Хүүхэд хамгийн сайн сайхан зүйлийг цуглуулдаг сав уу?

“Боловсролын давалгаа” ТББ-аас Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулсан “Соён гэгээрлийн өдрүүд”-ийн үеэр  “Хүүхэд ургаж цэцэглэдэг мод уу,  хамгийн сайн сайхан зүйлийг цуглуулдаг сав уу?” сэдэвт нээлттэй ярилцлага зохион байгууллаа. Ярилцлагын үеэр оролцогчид “Шийдвэрлэх нас” номын зохиогчидтой уулзаж, бага насны хүүхэдтэй ажиллахад тулгардаг асуудлуудаараа хариулт авч байлаа. Ярилцлагад “Монсудар хэвлэлийн газар”-ын захирал Р.Энхбат, “Шийдвэрлэх нас” номын зохиогч Н.Норжхорлоо (PhD), Н.Оюунцэцэг (PhD) болон эцэг эх, мэргэжлийн багш нар, судлаач, оюутнууд оролцов.

Р.Энхбат: Энэ арга хэмжээг бид  БШУЯ-тай хамтран зохион байгуулах байсан. Гэвч холбогдох хүмүүс нь хөдөө ажлаар явсан тул оролцож чадсангүй. БШУЯ-наас “Авьяас” хөтөлбөрийг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ бол чухал асуудал. Гэхдээ “авьяас” гэсэн энэ үгийн утгыг эхлээд зөв ойлгох хэрэгтэй. Бид АВЬЯАС гэдгийг янз бүрээр ойлгож, янз бүрээр ярьж байна. Япончууд “Авьяас бол хичээл зүтгэлийн үр дүн” гэж үздэг гэсэн. Үүнийг сонсоод би үнэхээр алсын хараатай ард түмэн байна даа гэж бахархсан.

Иймд бид “авьяас” гэдгийн дор юу руу явах гээд байна вэ гэдгээ эхлээд тодорхойлох шаардлагатай. Үүнд төрийн бодлого байх хэрэгтэй.

Хүүхэд: асрах, хүмүүжүүлэх, харах, хөгжүүлэх, саатуулах, сургах, маллах, өсгөх, бойжуулах гэж олон янзаар ярьдаг. Одоо цэцэрлэгт энэ олон үйл ажиллагаанаас яг алийг нь хийж байна вэ? гэдгээс эхлээд ярилцъя.

Асуулт:  Цэцэрлэгт ямар зорилго тавьж хүүхдийг сургадаг юм бол?

Н.Оюунцэцэг: Монгол Улсын боловсролын бүх түвшинд буруу зам байна. Хүнийг хөгжүүлэхийн тулд:
•    Бие бялдрын хөгжил
•    Сэтгэл нийгэмшихүйн хөгжил
•    Оюун ухааны хөгжлийг авч үзэх ёстой атал одоо зөвхөн оюун ухааныг л барьж ажиллаад бусдыг нь орхигдуулж байна.

Бид яриад л байдаг, хэн ч хийж, хэрэгжүүлэхгүй байгаад учир байна. Багш нар маань ч арга замаа олохгүй байна. Цэцэрлэг бараг сургууль болсон. Ер нь хүүхдийн дотоод ертөнцийг судлаасай, хүүхдээ зөв ойлгож, хүүхдэдээ туслаасай гэж хүсдэг.

Р.Энхбат: Ер нь цэцэрлэгийн байгууллагад яг яадгийг бидний хэн нь ч мэдэхгүй байна. Олон улсын жишгээр бол шинжлэх ухааны үндэстэйгээр хүүхдээ сургадаг газарт 8-12 хүүхдийн төлөө 2 багш зэрэг ажилладаг. Гэтэл манайд байдал тэс өөр, дээрхээс 2-3 дахин олон хүүхэдтэй багшид яг тэр хөгжилтэй орны жишгээр хүүхэд бүрт боловсрол эзэмшүүл гэдэг шаадлага тавьдаг. Ийм орчин нөхцөлд ямар боловсрол олгох вэ? Монголд үнэхээр орчин байхгүй. Мөрдөж байгаа стандартыг нь ойлгож байгаа хүн ч алга. Асууя гэхээр эзэн олдохгүй юм.

Тайлбар толь бичгээс харвал цэцэрлэгийн үйл ажиллагааг “хүүхэд саатуулах” гэж тайлбарласан байна. Бидний хандлага бол хүүхдийг хүн гэж үзэхээсээ илүү мал, амьтан шиг байдлаар үздэг гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, аман ярианд “Хүүхэд маллах хүн байна уу?” гэж өөр хоорондоо ярилцдаг. Цэцэрлэгийг боловсрол олгох гэдэг талаас нь авч үздэг аав, ээж их ховорхон. Цэцэрлэгт боловсрол олгодог уу? гэхээр бас их хэцүү. Монголын нийт хүүхдийн тал хувь нь л цэцэрлэгт хамрагддаг. Гэхдээ байх ёстой тооноосоо 2-3 дахин их тоогоор. Үлдсэн тал хувь нь гэртээ байж байна.

Асуулт:  СӨБ-ын стандарт хэр тохирсон стандарт гэж боддог вэ?

Н.Оюунцэцэг: 2004 онд батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын стандарт”, 2011 онд батлагдсан “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт” гэж 2 янзын бодлогын баримт бичиг бий. Өнөөгийн боловсролын бодлого алдаатай байгаа, бид үүнийг дэс дараалалтай судалж байна.

Р.Энхбат: Сүүлийн үеийн СӨБ-ын стандартад тохиромжгүй зүйл олон бий. Яг цэцэрлэгт тохирсон дүрэм журам байхгүй. Ерөнхий боловсролын дүрэм журам дотор л зүүгдэж явдаг.

Асуулт:
“Шийдвэрлэх нас” гэдэг ном гарах болсон шалтгаан юу вэ?

Н.Норжхорлоо: Манай аав ээж нар хүүхдээ сургуульд ортол өсгөж, хүмүүжүүлэх гол үүргийг үүрэх ёстой. Нүүдэлчин уламжлалаар бол малчин аав, ээжтэйгээ хүүхдүүд хамтдаа өдрийг өнгөрөөж, өсөж хүмүүждэг байсан. Суурин амьдралд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд тулгамдсан асуудал их гардаг. Сургуулийн өмнөх насны хүүхдийн тал шахам хувь нь гэртээ өсөж бойжиж байна. Өглөөнөөс орой хүртэл ажилтай аав ээж нар хүүхэдтэйгээ хамт байх цаг хугацаа хомс. Залуу аав ээж нар дээд боловсрол эзэмшсэн, зарим нь гадаад хэлтэй.  Харин тэдний хүүхэдтэйгээ ажиллах эв дүй, арга барил дутмаг байх нь элбэг. Иймд аав ээж нарт бага насны хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэхэд нь дэм болох үүднээс бид өөрийн вэб сайтдаа зөвлөгөөнүүд тавьж ирсэн. Ингээд олон эцэг эхийн санал хүсэлтээр вэбсайт дээрх материалаа нэгтгэн энэхүү номыг гаргасан.

Н.Оюунцэцэг:  Энэ номыг зохиоход хамтран ажиллах явцдаа хүүхэдтэй харилцах олон бэрхшээлүүдийн хариултыг олж авсан. Одоо ч энэ номын тусламжтайгаар өөрийн ачийг өсгөж, залуу аав ээж нарын гаргадаг нийтлэг алдаануудыг ойлгож, хүүхдийг илүү ойлгож, ажиглаж харах болсон.

Р.Энхбат:  Номыг “Шийдвэрлэх нас” гэж нэрлэсэн байгаа. Сургуулийн өмнөх нас бол хүний хэн болохыг тодорхойлдог нас. Хүүхэд хожим хэн болох нь энэ насанд шийдвэрлэгддэг учраас бид номоо ийнхүү нэрлэсэн. Манайхны нэг нийтлэг бодол нь “Номоор хүнийг хүмүүжүүлнэ гэж юу байх вэ?” гэдэг. Энэ номд таны хүүхэд хэн бэ? Хүүхдээ ойлгоход тань туслах олон зүйлсийг оруулсан.

Асуулт: Би 11 настай хүүхэдтэй, эцэг хүн. Бидний хүндэлж явдаг хүмүүсийн ихэнх нь өөрийн бага нас, амьдралынхаа дурсамжид “аав маань суран бүсээр ороолгосны хүчинд өдий зэрэгтэй сайн явна” гэдэг ч юм уу дурсамжууд олон байдаг. Та бүхэн энэ номоо бичихдээ ямар  гол эх сурвалж дээр тулгуурласан бэ?

Н.Норжхорлоо: Өөрсдийнхөө ажил, амьдралын туршлага, гадаадын судлаачдын судалгааны бүтээлүүд дээр гол нь тулгуурласан. Эцэг эхчүүдийн бодит амьдралд тулгардаг асуудал, нийтлэг туршлагыг мөн судалж бүтээсэн.

Р.Энхбат:  Монгол хүүхдийн талаар судалсан судалгаа ховор, Монголд хүүхдийн хөгжлийн тухай бичсэн онолын дорвитой бүтээл бараг байхгүй юм билээ. Бид бүгдээрээ хүүхдээ сэтгэл зүрхээрээ хайрладаг, харин оюун ухаанаараа харйладаггүй юм байна. Иймээс бид энэ талаар судалж тогтоосон гадныхны туршлага, өөрсдийн амьдралын туршлагыг хослуулан энэхүү номын бүтээсэн. Ер нь дэлхийн бүх хүүхэд адилхан гэж бид боддог. Жишээ нь, хүүхэд бүхий л зүйлийг амьтай гэж боддог. Томчуудаас тэс өөрөөр сэтгэдэг. Гэтэл манайд хүүхдийн зохиолч нар өөртөө таалагдсаныг бичиж, түүнийгээ хүүхдийн зохиол, бүтээл хийлээ гэдэг. Хүүхдийн нүдээр харж, хүүхдийн сэтгэхүйгээр мөрөөдөж, сэтгэхгүй байгаа учраас бүтээл нь хүүхдээс хөндий байдаг.

Асуулт: Өнөө үед залуухан аав ээж нар хүүхдээ төрүүлээд өөрсдөө ажиллаж, сураад, хүүхдээ өвөө эмээгээр нь өсгүүлж байна. Энэ талаар Та бүхний бодол ямар байна вэ?

Р.Энхбат: Бидний ихэнх нь тохиолдлоор төрдөг. Гэр бүл төлөвлөлт байхгүй, хэзээ хүүхэдтэй болохоо ярилцдаггүй, гэв гэнэт төрүүлэх болдог. Тийм учраас өвөө эмээд нь хүчээр л харуулдаг.

Н.Оюунцэцэг: Эмээ өвөөгөөр нь хүүхдээ харуулахад эерэг, сөрөг аль аль талын нөлөөлөл байдаг. “Шийдвэрлэх нас” номд үүний дэлгэрэнгүй хариулт бий.

Асуулт: Хүүхдийг багаас нь өхөөрдөж дуудах нь хүүхдийн хүмүүжил, хөгжилд нөлөөлөх үү?  СӨБ-ын эрх зүйг зохицуулсан ямар баримт бичиг, материал бий юу?

Н.Норжхорлоо: Хүүхдэд зөв хандах хандлага бол хүүхдийг бүтэн нэрээр нь дуудаж хэвших, зөв цэгцтэй ярих. Өөрийнх нь оноосон нэрээр дуудвал сайн. Томчууд хүүхдийг юм мэдэхгүй нялх амьтан, өөрсдийгөө их юм мэддэг гэж үздэг. Тэгээд тэдэнд их юм заах гээд л байдаг. Хүүхдийнхээ онцлогийг мэддэггүй болохоор тэднийг ойлгодоггүй, буруу зөрүү шаардлага тавьдаг. Жишээлбэл,  хүүхдээ  “худлаа битгий яриад бай”, “худалч болох нь уу” гэдэг. Гэтэл 3-4 настнууд бодит үйл явдал, өөрийн бодсон, хүсэж мөрөөдсөн, зүүдэлсэн зүйлсээ хооронд нь ялгадаггүй. Аль телевизээр ч билээ “Манцуйтай тамирчин” гэсэн нэг нэвтрүүлэг явж, нялх хүүхдүүдийг хүртэл уралдуулдаг. Тэр их хүчтэй гэрэл, дуу авианаас хүүхэд насан туршдаа муугаар нөлөөхөүйц цоцрол авахыг үгүйсгэхгүй. Тэр бол томчууд нялхсыг ашиглан өөрсдийнхөө зугааг гаргаж буй хэрэг.

Асуулт:
Хүүхдийн авьяасыг яаж нээх вэ? Манай охин 3 настай, зураг зурах дуртай. Зургаар хүүхдийг хүмүүжүүлэх талаар танай номд байгаа юу, хүүхэд телевиз их үзэхийн нөлөө юу вэ?

Н.Норжхорлоо:  Бага насны хүүхэд зөвхөн хэл яриагаар биш зураг зурах, тоглох, элдэв хөдөлгөөн хийх зэрэг олон үйлээр өөрийгөө илэрхийлдэг. Эдгээрийг бүгдийг нь эн тэгш хөгжүүлж байх шаардлагатай. Хүүхдийнхээ хамгийн дуртай хийж байгаа үйлийг хийх таатай орчинг бүрдүүлж, өөрийгөө илэрхийлэх боломжийг олгож, хөгжихөд нь туслах нь зөв. Учиргүй л багаас нь ганцхан зүйлээр авьяасыг нь хөгжүүлнэ гэж туйлширч болохгүй. Манайхны нэг дутагдал бол хүүхдээ багаас нь од болгохыг мөрөөддөг, шаарддаг.

Хүүхэд бол бүх мэдрэхүйгээрээ тусган хүлээн авч байж аливааг таньж мэддэг. Жишээ нь: барьж үзнэ, харна, сонсоно, үнэрлэнэ, амтлана гэх мэт. Гэтэл телевиз үзэх, компьютер тоглоход зөвхөн харах, сонсох хоёрхон мэдрэхүйгээрээ хүлээж авдаг, мөн хөдөлгөөгүй сууна, харилцан яриа өрнөхгүй.

Р.Энхбат: Телевиз, компьютерийн тоглоомоор хүүхэд зөвхөн бэлэн зүйлийг хүлээн авна. Энэ нь бэлэнчлэх сэтгэлгээнд нөлөөлнө. Өөрөө юмыг бүтээдэггүй, аз жаргалаа өөрөө бүтээгч болох хүсэл эрмэлзэл нь унтарна.

Н.Оюунцэцэг:  Хүүхдийг зураас зурж эхлэхээс нь эхлээд ажиглаад байхад хүүхэд зурсан зураас болгоноороо өөрийгөө илэрхийлж хөгжиж байдаг. Хөгжлийн түвшин нь өөрчлөгдөж, ахиж байгааг зөвхөн зургаас нь ч бид харж болно.

Н.Норжхорлоо: Сүүлийн 20-оод жилд эрдэмтэд хүүхдийн тархины судалгааг их хийж байна. Энэ судалгаагаар хүүхэд өөрөө ямар нэг зүйлийг сонирхон оролдож, хийж байгаа үед тархи нь илүү ажиллан хөгжиж байдаг нь нотлогдсон учраас энэ боломжийг хүүхдэдээ олгох хэрэгтэй.  Мөн энэ насны хүүхдийн онцлог бол тэдэнд юу ч заасан сурах чадвартай байдаг. Тэгэхээр зарим аав ээж үүнд нь дулдуйдан хүүхдээ сургах гэж байна гээд багаас нь бичиг үсэгт сургах, гадаад хэл заах, элдэв дугуйланд явуулах зэргээр хүссэнээрээ хүүхдээ ачаалладаг. Ийнхүү хүүхдээ өөрийнхөөрөө зүтгүүлж, хүүхдэдээ бүтээлч байх, чөлөөтэй сэтгэх боломж олгохгүй байвал хүүхдийн тархи гацаанд орох хүртэл сөрөг нөлөөтэй байдаг байна.

Асуулт: Хүүхдийг томчуудын ярианд битгий ор гэдэг. Би бол харин ч хажуудаа байлгамаар томчуудын ярианд оролцуулмаар байдаг. Үүнийг яаж шийдэх вэ?

Р.Энхбат: Малчдын амьдралаар амьдарч байгаа бол өөр хэрэг. Хүүхэд өдөр бүр аав ээжтэйгээ хамт байдаг. Оролцуулах, оролцуулахгүй зүйл гэж байх болов уу. Орчин үед хотожсон нийгэмд бол бид хүүхэдтэйгээ нэг түвшинд аль болох л ойр, хамтдаа байх хэрэгтэй гэж боддог. Үүнд яг болно, болохгүй гэсэн тогтсон зүйл байхгүй, тухайн гэр бүлийн уур амьсгал, онцлогоос хамаарна. Бас хүүхдийн оролцох эсэх сонирхлыг харгалзах хэрэгтэй.

Н.Норжхорлоо: Хүүхэд өөрөө тухайн асуудлыг сонсох, ярианд оролцох сонирхолтой байвал түүнийг оролцуулах нь зөв. Яагаад гэвэл амьдралыг сонирхон, ойлгохыг эрмэлзэж байна гэсэн үг.

Тэмдэглэсэн:  Г.Гэрэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих