг аргууд болон уламжлалт аргуудын талаар мэддэггүй.
  • Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулж харьцах ур чадваргүй байдал
  • Үгэнд орохгүй, үймүүлээд байгаа хүүхдийг загнаж, зодож болно гэсэн буруу ойлголт хандлага
  • Хуулийн хориглолтыг мэддэггүй, мэддэг ч дагаж мөрддөггүй

2. Сахилгагүй, болдоггүй хүүхдийг зодох нь зөв үү.

Хүүхэд нь аливаа юмны учир зүйг нарийн таньж мэдээгүй байдаг учраас ертөнцийг танин мэдэхийг оролдох явцдаа их бага хэмжээгээр заавал алдаа гаргаж, дэггүйтэх тохиолдол байдаг. Бид ч гэсэн ямарваа нэг шинэ ажлыг хийж дадталаа эхний хэдэн удаад нь бүтэлгүйтдэг шүү дээ. Тэгсэн хэрнээ хүүхдийг шинэ зүйл сурахаар оролдож байх үедээ гаргасан алдаа бүрд нь зодож хариу барих нь хүүхдийн аливаа зүйлсийг туршиж үзэх, шинээр сэтгэх, хийж бүтээх оргилуун хүслийг нь унтраах маш муу нөлөөтэй юм. Тэгээд ч хүүхдийг ямар нэгэн шалтгааны улмаас хэн ч хэл амаар доромжлох, заналхийлэх зэргээр сэтгэл санааны дарамтад оруулж, зодож занчих эрхгүй.

3. Энэ үйлдэл ямар ямар хуулийг зөрчиж байна вэ

Боловсролын тухай хууль:

44 дүгээр зүйл. Багшийн эрх, үүрэг

44.2.4.суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах;

44.2.5.суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх;

44.2.6.суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;

44.2.7.суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих

44.3. Багш суралцагчид сэтгэл санаа, бие махбодын шийтгэл, эдийн засгийн дарамт үзүүлэх, хувийн нууц задруулахыг хориглоно.

 

48 дугаар зүйл. Боловсролын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

48.2.6.суралцагчийн бие махбодод халдсан, сэтгэл санааны дарамт үзүүлсэн, мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, тэдний хувийн нууцыг задруулсан, хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан багшийг 10000-30000 төгрөгөөр, албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох

 

Монгол Улсын Эрүүгийн хууль

96 дугаар зүйл. Бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах

96.1.Бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

98 дугаар зүйл. Бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулах

98.1.Бусдын бие махбодод удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

99 дүгээр зүйл. Бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах

99.1.Бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

Дээрх хуулийн заалтууд танд сүрдүүлэг мэтээр харагдаж байж магадгүй юм. Гэвч насанд хүрсэн хүмүүс бие биеэ зодсон тохиолдолд эрүү үүсгэж, зодсон этгээдэд шийтгэл оногдуулдаг хэрнээ хүүхдийг хэн нэг нь, тэр дундаа ойр дотны таньдаг хүн нь /гэр бүлийнхэн, хамаатан садан, ангийн багш гэх мэт/ зодсон тохиолдолд нэг их асуудал үүсгэлгүй тэгсхийгээд өнгөрөөх нь түгээмэл байдаг. Хүүхдийг зодож бие махбодын болон сэтгэл санааны хохирол учруулчхаад шийтгүүлэхгүй байна гэдэг буруу, буруу байсаар ч ирсэн. Энэ нь хүүхэд бол хүн биш гэж байгаатай адил шударга бус хэрэг юм. Хүүхэд өөрийг нь хохироосон хүнээс гомдол нэхэж, шүүхэд өргөдөл гаргах чадвар, мэдлэггүй. Хэн ч энэ байдлыг нь ашиглан хүүхдийг хохироох эрхгүй юм. Иймээс хүүхдийн биед хүнд хөнгөн гэмтэл учруулсан байдлаас шалтгаалан Боловсролын хуулиас Эрүүгийн хууль хүртэл арга хэмжээ авахуулах ёстой.

 

  1. Тайлбар:
  • Бие махбодын шийтгэл – хүүхдийг өөрийн эрхшээлдээ байлгах, давамгай байдал тогтоох, шийтгэх зорилгоор хэн нэгэн этгээд хүч хэрэглэн хүүхдийн биед халдахыг, /илрэлүүдийг оруулах уу – алгадах, цохих, өшиглөх, эд юмаар шидэх, ороолгох, үснээс зулгаах, маажих, чимхэх, хана мөргүүлэх… гэх мэт/
  • Сэтгэл санааны дарамт – хүүхдийг өөрийн эрхшээлдээ байлгах, давамгай байдал тогтоох, шийтгэх зорилгоор хэн нэгэн этгээд хүч хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр ам үг, үйл хөдлөлөөрөө нөлөөлөх байдлаар сэтгэл санааны дарамтад оруулахыг /заналхийлэх, хэл амаар доромжлох, нэр хоч өгөх, айлган сүрдүүлэх, шоолох, дарамтлах… гэх мэт/

 

  1. Зөвлөмж

Багш, эцэг эх бүр хүүхдээ сайн сурагч, сайн хүн болоосой гэж хүсдэг. Тиймээс ямар нэг алдаа гаргасан үед нь түүнийг залруулах гэсэндээ загнаж, заримдаа цохиод авах үе байдаг. Гэвч та энэ үйлдлийг хүүхдийнхээ сайн сайхны төлөө хийж байна гэж бодож байгаа ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Тэгээд ч багш гэдэг бол сайн сайхан бүхний эхлэл, үлгэр дууриалал байх ёстой. Хүүхдийн эрхийг дээдэлдэг, хүмүүжлийн эерэг аргууд, сайн туршлагыг эцэг эх, олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг, хүүхдүүдээ хүндлэн харилцаж, хүмүүжүүлдэг байх ёстой хүн маань өөрөө хүүхдийн эрхийг уландаа гишгэж, хүүхдийн бие махбодод халдаж байна гэдэг мэргэжлийн хувьд ур чадваргүй байна гэдгээ харуулж байна гэж ойлгож болно. Хүүхдийг найз нөхөд, анги хамт олных нь дэргэд загнаж, зодох нь маш буруу. Ингэснээр та хүүхдийг алдаагаа засах гэж хичээхэд биш, өөрийгөө хамгаалж, таныг эсэргүүцэхэд л хүргэнэ.

Харин үүний оронд хүүхдэд учрыг ойлгуулах маш олон арга замууд байдаг. Үүнээс дурдвал:

  • Сурагчдын зан авир, аливааг ойлгон хүлээн авах чадвар янз бүр байдаг учир тэднийхээ онцлог чанарт тохируулан харьцах. Зарим нэг багш ангийнхаа хүүхдүүдийг аль ордонд төрснийг нь нэг бүрчлэн мэддэг бөгөөд уг ордны хүмүүсийн нийтлэг зан чанар, аливааг хийж бүтээх чадвар зэргийг нарийн судалж, түүнд нь хэрхэн тохируулж хүүхэдтэйгээ харилцах талаар эцэг эхэд нь зөвлөгөө өгч, амжилттай хамтран ажиллаж байсан бодит туршлага байдаг.
  • Сурагчдаа загнаж дарамтлалгүй сануулах журмаар өгөөмөр сайхан сэтгэлээр хандаж муу зуршлаас нь салгах. Жишээ нь сурагчдыг гомдоохгүйн тулд тэдэнд уурлаж бухимдахын оронд “Хүү минь чи буруу аашилж байна. Үүнийгээ засахад чинь багш нь чамд тусалъя. Хийсэн зүйлээсээ чи өөрөө хохирч, ангийн уур амьсгал ч тавгүй болж байна” гэж ойлгуулах маягаар ярьж, сурагчийг биш, зан авирыг нь засах хэрэгтэй бөгөөд ятгаж итгүүлэх аргыг сонгох нь зүйтэй.
  •   Хэчнээн их уур тань хүрч, урам тань хугарч байсан ч та тэвчээд өнгөрөхийг хичээгээрэй. Маш олон зүйл дээр та нэг хэлсэн зүйлээ дахин давтаж хэлэх хэрэг гарна. Үүнийг хийхэд танаас маш их тэвчээр шаардагдана. Гэвч энэ бүгдийн эцэст та үр дүнд хүрч хүүхдүүд өөрчлөгдөж эхлэхийг харах болно. Хүүхдүүд хайрлаж хүндэлдэг хүнээ гомдоохыг хүсдэггүй шүү дээ.
  • Уламжлалын аргаас оруулах /дагуулж, үлгэрлэж, зааж сургадаг гэх мэт/ дээр үеийн гэрийн сургууль, түүний сургалтын талаар судалж оруулах

 

Та бүхэнд нэгэн сонирхолтой өгүүллэгийг толилуулъя.

 

Болдын түүх1

Тэр жил Цэцгээ багш 5–р анги дааж авчээ. Тэдний ангид Болд гэдэг нэг хүү байв. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш ажиглажээ.

Цэцгээ багш Болдын хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь “Болд маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгөө эвтэй найртай.” гэжээ. Цааш нь хоёрдугаар ангийн багш нь “Маш сайн сурагч. Гэвч ээж нь маш хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй” гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь “Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал, халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү амьдрал түүнд нөлөөлнө.” гэж бичсэн байлаа. Харин дөрөвдүгээр ангийн багш нь “Болд бүрэг, хичээлдээ сонирхолгүй. Ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг” гэсэн байв.

Ингэж Цэцгээ багш Болдын ямар хүүхэд байсныг нь мэдлээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь Цэцгээ багшид өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Болд түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Болдын энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж, үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ болив.

Тэр өдөр Болд багшдаа “Багш аа, та яг миний ээж шиг үнэртэж байна” гэж хэлжээ. Тэр өдрөөс эхлэн багш Болдод анхаарал тавьж эхэллээ. Анхаарах тусам Болд улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болж чадав. Жилийн эцсээр Цэцгээ багшийн гэрийн үүдэнд Болд нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст “Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш” гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа Болд Цэцгээ багшид захидал илгээж элссэн сургуулиуддаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа ирсэн нэг захидалдаа Болд нэг бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул Цэцгээ багшийг хүргэний талыг төлөөлж өгөхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Болд гэж бичсэн байв.

Цэцгээ багш хүүгийн хуримд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй.

Хайртай багшийгаа харсан Болд тосон угтаж, тэврэн үнэсүүлэхдээ чихэнд нь “Надад итгэсэнд тань, намайг өөртөө бас амьдралд итгэх итгэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа” гэж шивнэжээ. Цэцгээ багш хайр, нулимс дүүрсэн нүдээр Болдыг харж, “Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ” гэв.

Багш хүний шинж чанарыг агуулсан хүн улс удирдаж чаднаВиллъям Жеймс

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих