Дэлхийд кг цагаан будаа 630, Монголд 1500 төгрөгийн үнэтэй

Улаанбаатар өртөг өндөртэй хотуудын эхний 10-т багтсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хүн амын тоо, иргэдийн дундаж цалинг бараа бүтээгдэхүүний хүртээмж, хангамж, үнэ ханштай харьцуулан гаргадаг энэ үзүүлэлтээр инфляцид дарлуулсан Улаанбаатар яах аргагүй “шилдэг”-т орсон байв.

Гадны л юм гэхээр нүдээ ухаад өгөх дөхдөг монголчууд байдаг л нэг хятад бараанаас арай өөр, гоё ганган шошготой, бас “Made in Germany” гэхчилэн баруунд л үйлдвэрлэсэн бол үнэ нь өндөр, чанартай гэдэг өрөөсгөл ойлголтоосоо салаагүй л байна.

Тухайлбал, чихрийн шижинтэй хүмүүст зо­риулсан хүнсний бүтээг­дэхүүн. Өнөөдөр ийм төрлийн хүнс зардаг дэлгүүр Улаанбаатарт тун цөөн. Өөрөөр хэлбэл, чихрийн шижинтэй хүмүүст идэх зүйл ховор гэсэн үг. Дээрээс нь үнэ ханшийн хувьд ч баргийн хүн дийлэхээргүй юм билээ. Жишээ татахад, сахарын өвчтэй хүмүүст зориулж, тусгайлан бая­жуулсан бор гурил 450 гр нь 6500, органик элсэн чихэр 300 гр нь 9700, цусан дахь инсулиныг тэнцвэржүүлэхэд тустай гоймон 250 гр нь 4200 төгрөгийн үнэтэй байдаг аж.

Гэтэл ийм төрлийн бү­тээгдэхүүн гадны орнуудад хамгийн хямд байдаг төдийгүй, сүүлийн жилүүдэд чихрийн шижингүй хүмүүс ч эрүүл хоол идэх хэрэгтэй гэж үзсэн учраас үйлдвэрлэлийг нэмэгдүүлжээ. Германд л гэхэд дээр дурдсан шиг бор гурил хоёр ам.долларын үнэтэй байдаг бол органик элсэн чихэр айл бүрийн хэрэглээ болсон байна.
Зөвхөн энэ төрлийн хүнс Монголд ирэхээрээ үнэтэй болдоггүй аж. Дэлхий дээр цагаан будаа нийлүүлэгч улс тийм ч олон байдаггүй. Ихэнх нь худалдан авагч. Гэхдээ тэд олон улсын ханшаар цагаан будаа авдаг. Одоогийн байдлаар олон улсад нэг тонн цагаан будаа 430-470 ам.доллар байгаа аж. Үүнийг төгрөгт шилжүүлбэл, 576-630 мянга болж байна.

 

Харин манай улс үүнийг БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг, Тайландаас хамгийн хямдаар буюу тонныг нь 420 орчим ам.доллар /562 мянган төгрөг/-аар авдаг бөгөөд багагүй хувийг нь буцалтгүй тусламж маягаар оруулж ирдэг. Гэтэл өнөөдөр манай зах зээлд кг цагаан будаа чанараасаа шалтгаалж 1200-2200 төгрөгийн үнэтэй байгаа.

Ингээд бодохоор монгол хүн идэхийн төлөө амьдардаг болж таарч байгаа юм. Тэгээд ч бусдаас дутах зүйлгүй сайхан амьдрах тухай ойлголт “Идэх хоолтой, өмсөх хувцастай” гэдгээс давж гардаггүй. Угаасаа хүнс, хоол нь ийм үнэтэй, харин хөдөлмөрийн үнэлэмж нь бага байхад ийм зүйл ярихаас өөр аргагүй мэт.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих