Сурах бичиг чөлөөт сэтгэлгээнд чөдөр болуузай
-Боловсролын шинэчлэл сурах бичгээс эхэлнэ-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ихэд онож орчуулсан “Олуулаа уншъя” бүх нийтийн соёлын аянд бага ч болов хувь нэмрээ оруулахаар Сэлэнгэ аймагт аялав би, энэ намар. Бүх сумаар нь орж номын баяр зохион байгуулахад нь тусалсан. Энэ маань нүүдлийн номын сангийн 21 дэх жилийн аяны үргэлжлэл. Сургууль дээр түр буугаад мордоход хүүхдүүд шүлэг бичсэн дэвтрээ барин гүйлдэж зөвлөгөө авахаар намайг хоргоон шавдаг байлаа. Унага бүхэн нь хурдан байдаг, хүүхэд бүхэн нь шүлэг бичдэг манай монгол шиг сайхан орон олон болов уу? Бахархмаар ч юм шиг. Гэсэн ч нэг зүйл ажигласнаа хэлэлгүй өнгөрч боломгүй. Хүүхдүүд өөр өөр суманд суудаг ч бичсэн шүлэг нь бие биенээсээ хуулсан мэт ижил байгааг гайхлаа. Яасан сонин юм бэ? Хүүхэд бүхэн л
А үсэг заасан
Ачит багшдаа хайртай
гэж бичсэн байх юм. Хүүхдүүдийн шүлэг дөрөвхөн сэдэвт багтсан байна. Багш, сургууль, ээж, эх орондоо хайртай гэдгээ толгой холбон бичжээ. Хайрлалгүй яах вэ? Хүүхэд бүхний сэтгэлийг соронздон татдаг дөрвөн хүчтэн яах аргагүй мөн. Харин түүнийг ярианы үгээр хэлэх, яруу найргаар дүрслэх хоёр бол тэмээ, ямаа шиг ондоо зүйл. Яруу найраг гэдэг бол толгой холбосон хэлц биш сэрэл, мэдрэмж, уран санаа, гүн ухаан юм. Тонгорч бухсан бүхэн хүлэг биш, толгой холбосон бүхэн шүлэг биш ч гэмээр юмуу, юу ч гэмээр юм бэ дээ. Яруу найраг гэдэг бол хүн хүний хурууны хээ ондоо ондоо байдаг шиг онцгой өвөрмөц үзэгдэл. Гэтэл нэгэн хэвд цутгасан цахиур бууны тугалган сум шиг ижил сэтгэлгээг хүүхдүүд хаанаас олж авав? Хорвоод өөр сэдэв мундсан юм уу? Яагаад нэг сэдэв рүү хошуурах болов? Ертөнцийн юмс үзэгдлийг өөр өөрийнхөөрөө хүлээн авч буй хүүхдийн мэдрэмж, оргилуун насны амьд халуун чанар тэдний шүлгээс яагаад харагдахгүй байна вэ? Өөрийнхөө асуултад хариу эрсэн шигээ сажилж явтал араас “Хөөе, Дашдондог” гэх сонсдов. Эргэн хартал цүнхээ дааж ядсан нэг жаалхүү хар гүйхээрээ айсуй. Миний дэргэд ирээд үүрч явсан том цүнхээ шороо бостол шидэж орхиод уудалж гарлаа. Дотроос нь нэгдүгээр ангийн “Монгол хэл” гэсэн сурах бичиг гаргаж ирээд хуудсыг нь эргүүлж байснаа “Энэ чиний шүлэг үү?” гээд хуруугаараа зааж байна. Хартал миний “Номын нөхөр” гэдэг шүлэг байлаа. “Тиймээ” гэтэл өөр юм хэлсэнгүй “Аа, үүнийг мэдэх гэсэн юм” гээд инээж байна. Инээсний учрыг асуувал ширээнийхээ найзтай шүлгийн зохиолч мөн эсэх талаар маргасан юм байж. За тэр ч яахав. Хамгийн гол нь хүүхдийн сэтгэлгээг чөдөрлөсөн гол буруутныг олох шиг боллоо. Тэр нь би өөрөө байжээ. Тийм муу шүлгийг сурах бичигт тавьчихсан хойно хүүхдүүд түүгээр оюун сэтгэлгээний баримжаа авах нь аргагүй шүү дээ. “Номын нөхөр” гэгч нь шүлэг биш. Дууны үгэрхүү юм. Аль дөчөөд жилийн өмнө би Л.Түдэв даргын хамт “Номын нөхөр” нийгэмлэг байгуулж, хүүхдийг ном руу уриалсан дуу хийсэн юм. Уулаасаа цаг үе нь уриа лоозонгоор амьсгалж байсан шүү дээ. Одоо бол
Ном ном уншаарай
Номын нөхөр болоорой
гэж уриалах нь дэндүү хоцрогджээ. Тэгээд ч уран зохиол бол лоозон биш уран дүрслэл гэдэг нь ойлгомжтой. Хэрэв заавал номын сэдвээр шүлэг оруулах гээд байгаа юм бол
Үзэмтэй үрэл
Хэчнээн амттай ч
Үлгэртэй номонд
Хүрэхгүй шүү дээ
Ай ням, ням, ням
Амттай ном, ном, ном
гэсэн дууны үгсийг тавьбал арай дээр ч байсан байж магадгүй.
Гэтэл “Монгол хэл-1” /2012/ сурах бичигт миний өрөөсөн дугуйнууд зөндөө, зөндөө.
Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө
Бөмбөгөөр тоглох гоёхон доо
(87 дугаар хуудас)
Ачит багшаа хүндэлнэ дээ
Аав ээжээ дээдэлнэ дээ
(129 дүгээр хуудас)
Шантгар улаан тугалаа
Цатгалан тарган тэжээсээр
Мах сүүгээр элбэг мундаг үхэр болгоё
(154 дүгээр хуудас)
Хүүхэд бидний
Баяр болдог
Хөгжөөнт зуны
Улирал сайхан
(161 дүгээр хуудас)
Энэ бол үнэндээ шүлэг биш. Зүгээр л толгой холбосон сул үгс. Гэтэл нэгэнт сурах бичигт орчихсон болохоор (энэ нь хүүхдэдээ үндсэн хууль л гэсэн үг) шүлэг гэж ийм юм байдаг юм байна гэсэн төсөөлөл хүүхдэд буулгүй яахав. Зургаахан настай балчрыг номын их өргөө рүү хөтөлдөг сурах бичиг нь ийм юм байдаг юм байж. Удаах шатны гишгүүр нь ямар байдаг юм бол?
“Монгол хэл-2” 2010 гэсэн сурах бичгийг сөхлөө.
Дүүдүү гоё машинаараа
Дэлдэн цагаан бүжингээрээ
Дэгдээхий хөөрхөн дүү минь
Дэгж дэрвээд тоглоорой
(54 дүгээр хуудас)
Алаг эрээн биетэй
Ажилч дархан цолтой
Алжааж ядрахаа мэдэхгүй
Авхаалжтай амьтан бол тоншуул
(80 дугаар хуудас)
“Монгол хэл-3”, 2010 сурах бичгийн хуудсыг эргүүлбэл
Аавыг өсгөсөн эмээгээ
Авралын тэнгэр гэж итгэдэг дээ
(20 дугаар хуудас)
Эцэж сульдахад тэнхрүүлдэг
Эмгэг болгонд тохирдог
Амин дэмийн рашаан болдог
Амьдрал тэтгэх алтан үрэл
Тэр жимс чацаргана
(136 дугаар хуудас)
гээд л өмнөх сурах бичгээс ялгарах юмгүй. Дахиад л өөрийгөө шүүмжилье дээ. 15 настай байхдаа бичсэн “Аргатай хүү” шүлгийг минь оруулжээ. Салаан даргаасаа даалгавар авсан хүүхдийн тухай юм. Халуун цайтай данхаараа индүүднэ гэдэг одоогийн хүүхдэд ойлгомжгүй. Шүлгээр хөлд орох гэж тэнцэж ядан байсан балчир цагийн минь анхны оролдлогыг сурах бичигт оруулах хэрэг байсан ч юм болов уу? Нэгэн үе. “Таван сайхан” шүлэг сурах бичгийн хуудаснаас салахаа байв. Шүлэг ч гэж дээ зургийн тайлбар юм. Намайг залуу байхад “Оюун түлхүүр” сэтгүүл таван хошуу малын зураг явуулаад шүлгэн тайлбар хийж өгөхийг хүссэн юм. Ажилтан нь дэргэд сахиад би ч дор нь бичээд өгч билээ. Тэр тайлбарыг хаанаас ч олсон юм бэ, сурах бичигт миний зохиол гээд оруулчихсан байсан. Хэрэв заавал таван хошуу малын сэдэвтэй шүлэг хэрэгтэй юм бол
Хурга хурга яагаад чи
Хундан цагаан болсон юм бэ?
Цасны сүүлээр төрсөн юм чинь
Цагаан болох нь аргагүй биз ээ
гэсэн дууны үгийг оруулчих нь яав даа гэсэн бодол надад төрдөг байсан. Яагаад гэвэл энэ дуу олон улсын дууны уралдаанд үгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн тул сурах бичигт оруулчихад уран сайхны хувьд болохгүй юмгүй байна. Сурах бичиг зохиогчид зохиолчтой нь яагаад зөвлөж болдоггүй юм бол.
Удаах сурах бичиг “Монгол хэл-4” /2012/
Энд үргэлжилсэн үгийн зохиол нь түлхүү орж ирсэн байна. Гэхдээ ихэвчлэн сургамж голлосон зохиол. Хүүхдийн сэтгэлд сургамж нь биш уран сайхны арга нь илүү хүрдэг. Ер нь уран зохиол хүүхдийг сургаж хүмүүжүүлэх албагүй.
Нэгэн өгүүллэгт шоргоолжны үүрийг бусниулсан тухай яриа өрнөж байна. Төгсгөлд нь “Шоргоолж байгалийн нөхөр юм шүү, багачуудаа” гэж зохиолчийн зүгээс хэлж байна. (32 дугаар хуудас)
Бас нэгэн өгүүллэгт “Нэг жаал гудамжнаас гөлөг олж ирээд түүнтэй дандаа тоглодог болсон тухай дүрсэлж байна. Хүү гэнэт толгой нь өвдөж үе үе огиулж, хоол идэх дургүй болсон нь гөлөгтэй тоглоод гараа угаагаагүйгээс болжээ. Эцэст нь тэрбээр нохойд ойртохоо байж, хоол унд идэхийн өмнө гараа савантай бүлээн усаар тогтмол угаадаг болсон юм” гэжээ. (63 дугаар хуудас)
Хуучин нийгмийн үед манай хүүхдийн утга зохиолд уриа лоозон, заавар сургамж, загвар дүр голлож байв. Социалист реализм гэдэг урлан бүтээх цорын ганц аргатай, сэтгэн бодох эрх чөлөө нь үзэл суртлын төмөр хана давах боломжгүй тийм л цаг үе байсан. Ардчилал бидэнд дэлхийтэй танилцах өргөн боломж олгов. 1991 онд миний байдаг л хөрөнгөө зарж Мюнхен зорьсон. Тэнд дэлхийн хүүхдийн утга зохиолын төв байв. Өндөр хөгжсөн орны хүүхдүүд юу уншдагийг мэдэх гэж очтол надад дэлхийн шилдэг номын жагсаалт гаргаж өглөө. Орчууллаа. Хэвлүүллээ. Тэдний зохиолтой харьцуулахад бидний зохиол хол хаягдсан нь ойлгомжтой байв. Бидний зохиолыг зуун хүүхэд уншихад цөмөөрөө л ярсхийтэл гараа өргөөд нэгэн зэргээр нэгэн ижил тайлбарыг хэлнэ. Хурганы тухай ч юм уу унаганы тухай гэх мэтчилэн.
Тэдний зохиолыг зуун хүүхэд уншлаа гэхэд зуун өөр тайлбар хэлнэ. Уншигчдын ойлголт заавал ижил байх албагүй. Хэнээс ч хамааралгүй өөрийн гэсэн бодолтой өвөрмөц бие хүнийг хөгжүүлэхэд утга зохиол тэдэнд тусалдаг юм байна. Тэр нь юу байдаг юм бэ гэвэл гүн ухааны хөрсөн дээр суурилсан сэтгэлгээний номууд. Гэтэл манайд тэр нь байхгүй, нөгөө л сургах зааварлах чиглэлийн урсгал өнөө хүртэл үргэлжилсээр байна. Тийм зохиол ялангуяа сурах бичигт давамгайлжээ. Тэгэхээр манай бага ангийн Монгол хэлний сурах бичигт орсон зохиолууд олон арван жил хүүхдийн сэтгэлгээг чөдөрлөсөн бөгөөд хэн нэгэнд ч үргэлжилсэн хэвээр байна. Бид хүүхдэд дэндүү бэлэн хоол өгсөөр байгаад сэтгэлгээг нь эд эрхтнийг нь муутгажээ. Алин болгон тийм замаар явах вэ? Одоо хүүхдэд хоолны материалыг нь өгье. Тэд өөрсдөө хоолоо хийж идэг. Цахиур бууны тугалган сум шиг ижил сэтгэлгээтэй хүүхдүүд том болоод зах зээлийн өрсөлдөөнд ямагт гологддог байна. Өөрийн гэсэн өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс л давтагдашгүй бүтээл хийж, улс орныхоо хөгжлийг өндөр түвшинд гаргадаг юм байна. Түүний суурийг хүүхэд ахуйд нь сэтгэлгээний, гүн ухааны зохиолууд тавьж өгнө. Нобелийн шагналыг өмнө нь хэн ч гаргаагүй, давтагдашгүй өвөрмөц бүтээлд олгодог биз дээ. Тэгэхээр манай бага ангийн монгол хэлний сурах бичиг (цаашдаа Цагаан толгой, унших бичгийг салгах хэрэгтэй) дэлхийн жишгийг багаж сэтгэлгээний, гүн ухааны зохиолоор цус сэлбэх цаг болжээ.
Сурах бичиг шинэчлэгдээгүй цагт боловсролд шинэчлэл гэж байхгүй. Сурах бичиг гэдэг үеэ өнгөрөөсөн хуучин зохиолын сулхан үлбэгэр түүвэр биш хүүхдийн таван мэдрэхүйг нь өдөөж чадахуйц хурц дайчин сэргэлэн цовоо, амьд нэгэн цогц бүтээл баймаар мунхаг бичээч надад санагдах юм. Ялангуяа бага насны хүүхдэд зориулсан сурах бичгүүдэд сэтгэл алга байна. Сэтгэлгүй учраас хүүхдийн оюун бодлыг хөвсөлзтөл татаж чадахгүй байна. Сурах бичгийн хуудсан дээр яагаад тэд инээж, уйлж болохгүй гэж. Баярлаж, бахдаж, өрөвдөж хайрлах сэтгэл төрүүлэх хүчтэй зохиол тэнд алга. Сурах бичиг нь уйтгартай учраас хүүхдүүд уран зохиолын ном руу шимтэн орохгүй ч байгаа юм бил үү. Хэн мэдэх вэ. Манай сурах бичгийн цаана гадаадын хий үзэгдэл ямагт дагаастай явах шиг санагддаг. Бид чинь хүүхдээ яаж сургахаа гадаадаас асуух биш өөрийн гэсэн баялаг өв уламжлалтай үндэстэн биш үү? Нүүдэлчин монголчуудын өвөрмөц амьдралаас урган гарсан өвөг дээдсийн мэргэн ухаан өнөөгийн сурах бичгийн хуудсан дээр их л бүдэг үзэгдэх юм.
Молдав үндэсний ёс заншил, соёл уламжлал дээрээ суурилан, ухаант бяцхан Гүгүцэгийн тухай номоороо алдаршсан Спиридон Вангели, хүүхдэд зориулсан мэргэн шүлгээрээ нэрд гарсан Григоре Виерү хоёрын зохиосон “Үсэглэл” оюуны мэлмий нээхээр эрдмийн өргөөнд орж ирсэн хүүхдүүдэд бөөн баяр баясгалан бэлэглэдэг гэнэ. Балчир хүүхдүүд тоглож байх явцдаа л нэг мэдэхэд уншаад сурчихдаг юм байна. Тэр бол эмхэтгэсэн биш сургуулийн босгыг дөнгөж алхаж буй сониуч бяцхан багачуулд зориулан зориуд зохиосон өвөрмөц бүтээл. Манай зохиолчдод сурганы мэдлэг дутмаг юмаа гэхэд ядаж зөвлөгчөөр ажиллах боломж олддог болоосой. Сурах бичгийг ганцхан хүн зохиосон ч болохгүй юмгүй. Авьяаслаг зохиолч З.Түмэнжаргал бага сургуулийн сонирхолтой сурах бичгүүд зохиосон, даанч дээрээс дэмжлэг авч чадаагүй.
Үргэлжлэл бий.
Ж.Дашдондог (Соёлын гавьяат зүтгэлтэн)
URL: