Хөрөнгө оруулалтын гэрээ биш, санхүүгийн түрээсийн гэрээ болсон гэж үү

Оюу толгойн гэрээний талаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар олон нийтийн телевизэд хийсэн халз мэтгэлцээнээс хойш жирийн иргэд, мэргэжлийн хүмүүсийн дунд янз бүрийн халуун яриа өрнөсөөр байна. Зарим нь С.Ганбаатарын оронд өөрсдийгөө эчнээгээр Хэвлэлийн бага хурал тавиад хүртэл үзэл бодол, байр сууриа илэрхийлэх ажээ.
Энэ удаа “Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэг ”-ийн тэргүүн Х.Владимир мэтгэлцээний зарим асуултад С.Баярцогтын өгсөн хариу тайлбартай өөрийн дүгнэлтийг харьцуулсан байна.
-Оюу толгойн гэрээ Монголын талд ашигтай эсэх талаар мэтгэлцэгч талууд байр сууриа илэрхийлнэ үү?

-С.Баярцогт:

-Оюу толгойн гэрээ Монголын талд ашигтай болж чадсан. Энэ гэрээ ямар нэгэн эрсдэлгүй. Байгалийн баялаг 100 хувь Засгийн газрын мэдэлд байгаа. Төслийн санхүүжилт 100 хувь гадны хөрөнгө оруулалтаар орж ирж байна. Энэ гэрээг зээлийн гэрээ гэж ойлгодог. Гэтэл зээлийн гэрээ биш, хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй.

 

Бизнесийн бүх нөхцөлд ашигтай бол эрсдэлгүй гэрээ байдаг. Бизнесийн эрсдэл тэнцүү нөхцөлд Монголын тал ашгаа авна. Бизнес алдагдалтай үед ч Монголын тал татвараар ашиг хүртэнэ. Харин хөрөнгө оруулагч тал бизнесийн ашигтай нөхцөлд зөвхөн ашиг авна. Хөрөнгө оруулагч тал бизнесийн эрсдэл тэнцүү нөхцөлд ашиг авахгүй, бизнесийн алдагдалтай нөхцөлд алдагдал хүлээнэ.

 

“Оюу толгой” ХХК ашигтай ажиллавал Монголын тал 53 хувийн ашиг авахаар гэрээ байгуулсан. Орлого, зарлага тэнцүү үед орлогын бүх татвараа авна. Гэтэл хөрөнгө оруулагчид ямар ч ашиг хүртэхгүй. Тухайлбал, компани алдагдалтай ажилласан тохиолдолд монголчууд найман тэрбум төгрөгийн татварын орлого авна. Харин санхүүжилтэд ямар ч мөнгө гаргахгүй, өр телбөрийг ч хариуцахгүй.

 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад огт эрсдэлгүй гэрээ болсон. Санхүүжилтийн хувьд энгийн хувьцааны, хувь нийлүүлэгчийн, гуравдагч этгээдээс авах хөрөнгө гэсэн гурван ашиг хүртэнэ.

Мэргэжлийн хүн:

-Энэ гэрээ хөрөнгө оруулалтын гэрээ бус. Энэ гэрээ өндөр хүүтэй санхүүгийн түрээсийн гэрээ. Гэрээнд зааснаар Айвенхоумайнз Монголиа инк\АММИ\ ХХК нь \цаашид херөнгө оруулагч\ Монгол Улсын компаний тухай хуулиар байгуулагдсан ХХК бөгөөд толгой компани болох Айвенхоумайнз ЛТД нь 1995 онд Канадын Юкон улсын бизнесийн корпорацийн хуулийн дагуу бүртгүүлсэн нээлттэй корпораци /incorporated, 1997 онд дүрмийн сангаа хязгааргүй тооны нэрлэсэн үнэгүй энгийн хувьцаа, мөн хязгааргүй тооны давуу эрхийн хувьцаа болгон өсгөсөн,

 

Нью Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр IVN нэрээр бүртгэлтэй. 2009 оны гуравдугаар улиралд зах зээлд 378 сая ширхэг энгийн хувьцаа гаргасан ба компанийн хувьцааны зах зээлийн бодит үнэлгээ Торонтогийн хөрөнгийн биржид 1.8 миллиард ам. доллар, Нью Йоркийн хөрөнгийн биржид 2.3 миллиард ам.доллар байсан ба хөрөнгө оруулалтын гэрээ хийсний дараа нэмэлт хувьцаа гарган нэгж хувьцааны үнэ 25 канад доллар буюу хоёр дахин өссөн, компанийн зах зээлийн үнэлгээ мөн тэр хэмжээгээр нэмэгдээд байгаа.

 

Энэ үнэлгээ, мэдээж АММИ ХХК-д шууд хамааралтай бөгөөд Засгийн газрын ажлын хэсэг Айвенхоумайнзын хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрөнгө болох АММИ ХХК- ийн Оюутолгой төсөлд орсон нэг тэрбум ам. долларын бодит хөрөнгө оруулалтыг санхүүгийн аудит шалгалтгүйгээр, хувь нийлүүлэгчдийн зээл хэлбэрээр тооцож, жилийн 9.9 хувь дээр АНУ-ын хэрэглээний индексээр нэмэгдүүлсэн хүүг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцохоор тусгасан нь өнөөдрийн байдлаар хувь нийлүүлэгчдийн зээлийн төлбөрт ойролцоогоор 123 сая ам.долларын хүү нэмэгдэж, зээл, хүүгийн төлбөрт 1.123 тэрбум ам.долларын өр үүсгэжээ.

 

Ингээд 2013 оны гуравдугаар cap хүртэл 3.369 тэрбум ам.долларын өртэй болж байгаа юм. Энэ нь Айвенхоумайнз компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрөнгийг хууль бусаар дээрэмдсэн, өмчлөх эрхэнд нь халдсан улайм цайм санхүүгийн хувьцааны луйвар бөгөөд цаашид Айвенхоугийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс хөрөнгийн маргаан үүсгэх бодит нөхцөл үүсч байна.

 

Ийнхүү Айвенхоу нь Оюутолгой ордын баялгийг үнэлж хувьцаа гарган энэхүү хувьцаанаас оруулсан хөрөнгө оруулагч нарын хувьцааны хөрөнгийг Оюутолгой компанид санхүүжүүлэх хувьцаа хэлбэрээр жилийн 12.3-12.5 хувийн хүүтэй зээлээр санхүүжүүлж, санхүүгийн түрээсийн зуучийн үүргийг гүйцэтгэсэн. Улмаар тэрхүү санхүүжүүлэх хувьцааг санхүүжүүлэх хугацаа дууссаны дараа

Оюутолгой компанийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэх замаар компанийн 66 хувийн хувьцааг эзэмшиж, улирал тутам хуримтлуулсан ноогдол ашиг тооцож байгаа нь санхүүгийн илт луйвар болжээ. Иймээс Айвенхоумайнз компаний хувь нийлүүлэгч нарыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч гэж үзэх үндэслэл байхгүй байна.

С.Баярцогт:

-Оюутолгойн гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлээр байгуулсан. УИХ- ын 57 дугаар тогтоолын дагуу хуульд үндэслэн гэрээ хийгдсэн. Гэрээнд хууль зөрчсөн нэг ч заалт байхгүй. Хуулийн дагуу манай талаас Сангийн сайд, ЭБЭХ-ний сайд, Байгаль орчны сайд, нөгөө талаас лиценз эзэмшигчид гарын үсэг зурсан. Хувь нийлүүлэгчийн гэрээг “Эрдэнэс Монгол” ХХК хөрөнгө оруулагч компанитай гарын үсэг зурсан.

 

Урьдчилгаа төлбөрийн гэрээг Сангийн сайд хөрөнгө оруулагч компанитай зурсан. Хувьцааг бусдад Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр үл шилжүүлэх гэрээг Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд зурсан юм.

Мэргэжлийн хүн:

-Оюу толгойн гэрээ УИХ-ын 40,57 дугаар тогтоолын заалтуудад үндэслэн хийгдэх ёстой. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд нийцүүлэн гэрээг байгуулах ба шаардлагатай бол тодорхой хуулид өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д гэрээний төслийн хамт оруулж ирэхийг 57 дугаар тогтоолд заасан.

Тэгвэл Засгийн газрын ажлын хэсэг АМТХ, ААНОАТТХ, Усны хууль, Автозамын тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулсан атлаа 57 дугаар тогтоолын гуравдугаар заалтад тусгасан анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмших хувь хэмжээг 50 болгох хуулийн төслийг санаачлан оруулж ирээгүй, хөрөнгө оруулагч талын эрхшээлд автагджээ.

 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн /АМТ XI 5.6-д ашигт малтмалын орд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална гэж заасан. Тэгвэл гэрээнд АМТХ-ын 5.6-д заасан үүрэг нь Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3/с/ заалтын дагуу биелэгдэх бөгөөд Төрийн өмчит компани Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3/с/ заалтад тусгасан шаардлагуудыг биелүүлж чадахгүй болсон аливаа тохиолдолд Засгийн газар уг үүргийг өөртөө хүлээн авч хариуцна.

 

ТӨК зөвхөн өөрийн эзэмшлийн 34 хувьд ноогдох хувьцаагаа Хөрөнгийн биржээр борлуулж болох боловч, ТӨК-ийн төрийн оролцоо үгүй болсон, эсвэл ХК болсон тохиолдолд Айвенхоуд төлөх бүх төлбөрийг нэн даруй төлөх, эс бөгөөс худалдан авсан ба шилжүүлэн авсан этгээд ноогдол ашиг авах эрхгүй байгаа нь АМТХ-ын 5.6 заалтыг Засгийн газар хариуцна гэсэн боловч хэрэгжүүлэх боломжгүй байдлаар хууль зөрчиж хийжээ.

 

Компанийн хэлбэр нь Айвенхоу талдаа нээлттэй, Монгол талдаа зөвхөн ТӨК-т хязгаарлаж хаалттай, дүрмийн санг нь Монгол талдаа энгийн, Айвенхоу талдаа энгийн бөгөөд давуу эрхийн хувьцаа гаргах эрхтэй байдлаар гэрээнд тусгасан байна. Монголын төр ард түмэндээ хувьцаа эзэмшүүлэх эрхийг хаажээ.

Мөн Компанийн тухай хуулийн 39-д заасны дагуу талууд эзэмшиж буй хувьцаагаа нөгөө талдаа худалдахыг санал болгох үүрэгтэй боловч энэхүү эрхийг хэрэгжүүлэхийг Монголын талд 30 жилээс дээш хугацаагаар хязгаарласан. Гэтэл Компанийн тухай хуульд энэхүү хязгаарлалт нь 10-аас дээшгүй жил байгаа нь хуулиас дээгүүр заалт болжээ.

-Хөрөнгө оруулалтын гэрээгээр талуудын эрх үүрэг адил түвшинд батлагдаж чадсан уу?

С.Баярцогт:

-”Libor+6.” гэдэг хувь нийлүүлэгчийн гэрээг Засгийн газар хийсэн. Хэн энэ гэрээг хийснийг та мэдэхгүй байна шүү дээ. /С.Ганбаатарт хандаж хэлжээ/ Та хэрэв бизнес хийж байсан бол зээлийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ хоорондын ялгааг ойлгочихсон байх учиртай. Зээл бол бизнесийн бүх нөхцөлд хариуцлага хүлээдэг. Хэрэв зээлийн гэрээ байсан бол бид үүнд хариуцлага хүлээнэ.

 

Хөрөнгө оруулагч Монголын баялгийг ашиглах гэж байгаа бол Монголын тал ямар ч хариуцлага хүлээхгүй. Энэ гэрээгээр дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний суурь нь тогтвортой байдлын гэрээ болдог. Манайх шилжилтийн эдийн засагтай учир гадныхан бидэнд итгэхгүй байгаа.

 

Тиймээс тэдний зүгээс биднийг татварын орчноо тогтворжуул гэсэн санал тавьсан. Оюу толгойн гэрээ 70 жил үргэлжлэх ёстой. Таны яриад байгаа тооцоог хийхэд санхүүгийн загвар гаргах ёстой.

Мэргэжлийн хүн:

-Гэрээ бол эрх зүйн акт. Тийм учраас хуульд нийцүүлэн хийх ёстой. Гэрээ эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл. Гэрээний эхний хэсэгт гэрээний үндсэн агуулгыг маш зөв тодорхойлох ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээнд агуулгаа зөв тодорхойлж чадаагүй. Апдаа нь юунд байна вэ гэвэл АММИ ХХК-ний оруулсан хөрөнгө оруулалтыг дүгнээд нэмж оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг объект тус бүрээр нарийвчлан тооцож, хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлж гэрээнд хавсралтаар зааж өгөх ёстой байлаа.

 

Мөн ТӨК-ийн өөрийн эзэмших хувийг 16 хувиар нэмэгдүүлэх опционтой бөгөөд уг эрхийг хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр сунгаснаас хойш 1 жилийн дараа эдлэх, ТӨК 50 хувийг эзэмшсэнийг үл харгалзан Айвенхоу нь Оюутолгой төслийн менежментийг бүрэн хэмжээгээр, хязгааргүйгээр хадгалах, Компанийн ТУЗ-ийн бүх  хурал дээр шийдвэр гаргах эрхтэй зэрэг нь Айвенхоу 50-иас доошгүй жил компанийн бодлого, шийдвэрийг тодорхойлохоор болжээ.

 

ТУЗ-д Монголын тал гурав, Айвеноу нь зургаан гишүүн томилох эрхтэй Айвенхоу нэгдмэл сонирхолтой этгээдүүдээ ТУЗ болон Хувь нийлүүлэх хөрөнгө оруулах эрх нээлттэй ТУЗ-ийг хувь нийлүүлэгчид хянах тул өөрсдийн хүссэн мэдээллийг нууцалж болохоор байна. Ингэснээр Монголын тал Айвенхоутай холбоотой санхүүгийн урсгалыг хянах боломжгүй болсон юм. Айвенхоу болон Рио Тинто группын гишүүдийн хооронд эрх шилжүүлэх, худалдахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Айвенхоугийн эрх хязгааргүй байгаа нь эрх тэгш зарчимд нийцэхгүй юм.

-Өмчийн эзэмшлийн хувь хэмжээний асуудал байнга анхаарал татдаг. Талуудад хуулийн хүрээнд өмчийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдож чадсан уу?

С.Баярцогт:

-Гурван янзаар хийж буй санхүүгийн моделийн хувьд нэмж хувьцаа гаргаад санхүүжүүлбэл манай ногдол хойшилдог. Тиймээс өөрөөс гаргах гэж буй хөрөнгөө анхны хөрөнго оруулалтын 60 хувьд хязгаарла, 40 хувийг өөрийн өр болго гээд байгаа. Өөрийн өр болгоно гэдэг нь эрсдлийг компанид үүрүүлж буй хэрэг. Монгол Улсын Засгийн газар үлдэгдэл хөрөнгийн аль ч хэлбэрийг өөрийн эд хөрөнгөөр хариуцахгүй.

 

Тэгэхээр манай улсад өрийн тухай ямар ч ойлголт гарахгүй. «Libor+6.5» гэдэг нь ашиг хуваарилалт. Энэ хүүг манайх төлж байгаа биш, оруулж ирж буй компани авч байгаа. Монголын тал аль ч нөхцөлд алдагдал хүлээхгүй.

 
Мэргэжлийн хүн:

-Хөрөнгө оруулалтын гэрээний үндэслэлд Оюутолгой төслийн херөнгө оруулалтыг зөвхөн Айвенхоумайнз компанийн хувьцааны арилжааны хөрөнгөөр санхүүжүүлэхээр заасан ба Оюутолгой төсөлд нэмэлт хөрөнгө оруулалтын 66 хувь буюу 2.640 тэрбум ам.долларын хөрөнгөд шаардагдах хэмжээний санхүүжүүлэх хувьцааг Оюутолгой компаниас гаргаж, энэхүү хувьцааг Айвенхоу, түүний томилсон Рио Тинто групп, эсхүл Айвенхоугийн салбар компаниуд тэргүүн ээлжид эзэмшин, улмаар санхүүжүүлэх хувьцаа нь давуу эрхийн хувьцаанд хөрвөж, улирал тутамд ногдол ашиг төлөх, төлөөгүй тохиолдолд хуримтлуулж тооцох, ноогдол ашгийг тооцохдоо АНУ-ын инфляцийн түвшнээр өсгөж тооцох, давуу эрхийн хувьцааг шаардаж гаргах эрх эдлэх, санхүүжүүлэх хувьцаанд хувь дээр АНУ-ын Хөрөнгийн үнэлгээний индексээр нэмэгдүүлсэн хүүг тооцож байхаар гэрээнд заасан байна.

 

Санхүүжилтийн хугацааг хувь нийлүүлэгчдийн гэрээнд гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш зургаан жилийн хугацаанд үйлчлэхээр заасан байна. Тэгвэл санхүүжилтийн хугацаанд 1.948 тэрбум ам.долларын санхүүжүүлэх хувьцааны хүүгийн өр, давуу эрхийн хувьцаанд хөрвөснөөс хойшхи хуримтлагдсан ноогдол ашиг буюу 792 сая ам. долларын өр, нийт 2,740 тэрбум ам. долларын өр үүсч байна.

 

Гэрээний нөхцлөөс харахад Айвенхоугийн хувьд маш олон давуу боломж олгогдсон. Ямар ч хэлбэрээр хөрөнгө оруулсан байлаа гэхэд Айвенхоу болон түүнд хамааралтай этгээдүүд эхний ээлжинд авсан бүх зээлээ хүүгийн хамтаар төлүүлэх, Айвенхоугийн хөрөнгө оруулсан гэх хувь нийлүүлэгчдийн зээл нэг тэрбум ам.долларын өр хүүгийн хамт төлөгдөх,

 

Айвенхоуд хамааралтай этгээдээс авсан бүх зээлийг хүүгийн хамт төлсөн байх, санхүүжүүлэх хувьцаанд тооцсон ноогдол ашгийг хүүтэйгээр эргүүлэн төлөх, бусад давуу эрхтэй хувьцааны хуримтлагдсан ноогдол ашгийг төлсөн байх гэх мэт энэ бүх өр төлөөсийн дараа Төрийн өмчийн компанийн ГТӨК1 энгийн хувьцаанд ноогдол ашиг хуваарилах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байгаа юм.

 

Тийм учраас Монголын тал ойрын ирээдүйд ногдол ашиг авах боломжийг хаагаад зогсохгүй авсан зээлийнхээ хүүнд маш их алдагдал хүлээж, Оюутолгой компанийн ашгийг үндсэндээ Айвенхоу хүртэх боломжийг бүрдүүлжээ.

-Татварын орчны хувьд эрх үүргийн талаасаа тэнцвэртэй зохицуулалт хийгдэж чадсан уу?

С.Баярцогт:

-Татвар зөвхөн Монголын талын авдаг ашиг. Татвараар 118 тэрбум ам.долларын орлого орно гэсэн үг. Энэ бүх зүйл Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн орчинд хийгдсэн. Бид найман төрлийн татвар тогтворжуулсан. Бусад татваруудыг яг байгаагаар нь авна. Татварын хөнгөлөлт хуулийн дагуу хийгдсэн. Монгол Улсын нийт ашгийн 60 хувь нь татвараар ордог. Манай татварын зохицуулалтын гайхамшиг нь орлогын албан татвартаа биш.
2009 оны арваннэгдүгээр сарын 21-нд НӨАТ-ын буцаан олголттой холбоотой хуулийг баталсан. НӨАТ- ыг тэглээд чөлөөлчихсөн. Монгол Улсын нийт уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 98 хувь нь экспортод гарч байгаа. Тэгэхээр өнгөрсөн парламент үнэхээр гавьяатай хууль байгуулсан.

Мэргэжлийн хүн:

-Нийт найман төрлийн татварыг 30 жилээр царцаасан, Зэс, алтнаас 30 жилийн хугацаанд үнийн өсөлтөөс хамааран өсөн нэмэгдэх роялтийн татварыг гэрээнд тусгаж өгөөгүй. Чили Улс зэсийн үнэ 3000 ам.доллараас давсан, 2002 оноос роялтийн татварыг нэмэгдүүлж одоо 10 хувийн роялтийн татвар оногдуулж байна. 30 жилээр зэс алтны татварыг хамгийн доод хэмжээнд таван хувиар тогтоож өөрчлөх боломжгүй болгож царцааж байгаа нь дэндүү баялгаа үнэгүй бэлэглэсэнтэй адилхан юм.

-Өмчийн хувь хэмжээ хоёр талд хууль зүйн хүрээнд тодорхойлогдож чадсан уу. Оюу толгойн хувьд 34 хувийг яагаад ашигтай гэж үзэж байна вэ?

С.Баярцогт:

-Монгол Улс 34 хувийг эзэмшиж байгаа. 34 хувь Ашигт малтмалын тухай хуульд заагдсан. Энэ 34 хувийг хуульд нийцүүлж батал гэсэн. Хуульд ямар ч өөрчлөлт орох шаардлагагүй байхад УИХ-ын 57 дугаар тогтоолоор гэрээний хувийг 50 хувьд хүргэх санал гаргасан. Энэ нь гурван шалтгаантай. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх, хөрөнгө оруулагч талтайгаа тохиролц гэсэн шаардлага тавьсан.

 

Тиймээс бид хөрөнгө оруулалтын гэрээний анхны нөхцлөөр 50 хувийг шийднэ гээд тусгасан. Дараа нь хувь нийлүүлэгчдийн гэрээнд үүнийг яаж шилжүүлэх асуудлыг шийдсэн. Оюу толгойн гэрээг хүмүүс Эрдэнэт үйлдвэртэй харьцуулж үздэг. Эрдэнэт анх 50:50 хувьтай байсан. Ингэснээр маш удаан хугацаанд татвар төлөөгүй. 2002 оноос бүх татвараа авч байгаа. Тиймээс Эрдэнэт үйлдвэртэй харьцуулж болохгүй.

Мэргэжлийн хүн:

-Монголын тал гараан дээрээсээ шууд 49 хувийг эзэмших тийм хууль эрх зүйн үндэслэл байна. Үүнд 34 хувийг зээлийн гэрээгээр эргэн төлөх нөхцлөөр 15 хувийг төрийн өмч болох ашигт малтмалаа 30 жилийн хугацаанд ээзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа эрхийн баталгааны \grant\ төлбөрт үнэгүй эзэмших олон улсад тогтсон ашигт малтмалын хөрөнгө оруулалтын гэрээний уламжлалт зарчим байна. Энэхүү олон улсад сүүлийн 20-30 жилд мөрдөгдөж ирсэн зарчмаас ухарсан, дордуулсан тийм гэрээний нөхцөл болжээ.

-Оюу толгой төсөл ашигтай, их ашигтай, хэт ашигтай гэсэн гурван нөхцөлд их хувь хүртэж чадах уу?

С.Баярцогт: 

-С.Ганбаатар гишүүн эзэн нь өөрөө компаниа удирддаг ойлголтоор явж байна. Хувьцаат компанийн хувьд хувь эзэмшигч нь компаниа удирддаггүй юм. Өндөр мэргэжлийн менежмент хөлсөлж авдаг. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар хувьцаа эзэмшигч, нөгөө талд нь 210 мянган хувьцаа эзэмшигч байгаа. Энэ компанийн сонирхол менежментийн багт зардлаа өсгөөд байх ямар ч сонирхол байхгүй. Хөрөнгө оруулагч нийт ашгаа зөвхөн ногдол ашгаар авч байгаа.

Мэргэжлийн хүн:

-Гэрээний нөхцөлөөс харахад Айвенхоугийн хувьд маш олон давуу боломж олгогдсон ба ямар ч хэлбэрээр хөрөнгө оруулсан байлаа гэхэд Айвенхоу болон түүнд хамааралтай этгээдүүд эхний ээлжинд авсан бүх зээлээ хүүгийн хамтаар төлүүлэх, Айвенхоугийн хөрөнгө оруулсан гэх хувь нийлүүлэгчдийн зээл нэг тэрбум ам.долларын өр хүүгийн хамт төлөгдөх,

 

Айвенхоуд хамааралтай этгээдээс авсан бүх зээлийг хүүгийн хамт төлсөн байх, санхүүжүүлэх хувьцаанд тооцсон ноогдол ашгийг хүүтэйгээр эргүүлэн төлсөн байх, бусад давуу эрхтэй хувьцааны хуримтлагдсан ноогдол ашгийг төлсөн байх энэ бүх өр төлөөсийн дараа Төрийн өмчийн компанийн энгийн хувьцаанд ноогдол ашиг хуваарилах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна.

 

Тийм учраас Монголын тал ойрын ирээдүйд ногдол ашиг авах боломжийг хаагаад зогсохгүй авсан зээлийнхээ хүүд маш их алдагдал хүлээж, Оюутолгой компанийн ашгийг үндсэндээ Айвенхоу хүртэх боломжийг бүрдүүлсэн байна. Хамгийн энгийнээр ойлгоход Засгийн газар ба гадаадын хөрөнгө оруулагч нарын хооронд Оюутолгой ордыг ашиглах талаар тохиролцоод буй төсөл нь санхүүгийн томоохон хэмжээний гүйлгээ юм.

 

Монгол Улсын хувьд газар доор байгаа нөөц баялаг нь ихээхэн хэмжээний санхүүгийн хөрөнгө буюу актив, гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд өөрийн биет хөрөнгө, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах шууд гарц, хөрөнгө босгох менежментийн ур чадвар зэрэг нь мөн актив хөрөнгө бүрдүүлэх үндсэн нөхцөл юм.

Тийм учраас энэхүү том хэмжээний санхүүгийн гүйлгээний гэрээ хэлцэл хийх зорилго нь хоёр тал өөрсдийн тус тусын активыг нийлүүлж нэг үйл ажиллагаа болгож, ашиг алдагдал, эрсдлийг хуваалцаж, аль нэг тал нь энэхүү хэлэлцээрийн нөхцлийг өөртөө давуу ашигтайгаар шийдвэрлэх учиргүй.

Өнөөдрийн байдлаар энэхүү хэлэлцээрийн үр дүнд Монголын тал хөрөнгө оруулалтын зээлийн бүх эрсдлийг Үндсэн хуульд заасан төрийн өмч болох ашигт малтмалын нөөцөөр барьцаалан, үйлдвэрлэл ашиглалтад ороод алдагдал нөхөх найман жилийн хугацаанд 15.608 тэрбум ам.долларын өрийг Айвенхоу болон түүний хамааралтай этгээдэд эргүүлэн төлөхөөр байгаа нь Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг гурав дахин эргүүлэн төлж байна.

-Ордыг ашиглах үйл ажиллагаатай холбоотой усыг ашиглах асуудал гарч ирдэг. Энэ талаар гэрээнд тодорхой заалтууд бий юу?

С.Баярцогт:

-Байгаль орчны асуудал хөрөнгө оруулалтын гэрээнд бүхэл бүтэн бүлэг болоод орчихсон байгаа. Хамгийн гол зүйл нь усны асуудал. Хөрсний ус ашиглах бололцоогүй. Тиймээс Байгаль, орчны яам хэмжээг нь заагаад зөвшөөрөл олгосон. Өндөр технологи хэрэглэдэг болохоор гаргасан усаа эргүүлж ашигладаг. Одоогоор “Гүний хоолой” гэдэг газрын гүний усны 20 хувь өгөгдсөн. Усыг 20 хувиас хэтрүүлж ашиглавал Засгийн газарт гэрээг зогсоох эрх нь бий.

Мэргэжлийн хүн:

-Усны хувьд 15 жилийн ашиглах нөөцтэй байгаа. Гэхдээ усны эргэлтийн балансын тооцоог нарийвчлан тооцож гаргаагүй. Говийн нөхцөлд усны ууршилтын хэмжээг судалгааны үндсэн дээр тогтоож, эргэлтийн усны балансыг зөв тооцож гаргах хэрэгтэй байгаа. Ус ашиглалт дээр мониторинг хийж, усны төлбөр тооцоог говийн нөхцөлд, гүний усны зэрэглэлээр ялгавартай тогтоох шаардлагатай юм.

Эрдэс баялаг үндэсний нийгэмлэг Х.Владимир


URL:

Сэтгэгдэл бичих