Аавын замаар

Бор-Өндөр миний тоонот нутаг

Намайг мэдээ орох үед Бор-Өндөрийн уурхай маань эхэлж байсан юм. Хэнтий аймгийн Дархан сумын нутагт жоншны том уурхай барихаар болж, уул уурхайн туршлага дадлагатай шилдэг мэргэжилтнүүдийг урьж санал болгоход манай аав санаа шулуудаж, ханаа дугуйлж гэрээ барьсаны дараахан би төржээ. Унгар улсад уулын нэвтрэлтийн мэргэжил эзэмшсэн Өлзийхутаг (миний эцэг) гүний уурхайн нэн шаардлагатай мэргэжилтний нэг болж, орос монгол олон нөхдийн хамт их бүтээн байгуулалтанд орж байгаа нь тэр.

 

Манай орны Дорнод нутгаар хайлуур жонш гэдэг металлург, хайлуур хүчилийн үндсэн түүхий эд элбэг үүсч тархсан бөгөөд үйлдвэрийн аргаар баяжуулан боловсруулах анхны том үйлдвэр баригдаж байсан үед Өлзийхутагийнд ам бүл нэмж, би мэндэлж уурхайчины гэр бүлд уурхайчин удамтай болсондоо бахархан явдаг.

 

Тэндээ цэцэрлэг сургуулиар Монгол , Орос хүүхдүүдтэй шуугиж явсаар дунд сургууль дүүргэж, насаараа ажиллаж, нийгэм улсдаа хүчээ өгөх мэргэжил сонгоход “уул уурхай”-гаас өөр нэгч салбар санаанд ороогүй. Аавыг дагаж гүний уурхайн газрын доор 100 гаруй метрийн гүнд, газар дээрх ялгах, бутлах, тээрэмдэж баяжуулах бүх үйл явцтай танилцаж мэддэг болчихсон, тоног төхөөрөмж, үйлдвэрийн машин, тээврийг андахаа байсан болоод тэрүү , Уулын хүн болно гэсэн бодол бүр багаасаа төрсөн. Уурхайчин хүмүүс уужим сайхан сэтгэлтэй, ажил мэргэжилдээ үнэнч байдгийг ааваасаа, ахуй орчноосоо ойлгож мэддэг болсноос сонгосон мэргэжил юм даа.

УУИС-миний номын шүтээн

Монголын уул уурхайн уураг тархи нь болсон энэ сургууль сураг төдий байснаа шүтээн минь болсоор бүтэн 4 жил өнгөрчээ. Улсын анхны ерөнхийлөгч уулын инженер акад. П.Очирбат, доктор, профессор С.Цэдэндорж, А.Хайдав, Ж.Цэвэгмид, Ц.Нанзад шинэ залуу шижигнэсэн эрдэмтэн багш нараа хараад энэ мэргэжлийн зүрхт тархи нь аргагүй мөн юмдаа гэсэн сэтгэгдэл төрдөг юм.

 

Өөрийгөө уул уурхай сүрхий мэддэг гэж боддог байсан минь талаар болж зөвхөн гадаад төрхийг төсөөлөх төдий байснаа бодохоор ичих шиг болдог. Үзээд сураад оройд нь гардаг ухаан, мэргэжил бас биш юм гэдгийг ч мэдлээ. Онол үзэл баримтлал нь ч, техник, технологи нь ч үргэлж шинэчлэгдэж байдгийг харлаа.

 

Мэргэжлээрээ хоцрохгүй , мэргэжилдээ “боол” болохгүй сурах, төгсөх юмсан, хурдан уурхайдаа инженер гэсэн сайхан нэртэй очиж ажиллах юмсан гэж бодохоос цаг хугацаа явж өгөхгүй мэт. Эрдэмтэн багш нараар ном заалгаж Эрдэнэт, Багануур, Бороогулд, Тавантолгой, Ухаа худаг, QGX зэрэг томоохон уурхайнуудыг үзэх боломж олдож одоо жаахан дотогшоо, улам гүн рүү орох хэрэгтэй болж байна.

Оюутан цаг-миний насны баясгалан

Эцгийнхээ заасан, өөрийн хүссэн нийлж Уул уурхайн инженерийн сургуулийн алтан босго алхаж ороод үнэхээр бахархсан. Яагаад ч юм 1-р ангиас л Оюутны зөвлөл, бусад олон нийтийн сонгуулиуд нэмэгдсээр одоо оройд нь гэхээр сургуулийнхаа оюутны зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна. Нэгэнт итгэл хүлээлгэж сонгогдсон болохоор зүгээр байх аргагүй.

 

Манай сургуульд одоо магистр, докторын сургалт ороод 3600-аад хүн сурч байна. Манай оюутны санаачлагаар хэв журам, ариун цэвэр олон нийтийн ажил хариуцсан “Соёмбо” клуб идэвхитэй ажилладаг. 36000 хүнтэй том айлын олон хүн бужигнасан газар дэг, дэглэм, сахиулах шаардлагатай байдаг. Тамхи татах, хог цаас, шүлс хаях, үймж шуугих явдал хаяа гарах гэдэг.

 

Түүнийг зохицуулж ажилладагаар нийт ШУТИС- д үүрэг хүлээдэг. Хамгийн дурсгалтай сайхан ажил мод тарих. Сэлбэ голын эхэнд “Төгсөгчдийн төгөл“-д бид олон зуун мод тарьж, арчилж сайхан ургаж байгаад баяртай явдаг. Манай сургууль спорт урлагийн их уламжлалтай багш, ажилтаны 100 хүний найрал дууны хамтлаг (хор) проф Ж.Цэвэгмидийн удирдлагаар дуулж байхыг хараад их сайхан санагдсан.

 

ШУТИС-ийн багш нарын урлагийн үзлэгээр эхний байрууд алддаггүй. Олон сайн тамирчид манай УУИС төгссөн. Олимпийн мөнгөн медальт, гавъяат тамирчин, ардын багш Ц.Дамдин гээд зөндөө алдартны зураг хөрөг, түүх дурайн байдаг. Алтны дэргэдэх гууль шарладаг гэдэг шиг би ч гэсэн бөх, шатар, сур зэрэг үндэсний спортоор хичээллэдэг. Сургууль дотроо гайгүй нь гэж боддог гэж тэр ярьж байна.

 
Оюутан хүний үндсэн үзүүлэлт сургалт, сурлагын дүн байдаг. Төмөрбаатар 3,6-3,98 голч дүнтэй яваа нь яах аргагүй өндөр үзүүлэлт. Тэгээд ч түүнд гадаад дотоодын олон уурхай, уулын үйлдвэр ажиллах санал ирүүлж, ивээн тэтгэж байгаад баяртай яваа юм. Миний сургуулиа дүүргэх жил төрөлх УУИС үүсч байгуулагдсныхаа 40 жилийн ой давхцаж байгаад илүү бэлэгшээж байгаагаа хэлмээр байна.

Залуу нас-хийж бүтээхийн хүслэн

Насны багад эрдэм сурахыг өвөг дээдэс дээр үеэс сургаж ирснийг миний аав ээж ч давтан захиж сургадаг. Тэр зааснаараа л яваа гэж боддог. Хэдэн жил гайгүй ажиллаад үргэлжлүүлэн дээд шатны сургалтуудад суралцах, гадаадын уурхай үйлдвэрүүд үзэх, туршлага судлах гээд бодох юм их байна. Оюутны эрдэм шинжилгээний ажил чинь их чухал юм байна.

 

Хоёр удаа оролцож илтгэл тавьсан. Анхны ерөнхийлөгч П.Очирбатын, Уул уурхайн тэнхимийн анхны эрхлэгч ШУ-ны доктор Б.Ишмэндийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал их үр дүнтэй болдог. Цаашдын үйлдвэрлэл-судалгаа гэсэн хос морьтой давхивал хүрэх газар ойрхон мэт төсөөлөгдөж байна. Өмнөө тавьсан зорилготой явах, түүнээ бүр оюутан үеэсээ, насны залууд эхлэхийг багш нар маань байнга сургаж, захиж байгаа нь аавынхаа замаар шинэ орчин нөхцөлд ахиухан ажиллах чиг зам юмуу даа гэж бодогдож байна гэж тэр нухацтай ярих юм билээ.

Уулын зам бартаатай ч ухрах газар байдаггүй гэж бас үг байдаг. Улам өгсөж давааны цаана даваа байдгийг санаж явахыг Ө.Төмөрбаатартаа захия даа.

 

Ө.Төмөрбаатарын
(УУИС-4) хөрөг, тэмдэглэл

Д.Чулуун
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих