Арван хоёр оны хүйтэн сонгууль
“Их ч юм үзсэн толгой доо” гэдэг шиг энэ жилийн орон нутгийн сонгууль овоо юм харууллаа шүү. Нэгэнтээ болоод өнгөрсөн учир энэ сонгуулийн талаар санал бодлоо нэг талаар чөлөөтэй илэрхийлж болохоор. Гэвч бас өнгөрсөн юмыг зурагдсан пянз шиг дахин давтахын хэрэг юу байна гэх ч байх. Үйл явдлыг мартаж болохгүй. Учир нь хойш хойшдоо сургамжтай, туршлага болно.
Тэгээд ч сонгуулийн дуулиан дуусаагүй, биднийг дараагийн сонгууль болох Ерөнхийлөгчийн сонгууль хүлээж байгаа. 2012 оны орон нутгийн энэ удаагийн ээлжит сонгууль өмнөх болон бусад сонгуулиудаас 2-3 онцлогтой байв. Эдгээрээс дурдвал анх удаа Монголд өлсгөлөн зарласан сонгууль болов. Магадгүй үүгээрээ Гиннесийн номонд ч тэмдэглэгдэхээр байсан байх.
Гэвч үсрээд 2-3 мянган сонгогчийг төлөөлөн нэр дэвшиж байгаа хүнийг олон улсад тоохгүй байх л даа. Өлсгөлөн зарлах байтугай амьддаа гэрээслэлээ үлдээсэн нэр дэвшигч хүртэл энэ сонгуулиар гарч ирсэн. Бас нэг онцлог гэвэл нэг тойрогт нэг намын хоёр хүн өрсөлдсөн явдал юм. Ийм ийм элдэвтэй сонгуулийн сүүлийн нэг онцлог нь зун болдог оронд заавал өвлийн хүйтэнд тааруулж сонгуулиа хийснийг гадныхан ер ойлгож өгөхгүй байгаа гэнэ.
Монголчууд зуны сайхан цагаар бүгд амраад хөдөө гадаа явчихдаг юм аа гэж ямар тайлбарлатай нь биш. Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан гэртээ суугаа иргэдийн саналыг явуулын хайрцгаар авдаг бол энэ удаагийн сонгуульд ирц хүрэхгүй нь гэдэг үүднээс санал авах өдрийн орой тийш сонгогчдыг хоёр намынхан машинаар хүргэж өгөх гэж булаацалдсан явдал орон нутагт бишгүй гарч…
2012 оны орон нутгийн сонгууль ийм ийм “чухал” онцлогтой, дээр нь их өргөн дэлгэр, УИХ-ын сонгуулиас цар хүрээгээр дутахгүй, улайрсан шинжтэй болсон. Үүний учир шалтгааныг ажиглагчид засгийн эрх нэгээс нөгөөд шилжсэн, гол нь манайд засаглалын хуваарилалт нарийсч байгаатай холбож байна. УИХ, Засгийн газрын түвшинд яригддаг байсан улс төрийн эрх мэдлийн асуудал ОСГ-ны хороо руу хүртэл гүнзгийрэн орсныг тэмдэглэж байна.
Манайд “засаглалын хуваарилалт”-ыг зарим талаар албан тушаал, эрх мэдэл олж авахын тэмцэл, түүнийгээ ашиглаж авлига авч баяжихаар төсөөлдөгийг нуух юун.
Энэ удаагийн орон нутгийн сонгууль УИХ-ынхаас дутахгүй өргөн далайцтай болсон нь парламентын сонгуулиар гардаг сонгуулийн элдэв луйвар, зөрчлийг зарим талаар гүйцсэн явдал юм.
Үүний хамгийн ноцтой нь Архангай аймгийн МАН-ын үүрийнхэн хуралдаж халуун тогоон дахь “зовлон жаргал”-аа ярьж байх үед нь тус намын үүрт шургалсан АН-ын туршуул үйл явцыг нууцаар бичиж авсан явдал юм. Тэгвэл яг сонгуулийн сурталчилгаа дуусахын даваан дээр Дорноговийн АН-ын нөхдийг аймгийн даргатай нь хамт орон нутгийнхаа төв сонин дээр нам авсан явдал хоёр гол намын хайнааг хаглах шиг болсон.
Сонгуулийн сурталчилгаа хаагдахаас өмнөх өдөр нь ингэж намнадаг аргыг улстөрийн хүчнүүд УИХ-ын өмнөх сонгуулиудаар хэрэглэж байсан юм. Энэ арга нь тухайн нам сөрөг хүчнийхээ хамгийн сүүлийн дайралтад хариу өгөх боломжийг гаргадаггүйгээрээ онцлог байдаг. Дээрх аргын бас нэг өвөрмөц нь орон нутгийн төвийг сахисан юм уу, аймгийн төр, захиргааны голлох сонин дээр гарсан явдал юм.
Сониныхон ийм явдал хийгээгүй байж болох ч тэр сонины толгойг /нэрийг/ ашиглан улстөрчид өрсөлдөгч хүнийхээ эсрэг сөрөг дайралт хийх явдал аль 2004 оны УИХ-ын сонгуулиар гарч байсан юм. Жишээ нь, ийм маягаар гаргасан сониноо айлын хашаа давуулан хаях зэргээр….
Энэ мэт “санамсаргүй” алдаа, зөрчлөөс гадна бүр санаатай үйлдлүүд энэ удаагийн сонгуулиар бишгүй гарав. Сэлэнгэ аймагт МАХН-ын нэр дэвшигчдийг санал авах хуудаст нэг бичсэнээ, хасаад, дараа нь дахиад оруулж бичсэн бол Дорнодод ИЗНН-аас нэр дэвшигчийг бүр “мартчихсан” явдал хүртэл гарсан. Энэ мэтээр ёстой уйдаагаагүй “гоё сонгууль” болсныг тэмдэглэх хэрэгтэй.
Сонгуулийн сурталчилгаа хүртэл УИХ-ын сонгуулийнхаас дутахгүй. бүр гүйцэд түрүүлсэн. Юу гэвэл дуучид, жүжигчид зэрэг урлагийнхныг оролцуулж болохгүй гэсэн хуулиар хориглосон элдэв жүжиг, кинонцорууд энэ удаагийн орон нутгийн сонгуулиар элбэг байв. Энэ дундаас МАН-ын захиалгаар хийлгэсэн “Ахын эзгүйд’’ жүжиглэсэн телевизийн гараа утга, уран сайхны хувьд хамгийн шилдэг нь байв.
Ер нь энэ удаагийн сонгууль манай драмын хэдэн жүжигчнийг хөөрхөн талцуулсан байх. Эсвэл тэд хоорондоо чи тэр намын тэр дүрд гоё тоглосон шүү гэж дамшиглан ярих юмтай үлдсэн байх. Жишээ нь, драмын жүжигчин Цэрэнболд энэ удаа МАН-ыг төлөөлсөн гол дүр байсан бол Цогоо, Хүрлээ нар АН-даа үнэнчээр тоглосон хэвээр байв.
Нэг зонд нэг улсын хоёр баг тунаж үлдлээ гэдэг шиг нийслэлийн Баянзүрх дүүрэгт УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт явагдаж, энд нэр дэвшигч /УИХ-ын 22 дугаар тойрог/ дүүргийн Засаг дарга Ч.Батзориг өөрийн намын нэр дэвшигч Д.Арвинтай /УИХ- ын гишүүн асан/хамт үлдсэн учир саяын сонгуулийн үеэр нэг намын хоёр үзэлцээд ч байгаа юм шиг, эсвэл эсрэг хүчин АН-ынхантайгаа дайтаад, дайраад ч байгаа юм шиг, чухам хэн нь хэнтэйгээ өрсөлдөж байгаагаа бүр сүүлдээ мэдэхгүй учраа олохгүй явах шиг санагдсан.
Энэ мэтээр ёстой л элдэвтэй сонгууль болсон доо…. Тэгээд хамгийн гол нь сонгуулийн урианууд нь их сонин. Хүйтэнд байшин барих технологи олон улсад хэдийнэ дэлгэрсэн гэсэн ч Монголд хараахан нэвтрээгүй байхад өвөл байшин барина ч гэх шиг элдвээр хөвөрсөн. Нэг ёсондоо манай нийгэмд хамгийн чухал болоод байгаа нэр дэвшиж байгаа тойрог, нутаг дэвсгэрийнхээ иргэдийг яаж ажилтай болгож амьдралыг сайжруулах тухай гол зүйл дээрээ төдийлөн анхааралгүй, үүний оронд гудамж талбайг камержуулах гэх мэт биелэгдэхгүй, хэрэгжихгүй зүйл ярьсаар өнгөрсөн.
Энэ бүхнийг дурдахын учир нь энэ удаагийн сонгууль өндөрлөхдөө биш, дараа дараагийн сонгуульд сонгогч иргэд бид төрийн төлөөллөө сонгохдоо нэгийг бодсон, хоёрыг тунгаасан байх ёстойг энэ удаагийн сонгууль харуулав. Тэгээд ч биднийг дараагийн сонгууль хүлээж байгаа. Он гарангуут Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан шуугиан эхлэх биз.
Эх сурвалж: “Бизнес Таймс”
URL: