”Эрдэнэт”-ийн ашгийг чамласан Оросуудад энэ Засгийн газар ямар хариу өгсөн бол
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” энэ оны эхний есөн сарын байдлаар төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 897.3 тэрбум төгрөгийн орлого олжээ. Тус үйлдвэр өдөрт гурван сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд техник технологийнхоо 90 орчим хувийг шинэчилсэн. Саяхан хуралдсан хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хурлаар 2012 онд “Эрдэнэт” түүхэнд байгаагүй ашигтай ажилласныг онцлон тэмдэглэсэн байна гэхчилэн монголчуудын амьдралыг тэтгэгч саалийн үнээний талаар чихэнд чимэгтэй мэдээллийг интернэтээс уншсан хүн бүхэнд ашгүй дээ гэх өег бодол төрсөн байх. Учир нь тус үйлдвэрийг бидэнтэй хамтран эзэмшдэг ах нар саяхан ирэхдээ буцахдаа “Эрдэнэт”-ийг үнэ хүргэн зарах санал ч гэх үү, шаардлага ч гэх үү зүйлийг орхиод явсан. Энэ тухай нь ил тод яриагүй ч Оросын цахим хэвлэлүүдэд гарсан мэдээллүүд үүнийг нотолж буй юм. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын төлөөллийг бүрэн хариуцдаг “Ростехнологи” корпорацийн тэргүүн ноён С.Чемезовыг манай төрийн өндөрлөгүүдтэй уулзахдаа энэ тухай огт хөндөөгүй гэвэл хэн үнэмших билээ.
Монголчуудыг саалийн ганцаас нь салгаж харангадуулчих вий гэж болгоомжлол төрүүлсэн тэдний саналыг дахин сануулъя. “Ростехнологи” корпорацийн удирдлагууд “Эрдэнэт” үйлдвэр дэх Монгол (51 хувь), Орос (49 хувь) хоёр талын эзэмшлийг тус бүртээ багасгаж, илүү гаргасан хувийг багц болгон стратегийн хөрөнгө оруулагчид худалдах санал тавьсан. Бүр тодруулбал, тэд хоёр талын хувийг тус бүр 25 хувь+1 хувьцаа болгож бууруулаад үлдэх 50 хувь+2 хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид худалдах нь зөв хэмээн үзэж буй бөгөөд үүнийгээ “Эрдэнэт”-ийг шинэчлэх, үр ашгийг нь нэмэхэд хөрөнгө оруулах сайн арга хэмээн үзсэн юм байх. “Ростехнологи” корпораци 2008-2011 онд “Эрдэнэт” үйлдвэрийн шинэчлэлд зориулан 402.2 сая доллар зарцуулсан бөгөөд үүний 103.2 саяыг өөрийнх нь ашгаас гаргасныг ч дуулгасан байдаг.
Жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж, 530 мянган тонн зэсийн, 4500 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэдэг “Эрдэнэт” хамтарсан үйлдвэр сүүлийн гурван жилд 140 сая долларыг ноогдол ашиг хэлбэрээр эзэмшигч талууддаа өгсөн. Зэсийн үнэ харьцангуй өндөр буй зах зээлийн таатай нөхцөл байдлын улмаас энэ жил ч чамлаад байхааргүй ашиг олно. Урьдчилан тооцоолж буйгаар энэ жилийн цэвэр ашиг нь 145.9 сая ам.доллараас буухгүй хэмээсэн байдаг юм. Гэтэл хамтрагч маань заръя, худалдъя гээд байгаагийн цаана чухам ямар эрх ашиг нуугдаж буйг таахад бэрх. Монголчуудыг саалийн ганцаас нь салгаж, бусдын царай харж амьдраг гэхээсээ илүүтэй эндээс босгосон мөнгөөр өөртөө ашигтай юу хийх гэж буй бол хэмээсэн хардлага байгаа.
Дэлхийн арван том үйлдвэрийн нэгд багтдаг “Эрдэнэт”-ийн хувийг худалдахаар болбол дэлхийн хэмжээний томоохон тоглогчид тухайлбал “Rio Tinto”, “ВНР Billiton”, “Glencore” зэрэг компани үнэ хайрлахгүй авах магадлалтай хэмээн оросууд тооцоолж буй бөгөөд хамтарсан үйлдвэрийн хувиар босгосон хөрөнгөөр ОХУ-д зэс боловсруулах үйлдвэр барина гэсэн тодорхой төсөл ч байгаа дуулдана билээ. Тэд үүнийгээ “Зэс боловсруулах хамтарсан үйлдвэр барих нь зах зээлд эзэлсэн одоогийн байр сууриа өргөжүүлэх, улмаар шинэ зах зээлд гарах бололцоог бидэнд олгоно” хэмээн тайлбарлаж буй юм билээ.
Ах нарын амлаж буйд итгэхэд бэрх. Өөрийнхөө нутагт байгуулсан үйлдвэрээс монголчуудын халаас руу ахиухан ашиг хийгээд бид түүгээр нь хөгжиж дэгжээд хөл дээрээ босоод ирнэ гэдэг юу л бол. Ердөө л нөгөө том хошгируулалт байвал яана гэсэн болгоомжлол олон хүнд байгаа. Тиймээс саяхан ирээд буцсан орос ноёнд Монгол төрийн томчууд ямар хариу өгсөн бол гэдэг тун ч ихээр сонирхол татаж байна.
Н.Сарангэрэл
Эх сурвалж: Өдрийн шуудан
URL: