Ш.Сайхансамбуу: Надад улстөрч стайль таалагдаагүй

УИХ-ын гишүүн асан, нийслэлийн МАН-ын нарийн бичгийн дарга Ш.Сайхансамбууг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. “Нарантуул” захыг нүүлгэх гэж байгаа эсэх, одоо яригдаж буй шингэрүүлсэн түлшний төсөл гэх мэт олон асуудлын хүрээнд түүнтэй ярилцлаа.

-Арчилсан нам засгийн эрхэнд гарснаас хойш олон ажил хийнэ гэж ярьж байна. Тэр дундаа хотын дарга Э.Бат-Үүлийн санаачилж буй ажлуудыг ихээхэн дэмжиж байна. Харин та Нийслэлийн МАН-ын нарийн бичгийн даргын хувьд энэ талаар юу гэмээр байна?

-Ардчилсан намынхан дэндүү том ажлыг олноор нь төлөвлөсөн байна билээ. Гэтэл Монголд хот төлөвлөлтийн асуудлыг сайн мэддэг хүн байхгүй. Казахстанчууд л нийслэл хотоо төлөвлөж чадахаа болингуут жижиг хотоо сонгож авсан. Тэгээд олон улсын нээлттэй тендер зарлаж байгаад Японы компанийг шалгаруулж, тэдэнд хот төлөвлөлтөө хариуцуулсан. Манайхан бас ингэмээр л байгаа юм. Уг нь Э.Бат-Үүл Хархорин зах руу нүүлгэнэ гэж яриад байгаа нь зөв. Гэхдээ тэгэх хүртлээ өдий байна. Социализмын үеийнх шиг уриа лоозон нь хэтрээд байна уу гэж санагддаг. Тэгээд эхлэхээр ажил урагшилдаггүй.

-Гэхдээ өмнөх хотын дарга нарыг бодвол шинэ ажлуудыг зориглон хийж байгаа гэдгийг та зөвшөөрөх үү?

-Замын хөдөлгөөний түгжрэлийг шийдсэн нь сайн. Гэхдээ Улаанбаатар хотод захын асуудал хэзээнээсээ л байсаар ирсэн. Бүгд энэ тухай ярьдаг байлаа. Харин би 1999 онд М.Энхсайханыг Ерөнхий сайд, Ж.Наранцацралтыг хотын дарга байх үед тэднээс тодорхойлолт авч, гадны банкнаас зээл авч захаа байгуулж байв. Тухайн үед тэдний тусламжтайгаар захын асуудлыг шийдэхэд ганц ч хүн надад “Баярлалаа” гэж хэлээгүй.

-Тэр ч тийм. Гэхдээ “Нарантуул”-ын талаар дахиад ярьж эхлээд?
-Улаанбаатарт маш олон баар, архины үйлдвэр байхад “На­рантуул” захыг нүүлгэнэ гэж ярих нь утгагүй. Өнөөдөр “Нарантуул”-ыг тойрч 78 зах ажиллаж байна. Гэтэл тэнд өмнө нь хог хаядаг жалга, хоосон талбай байлаа. Ер нь намайг бэлэн байсан цементэн талбай дээр очоод хүнээс мөнгө авч байна гэж бодоод байх шиг. Дарга нар доод тушаалтнууд нь буруу танилцуулж байгаагаас л ийм ойлголт бий болж байгаа юм.

-“Нарантуул” захыг нүүлгэх үү, үгүй юу гэдгийг маш олон хүн сонирхдог. Та бол Монголын хамгийн том ажил олгогчдын нэг гэдэг утгаараа үүнд тодорхой хариулт өгөх үү?
-Би тэнд ганцаараа зогсож наймаа хийгээд хүн оруулж, гаргахгүй байгаа юм биш. Тэнд л жинхэнэ ард түмэн байна. Гэтэл намайг их мөнгө авсан учраас одоо ханаасай гэж бодож байгаа бол маш том эндүүрэл. Бүгд л хууль дүрмийн дагуу явагддаг ажил. Тэндээс олсон орлогоор хүмүүсийн цалинг өгч, тэндэхийн зам талбайг засч, илүү гарсан мөнгийг нь эргэлдүүлж байна. Би тэр мөнгөөр казинод тоглохгүй. Далайд гараад завиар аялахгүй. Оронд нь Завханд гурилын үйлдвэр барьж байгаа. Ер нь энэ захыг янзлаад өөр болгоё гэж бодож байгаа бол өөр хэрэг. Ер нь иргэдэд үйлчлээд байна гэдэг чинь болж байгаа юм биш үү.

-УИХ-ын сонгуулийн үеэр таны тухай нэг яриа гарсан. Таныг шөнө намын байран дээрээ очиж, буу гаргаж түйвээсэн, хаалгыг нь эвдсэн гээд л. Нээрээ тэгсэн юм уу?

-Тэгсэн, тэгсэн. Би хаалгыг нь эвдсэн. Тэр үед би намын байр руу орох гэтэл харуул нь оруулаагүй. Тэгэхээр нь “Орно” гэж дайрсаар байгаад хаалгыг нь өшиглөөд орсон. Тэгээд уулзах гэж хайж байсан дарга нараа ч олоогүй. Үүнээс болж намайг танхайрсан гэж гомдол гаргаж, өргөдөл өгөөд эрүү үүсгүүлчихсэн.

-Одоо тэгээд шалгуулж байгаа юм уу?

-Тийм.

-Та яагаад тэгсэн юм бэ?
-Сонгуулийн өмнөхөн болсон явдал. Би зүгээр үйл ажиллагаа чинь буруу явж байна гэж шүүмжилж байсан юм. Тэгээд тэд ямар хүний үг авах биш дээ.

-Саяын орон нутгийн сон­гуу­лиар олигтой оролцсонгүй гээд бас очих юм биш биз дээ?
-Сая бол манай дүүргийн намын байгууллагууд өөрсдөө зохион бай­гуулж, сонгуульд оролцсон.

-Та цаашид улс төрд дахин оръё гэсэн бодол байна уу. Аль эсвэл бизнесээ хийгээд явах уу?

-Бизнес нь дээр л дээ. Улс төрд бол би үг хэлээд ч нэмэргүй. Хэрэв дахиж орохоор болбол арай өөр зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэнд гишүүн болж суугаад нэмэр алга. Оюутолгойг хэчнээн ч ярив. Гэтэл тоосон хүн алга. Эрүүгийн хуулийн тухай бас их ярьсан. Ямар ч нэмэр байхгүй. Энэ бүхнээсээ болж олон хүнтэй муудалцаад эрүүгийн хэрэг үүсгүүлчихээд явж байна. Тэгж байж юу хийх вэ дээ. Энэ хоёр нам бол бүтэхгүй.

-Ер нь танд “улстөрч стайль” таалагдаагүй юм байна, тийм үү?
-Тийм. Таалагдаагүй. Нэг хууль санаачлахаар тэрийг нь дэмжихгүй, аваачаад цоожилчихдог болохоор залуучуудыг ч бас мохоож байна. Засгийн газраас дэмжлэг ав энэ тэр гээд аар саархан асуудал гаргаж тавьж байгаад хуучин гишүүд нь шинэ хүмүүсийгээ хавчих юм.

-Та бизнес хийж байгаагийн эцсийн зорилго юу вэ. “Казинод тоглохгүй. Далайд завиар аялах­гүй. 50 гарсан настай надад өөр юу хэрэгтэй юм бэ” гэж та түрүүн хэлсэн. Тэгээд одоо юу хиймээр байгаа юм бэ?

-Надад олон жил хадгалсан нэг мөрөөдөл бий. Би өртөө бензинтэй болчих юмсан гэж их боддог. Үүн дээрээ гол анхаарлаа хандуулаад ажиллаж байна. Зураг төслийг нь бүгдийг нь боловсруулаад Эдийн  засгийн хөгжлийн яаманд өгчихсөн байгаа. Хариугаа хүлээж байна. Шатдаг занараас бензин, түлш гаргана гэж. АНУ үүнийг ашиглаад шатахууны үйлдвэрлэлээр Арабын орнуудаас илүү гарна гэж тооцож байгаа. Тэгэхээр шатдаг занарын хэрэгцээ их байгаа гэсэн үг.

-Засгийн газрын хуралдаан дээр энэ төсөлтэй танилцъя гэж байсан. Тэгээд юу болсон бол?
-Уг нь шинэчлэл гэж жинхэнээсээ ярьж байгаа бол ийм төслийг дэмжих л хэрэгтэй. Өмнөх засгийн үед шийдвэр нь гарчихсан. Тэгээд байж байтал УИХ-ын сонгууль болоод бүх асуудал орхигдсон. Дотооддоо түлштэй болчихъё, гаднаас хараат байхаа больё гэж үнэхээр бодож байгаа юм бол энэ төслийг л дэмжинэ. Хэрэв үгүй бол тэдний ярьж байгаа нь хоосон фантаз.

-Шатахууны хувьд Оросоос хараат биш болъё гэж монголчууд олон жил ярьсан. Танд бас тэн­дэхийн олон олигархи найз бий. Тиймээс Монгол, Оросын бизнесийн харилцаа одоо ямархуу байгаа талаар саналаа хэлж байв уу. Төмөр замын салбартай хол­боотой маргаанаас үүдээд ингэж асууж байна?

-Мэдээж ярилгүй яах вэ. Ардчилал дөнгөж гарсны дараа “Улаанбаатар төмөр зам”-ыг манай талд дангаар нь хариуцуулъя гэсэн саналыг оросууд тавьсан. Тэр үед нь манайх “Та нараас салбал бид бүтэхгүй” гээд зөвшөөрөөгүй. Үүний уршгаар өнөөдөр аль нэг тийш нь нэг километр зам салаалж тавихын тулд заавал оросуудаас зөвшөөрөл авдаг болчихоод байна.

-1990-ээд оны үед манай талд тийм санал тавьж байсныг нь нотлох бичиг байдаг юм болов уу?
-Байлгүй яах вэ. Би үүнийг Зам тээврийн яамны сайдын амнаас сонсож байсан. Ер нь оросууд манай шатахууныг хянаад, хятадууд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг мэдэлдээ авчихсан байгаа. Үүнийг зохицуулах нь төр, засгийн хийх ёстой ажил. Бид учиргүй далайд гарч давхих гэж яарахын оронд хоёр хөрштэйгөө учраа олоод сууж байсан нь дээр биз.

-Таны төслийн талаар эр­гээд ярья. Энэ салбарт тантай өрсөлдөгчид байгаа юм уу?
-Байлгүй яах вэ. Дөрвөн компани бий. Манай гол давуу тал нь бол орд газарт хамгийн ойр байрладаг нь юм. Дэд бүтэц сайтай. Ингэж нүүрсний орд дээрээ түшиглэхгүй бол зардал их гарна. Өнөөдөр манай хэрэглээний 70-80 хувь нь дизель түлш, бусад нь бензин байгаа. Тиймээс дизель түлшний хэрэглээ асар их гэсэн үг. Ийм үед үүнийг дотооддоо хямд зардлаар үйлдвэрлэх нь маш их ач холбогдолтой. Бид төртэй хамтарч, тодорхой хувьд нь хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Мэдээж хэрэг, бизнес гэдэг утгаараа тодорхой ашиг хүртэнэ. Гэхдээ тэр нь өчнөөн олон жилийн дараах үйл явдал учраас үүнээс илүүтэйгээр монголчуудын эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаа юм.

-Та төрийн оролцоогүйгээр дан­гаараа хийхэд хэцүү байна уу?
-Тэгж чадахгүй. Хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хаанаас олох вэ дээ.

-Өөрөө хөрөнгө босгох боломжгүй юу?
-Төрийн дэмжлэгийг авсны дараа бол боломжтой. Түүнээс биш Монголын тэргүүн компаниуд нийлж байгаад ч хүчрэхгүй. Би энэ төслийнхөө талаар холбогдох хүмүүст нь сайн ойлгуулсан. Сүүлд нь ямар нэр хочтой болох юм, бүү мэд. Гэхдээ тэр чухал биш. Харин төрийн оролцоотойгоор өөрсдөө асуудлаа шийддэг болох нь хэрэгтэй.

-Өмнө нь Хөгжлийн банк тав орчим хувийн хүүтэй бонд гаргахад бид их баярлацгааж байв. Харин одоо 1.5 тэрбум ам.долларын бон­дыг гурван хүүтэй гаргах тухай ярьж байна. Тэгэхээр бидэнд илүү их боломж олдсон гэсэн үг. Энэ хөрөнгийг одоо юунд зарцуулах нь сонин байна. Та энэ тал дээр ямархуу бодолтой байна вэ?
-Тэр их хөрөнгөөр юу барьж эхлэх вэ гэдэг төсөл нь бэлэн байх ёстой. Эхлээд дэд бүтэц, цахилгаан шугам, усны хоолой, үерээс хамгаалах далан гэх мэт зүйлсээ барьсны дараа орон сууцанд анхаарах ёстой. Гэтэл манайхан эсрэгээрээ эхэлж орон сууцаа барьчихаад дараа нь дэд бүтэцдээ анхаарч байна. Тэгэхээр тий­мэрхүү төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй. Гэтэл барилгаа айлын хашаа руу, хүүхдийн сургууль, цэцэр­лэгтэй тулгаж барьчихаад автомашины зогсоол байхгүй гээд “Яанаа” гэж хэрүүл хийх юм. Дэл­хийн санхүү, эдийн засгийн хямрал ч бас манайхад тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Тиймээс түүнээс сэр­гийлэх нь бас чухал. Ер нь бонд гаргалаа гээд бүхэл бүтэн улс байж өр, зээлнээс айгаад байх хэрэггүй. Монголын уул уурхай, ашигт малтмалын салбар хөгжинө гэдэг нь тодорхой болчихсон. Дэлхий даяар үүнийг хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Өнөөдөр таван тэрбум ам.дол­ларын хөрөнгө босголоо гэхэд тэр нь арван жилийн дараа өмнөх үнэ цэнээ алдана. Аягүй бол зургаан тэрбум ам.доллартай л тэнцэнэ. Тэгэхээр хамгийн гол нь аль болох их мөнгө босгож, хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ юун түрүүнд иргэдэд хэрэгцээтэй байгаа салбар руу чиглүүлэх нь чухал. Одоо хийж байгаа төслүүд бол боломжийн зөв харагдаад байгаа юм. Манайхан одоо л энэ тал дээр толгой нь ажилладаг болчихож.

-Ирэх онд эдийн засаг ямархуу байх бол. Энэ нь манай бондын арилжаанд нөлөөлөх бас нэг хүчин зүйл болохоор ингэж асууж байна?
-Хятадын эдийн засаг бол төдийлөн сайн биш байгаа. Саяхан шинээр сонгогдсон даргаас олон ч ажил хамаарна. Түүнийг юу хийх вэ гэдгийг оросууд, америкууд ч хүлээж, нөхцөл байдлыг харзнаад байх шиг. Си Жинпиний хувьд ирэх гуравдугаар сард албан ёсоор ажлаа хүлээж авах хүртлээ мөрийн хөтөлбөрөө боловсруулаад сууж байна. Ирэх арван жилд Хятадын бодлогыг хааш нь чиглүүлэх вэ гэдгээ бодож байгаа гэсэн үг. Цаашилбал, Европын орнуудын хямрал ч тодорхойгүй байгаа. Үүнээс болж иргэд нь жагсаж байна. Интернэтээр ганц зарлаад л найман сая хүнийг цуглуулж байх жишээтэй. Энэ бүхнээс болж Испани, Итали гэх мэт том гүрнүүд нь хүнд байдалд орж, Франц, Герман хоёрт нь доргилт өгөөд эхэлчихсэн. Ийм үед нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд тодорхой алхам хийх хэрэгтэй. Дэлхийн хямрал манайд ч гэсэн нөлөөлдөг. АНУ-аас үүдэлтэй сан­хүүгийн хямрал 2008 онд их нөлөө үзүүлээгүй гээд л байсан. Гэтэл бодит байдал дээр бол нөлөөлөхийн дээдээр нөлөөлсөн.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих